Цуврал нийтлэлийн 22-р хэсэг

Феодалын дарлал

 

1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх захидал бичгийн эхэнд “Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун...” хэмээсэн байна.

“...хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж... хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун гэснээс харвал энэ захиаг илгээн Хаант Оросод хандаж, цаашлаад Манжаас тусгаарлах үндсэн шалтгаан нь манжийн дарлалын үед хоёр зуу гаран жил манжийн хаанд хорь шахам хүнд хүчир албыг гүйцэтгэн давхар давхар дарлагдаж байсан монголын эгэл жирийн ард түмний зовлон бэрхшээл огт биш байжээ. Харин Манж-Хятадын засгаас "Монгол хан ван засгуудын эрх хүчийг буруулан бүрэлгэх" болсон явдал л үндсэн шалтгаан байсан байна. Өөрийгөө “амьтаныг жаргуулагч” хэмээн нэрлэсэн Богд тэргүүтэй ноёдод тэдний эрх ямба л чухал болохоос эгэл жирийн ард түмний асар их зовлон огт хамаагүй байсныг түүхэнд өрнөсөн өөр бусад үйл явдлууд ч дахин давхар батлан харуулдаг билээ.

Захидлын эхэн хэсгээс мөн чухам энэ захиа бичигдэхээс хоёр зуу гаран жилийн тэртээд анхан дүрийн Богд болон бусад хар шар феодалуудын эрх ямбанд тун их нийцэж байсан (эгэл жирийн ард түмний эрх ашиг бол хамаагүй!) тул тэд ямар нэг эсэргүүцэлгүйгээр өөрийн албат иргэдийг дагуулан сайн дураар Манжийн дарлалд даган орсон юм байна гэдгийг тун тодорхой мэдэж болохоор байна. Манж-Хятад ийнхүү харийн бурангуй шашныг монголын урвагч ноёдыг ашиглах замаар Монголд дэлгэрүүлж, улмаар цэрэг зэвсгийн хүчээр бус бурангуй шашны зөөлөн хүчээр Монгол орныг өөрийн эрхшээлдээ нэгмөсөн оруулан авсан билээ. Харин бүр бүхэл бүтэн хоёр зуун жилийн дараа л зөвхөн тэдний үр садын эрх ямба хавчигдаад эхэлсэн болохоор л тэд хоёр зуу гаран жилийн туршид анх удаа манжаас тусгаарлан тусгаар улс болохоор хөдөлсөн байна.

Уг захидал бичигт “Хятад түшмэд манай Манж улсын эрхийг эзэлж эрт эдүгээ дор олон монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учирыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгээс товчлон гаргаж мэдүүлэхүй нь:” хэмээгээд нийт 21 зүйл жагсаан бичсэн байх ба түүнээс яг 14 нь тэрхүү амссан гэгдэх зовлон бэрхшээлийг тоочсон зүйл байгаа юм. (1-12 ба 15,17-р зүйл)

Энэхүү 14 зүйлээс чухам хэд нь феодалуудын ашиг сонирхлуудыг, хэд нь эгэл жирийн ард түмний ашиг сонирхлуудыг хөндсөн (тусгасан) болохыг нэг бүрчлэн ялган шинжилье. Ингэснээр 1911 оны үйл явдлын үндсэнд чухам хэний ашиг сонирхол оршиж байсныг мэдэж болох бөгөөд улмаар өөрийн өмнөх дүгнэлтийг илүү нарийн батлах боломжтой болох юм.

Захидал бичгийн эхний хоёр заалтад:

“Нэгэн зүйл. Манай монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хянан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэргэм зэргэ залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон.

Нэгэн зүйл. Эзэн хан жил бүр манай монгол олон ван засгуудад хууль ёсоор шагнаваас зохих торго будааны зэрэг тоо бүхий юмыг олон он дор өгсөнгүй. Манж хятад түшмэд завсраас шүүрэн авч ашиглаад эрх сүрээрээ айлгаж ер нэг ч гомдох газар үгүй болсон билээ.”

Мөн л миний дүгнэлтийг дахин давхар баталж байна. Хар феодалуудын хэргэм зэргийг нь, цалин пүнлүүг нь цаг тухайд нь өгөхгүй байсан болохоор л тэмцэхээр болсон юм байна.

Нийт 14 зүйлээс эхний 2 буюу 1 ба 2-р зүйлийг дөнгөж сая ишилсэн билээ. Энэ нь цэвэр хар феодалууд буюу ноёд тайж нарын эрх ямбанд хамаатах зүйл байна. Мөн энэ ангилалд 8-р зүйлд “Нэгэн зүйл. Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр бариулан Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар зөвшиж бүхий нь үнэхээр тачияадалтай билээ хэмээсэн нь багтаж байна.

Харин шар феодалууд буюу дээд зиндааны лам нар, хутагт хувилгаадын эрх ашгийг 5 ба 9-р зүйл хөндөж байна. Жишээ нь 9-р зүйлд “Нэгэн зүйл. Хятад түшмэд шарын шашныг огт хэрэг үгүй дор үзэж насан идэр лам нарыг цэргийн сургууль хийлгэн хурлын сүмийг цэргийн гэр болгон зул хүжийн хөрөнгийг цэргийн хэрэгсэл болгохоор зөвшиж бүхий нь үнэхээр хартай харгисын туйл болсон билээ.”

Бурангуй шарын шашин нь анх Манжид дагаар орсон тэр цагаас хойш нийгмийн нэг анги нөгөөгөө мөлжих хэрэгсэл, дарлагдагч ангийг хүлцэнгүй номой, үгэнд оромтгой байлгах зорилготой оюун санааны хар тамхи байсны хувьд зөвхөн феодал лам, ноёдын ашиг сонирхолд үйлчилдэг байсан (Яг ийм байсныг би маш олон жишээ баримтуудаар өмнөх нийтлэлүүддээ харуулсан билээ). Үүнийг тооцох юм бол шарын шашныг хавчин гадуурхах нь нэн тэргүүнд шар феодалуудын, цаашлаад хар феодалуудын эрх ямбыг ноцтой хөндөж буй юм.

Захиа бичигт хамгийн олон давтагдсан сэдэв бол манжийн засгаас явуулсан “Шинэ засгийн бодлого” хэмээгчийн хүрээнд хэрэгжсэн Хятад иргэдийг Монгол нутагт суурьшуулан тариа тариулах болсон үйл явдалтай холбоотой зүйлс байна. Энэ тухай 6, 7, 10, 15, 17-р зүйлүүд буюу нийт 5 зүйлд өөр өөр хэлбэрээр илэрхийлжээ. Тэгвэл энэ үйл явдал нь чухам хэний ашиг сонирхлыг илүү ихээр хөндөж байна вэ? Эгэл жирийн ардууд уу, тайж ноёд, лам нар уу? Үүнийг ялган мэдэхийн тулд эхлээд хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй.

Нэгт, феодалын нийгмийн үндсэн шинж чанар. Уг нийгмийн байгууллын онцлох шинж бол тухайн нийгмийн хамгийн гол хөрөнгө байсан газар нь феодал ангийн эзэмшил байдаг явдал юм. Энэ ч ёсоор монголын засаг ноёд, хутагт хувилгаад өөрт ноогдсон газрыг үе улиран өвлүүлэн эзэмшиж байжээ. Нөгөөтэйгүүр тайж ноёд болон сүм хийдүүд өөрсдийн асар их мал сүргийг өөрийн эзэмшил дэх хамгийн их үржил шимтэй бэлчээр нутгуудад хариулуулан малладаг байсан бөгөөд эгэл жирийн ардууд өөрсдийн амины цөөхөн малаа үржил шим багатай, өвс ургамал гандуу жаахан газарт л хариулах боломж олддог байв. Энэ утгаар нь харвал хятад иргэд ихээр орж ирэн үржил шимтэй нутгуудад тариа тарих нь хамгийн түрүүнд зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхолд халтай болж таарч байгаа юм.

Гэхдээ мэдээж хятад тариачид ихээр орж ирэн Монгол нутагт суурьших нь дээд доод гэлтгүй бүх монгол хүний хувьд, цаашлаад Монгол улсын цаашдын оршихуйд маш ноцтой, аюултай асуудал. Тиймээс энэ 5 зүйлд тусгагдсан зүйлс бол зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхлыг бус харин тэдний захиа бичгээр дамжуулан эгэл жирийн ардуудын ч хүсэл сонирхол туссан байх ёстой гэж үзэж болохгүй юу? Энэ асуултад хариулахын тулд дараах хэдэн маш чухал баримтыг дахин сануулах ёстой болно.

Хоёрт, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг манлайлан оролцсон тэрхүү тайж ноёд, лам нар 1919 онд өөрсдөө улсын дотоод хэргийг бүрэн мэдэж шийдэх автономит эрхээ Хятадад худалдсан гэдгийг заавал санах учиртай. Автономит эрхээ өөрсдөө устгах гэрээнд гарын үсэг зурсан 16 хүн ба үүний дараа Хятадын ерөнхийлөгчид автономит засгаа өөрсдөө устгасан тухай өргөдлийг гардуулан өгөхөөр Бээжинд очсон 6 хүний дунд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялахад идэвхийлэн оролцсон хэд хэдэн хүн байсан байна. Тухайлбал, Чин ван лам Ханддарж, Дархан чин ван Пунцагцэрэн, Бао Лин Цэрэндорж, Сэцэн хан Наваанцэрэн, жонон ван Ширнэндамдин, Жалханц хутагт Дамдинбазар, Далай Чойнхор Чин ван Цэрэнсоном ба хэдий гэрээнд гарын үсэг зураагүй ч уг гэрээний хэлэлцээрт оролцож, мөн автономит эрхээ хамгаалах ямар ч оролдлого хийгээгүйгээр үл барам ингэж улсаа худалдсаныхаа төлөө Хятадын ерөнхийлөгчөөс шагнуулсан Богд Жавзандамба нар байсан юм. Үүгээр ч зогсохгүй 1919 оны 11 сарын 15-нд Хятадад сайн дураар автономит эрхээ шилжүүлэх 64 зүйл гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр улсын дээд, доод хурлаар уг асуудлыг дэмжих эсэхийг хэлэлцүүлэхэд дээд зиндааны ноёд, тайж, лам нараас бүрдэх дээд хурал олонхын саналаар уг асуудлыг зөвшөөрсөн байдаг байна.

Энэ бүх баримтууд нь чухам юуг илтгэн харуулж байна вэ? Тухайн цагийн Богд тэргүүтэй дээд зиндааны ноёд тайж, лам нарын хувьд нэн тэргүүний ашиг сонирхол бол Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал огтхон ч биш байсан бөгөөд харин тэдний амин хувийн эрх ашиг, зэрэг цол, цалин пүнлүү нь л чухал байсан байна. Энэ дүгнэлтийг авч үзэж буй захидлын эхний хэсэг мөн л давхар батлан харуулж буй юм. Тиймээс монгол газар хятад иргэдийн тариа тарих болсон нь гагцхүү Богд лам тэргүүтэй тайж ноёд, лам нарын хувийн эрх ашигт халтай байсан гэдэг утгаар л тэд захидал бичигтээ энэ сэдвийг тэгж олон удаа хөндсөн гэсэн үг. Тэдний мал сүргээ хариулуулдаг үржил шимтэй эзэмшил газарт нь тариа тариад байсан учраас л тэр. Хэрэв дан ганц өөрсдийн төлөө бус үнэхээр монголын ард түмний нийтлэг эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө ингэж их санаагаа чилээж, эвлэлдэн тэмцэж байсан нь ҮНЭН Л ЮМ БОЛ анх энэ захидлыг 1911 онд бичсэн тэр хүмүүс-хятад тариачид монголын бүх газар нутагт бус ердөө хэсэгхэн газруудад нь л тариа тарьж дөнгөж эхэлж байхад газар нутгаа ингэж өмөлзөн харамлаж байсан тэр хүмүүс чинь чухам өөрсдөө ердөө наймхан жилийн дараа улс орноо газар нутаг, ард түмэнтэй нь БҮТНЭЭР нь Хятадад ЗАРНА гэж үү дээ?

Одоо үлдсэн 4 зүйлийг эхээр нь оруулаад нягталж үзье.

Захидал бичгийн 3 ба 4-р зүйлд:

“Нэгэн зүйл. Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алины үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмыг аван хилж гүжир ял оноон алах цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудалыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн шийтгэх явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хэрэгт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ.

Нэгэн зүйл. Монгол сайн хүнийг цухалдуулсаар бие зугатан гарах замын зуур тохиолдсон хошуудыг нам нийлэв хэмээн гүтгэж өчнөөн түмэн лан мөнгө албадан төлүүлэхээр тулган зовоож хэрэг шийтгэх түшмэдийг чандлан хадгалж буй нь үнэхээр хилстэй билээ.”

гэжээ. Энэ зүйл бол харин эгэл жирийн ардуудын ашиг сонирхлыг ч тодорхой хэмжээнд хөндсөн байна. Мэдээж феодалуудын ашиг сонирхол зохих хэмжээгээр хөндсөн нь ойлгомжтой.

12-р зүйлд “Нэгэн зүйл. Угаас тогтсон хууль дор монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засагаар шалтгаалж хуучин хуулийг халж монгол иргэн харилцан ураг барилцахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харанхуй засгийг манай монгол яахин дагаж чадах билээ” хэмээсэн нь дээд доод гэлтгүй монгол хүн бүрийн ашиг сонирхолд халтай зүйлийг хөнджээ. Хятад Монгол ураг барилддаг болсноор нэг талаас цөөхөн хэдэн Монгол хятадад уусан үндэс угсаа устах үндэс бүрдэх ба нөгөө талаас аажмаар хятадын нэгэн муж болсноор дээд зиндааны ноёд, лам нарын эрх засаг ч Хятадад шилжих тул тэднийг тэгж их айлгасан байна.

11-р зүйлд “Нэгэн зүйл. Манай монгол Манж улсад дагаж орсоноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлвээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ” хэмээсэн байна. Энэ ч бас харьцангуй ерөнхий шинжтэй зүйл байна. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хятадын панзчид, ялангуяа мөнгө хүүлэгчдийн хамгийн гол үйлчлүүлэгчид нь ядуу дорой энгийн ардууд биш харин асар баян тансаг тайж, ноёдууд ба дээд зиндааны лам нар байсан гэдгийг заавал анхааралдаа авах ёстой. Ноёд төдийгүй Богд ламхай ч өөрийн хэрэгцээндээ болон манжийн хааны өргөл барьц болон алба татварт зориулан хятад худалдаачдаас өндөр үнэтэй бараа таваар авах буюу өндөр хүүтэй мөнгө зээлээд, дараа нь түүнийгээ өөрийн харьяат хамжлага, шавь нараасаа хүчээр гаргуулан төлүүлдэг жишиг аль хэдийн энгийн хэвшил болон тогтсон байсныг санах ёстой. Тиймээс энэ зүйл нь бас л хар шар феодалуудын эрх ашгийг ноцтой хөндөж буй юм. Нэгэнт хөрөнгө албадан гаргуулж өөрсдийн өрөө төлүүлдэг эгэл ард туйлдан цаашид тэдний өмнөөс өр ширийг нь төлөх чадваргүй болохын зэрэгцээ хятад панзчид ингэж даврах нь монгол феодалуудад маш хохиролтой байсан юм. 

Ингээд 14 зүйлээ ангилж дууслаа. Үлдсэн 7 зүйл нь оросын хаанд тавьсан санал, хүсэлт зэргээс бүрдэж байгаа тул энэ нийтлэлд авч үзэх шаардлагагүй юм. Эхний асуулт руугаа иргэн очъё. Энэхүү захидал бичигт хэний ашиг сонирхол илүү их туссан байна вэ? Мэдээж баян тансаг амьдралтай дээд зиндааны ноёд, лам нар, мөн энэ захидлыг илгээсэн Богд ламын ашиг сонирхол л энэ захидалд нэвт тусгагджээ. Мэдээж эгэл ардын туулан байсан зовлон бэрхшээлийн нэг хэсгээс орсон боловч нэгт, энэ нь зөвхөн феодалуудын ашиг сонирхолтой давхацсан тэр багахан хэсэг орсон байна. Хоёрт, зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхлыг дангаар тусгасан хэд хэдэн заалт байгаа ч зөвхөн дангаар ард ангийн ашиг сонирхлыг хөндсөн нэг ч зүйл энэ бичигт байхгүй байна. Гуравт, ард ангийн ашиг сонирхлыг хөндсөн хэсгүүд нь тэдний туулж мэдэрсэн зовлон зүдгүүрийн хамгийн гол хэсгийг огт хамраагүй байгаа юм. Хамгийн гол асуудлууд болох ард түмний соёл боловсрол хэдэн зуунаар хоцорч, дундад зууны түвшиндээ нөөшлөгдсөн байсан, манж хаанд гүйцэтгэдэг хорь шахам зүйлийн хүнд хэцүү алба болон бусад зүйлийн татваруудаас үүдэн үгүйрэн хоосорч байсан тэдний зовлон бэрхшээлүүд огт тусгагдаагүй байна.

Одоо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон түүний дараа манай оронд өрнөсөн үйл явдлууд дундаас дараах гарцаагүй баримтуудыг нэхэн саная.

1. Анх энэ хөдөлгөөн эхлэх үед бичигдсэн дурдан буй захиа бичиг нь чухам энэ үйл явцын анхдагч сэдэл санааг бүрэн илтгэх түүхэн баримт бөгөөд түүнд Богд тэргүүтэй өндөр зиндааны ноёд, тайж, лам нарын ашиг сонирхлуудыг л нэвт тусган оруулсан байна.


2. Цаашлаад уг хөдөлгөөн амжилтад хүрч манжийн эрхшээлээс гарч, улмаар өөрсдийн автономит эрхийг хоёр хөршөөрөө зөвшөөрүүлэн авсан юм. Хэдий тийм боловч нийт 10 орчим жилийн хугацаанд ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх, тэднийг үндэсний бичиг үсэгт сургах зэргээр соёл боловсролын хоцрогдлыг арилгах, олон зууны хоцрогдлоосоо гарч орчин үеийн шинжлэх ухаан, технологид суурилсан үйлдвэрүүдийг байгуулах, ардын жижиг гар үйлдвэрүүдийг байгуулах, хөхүүлэн дэмжих замаар дотоодын хэрэгцээгээ хангадаг болж, улмаар хятадын панзчидыг өөрийн орны эдийн засгаас шахан гаргах, өөрсдийн үндэсний банк санхүүгийн тогтолцоо ба үндэсний мөнгөн тэмдэгттэй болж хятадын мөнгө хүүлэлтээс ангижрах, улсын нэгдсэн төсөв мөнгөний тогтолцоотой болж улс ардын аж ахуй хөтлөн явуулах, үндэсний байнгын армитай болох зэрэг асар олон амин чухал үйл ажлуудыг зарим нэгийг огт хийж эхлээгүй бол нөгөөг нь зөвхөн эхлүүлэх төдий түүхий орхисон байдаг.

Би яагаад чухам тэднээс энэ бүхнийг нэхээд байна вэ гэвэл хэрэв үнэхээр Богд ламхай тэргүүтэй ноёд, лам нарын тэмцэл зөвхөн өөрсдийнх нь амин хувийн ашиг сонирхлын төлөө бус нийт Монглолын төлөө, монголын ард түмний төлөө байсан юм бол тэд энэ бүх ажлыг хамгийн түрүүнд барьж авч, хийж дуусгах байсан юм. Учир нь чухам ингэж гэмээнэ манай улсын тусгаар тогтнол эдийн засаг, санхүүгийн хувьд, батлан хамгаалахын хувьд, оюун санаа, соёл боловсролын хувьд баталгаажих байсан юм. Энэ бүхнийг хийснээр хамгийн гол нь монголын эгэл жирийн ард түмний ахуй амьдрал дээшлэн дэвжих бодит нөхцөл бүрдэх байсан билээ. Чухам энэ бүх ажлуудыг 1921 оны Ардын хувьсгалын дараа Ардын төр засгаас цаг алдалгүй авч хэрэгжүүлж эхлээд, асар богино хугацаанд үр дүнд хүрч байсантай харьцуулбал 1911 ба 1921 оны үйл явдлуудын аль нь чухам Монгол улсын эрх ашгийн төлөө, монголын нийт ард түмний төлөө үйл явдал байсныг хялбархаан ялган таньж болох юм.


3. Бүхэл бүтэн арван жилийн хугацаанд Богдын засгийн газраас ядаж үндэсний мөнгөн тэмдэгттэй болж чадаагүй бөгөөд, манай оронд хятад янчаан, орос рубль, хатуу цай, мөнгөн ембүү зэрэг эрээвэр хураавар тэмдэгтүүд гүйлгээнд эргэлдэж байв.(Гэтэл энэ ажлыг Ардын төр засгаас ердөө гуравхан жилийн дотор бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадсан юм) Улмаар тусгаар улсын хамгийн наад захын шаардлага болох үндэсний нэгдсэн төсөв мөнгөний тогтолцоог ч бий болгож чадаагүй ба шат шатны ноёдын улсын болон өөрийн харьяа хошуудын санг элдэв янзаар завших байдал улам гаарсан байна. Улс оронд жижиг гар урлалаас эхлээд орчин үеийн машинт үйлдвэрлэлийг шат дараатай хөгжүүлж чадаагүй тул хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрийн дотоод хэрэгцээг хангах тал дээр манжийн үеийн байдлаас ер дээрдээгүй байна. Улмаар нэг талаас хятад панзчид, мөнгө хүүлэгчдийн дөнгөнд улам улам гүн шигдэж, нөгөө талаас үйлдвэрлэлээр дамжуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрүүдийг шинээр бий болгоогүй, байнгын алдагдалтай төсөвтэй явж, түүнийгээ зөвхөн хаант оросын зээллэгээр дөнгөн данган нөхөж явсаар 1910-аад оны сүүл гэхэд мөнгө санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт ирсэн байна. Чухам энэ үеэс 1911 оны хөдөлгөөнийг манлайлан оролцсон Богд тэргүүтэй дээд зиндааны ноёд, тайж, лам нар хятадын мөнгөн тэмдэгтийг үндэсний мөнгөн тэмдэгт болгон хүлээн зөвшөөрч, улмаар өөрсдийн зэрэг дэв, цалин пүнлүүг үргэлжлүүлэн тоо ёсоор авч байх нөхцөлтэйгээр Хятадад улс орноо худалдсан юм.

 

Миний дурдсан 3 бүлэг баримт бол нэг талаас ямар ч эргэлзээгүй, хэн ч маргах боломжгүй бодит түүхэн баримтууд бөгөөд нөгөө талаас логик утга агуулгын хувьд нэг хэлхээнд орж миний тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч буй юм. ҮНЭХЭЭР ЭДГЭЭР ГАРЦААГҮЙ БАРИМТУУДААС ХАРВАЛ 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН БОЛ ҮНДЭСНИЙ НЭРИЙН ДОР ХАР ШАР ФЕОДАЛУУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН БАЙСАН БАЙНА. (Мэдээж жинхэнэ эх оронч ноёд, тайж нар байсан боловч тэдний ихэнхийг энэ үйл явдлын дараахнаас элдэв аргаар хорлон хороосон билээ) Тэдний энэхүү хөдөлгөөн тэдний зэрэг дэв, цалин пүнлүүний асуудлаар эхэлж (оросын II Николай хаанд илгээсэн захидал), мөн л тэдний энэ ашиг сонирхлоор нөхцөлдөн дууссан байх юм (өөрсдийн зэрэг дэв, цалин пүнлүүг тоо ёсоор хятадын засгаас авч байх нөхцөлтэйгээр Хятадад Монгол улсыг сайн дураар дагуулан орох - худалдах 64 зүйл бүхий гэрээ). Үүнийгээ ч тэд бүхэл бүтэн арван жил улс орныг удирдсан хугацаанд хийж гийгүүлсэн тэр бүх бүтэлгүй, ямар ч алсын хараагүй, увайгүй үйл хэргүүдээрээ давхар нотлон харуулсан юм. Харин энэ бүхний голд монголын тусгаар тогтнол, монголын ард түмний амь амьдрал хавчуулагдан хохирсоор байсныг олон олон гарцаагүй баримтууд илтгэн харуулсаар байна.

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?

 

Цуврал нийтлэлийн 17-р хэсэг

Чен и ба Монгол ноёд Бээжинд 1920 он
Хятад сайд Чен-И ба Монгол ноёд Бээжинд. 1920 он.

 

Яагаад 1919 онд монгол ноёд, том лам нар улс эх орноо Хятадад худалдах болов оо? Тэднийг чухам ямар хүчин, гадаад дотоод нөхцөл байдал ийм алхам хийхэд түлхсэн бэ? Энэ асуултад заавал хариулах ёстой. Үүний тулд хэдий өмнөх нийтлэлд хангалттай мэдээлэл өгсөн ч гэсэн тухайн цагийн манай орны нөхцөл байдлын тухай энд дахин зайлшгүй дурдах ёстой юм. (Өмнөх нийтлэл дэх баримт давтагдаагүй болно)

Юуны өмнө 1911 оноос хойш 1919 он гэхэд манай улс орны дотоодод чухам ямар нөхцөл байдал бий болсон байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэндээ ард түмний аж амьдралд манжийн ноёрхлын үеийнхээс онцын ялгаа огт гараагүй гэдгийг би өмнөх нийтлэлүүдээрээ тодорхой баримтуудаар харуулсан.

Хэдийгээр Богд хаант Монгол улс байгуулагдсанаар улсын дээд, доод танхим бүхий хуралтай болж, бага дунд сургуулиудыг байгуулж, цөөн тооны залуусыг гадаад улсад сургаж, анхны сонин хэвлэлийг гаргаж, улсын армитай болон тэднийг цэргийн эрдэмд сургаж эхэлсэн боловч эдгээр ажлууд нь төсөв мөнгөний дутмагаас болж бүх ард түмнийг хамран далайцтай өрнөж чадаагүй ажээ.

Үүнийг батлан академич И.М.Майский “хошуудын сургууль нэг, хоёр жил болоод багш нар байхгүйгээс болж, бараг газар бүхэнд хаагдаж байлаа” хэмээн дүгнэн бичиж үлдээсэн байдаг.

Үнэхээр өнөөдрийн либерал ардчилсан түүхчдийн хэлдэг шиг Богд лам тэргүүтэй ноёд, том лам нар "зөвхөн эх орныхоо төлөө" л явж байсан юм бол яагаад бүхэл бүтэн 10 жил төр барих хугацаандаа Ардын засгийн маш богино хугацаанд хийж амжуулсан, улс орны өмнө зайлшгүй шаардлага болон тавигдаад байсан олон чухал ажлуудын  ядаж эхлэлийг ч тавиагүй вэ гэсэн асуулт гарч ирдэг.

Ардын төр засгийн 1921 оноос эхлэн хийсэн ажлууд: 

- Анх удаа Монгол улс улсын нэгдсэн төсөвтэй болж түүнийг эмх цэгцэнд оруулснаар төсвийн хэмжээ, бүтэц, зарцуулалтанд тавих хяналтыг бий болгон цаашид улам сайжруулсан,

- Анх удаа Монгол Улсын банкийг байгуулж үндэстний мөнгөн тэмдэгтээ дотоодын гүйлгээнд оруулан хятад янчаан, лан ембүү мөнгө мөн бусад гадаад улсын мөнгийг дотоодын гүйлгээнээс шахан гаргах ажлыг эхэлсэн,

- Өөрийн улсын худалдааны салбарт дотоодын үнэмлэхүй монополь тогтоон урьд өмнөх засгийн үед монгол (?!!!) ноёд, том лам нартай хамтран ард түмнийг шулан мөлжиж байсан хятад болон европын пүүсүүдийг өөрийн дотоод зах зээлээс шахан гаргаж эхэлсэн,

- Улсын дотоод гааль буюу улс доторх улс!! бий болсон байсныг халах бараа таваарын үнийг хямдруулж, улс доторх худалдааны эргэлтийг нэмэгдүүлж эхэлсэн,  

- Хивс нэхэх, гутал, хувцас, эмээл, гөлөм зэрэг ахуйн бүтээгдэхүүн хийх анхны гар урчуудын артелиудыг байгуулан, тэднийг дэмжин бага хүүтэй зээл олгох замаар орчин үеийн үйлдвэрлэлийн эхийг тавьж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах эхлэлийг тавьсан,

- Харилцах утасны сүлжээ тавьж улс орныхоо зах хязгаар нутгуудыг төвтэй холбох, автомашин бүхий орчин үеийн тээврийн салбарыг шавыг тавьсан,

Улсын нэгдсэн архивын үндсийг тавьж, өмнө нь төр засгийн байгууллагууд өөрсдөө хөтөлж, хадгалж байсан данс тооцоо, албан бичиг баримтуудыг улсын өнцөг булан бүрээс нийслэл хотод нэгтгэн төвлөрүүлж эмх цэгцэд оруулсан,

- Орчин үеийн хүн ба мал эмнэлгийг улсдаа нэвтрүүлэн, хүн ба малын дунд хүчтэй тархсан байсан өвчнүүдийг жинхэнэ ёсоор, үр дүнтэйгээр эмчилж эхэлсэн...

зэрэг улс орноо олон зууны хоцрогдлоос гаргаж, улс шиг улс болоход чиглэсэн маш олон чухал ажлуудыг Монгол улсын бүхий л түүхэнд анх удаа хийсэн байхад Богд тэргүүтнүүд энэ бүхнийг хийж эхлэхийг ч оролдоогүй юм!

1. Аж үйлдвэрийн тал дээр: “Аж үйлдвэр Автономит Монголд огтхон ч хөгжөөгүй байна. Байдгаас л Өргөөгийн ойролцоох засгийн газрын мэдлийн нүүрсний уурхай, “Монголор” хэмээх оросын нийгэмлэгийн алт олборлох газрууд, ноос угаах оросын 100 орчим цэг, мөн оросын 20 орчим арьс ширний/булигаарын/ заводаас гадна хятадын нэхий элдэх, модон эдлэл хийх, халуун төмрийн болон алт мөнгөний дархан гэх мэт 500 орчим газрууд голдуу Өргөөд байрлан ажиллаж байна.” Энэ бол яг 1919 ба 1920 оны үеийн дүр төрх юм.

2. Улс төсөв санхүүгийн хувьд ч тун хүнд байсан байна. Төсөв нь төв буюу засгийн газрын төсөв ба хошуу захирагч ноёдын төсөв буюу хамжлага ардуудаасаа авдаг албан татварууд гэсэн хоёр үндсэн төрөлтэй байв. Эхнийх нь улсын гааль, татвар төлөгч газруудаас ирэх орлого, концесс(уул уурхай, мал аж ахуй г.м) болон бусад орлого буюу тогтмол хэмжээтэй, тодорхой хугацаатай татваруудаас бүрддэг бол хоёрдох нь тодорхой тогтоосон хэмжээгүй байсан бөгөөд мөн хэдийд хамаагүй ч төлөх шаардлагыг ноёд өөрсдөө шийдэж ард олноос хүчээр гаргуулан авдаг онцлогтой байжээ. 1914 онд Хаант Оросоос ирж ажиллаж байсан санхүүгийн зөвлөх С.А.Козин улсын санхүүг нэгтгэн цэгцэлж өгч улсын хэмжээний нэгдсэн нэг төсвийг бий болгохыг зорьсон байна. Гэвч өөрийн дураар ард олноос хэрэгцээнийхээ хэрээр алба гувчуур авч хяналтгүй хэрэглэж дассан ноёд, тайжуудын хүчтэй эсэргүүцлээс болоод энэ ажил нурсан бөгөөд улмаар автономит засгийн үед санхүүгийн эмх цэгц Манжийн үеэс олигтой дээрдээгүй ажээ. Энэ талаар өмнө И.М.МайскийИнгэхлээр монголын засгийн газрын төсөв хэдийгээр шударга ёсыг барьж хэлэхэд алдагдлыг хэмжээ жилээс жилд дэвшингүй багассаар ирсэн хэдий ч угтаа бол алдагдалтай төсөв юм. Төсвийн онгойсон зайг онцгой орлогоор, өөрөөр хэлбэл оросын зээлээр чигжсээр ирсэн нь мэдээж. Эцсийн дүнд дэн дун дээсэн дөрөөтэй л төсвийн тэнцлийг хадгалж байна гэсэн үг” хэмээн бичсэн бөгөөд тэрээр уг дүгнэлтээ 1913-1918 оны төсвийн орлого зарлагыг харьцуулан гаргажээ.

Мөн тусгаар улсын хувьд нэн чухал зүйл болох үндэсний мөнгөн тэмдэгттэй болох асуудал 1911 оноос хойш ямар ч ахицгүй байсаар 1918 онд хятад мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгт хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Улс орны төрийн санхүүгийн замбараагүй байдлын нэг аюултай үр дагавар нь олон хошууны эрх баригч ноёд төвөөс хяналтгүй байсан учир хятадын хүүтэй зээлийн өрөнд баригдсан байсан явдал юм. Надад халхын 37 хошуу, шавийн холбогдолтой мэдээ баримт байна. Тэдгээрийн нийт өр 3807000 лан болж байгаа нь дунджаар нэг хошуу 100 000 орчим лангийн өртэй гэсэн үг юм. Хошуу, шавь нийтдээ халхад 104, Ховдын хязгаарт 20 байгаа болохоор онцын алдаа мадаггүйгээр хэлэхэд Автономит монгол улсын нийт өр 11 сая лан буюу 15 сая рубль болж байна. Зарим хошуудын өрийн хэмжээ бүүр гайхмаар их...

...Эндээс үнэхээр айхавтар дүр зураг харагдаж байна шүү дээ. Дундаж хэв шинжийн нэг өрх аж ахуйн өөрийн нь үнэ цэнэ нь ойролцоогоор 1000 лан байхад нэг өрхөд нь 500, 700 тэр ч байтугай 1000 лангийн өр ноогдож буй хошууны тухай юу ч гэх юм билээ дээ?!”**** Мөн үүн дээр Оросын засгийн газраас авсан зээлийн үлдэгдэл 4 сая рублийг (энэ зээл нь ямар ч хүүгүйн дээр 20-30 жилийн хугацаатай байжээ) нэмбэл манай улсын нийт өр 1918 эцсээр ойролцоогоор хэрэв рубльд шилжүүлж тооцвол 19 сая рубль болсон байжээ. Хэрэв Монгол улсын засгийн газрын ердийн орлого (гаднаас авсан зээлийг тооцохгүй гэсэн үг) 1918 оны байдлаар 2 100 383 рубль байсан гэдгийг тооцвол манай улсын нийт өр нэг жилийн засгийн газрын төсвөөсөө 7 дахин их болчихсон байжээ.

3. Нийгмийн гол баялаг байсан мал сүрэг нийт ард түмэнд маш тэгш бус хуваарилагдсан байв. И.М.Майскийн тооцоогоор бол ноёны мал сүрэг нь жирийн ардынхаас дунджаар үхэр 17 дахин, хонь ямаа 37 дахин, тэмээ 49 дахин, адуу 75 дахин их байжээ. 1915 оны тоо баримтаас үзэхэд Богд хаан өөрөө 10236 малтай, ... Сэцэн хан аймгийн Бишрэлд ван бүр 15423 толгой малтай байжээ. Мөн дээрх тоо баримтаас үзэхэд Сэцэн хан өөрөө 2746 толгой малтай байсан бөгөөд ханы өөрийн гэр бүлийн нэг хүнд 914 толгой мал ногдож байхад түүний хамжлага нэг зарцад дунджаар 14 толгой мал ноогдож байжээ.”*

6. Яг энэ үед дааж давшгүй болсон байсан асар их өр, алба ба түүнээс үүдсэн түмэн зовлон зүдгүүр нь ард түмнийг босон тэмцэхээс өөр аргагүй болгосон байна. Ард түмэн баян ноёдтой, лам нартай хэрхэн тэмцэж байсныг 1966 онд ШУА-аас эрхлэн гаргасан “Ардын заргын бичиг (XYII – XX зууны эхэн)" зэрэг номоос дэлгэрэнгүй уншиж болох тул энд олон жишээ оруулахыг азная. Харин ганц жишээ хэлэхэд бидний сайн мэдэх 1911-1918 оны хооронд үргэлжилсэн Ард Аюушаар толгойлуулсан ардын хөдөлгөөн нь тухайн үедээ хамгийн томоохон, зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн байжээ. Гэхдээ энэ бол тэр үед гарсан цор ганц хөдөлгөөн биш бөгөөд арай жижиг ч хаа сайгүй ноёд, баяд, том толгой лам нарын тэсэхүйеэ бэрх мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнүүд өрнөсөөр байсныг түүхийн олон эх сурвалжууд баталж байна.


Дүгнэлт

Ингээд энэхүү баримтууд дээр үндэслэн яагаад чухам Богд тэргүүтэй ноёд 1919 онд автономит эрхээ Хятадад худалдсаныг дараах шалтгаантай гэж миний бие дүгнэж байна. Хэдий энэ санал маань уг үйл явцын цор ганц үүтгэл мөн гэж батлан хэлэхгүй ч тухайн үеийн манай улсын дотоод ба гадаадад өрнөсөн үйл явдлуудыг нэгтгэн харвал энэ нь огт оргүй биш болох нь батлагдаж буй юм.

Нэг. Чин гүрнээс салсан Монгол үндсэндээ санхүү мөнгөний чадамжгүй болсон ажээ. Тэр үеийн эрх баригч ноёд 9 жилийн турш Монголд санхүүгийн эмх цэгц тогтоож, үндэсний мөнгөн тэмдэгттэй болж чадаагүйн дээр төсвийн орлогын шинэ үүсвэр бий болгох тал дээр ахиц гаргаагүй буюу аж үйлдвэрийг хөгжүүлж чадаагүй байна. Бүр ядаж дотоод бүх хэргээ өөрсдөө бүрэн мэдэж удирддаг автономит улс болохынхоо хувьд хамгийн наад захын зүйл болох улсын нэгдсэн төсөвтэй ч болж чадаагүй байна. Нөгөө талаас хятадын худалдаачдаас авсан өндөр хүүтэй зээл нь бага багаар улсын санхүүг ангал руу чирч байсныг тоо баримтууд харуулж байна. Үүний нэг баталгаа нь 1918 онд Хятадын банктай гэрээ байгуулж үндэснийхээ мөнгө санхүүгийн бүх удирдлагыг хятадын талд шилжүүлсэн бодит баримт юм. Мөн бас нэгэн баталгаа бий нь “Улс мөнгөн санхүүгээр ихээхэн дутагдаж байгаа үед зээллэгийн энэ санд (Богд хааны байгуулсан үндэсний зээллэгийн сан - Л.П) тусламж үзүүлэхийг улсын Дээд, Доод хурлаас ноёдод (Богд хаанд - Л.П) хандаж 1917 онд хүсэлт гаргаж байсан байна.”*

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАНЖИЙН ДАРЛАЛААС ГАРЧ БОГД ТЭРГҮҮТЭЙ ХАР ШАР ФЕОДАЛУУДАД УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮХЭЛД НЬ УДИРДАХ ЭРХ ШИЛЖИН ИРСНЭЭС ХОЙШ ТЭД НИЙТ 9 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ОРНОО САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮРЭН ДАМПУУРУУЛСАН БАЙЖЭЭ. БОГД ТЭРГҮҮТЭЙ НОЁД, ХУТАГТ ЛАМ НАР ЧУХАМ ЭДГЭЭР БҮХ ҮЙЛДЛҮҮД, ҮР ДҮНГҮҮДЭЭРЭЭ ҮНЭНДЭЭ УЛС ОРНЫГ УДИРДАН АВЧ ЯВАХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ ДАВХАР БАТЛАН ХАРУУЛСАН ЮМ.

Хоёр. Ард олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүд тогтмол өрнөх болсон. Өмнө дурдсан ёсоор ард түмний олон жилийн турш хуралдсан асар их дургүйцэл эгдүүцэл, үүнээс үүдсэн эсэргүүцэл тэмцэл бол Богд тэргүүтэй ноёд, хутагт лам нарын засгийн газрыг хүчээр түлхэн унагах маш том хөшүүрэг болж байсныг тэр үеийн мэдээ баримтаас төвөггүй харж болох юм.

Гурав. Зөвлөлт засгийн талынхан Оросын иргэний дайнд ялж эхэлсэн. 1919 оны сүүл гэхэд адмирал Колчак ялагдах нь улам бүр тодорхой болсон ба улмаар хойд хөршид маань Зөвлөлт засаг ялах анхны сэжмүүд үүсэж байжээ. Хэрэв нэгэнт Зөвлөлт засаг ялбал дарлагдсан ард түмэн эрх чөлөөг олж авах зорилго бүхий коммунизмын үзэл санаа хүссэн хүсээгүй манай хээр талд түгэн улмаар ард түмний эгдүүцэл, дургүйцэлтэй нэгдэн Богдын хаант засгийг түлхэн унагаах хувьсгал гарах үйл явцыг түргэсгэх байсныг тэр үеийн ноёд, лам нар сайн ойлгож бас түгшиж байсныг миний иш татан буй судалгаануудад батлан бичсэн байна.

Энэ бүхнээс харвал улс орноо харийн мөнгө хүүлэгчдийн өрийн дөнгөнд оруулж дампуурлын ирмэгт аваачаад, улмаар зөвхөн ядуу ардуудыг л улам бүр тонон мөлжих дээр дөнгөн данган оршин тогтнож байсан Богд ба түүний засгийн газрын ноёд, том лам нар УЛС ОРНОО ЦААШИД УДИРДАН АВЧ ЯВАХ БОДИТ ЧАДВАРГҮЙ гэдгээ ойлгоод, зөвхөн өчүүхэн амин хувийн эрх ашгийнхаа төлөө автономит эрхээ Хятадад худалдсан гэж дүгнэж болохоор байна. Учир нь тэд ингэснээрээ хятадын цэргийн хүчээр монголын ард түмний эсэргүүцэл бослогыг дарж "коммунизмын аюул"-аас ангижраад, хамгийн гол нь өөрсдөө хэргэм зэрэг, эрх ямбаа цалин пүнлүүгийн хамтаар хадгалан авч үлдэх байсан юм. 

Үнэхээр 1910-аад оны хоёрдугаар хагас гэхэд манай улс тэдний цалин пүнлүү, шагнал урамшууллыг цаашид өгөх бодит боломж, чадавхгүй болсон-болгосон байсан юм. Чухам ийм арчаагүй байдалд энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар өөрсдөө оруулсан болохыг түүх гэрчилдэг. Анх хятад консул Чен И ерөнхий сайд шанзав Бадамдоржоор дамжуулан 50 гаран зүйл бүхий автономит эрхээ сайн дураар устгах гэрээний анхны төслийг санал болгоход Богд үүнийг хүлээж аваагүй бөгөөд харин үүнд өөрсдийн саналыг буюу одоогийнхоо дэв зэрэг болон шагналт цалинг тоо ёсоор үргэлжлүүлэн авч байх нөхцөлүүдийг нэмсний дүнд сая 64 зүйл бүхий гэрээ бий болж түүнд гарын үсэг зурсан юм. Мөн энэ хэрэгт онцгой “гавьяа” байгуулсан 138 хүн нийт 354 мянган лан мөнгөөр, мөн Богд лам ба да лам Бадамдорж хоёр нэг нэг автомашинаар шагнуулсан нь миний дүгнэлтийг дахин баталж байгаа юм.

Мэргэн уншигч та энд бичсэн бүхнийг минь нягтлан сайн уншаад бусад итгэж болох эх сурвалжуудаас лавлан хамгийн гол нь өөрийн толгойгоор зөв бурууг шүүн тунгаана биз ээ!


Ашигласан материал

* Б.Ширэндэв, “Монгол Ардын хувьсгалын түүх”, 1969 он
**Ц.Пунцагноров, ”Монголын автономит үеийн түүх”, 1955 он
*** Л.Дэндэв, “Монголын товч түүх”, 2012 он, хоёрдох хэвлэл
**** И.М.Майский, “Орчин үеийн Монгол 20-р зууны гараан дээр”, 2001 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

Цуврал нийтлэлийн 20-р хэсэг

Д.Өлзийбаатар диссертацдаа мөн “Үүнээс арван хоногийн дараа буюу 1921 оны 3 дугаар сарын 13-нд Тройцкосавск хотноо зэвсэгт бослогод бэлтгэх ба бослогыг удирдах ардын түр засгийн газар гэгчийг ЗОУ-ын шахалт санаачлагаар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай боллоо. 10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар, Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар тогтсоноор...” гэжээ.

Монгол Ардын армийг байгуулан Хиагт хотыг гамин цэргээс, Нийслэл хүрээг Барон Унгерний харгис дэглэмээс чөлөөлөх зорилго тавин бэлтгэж байсан, улмаар уг зорилгоо ч биелүүлж ард түмнээ харийн дарлалаас чөлөөлсөн баатрууд Д.Өлзийбаатарын дүгнэлтээр зүгээр нэг “зэвсэгт бослогод бэлтгэж” байсан “зэвсэгт босогчид” байсан хэрэг үү?

Нэгт, түр засгийн газар бол нийт ард түмний олонхын дэмжлэгийг асар ихээр хүлээж байсан тул энэ нь ямар нэг өөр улсын санаачлагаар байгуулагдсан мөн тэр тусмаа “тоглоомын засгийн газар” байгаагүй юм (Гэхдээ мэдээж энэ том зорилго бүхий хүнд хэцүү ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхэд Зөвлөлтийн талаас заавар, зөвлөгөө өгч байсан бөгөөд учир нь тэр цагт нийгмийн олонхын төлөө нэгдмэл зохион байгуулалтад орж дэвшилтэт өөрчлөлт хувьсгал хийсэн бодит туршлага манай хувьсгалчдад төдийгүй дэлхийд өөр хаана ч байгаагүй билээ). Үүний баталгаа бол чухам яг түр засгийн газар байгуулагдсаны дараа Хиагтыг гамин цэргээс чөлөөлөх тухай шийдвэрийг Түр засгийн газар гаргасан бөгөөд үүнийг монголын нийт ард түмэн халуунаар талархан хүлээн авч Монгол орны өнцөг булан бүрээс Ардын Журамт цэргийн бүрэлдэхүүнд монголын ард ангийн төлөөллүүд ирж нэгдэн улмаар хүч тэнцвэргүй асар хүнд тулааны эцэст 3 дугаар сарын 18-нд Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн явдал юм. Мөн үүний дараа Түр засгийн газар Хиагтад шилжин ирж улмаар чөлөөлсөн нутаг дэвсгэрт өөрийн засаглалыг тогтооход ард түмэн талархан хүлээж авсан зэрэг үйл явдал бол Ардын түр засгийн газар бол монголын ард түмний чин хүслийг илэрхийлж байсан ард түмний төр засаг мөн байсны давхар баталгаа болох юм.

Хиагтыг чөлөөлсөн нь
Монгол ардын журамт цэрэг

Хоёрт, Д.Өлзийбаатарын хэлсэн “10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар”-ын тухайд гэвэл 1919 онд чухам Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг манлайлан оролцож байсан “Монголын эх оронч язгууртнууд”-ийн төлөөлөл өөрсдөө Хятадтай наймаалцан улс эх орон, ард түмнээ лан мөнгө, цалин пүнлүүгээр тохиролцон зарж нийт ард түмнийхээ итгэл найдварыг алдаж жигшил хорслыг барж байснаас гадна “Богдын засаг” гэгч нэгэнт бодит байдал дээр де факто байхгүй болсон байсан ба Монгол оронд гаднын цэргийн эрхтний засаглал тогтсон байсан юм. (Энэ тухай өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан)

Богдын засгийн газар яг тэр үед Монголын нутаг дэвсгэр дээр чухам өөрсдийн бодлогыг хэрэгжүүлж чадвартай бодит субъект огт биш болохоо баталчихсан, өөрсдөө ч үүнийгээ ойлгочихсон байсан ба харин дахин харийн аль нэг хүчтэнд дахин зарагдах санаархал нь тэднийг Барон Унгерний тоглоомын засаг болгочихсон байсныг батлах олон түүхэн баримт бий. Юуны түрүүнд яг тэр үед Богдын засгийн мэдэлд монгол арми гэж байгаагүй (өөрсдийнх нь 1919 оны Хятадтай байгуулсан гэрээний дагуу тэдэнд бүх зэвсгээ хураалгасан байсан) бөгөөд Барон Унгерний болон Хятадын гамин цэрэг л монголын нутаг дэвсгэр дээр хоорондоо Монголыг булаалдан тэмцэж байсан юм. Хэнд цэрэг зэвсэг байна, тэр л засаглалаа тогтоодог шүү дээ! Хэдийгээр Барон Унгерн Хүрээг гамин цэргээс чөлөөлсний дараа монгол эрсийг цэрэгт дайчлан татаж эхэлсэн боловч тэд Богд ламын удирдлага дор бус харин Унгерний армид түүний удирдлага дор байсан юм. Нөгөөтэйгүүр, Богдоор толгойлуулсан ноёд том лам нар улс эх орноосоо урваж ард түмнээ худалдсан, иймээс харийн улсын арми цэргүүд Монгол орныг цөлмөн мөлжиж ард түмнийг дарлан дээрэмдэж, алж хядаж байсан учир ард түмний олонх Богдын засгийн газарт найдахаа аль эрт больсон байсан төдийгүй тэд нэгэнт цөхөрсөн байсан нь Богдын толгойлсон бүлэг этгээдүүд Монголын нийт ард түмний олонхын ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН бүрэн эрхт засаг биш болсон байсны давхар нотолгоо билээ.

Улмаар Монголын Ардын арми Зөвлөлт Орос улсын Ажилчин тариачны улаан армийн тусламжтайгаар 1921 оны 7 сард нийслэл Хүрээг чөлөөлөхөд “хүрээний ардууд Монгол, Зөвлөлтийн цэргийг баяртайгаар хүлээн авч сүү, цайныхаа дээжийг өргөж байжээ. Хүн амьтан гудамжаар дүүрч, хүүхэд багачууд хашааны оройд авиран гарч цэргүүдийг харж байв гэж партизан Баяртын Бат, Мэндбаярын Ишдорж нар дурсан ярьжээ”* гэснээс энэ бүхэн улам эргэлзээгүй болж буй юм. Октябрийн хувьсгалаас зугтан ирсэн Барон Унгерн Монголд ямархуу эрх дарх эдэлж байсны нэгэн жишээ бол Богд хааны дараах зарлиг юм: “Монголын хил хязгаарын олон газарт байгаа хятадын цэргийг бут ниргүүлэхийн тул орон нутгийн түшмэл, ард хэн боловч бүгдээр түүнийг хүндэтгэж, цэрэг татах, мал авах зэрэгт нь яаралтай тусалж, тушаал шийдвэрийг нь үг дуугүй биелүүлж байх хэрэгтэй”*.

Ардын түр засгийн газрыг “Зөвлөлтийн тоглоомын засгийн газар” байсан - “Зөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэгч” хэмээж буй нь тэр үеийн бусад бодит нөхцөл байдлуудыг огт тооцоогүй тун болхи дүгнэлт гэж үзэж байна. Учир нь тухайн үед манай орныг харийн 2 өөр улсын цэргийн хүчин эзлэн түрэмгийлж, хүн ардыг тонон дээрэмдэж, манай улс орон сүйрлийн ирмэг дээр байсан билээ. Мөн манай ард түмэнд өөрийн хүчээр улс орноо харийн түрэмгийлэгчдээс аврах, тэднийг бут ниргэх ямар ч боломж байгаагүй ээ! Яг ийм үед манай ард түмэнтэй ижил олон жилийн дарлал мөлжлөгт байгаад өөрийн хүчээр салсан найрсаг хөрш улсын ажилчин тариачны цэргийн хүчний тусламж дэмжлэг хэрэгтэй болсон байсан бөгөөд тийм хүчин зөвхөн Зөвлөлт улс байлаа. Зөвлөлтийн хувьд ч энэ нь тэдний ашиг сонирхолд нийцэж байсан ба ганц л асуудал үүсэх байв. Харийн мөлжигчдөөс чөлөөлж Монголд туслахаар цэрэг оруулахын тулд Монголын ''албан ёсны'' засгийн газрын зүгээс Монголын нутаг дэвсгэрт тусламжийн хүрээнд цэрэг оруулах тухай албан ёсны хүсэлт хэрэгтэй байв. Ийм хүсэлтгүй бол Зөвлөлтийн арми Монголд орох нь өөрөө олон улсын түвшинд Зөвлөлтийн Монгол руу хийсэн цэргийн түрэмгийлэл, интервенц болж харагдах байлаа. Гэвч ийм хүсэлтийг Богдын засгийн газар гаргахгүй гэдэг нь (учир нь социалист үзэл санаа бол феодалын нийгэм, хаант засгийн үзэл санааны эсрэг чиглэдэг), Барон Унгерн ч ийм зүйл хийлгэхгүй гэдэг нь тодорхой байсан юм. Чухам ийм нөхцөлд Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр Монголын түр засгийн газрыг үүсгэн байгуулах нь хамгийн оновчтой шийдвэр байсан юм. Монголын нутаг дэвсгэрийн өөр аль нэг хэсэгт байгуулах нь мөн л Богд болон Барон Унгерний гарцаагүй эсэргүүцлээс үүдэн огт боломжгүй байсан тул Монголын хилд аль болох ойрхон, Зөвлөлт улсын хил дотор Түр засгийн газраа байгуулах нь боломжит хамгийн сайн бас аюулгүй сонголт байсан байна.

Монгол Ардын Нам 1

Мөн Д.Өлзийбаатар “...ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, угаас зөвхөн үндэсний эрх чөлөөний хувьсгалд нэгдэж байсан Монголчууд үзэл санаа бутран сарниж улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо” хэмээжээ.

Энэ нь Монголын ардын Түр засгийн газрыг Богдын засгийн газар эхнээсээ хүлээн зөвшөөрөөгүй ба энэ нь тэднийг ”гамин цэргийн адил монголын ард түмний дайсан” хэмээн үзэж байсантай холбоотой юм. Гэхдээ Д.Өлзийбаатар чухам ямар бодит нөхцөл байдал үндэслэлээр Монгол орон иргэний дайны ирмэг дээр ирснийг зуун хувь батлан харуулаагүй байж ийм том, ийм дэгс дүгнэлт хийсэн байгаа.

Иргэний дайн дэгдэх үндсэн нөхцөл нь болдог дотоодын сөргөлдөгч хоёр зэвсэгт бүлэглэл энэ үед манайд байхгүй байсан билээ. Түр засгийн газар Монгол Ардын армийг шинээр зохион байгуулж байсан бол Богдын засгийн газарт тэдний талд зогсож тэдний өмнөөс Ардын армийн эсрэг тулалдах дотоодын зэвсэгт хүчин гэж байгаагүй. (Барон Унгерний хувьд хэдий Богдын хажууд байсан боловч тэр бол харь хүн, түүний армийн үндсэн хэсэг мөн харь хүмүүс байсан юм) Харин өөр ямар нэг дотоодын зэвсэгт бүлэглэл Богдын талд байсан эсэхийг Д.Өлзийбаатар огт дурдахгүй байгаа нь ийм учиртай. Хэдийгээр Барон Унгерний армид монгол цэргүүд байсан боловч тэд өөрсдийн хүслээр энэ армид нэгдээгүй, тэдний ихэнхийг хүчээр элсүүлсэн байсан ба хатуу ширүүн нөхцөл, өлөн зэлмүүний улмаас монгол цэргүүд хэд хэдээрээ оргон зугтаж өөр өөрийн нутгийн зүг явах эсвэл Ардын журамт цэрэгт ирж нэгддэг байсан тухай олон баримт бий. Учир нь “Унгерний цэрэгт (монгол цэргүүдийн тухай ярьж байна Л.П) хатуу ширүүн сахилга бат ноёрхож, цэргийг мод шийдмээр зодож нүдэх, буудан алах ял шийтгэлийг хэрэглэж байснаа Унгерн баригдсаныхаа дараа шүүхийн хурал дээр өөрөө ч хүлээж байв”*. Тиймээс нэг талаас, Ардын журамт цэрэг ард түмнээ харийн дарлалаас чөлөөлөх гэж тулалдаж явсан болохоос элэг нэгтнээ эзлэн түрэмгийлэх зорилго огт агуулж яваагүй ба нөгөө талаас Унгерний монгол цэргүүд хүчээр түүний командлал доор аргагүйн эрхэнд орсон байснаас биш Ардын журамт цэрэг ба Ардын түр засгийн газрын эсрэг тэмцэх зорилгоор сайн дураар нэгдсэн хэрэг биш байсан тулах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо” гэдэг бол ямар ч баталгаагүй гүжир гүтгэлэг юм. Мөн Нийслэл хүрээг чөлөөлөхөд, түүний дараа ч Ардын засгийн эсрэг ямар нэг дотоодын зохион байгуулалттай зэвсэгт эсэргүүцэл гараагүй нь миний энэ дүгнэлтийг давхар баталж буй хэрэг юм.

Д.Өлзийбаатарын дурдан буй судалгаанд мөн “Гэлээ ч 1921 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд хоёр тал харилцан бичиг захидал илгээлцэж тулгарсан ноцтой нөхцөлөөс гарз хохиролгүй гарах зам эрэлхийлсээр дайсагналыг эвлэрэл болгож чадсан бөгөөд ийм улс төрийн шийдэл хожим 1990 оныг эс тооцвол сүүлийн 500-гаад жилийн дотор ер гараагүй билээ. Энэ бол төрийн холч ухаантай өвөг дээдсийн улс төрийн зөв шийдвэр, түмний заяа тавилан нь ивээсэн хэрэг байлаа. Хүрээн дэх Богдын Засгийн газар бий болсон улс төрийн нөхцөл байдлыг цэгнэн үзээд ЗОУ-ын цэрэг, улс төрийн нөлөө Монголд нэг мэдэхнээ яах аргагүй түрж улмаар шийдвэрлэх үүрэгтэй болсныг ухаарчээ. Буулт хийж чадсанаараа тэд эрх ямба, эд хөрөнгө, эх орон, олон түмний өмнө тулгарсан бодитой эрх ашгаас дээгүүр тавиагүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм” хэмээжээ.

Энэ бол мөн л хэт нэг талыг барьсан маш "гэнэн" дүгнэлт байна. Гэхдээ ийм дүгнэлт нь эрүүл ухаантай аливаа хүний хувьд бол санамсаргүй алдаа огтхон ч биш бөгөөд энэ бүхэн бол зориудын, чухам өмнө нь “урьдчилан томьёолсон зохиомол” дүгнэлтээ хүчээр гөрдөн батлахын тулд тухайн асуудлын зөвхөн нэг талыг харуулсан өрөөсгөл баримтыг дөвийлгөн харин бусад баримтыг ор тас орхигдуулах замаар гөрдөн “батлах” гэсэн, түүх судлаачийн хувьд байж боломгүй маш бохир мэх, бүдүүлэг оролдлого юм!

Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгт, чухам яг энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар уг үйл явдлаас хоёрхон жилийн өмнө “эрх ямба, эд хөрөнгө”-нийхөө төлөө “эх орон, олон түмэн”-ээ харийнханд албан тушаал, олон лан мөнгөөр худалдсан нь түүхэн бодит үнэн билээ! Тэд өөрсдөө 1915 оны “Хиагтын гурван улсын гэрээ”-ний заалтуудыг ноцтой зөрчиж, 1919 онд хятадын цэргийн эрхтнүүдэд өөрийн улсын автономит эрхийг ямар ч бодит эсэргүүцэлгүйгээр (цэрэг зэвсэг, олон улсын дипломат харилцааны олон арга хэрэгслүүдийг ашиглах оролдлогыг ч ядаж хийлгүйгээр) сайн дураар хүлээлгэн өгч, Хятадад ард түмнээ дагуулан дагаар орж үүнийхээ оронд зөвхөн өөрсдийн хувийн эрх ямба, цол зэрэг, цалин пүнлүүг Манжийн үеийнх шиг урьдын ёсоор авч байх гутамшигт гэрээг байгуулсан нь бас л түүхэн бодит үнэн билээ! Түүгээр ч зогсохгүй тэд үүнийхээ хариуд Хятадын эрх баригчдаас их хэмжээний лан мөнгө, авто машин зэргийг хувьдаа шагнал болгон авсан байсан юм.

Хоёрт, Ардын түр засгийн газрыг Богд тэргүүтэй ноёд, лам нар хүлээн зөвшөөрсөн явдал бол нэгэнт улс орноо Хятадад арилжаалан зарж, мөн тэдний шаардлагаар өөрийн улсын цэрэг армийг тарааж, Хятадад бүх зэвсгээ хураалган, улмаар ээлж дараалан харийн түрэмгийлэгчид (хятадын гамин цэрэг ба барон Унгерны цагаан оргодлуудын арми)-ийн хөлд бөхөлзөн тэдний үгээр, тэдэнтэй нийлэн эгэл жирийн ардуудыг үргэлжлүүлэн дарлан мөлжиж байсан (энэ тухай асар олон бодит тоо баримт бий!) Богдын засгийн газар нь тэр үед нэгэнт ард түмний өмнө нүүрээ барж, хүлээн зөвшөөрөгдөх харизматик шинжээ аль хэдийнээ алдсан байсны улмаас эрх ямбыг нь хамгаалан Ардын журамт цэргийн эсрэг тэмцэх хүчин байхгүй болсон байсан тул аргагүйн эрхэнд бууж өгсөн үйлдэл байсан болохоос биш Д.Өлзийбаатарын гөрдсөн шиг шиг “улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн” хэрэг огтоос биш байсан юм! 

Чухамдаа ийнхүү энэхүү түүхийн хамгийн чухал түүхэн баримтуудыг зориудаар тойрон гарч орхигдуулсан Д.Өлзийбаатар Монголын ард түмний нүдэнд манай түүхэнд тохиосон хамгийн гутамшигт гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн увайгүй урвагчдыг “ардын баатрууд” болгон гуйвуулан харуулж эрдмийн зэрэг цол, төрийн шагнал завшсан байгаа нь монголын нийт ард түмнийг хууран мэхэлсэн мөн басан доромжилсон хэрэг юм.

Үнэндээ тэрээр ингэж дүгнэхээсээ өмнө 1919 онд ноёд автономит эрхээ Хятадад худалдсан бузар гэмт хэргийг хятадын арми манай орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авсан байсан мэтээр мөн л гүжирдэн дүгнэсэн ба ингэхдээ асар олон баримтуудыг, тэр дундаа 64 зүйлт гэрээний тухай, ноёдын авсан шагнал урамшууллын тухай баримтуудыг мөн л “санамсаргүй” таг мартчихсан байгаа! (Энэ тухай цуврал нийтлэлийн өмнөх хэсгээс уншина уу.) Ийм энгийн, мэдээжийн зүйлсийг орхигдуулсан нь түүний энэхүү дүгнэлт бол хэрхэвч жинхэнэ судлаачийн, асуудлыг түүнийг тойрсон бүх бодит баримтууд дээр тулгуурлан, түүнээс логик гаргалгаа гаргах замаар хийсэн объективист дүгнэлт огт бус, харин асуудлыг зөвхөн өөрийн үзэмжээр харж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан цэвэр субъектив-хувийн буруу дүгнэлт гэж үзэхэд хүргэж буй юм. Гэтэл эрдэм шинжилгээний судалгааны ажил бол зөвхөн объектив-бодит дүгнэлтүүдийг шаардаж байдаг билээ.

Мөн түүгээр ч үл барам Богд тэргүүтэй монгол ноёд, хутагт лам нар бол аргагүйн эрхэнд харийн хүчний эрхшээлд орсон “халиуны зулзага” огт биш байсаан. Тэд харийн хүчинтэй хамтран эгэл ардыг үргэлжлүүлэн дарлан мөлжсөөр байсныг олон баримт гэрчилдэг. Жишээ нь, “Олон сая лангийн зээл мөнгийг жилээс жилд өсч байсан хүүгийн нь хамт ардууд харийн худалдаачдад төлсөөр байв. Хуучин өрийг төлж бараагүгй байхад шинэ шинэ өр гарч ирдэг байсан ажээ. Эзэрхийлэгч цэргийн хэрэгцээтэй холбогдсон зардлыг нөхөхийн тулд монголын эрх баригчид гадаадын пүүсээс зээллэг авч түүнийгээ төлөхөөр ардаас гаргуулсаар байв. Түшээт хан аймгийн чуулганы газар 1920 онд аймгийн хэрэгцээнд гэдэг нэрээр хятад Буянт гэгчийн пүүсээс өндөр хүүтэй зээллэг авчээ. Зээлсэн дан мөнгө нь 16700 лан байсан хүүгийн хамт 18208 лан болгожээ. Энэ зээллэгийн хугацаа дуусмагц бүх хүүгийн хамт аймгийн ардууд төлөх ёстой байжээ. Энэ мөнгөний ихэнх болох 10000 гаруй ланг Богд ба түүний эхнэрт, мөн нэлээд хэсгийг гамин цэрэгт зориулан ард олноос мал, эд хөрөнгийг гаргуулах үүрэг хүлээсэн аймгийн төлөөлөгч Банзрагч гүн ба түүний харьяаны хүмүүсийн хэрэгцээг хангахад зарцуулжээ.

Хүрээний засгийн газар 1920 онд нөгөө хятад Буянтын пүүсээс 14000 лан мөнгө зээлж, монголын феодалын төлөөлөгчдөөс хятадын ерөнхийлөгчид барих бэлэгтэй холбогдсон зардлыг нөхжээ. Энэ өрийг, мөн онд Түшээт хан аймгийн 15 хошуунаас гаргуулан авчээ.

Түүнчлэн энд бас нэг “но” байна. Д.Өлзийбаатарын хэлснээр “Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар” маань яагаад гэнэт “том толгой” гаргаж Богдын засгийн газартай “эвлэрэл” байгуулаад, улмаар бүүр түүнийг хаан суудалд (хэмжээт эрхт) нь үлдээчихсэн юм бол оо? Уг нь үнэхээр “тоглоомын засгийн газар” байсан юм бол, үнэхээр зөвлөлтийн “засгийн бодлогыг хэрэгжүүлэх” субъект байсан юм бол үйл явц арай өөрөөр өрнөх байсан юм биш үү? Хамгийн түрүүнд Богдыг хаан ширээнээс буулгаж, Монголд Зөвлөлтийн засаглалыг тунхаглах байсан юм биш үү? Уг нь түүний дүгнэж байгаачлан “утсан хүүхэлдэй тоглуулагч” Зөвлөлтөд үүнийг хийх бүрэн нөөц боломж байсан шүү дээ! Тэдний гарын аясаар хөдлөх “тоглоомын засгийн газар”, уг засгийн газарт харьяалагдах зэвсэгт хүчин, мөн өөрсдийнх нь үүнээс хүчирхэг улаан арми байсаар байхад яагаад анхны “хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго”-оосоо гэнэт ухрах болов оо?

Учир нь Д.Өлзийбаатарын ямар ч баталгаагүйгээр бурсан шиг Ардын засгийн газар бол “тоглоомын засгийн газар” огтоос биш байсан учраас тэр юм...

Д.Өлзийбаатарын диссертацын ажил дахь илэрхий гүжир гүтгэлгүүд үүгээр огт дуусахгүй ээ!!! Түүний зөвхөн диссертацын ажил дээрх гүтгэлгүүдийг бүгдийг нь энэ мэт няцаах юм бол бүтэн боть ном болох юм. Гэхдээ үүнээс хойш түүний гүжирдлэгийг би биш харин жинхэнэ мэргэжлийн архивын түүхч нягталж ажиллах ёстой болно. Учир нь түүний судалгааны ихэнх хэсгийг "архив"-ын гэх материалууд дээр үндэслэн хийсэн байгаа. Харин миний хувьд тэрхүү материалуудад хүрэх боломж бололцоо, цаг зав ч байхгүй юм. Гэхдээ өөрийн энэ хүртэл бичсэн, тайлбарласан, батлан харуулсан бүхнээс харвал түүний тэр "архив"-ын материалууд гэгч дээр суурилсан дүгнэлтүүд дунд миний олж илчилснээс ч олон гүжир гүтгэлэг байгаа гэдэг нь туйлын тодорхой юм. Учир нь түүний бидний хүрэх бололцоотой, нийтэд нэгэнт ил болсон тэрхүү материалууд, баримтууд дээр хийсэн дүгнэлтүүд нь ямар ичгүүргүй гүжир гүтгэлгээр дүүрэн болохыг та сая харлаа. Тэгвэл ийм ичих нүүргүй юм хийж буй хүн бидний ихэнхийн хүрч, танилцаж, шүүн тунгааж чадахгүй "архив"-ын нэртэй баримтуудыг ашиглан ямар өөдгүй хор хутгаж чадахыг одоо төсөөлөхөд тийм ч хэцүү биш биз ээ.

 

Ашигласан материал

* Б. Ширэндэв, “Монгол ардын хувьсгалын түүх”, 1969 он
** Х. Чойбалсан, Д. Лосол, Г. Дэмид, “Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”, 1979 он (хоёрдох удаагийн хэвлэл)
*** Х. Чойбалсан, “Илтгэл ба өгүүллүүд”, 1953 он (дам ишлэв)
**** Ж. Неру, “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл”, 3-р боть, 1989 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

Цуврал нийтлэлийн 19-р хэсэг

Д.Өлзийбаатар диссертацдаа Хурал хийлээ. Энэ нь нийслэл хүрээнд байгуулагдсан МАН-ын үзэл санааг устгах эхний шав байв. Ийнхүү Монголын нийт үндэстний эрх чөлөөний төлөөх зорилтыг албадан өөрчлөх болсныг... гэгчлэн бичжээ. Нийслэл хүрээнд байгуулагдсан бүлгэмүүдийн тавьж байсан гол зорилго, үзэл санаа нь чухам юу байсныг уг диссертацдаа энэ "судлаач" гэх эрхэм үүнээс жаахан өмнөхөн оруулсан байгааг одоо ишилье.

Тэрээр “Харин Монголд Хятадын цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэл эрс идэвхжиж, нууц бүлгэмүүд нэгдэж 1920 оны 6 дугаар сарын 25-нд МАН нэртэй улс төрийн байгууллага байгуулагдан, “Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” хэмээн зорилго бодлого тунхаглан зарлаж монголын тусгаар тогтнолыг олж, шашин төрөө мандуулах буухиаг хүлээн аваад байлаа” гэжээ.

Энэ бол хоёр бүлгэм нэгдэж нам байгуулан анхны хурлаа хийхдээ баталсан “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг”-ийн нэг хэсэг юм. Он сарыг нь харвал энэ нь МАН-ын анхдугаар хурал хуралдахаас 8 сар орчмын өмнө байгаа. Хэрэв энэ хугацаанд чухам ямар үйл явдлууд болж өнгөрснийг, мөн яагаад чухам анхалдагдсан эрхийг эргүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулах” тухай үзэл санааг анхны тунхагтаа оруулсан байсны цаад нарийн учрыг мэдэхгүй хүмүүст бол (Д. Өлзийбаатарын гөрдөж байгаагаар энэ бүхэн нь зөвхөн автономит эрхээ буцаан олж аваад төвд Богд ламыг Монголын хаан ширээнд хэвээр үлдээж ноёд-ламын дэглэмийг өөрчлөхгүй зорилго тавьж байсан мэт байгааг бид анзаарах ёстой) уг асуудлын зангилааг ойлгохгүй төөрөлдөж энэхүү сүүлд ишилсэн Д.Өлзийбаатарын дүгнэлт үнэн мэт төсөөлөгдөж болох юм! Учир нь, хожим 1921 оны 3 дугаар сарын 1-нд МАН дахин хуралдахдаа анхны энэ тунхагтаа засвар өөрчлөлт оруулан бошгыг халах буюу хувьсгалт өөрчлөлт хийн дарлал мөлжлөгт тулгуурласан феодалын дэглэмийг устгаж хүн хүнээ мөлжин дарлахгүй цоо шинэ улс болон нийгмийн байгуулал тогтоох зорилготой үзэл санаагаа тунхаглаж намын анхны мөрийн хөтөлбөрөө өөрчилсөн түүхтэй.

Энэ асуудал мөн л тухайн он цаг үеүдийн онцлогтой шууд холбоотой. Хүрээний хоёр нууц бүлэг анх үүсэн байгуулагдсан тэр цаг үе бол Монгол автономит эрхээ Хятадад устгуулсны дараахан буюу 1919 оны эцэс юм.  Учир нь Монгол орон харийн мөлжлөг дарлалд дахин орсон байсан үе бөгөөд энэ байдлыг ард түмний сэрж ухаарсан хэсэг нь цаашид хүлцэн тэвчихийг хүсээгүй юм. Улмаар урьд өмнө ил далд өрнөж байсан ард түмний эсэргүүцэл тэмцэл зохион байгуулалт болон зорилгын хувьд цоо шинэ өөр хэлбэрт шилжсэн нь ард түмэн тэргүүний хэсгээрээ удирдуулан зэвсэгт тэмцэлд босохоор шийдсэн хэрэг байсан билээ. Тэгвэл монголын нийгмийн чухам ямар хэсэг бүлгүүд улсын автономит эрхийг ноёд лам нар Хятадад худалдахыг хамгийн их эсэргүүцэж байсан бэ? Мэдээжийн хэрэг, хамгийн хүнд дарлал мөлжлөгийг эдэлж байсан олонх жирийн ардууд! Мөн дунд гарын түшмэд, тайж, гүнгүүд бас их хохирч байжээ. Учир нь тэдний цалин пүнлүү зэрэг давуу байдлууд энэхүү урвалт үйл явдлаас үүдэн маш эргэлзээтэй байдалд орсон байна. Тиймдээ ч 1919 оны 11 сарын 15-нд Хятадад сайн дураар автономит эрхээ шилжүүлэх 64 зүйл гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр улсын дээд, доод хурлаар уг асуудлыг дэмжих эсэхийг хэлэлцүүлэхэд дээд зиндааны ноёд, тайж, лам нараас бүрдэх дээд хурал олонхын саналаар уг асуудлыг зөвшөөрсөн бол, дунд зиндааныхнаас бүрддэг доод хурал нь уг асуудлыг эрс эсэргүүцэж, цэрэг армиа хөдөлгөн, шинээр цэрэг татан төвлөрүүлж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэлд шууд уриалсан байна.*

Иймд хоёр нууц бүлэг өөрсдийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй, нийт олны дэмжлэгтэй болгохын тулд эдгээр дунд зиндааны ноёдыг ч өөртөө татах бодлогыг баримталж эхэлсэн гэдгийг миний ишлэн буй эх сурвалжууд батлан хэлж буй юм. Гэхдээ энд маш чухал нэгэн зүйлийг мэдэж ойлгож байх ёстой. Дунд зиндааны лам, тайж, ноёдын гол зорилго нь улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тал дээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан зэрэг ард гаралтай хэсэгтэй үзэл бодлын хувьд нэг мэт байсан юм. Гэхдээ чөлөөлсний дараа Богд хаант засгийг сэргээн тогтоож зөвхөн өөрсдийн хуучин эрх дархыг олж авахаар эцсийн зорилгоо хязгаарлаж байснаараа ялгаатай буюу феодалын мөлжлөг дарлал үндэслэсэн нийгмийг - бошгыг халан ард түмнийг бүх хэлбэрийн мөлжлөг дарлалаас чөлөөлөх зорилго тавьж жирийн ард түмний дийлэнх хэсгийг төлөөлж байсан тэр хэсгээс эрс ялгарч байсан юм. Өөрөөр хэлбэл, МАН дотор ч “Үндэсний эрх чөлөө” гэдгийг анхнаасаа ийнхүү 2 өөрөөр ойлгож байсан гэсэн үг.

Монгол Ардын Нам 2

Харин ард ангийнхны дэмжиж байсан мөлжлөггүй цоо шинэ нийгмийг байгуулах үзэл санаа, эцсийн зорилго л ард түмний олонхын язгуур эрх ашигт нийцэж байсныг өнгөрсөн 70 жилийн хугацаанд олсон байсан манай улсын бүх дэвшилт ололт амжилтууд бүрнээ гэрчилдэг. Учир нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүнийг залгамжлан 1915 онд Хиагтын гурван улсын гэрээгээр монголын ард түмэн бүрэн тусгаар тогтнолын эхний алхам болох автономит эрхийг олж авсан хэдий боловч чухамдаа энгийн ард түмний аж амьдрал хуучин манжийн үеэс дээрдээгүйгээр барахгүй улам дордсон байсан нь, мөн 1911 оны хөдөлгөөнийг хувийн эрх ашгийнхаа төлөө манлайлахыг зөвшөөрсөн байсан Богд тэргүүтэй ноёд, хутагт лам нар 1919 онд улс орон, ард түмнээ Хятадын түрэмгий цэргийн эрхтний гарт хувийн эрх ашгийнхаа төлөө наймаалцан худалдсан гутамшигт үйл явдал бол чухам энэхүү хувийн эрх ашгийн төлөөх дэглэмийг цоо шинэ, ард түмний олонхын язгуур эрх ашигт нийцсэн улс нийгмээр солихоос өөр арга байгаагүй гэдгийг харуулж байсан билээ.

Сүхбаатар үг хэлж буй нь

Чухам энэ бодит үнэнийг анх бүлгэм байгуулахаасаа эхлэн ойлгож ухаарч байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар тэр үед Нийслэл хүрээнд амьдарч байсан оросуудын дунд бас Зөвлөлт засгийн талын баримталж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский зэрэг хүмүүсийг олж уулзан тэдэнтэй холбоо тогтоон Орос оронд гарсан хувьсгалын талаар мэдээлэл олж сонсож байсан нь тэднийг жирийн ард түмнийг манлайлагчид болгож байсан юм. Гэхдээ нэгэнт тухайн цаг үеийн байдлыг харгалзан өөрсдийн нууц бүлгэмээ бусад анги давхаргын хүмүүсээр өргөжүүлэх зайлшгүй шаардлага байсныг зөв тооцоолон 200 гаруй жил монголын ард түмний амь амьдралд нэвт шингэсэн байсан харийн шашны мухар сүсгийг нэг доор шууд үгүйсгэн буруушаах нь эргээд зарим гишүүд, дэмжигчдийн санаа сэтгэлийг цааш түлхэн улмаар эсрэг талд урвуулан алдах эрсдэлтэй байсныг харгалзан тэд намын гишүүний тангарагтаа утгын хувьд энэ хоёр талын аль алиных нь ойлголт төсөөлөл - үзэл санааг тусгасан байсан юм.

Сүхбаатар Чойбалсан

Арай хожим өрнөсөн үйл явдлууд мөн тухайн үеийн нийгэмд бүрэлдсэн байсан хүнд нөхцөл байдал нь тэдний олонхыг энэ бурангуй харгис дэглэмийг эрс өөрчлөх хувьсгалын зам руу аажмаар чиглүүлсэн болох нь тод харагддаг. Хоёр талын санааг хувь тэнцүүлэн тусгасан нь дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно хэмээн тунхагласнаар илрэн буй юм.

Чухамдаа МАН дотор анхнаасаа л хүмүүс бүлгүүдийн хооронд эрх ашгийн болон эцсийн зорилгоо хэрхэн ойлгож байсан талаарх дотоод зөрчил байсныг Д.ЛосолБошгыг хална (хувьсгалын замаар феодалын нийгмийг хална гэсэн утгатай Л. П) гэдгийг би мэдэхгүй, улсаа гамингаас салгаж, ард түмний гашуун зовлонг арилгана гэж Богдын тамгатай бичиг авч явснаас биш бошгыг арилгахаар яваагүй” хэмээн уурсан хэлж байсан нь баталж буй юм. Б.Ширэндэвийн “Монгол ардын хувьсгалын түүхномонд Богдоор толгойлуулсан автономит засгийг дахин сэргээхийг гол зорилгоо болгосон Догсом, Бодоо, Жамъян гүн зэрэг нийслэл хүрээний жижиг түшмэлүүд, бас (Хятадын хараат хэвээр үлдэж зөвхөн) автономит засгийг сэргээж, хөрөнгөтний ардчилсан зарим шинэчлэл хийх замаар түүний хүрээг өргөтгөх гэсэн хөрөнгөтний элементийн санааг илэрхийлсэн Данзан зэрэг хүмүүс оролцож байв хэмээн бичсэн байна. Үнэхээр энэ нь Ардын хувьсгал ялсны дараа ч Бодоо, Чагдаржав нар Англи мэт хэмжээт эрхт хаан бүхий бүгд найрамдах улсыг байгуулах тухай, С.Данзан парламентын хэлбэртэй ч капиталист зорилготой бүгд найрамдах улсыг байгуулах тухай үзэл санааг тууштай баримтлан зүтгүүлж байсан түүхэн баримтуудаар батлагдаж буй юм.

Намын доторх үзэл санаа, эцсийн зорилгын энэ ялгаатай байдлаас үүссэн зөрчил нь далд хэлбэрээс илэрхий ил хэлбэрээр ч илрэн хэд хэдэн удаа ширүүн маргаан болж байжээ. Жишээ нь, анх 1920 оны 7 сард Чойбалсан Данзан нарыг Зөвлөлт улсад тусламж хүсэхээр илгээх хэлэлцүүлэг дээр Зөвлөлт улс руу өөрийн намын тамга бүхий бичгийг явуулах уу эсвэл Богдын тамгатай бичгийг явуулах уу гэдэг дээр маргаж байсан байна. Бүр хожмоо “Анхны долоо” хэмээн нэрлэгдсэн - Зөвлөлт улсад тусламж гуйхаар явсан МАН-ын долоон гишүүн 1921 оны 8 сард Эрхүү хотод очоод байхдаа цааш Москвад очин тусламж гуйхдаа чухам хэний тамга бүхий бичгийг илгээх асуудлаар дахин маш ширүүн маргалдсан бөгөөд нэг нэгнээ “Хүрээний” ба “Консулын” хэмээн ялган дуудаж, хэд хоногоор дуугаа хураах тохиолдол ч байсан байна.* Үүний нэгэн баталгаа нь “Энэ талаар Сүхбаатар өгүүлсэн нь: Би Хүрээнд байхдаа та нарт намын нэрийн өмнөөс бичиг хэрэгтэй гэхэд манай зарим нөхдөөс заавал Богд гэгээний тамгатай бичиг хэрэгтэй гэж байсан шүү. Одоо намын нэрийн өмнөөс бичиг хэрэгтэй гэж хатуу зүтгэж байна”*** хэмээн ихэд уурсан хэлж байсан явдал юм. Энд ярьж буй тамга бол зүгээр нэг тамга тэмдгийн хэрэг биш бөгөөд чухам хэний тамга тэр бичиг дээр байхаас Монголын энэхүү тэмцэгчид яг юуны төлөө тэмцэж буйг шууд илэрхийлэх байснаараа, улмаар Зөвлөлт Орос улсын итгэлийг олж тусламжийг авах эсэх нь үүнээс мөн хүчтэй хамаарч байснаараа маш чухал асуудал байсан юм!

Нөгөөтэйгүүр аливаа нам бүлэглэл гэдэг бол нийгмийн хэд хэдэн давхаргын үзэл санааг төлөөлсөн жижиг бүлэг-фракцуудад ямагт хуваагдсан байдаг бөгөөд цаг хугацааны явцад эдгээрийн эрх ашгууд нь эвлэршгүй зөрчилд хүргэн улмаар нэг фракц нь нөгөөгөө түлхэн унагаснаар энэ тэмцэл голцуу төгсдөг гэдгийг өнөөгийн манайд бүрдсэн МАН ба АН-ын дотоод фракцуудын хагарал харуулахын сацуу мөн дэлхийн түүхэнд болж өнгөрсөн төстэй үйл явдлууд ч харуулсаар ирсэн билээ. Жишээ нь, 1924 оноос хятадын Гоминданы намын дарга доктор Сун Ятсэн өөрийн дэргэд Зөвлөлтийн зөвлөгч Бородиныг урин авчирсан тэр үеэс Гоминданы намын бүрэлдэхүүнд коммунист үзэлтэй хүмүүсийг элсүүлэх болсон бөгөөд энэ нь нэг талаас уг намын нийгэмд нөлөөлөх хүчийг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас нам доторх хөрөнгөтний чиг баримжаатай фракцтай зөрчилдөөнт байдал үүсгэхэд хүргэж байжээ. Уг зөрчилдөөн 1927 онд оргилдоо хүрч хөрөнгөтний жигүүрийн толгойлогч Чан Кайши коммунист чигүүрээ бут цохин, заримыг нь устгаснаар нам нь бүхэлдээ хөрөнгөтний чиг баримжаатай гишүүдийн удирдлагад шилжсэн байна. Өөр нэгэн жишээ: 1933 онд Адольф Гитлерийг барууны мөлжлөг доромжлол дор орсон байсан Веймарын Бүгд Найрамдах улсын канцлераар томилогдоход түүний толгойлж сонгуульд орсон ГСДАНамын гишүүдийн гуравны нэг орчим нь коммунистууд байсан бөгөөд Гитлер засгийн эрхэнд гарсан даруйдаа тэднийг бүгдийг нь хорих лагериудад илгээснээр нам доторх өөрийн ноёрхлыг тогтоосон байдаг. Мөн Зөвлөлтийн коммунист большевикуудын нам ч хүртэл дотроо большевикууд (олонх) ба меньшевикүүд (цөөнх) хэмээн хуваагдсан байсны сацуу В. И. Ленин 1924 онд нас барсны дараа намын баримтлах чиг шугам буюу цаашдын зорилго, мөрийн хөтөлбөр, намын удирдлага - ЗХУлсыг цааш хааш нь залах тухайд Троцкий, Зиновьев, Сталины хооронд ширүүн тулаан өрнөсөн бөгөөд нам доторх уг ширүүн тулаанд И. Сталины толгойлсон олонх ялж ЗХУ-ын цаашдын замнах жолоог гартаа авснаар ЗХУ хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсон зэрэг олон баримтыг дурдаж болох юм.

Ийм учраас 1921 онд Монгол Ардын Нам дотор бүрэлдээд байсан зөрчилт байдал хийгээд түүний шууд илрэл болон намын цаашдын зорилгын тухайд гарсан хагарал зэргийг зөвхөн Зөвлөлт улсын тулгалт байсан, тэдний явуулсан намыг хагалган бутаргах зориудын ажиллагаа байсан мэтээр хэт туйлшран дүгнэх нь бодит түүхэн үнэнтэй огт нийцэхгүй юм. Энэ бол тухайн цагийн нийгмийн бодит байдлаар нөхцөлдсөн, ер нь аль ч нам бүлэглэлд үргэлж байдаг түгээмэл үзэгдэл билээ.

Үргэлжлүүлэн унших

 

Цуврал нийтлэлийн 17-р хэсэг

Чен и ба Монгол ноёд Бээжинд 1920 он
Хятад сайд Чен-И ба Монгол ноёд Бээжинд 1920 он

 

Яагаад 1919 онд монгол ноёд, том лам нар улс эх орноо Хятадад худалдах болов оо? Тэднийг чухам ямар хүчин, гадаад дотоод нөхцөл байдал ийм алхам хийхэд түлхсэн бэ? Энэ асуултад заавал хариулах ёстой. Үүний тулд хэдий өмнөх нийтлэлд хангалттай мэдээлэл өгсөн ч гэсэн тухайн цагийн манай орны нөхцөл байдлын тухай энд дахин зайлшгүй дурдах ёстой юм. (Өмнөх нийтлэл дэх баримт давтагдаагүй болно)

Юуны өмнө 1911 оноос хойш 1919 он гэхэд манай улс орны дотоодод чухам ямар нөхцөл байдал бий болсон байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэндээ ард түмний аж амьдралд манжийн ноёрхлын үеийнхээс онцын ялгаа огт гараагүй гэдгийг би өмнөх нийтлэлүүдээрээ тодорхой баримтуудаар харуулсан.

Хэдийгээр Богд хаант Монгол улс байгуулагдсанаар улсын дээд, доод танхим бүхий хуралтай болж, бага дунд сургуулиудыг байгуулж, цөөн тооны залуусыг гадаад улсад сургаж, анхны сонин хэвлэлийг гаргаж, улсын армитай болон тэднийг цэргийн эрдэмд сургаж эхэлсэн боловч эдгээр ажлууд нь төсөв мөнгөний дутмагаас болж бүх ард түмнийг хамран далайцтай өрнөж чадаагүй ажээ.

Үүнийг батлан академич И.М.Майский “хошуудын сургууль нэг, хоёр жил болоод багш нар байхгүйгээс болж, бараг газар бүхэнд хаагдаж байлаа” хэмээн дүгнэн бичиж үлдээсэн байдаг.

Үнэхээр өнөөдрийн либерал ардчилсан түүхчдийн хэлдэг шиг Богд лам тэргүүтэй ноёд, том лам нар "зөвхөн эх орныхоо төлөө" л явж байсан юм бол яагаад бүхэл бүтэн 10 жил төр барих хугацаандаа Ардын засгийн маш богино хугацаанд хийж амжуулсан, улс орны өмнө зайлшгүй шаардлага болон тавигдаад байсан олон чухал ажлуудын  ядаж эхлэлийг ч тавиагүй вэ гэсэн асуулт гарч ирдэг.

Ардын төр засгийн 1921 оноос эхлэн хийсэн ажлууд: 

- Анх удаа Монгол улс улсын нэгдсэн төсөвтэй болж түүнийг эмх цэгцэнд оруулснаар төсвийн хэмжээ, бүтэц, зарцуулалтанд тавих хяналтыг бий болгон цаашид улам сайжруулсан,

- Анх удаа Монгол Улсын банкийг байгуулж үндэстний мөнгөн тэмдэгтээ дотоодын гүйлгээнд оруулан хятад янчаан, лан ембүү мөнгө мөн бусад гадаад улсын мөнгийг дотоодын гүйлгээнээс шахан гаргах ажлыг эхэлсэн,

- Өөрийн улсын худалдааны салбарт дотоодын үнэмлэхүй монополь тогтоон урьд өмнөх засгийн үед монгол (?!!!) ноёд, том лам нартай хамтран ард түмнийг шулан мөлжиж байсан хятад болон европын пүүсүүдийг өөрийн дотоод зах зээлээс шахан гаргаж эхэлсэн,

- Улсын дотоод гааль буюу улс доторх улс!! бий болсон байсныг халах бараа таваарын үнийг хямдруулж, улс доторх худалдааны эргэлтийг нэмэгдүүлж эхэлсэн,  

- Хивс нэхэх, гутал, хувцас, эмээл, гөлөм зэрэг ахуйн бүтээгдэхүүн хийх анхны гар урчуудын артелиудыг байгуулан, тэднийг дэмжин бага хүүтэй зээл олгох замаар орчин үеийн үйлдвэрлэлийн эхийг тавьж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах эхлэлийг тавьсан,

- Харилцах утасны сүлжээ тавьж улс орныхоо зах хязгаар нутгуудыг төвтэй холбох, автомашин бүхий орчин үеийн тээврийн салбарыг шавыг тавьсан,

Улсын нэгдсэн архивын үндсийг тавьж, өмнө нь төр засгийн байгууллагууд өөрсдөө хөтөлж, хадгалж байсан данс тооцоо, албан бичиг баримтуудыг улсын өнцөг булан бүрээс нийслэл хотод нэгтгэн төвлөрүүлж эмх цэгцэд оруулсан,

- Орчин үеийн хүн ба мал эмнэлгийг улсдаа нэвтрүүлэн, хүн ба малын дунд хүчтэй тархсан байсан өвчнүүдийг жинхэнэ ёсоор, үр дүнтэйгээр эмчилж эхэлсэн...

зэрэг улс орноо олон зууны хоцрогдлоос гаргаж, улс шиг улс болоход чиглэсэн маш олон чухал ажлуудыг Монгол улсын бүхий л түүхэнд анх удаа хийсэн байхад Богд тэргүүтнүүд энэ бүхнийг хийж эхлэхийг ч оролдоогүй юм!

1. Аж үйлдвэрийн тал дээр: “Аж үйлдвэр Автономит Монголд огтхон ч хөгжөөгүй байна. Байдгаас л Өргөөгийн ойролцоох засгийн газрын мэдлийн нүүрсний уурхай, “Монголор” хэмээх оросын нийгэмлэгийн алт олборлох газрууд, ноос угаах оросын 100 орчим цэг, мөн оросын 20 орчим арьс ширний/булигаарын/ заводаас гадна хятадын нэхий элдэх, модон эдлэл хийх, халуун төмрийн болон алт мөнгөний дархан гэх мэт 500 орчим газрууд голдуу Өргөөд байрлан ажиллаж байна.” Энэ бол яг 1919 ба 1920 оны үеийн дүр төрх юм.

2. Улс төсөв санхүүгийн хувьд ч тун хүнд байсан байна. Төсөв нь төв буюу засгийн газрын төсөв ба хошуу захирагч ноёдын төсөв буюу хамжлага ардуудаасаа авдаг албан татварууд гэсэн хоёр үндсэн төрөлтэй байв. Эхнийх нь улсын гааль, татвар төлөгч газруудаас ирэх орлого, концесс(уул уурхай, мал аж ахуй г.м) болон бусад орлого буюу тогтмол хэмжээтэй, тодорхой хугацаатай татваруудаас бүрддэг бол хоёрдох нь тодорхой тогтоосон хэмжээгүй байсан бөгөөд мөн хэдийд хамаагүй ч төлөх шаардлагыг ноёд өөрсдөө шийдэж ард олноос хүчээр гаргуулан авдаг онцлогтой байжээ. 1914 онд Хаант Оросоос ирж ажиллаж байсан санхүүгийн зөвлөх С.А.Козин улсын санхүүг нэгтгэн цэгцэлж өгч улсын хэмжээний нэгдсэн нэг төсвийг бий болгохыг зорьсон байна. Гэвч өөрийн дураар ард олноос хэрэгцээнийхээ хэрээр алба гувчуур авч хяналтгүй хэрэглэж дассан ноёд, тайжуудын хүчтэй эсэргүүцлээс болоод энэ ажил нурсан бөгөөд улмаар автономит засгийн үед санхүүгийн эмх цэгц Манжийн үеэс олигтой дээрдээгүй ажээ. Энэ талаар өмнө И.М.МайскийИнгэхлээр монголын засгийн газрын төсөв хэдийгээр шударга ёсыг барьж хэлэхэд алдагдлыг хэмжээ жилээс жилд дэвшингүй багассаар ирсэн хэдий ч угтаа бол алдагдалтай төсөв юм. Төсвийн онгойсон зайг онцгой орлогоор, өөрөөр хэлбэл оросын зээлээр чигжсээр ирсэн нь мэдээж. Эцсийн дүнд дэн дун дээсэн дөрөөтэй л төсвийн тэнцлийг хадгалж байна гэсэн үг” хэмээн бичсэн бөгөөд тэрээр уг дүгнэлтээ 1913-1918 оны төсвийн орлого зарлагыг харьцуулан гаргажээ.

Мөн тусгаар улсын хувьд нэн чухал зүйл болох үндэсний мөнгөн тэмдэгттэй болох асуудал 1911 оноос хойш ямар ч ахицгүй байсаар 1918 онд хятад мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгт хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Улс орны төрийн санхүүгийн замбараагүй байдлын нэг аюултай үр дагавар нь олон хошууны эрх баригч ноёд төвөөс хяналтгүй байсан учир хятадын хүүтэй зээлийн өрөнд баригдсан байсан явдал юм. Надад халхын 37 хошуу, шавийн холбогдолтой мэдээ баримт байна. Тэдгээрийн нийт өр 3807000 лан болж байгаа нь дунджаар нэг хошуу 100 000 орчим лангийн өртэй гэсэн үг юм. Хошуу, шавь нийтдээ халхад 104, Ховдын хязгаарт 20 байгаа болохоор онцын алдаа мадаггүйгээр хэлэхэд Автономит монгол улсын нийт өр 11 сая лан буюу 15 сая рубль болж байна. Зарим хошуудын өрийн хэмжээ бүүр гайхмаар их...

...Эндээс үнэхээр айхавтар дүр зураг харагдаж байна шүү дээ. Дундаж хэв шинжийн нэг өрх аж ахуйн өөрийн нь үнэ цэнэ нь ойролцоогоор 1000 лан байхад нэг өрхөд нь 500, 700 тэр ч байтугай 1000 лангийн өр ноогдож буй хошууны тухай юу ч гэх юм билээ дээ?!”**** Мөн үүн дээр Оросын засгийн газраас авсан зээлийн үлдэгдэл 4 сая рублийг (энэ зээл нь ямар ч хүүгүйн дээр 20-30 жилийн хугацаатай байжээ) нэмбэл манай улсын нийт өр 1918 эцсээр ойролцоогоор хэрэв рубльд шилжүүлж тооцвол 19 сая рубль болсон байжээ. Хэрэв Монгол улсын засгийн газрын ердийн орлого (гаднаас авсан зээлийг тооцохгүй гэсэн үг) 1918 оны байдлаар 2 100 383 рубль байсан гэдгийг тооцвол манай улсын нийт өр нэг жилийн засгийн газрын төсвөөсөө 7 дахин их болчихсон байжээ.

3. Нийгмийн гол баялаг байсан мал сүрэг нийт ард түмэнд маш тэгш бус хуваарилагдсан байв. И.М.Майскийн тооцоогоор бол ноёны мал сүрэг нь жирийн ардынхаас дунджаар үхэр 17 дахин, хонь ямаа 37 дахин, тэмээ 49 дахин, адуу 75 дахин их байжээ. 1915 оны тоо баримтаас үзэхэд Богд хаан өөрөө 10236 малтай, ... Сэцэн хан аймгийн Бишрэлд ван бүр 15423 толгой малтай байжээ. Мөн дээрх тоо баримтаас үзэхэд Сэцэн хан өөрөө 2746 толгой малтай байсан бөгөөд ханы өөрийн гэр бүлийн нэг хүнд 914 толгой мал ногдож байхад түүний хамжлага нэг зарцад дунджаар 14 толгой мал ноогдож байжээ.”*

6. Яг энэ үед дааж давшгүй болсон байсан асар их өр, алба ба түүнээс үүдсэн түмэн зовлон зүдгүүр нь ард түмнийг босон тэмцэхээс өөр аргагүй болгосон байна. Ард түмэн баян ноёдтой, лам нартай хэрхэн тэмцэж байсныг 1966 онд ШУА-аас эрхлэн гаргасан “Ардын заргын бичиг (XYII – XX зууны эхэн)" зэрэг номоос дэлгэрэнгүй уншиж болох тул энд олон жишээ оруулахыг азная. Харин ганц жишээ хэлэхэд бидний сайн мэдэх 1911-1918 оны хооронд үргэлжилсэн Ард Аюушаар толгойлуулсан ардын хөдөлгөөн нь тухайн үедээ хамгийн томоохон, зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн байжээ. Гэхдээ энэ бол тэр үед гарсан цор ганц хөдөлгөөн биш бөгөөд арай жижиг ч хаа сайгүй ноёд, баяд, том толгой лам нарын тэсэхүйеэ бэрх мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнүүд өрнөсөөр байсныг түүхийн олон эх сурвалжууд баталж байна.


Дүгнэлт

Ингээд энэхүү баримтууд дээр үндэслэн яагаад чухам Богд тэргүүтэй ноёд 1919 онд автономит эрхээ Хятадад худалдсаныг дараах шалтгаантай гэж миний бие дүгнэж байна. Хэдий энэ санал маань уг үйл явцын цор ганц үүтгэл мөн гэж батлан хэлэхгүй ч тухайн үеийн манай улсын дотоод ба гадаадад өрнөсөн үйл явдлуудыг нэгтгэн харвал энэ нь огт оргүй биш болох нь батлагдаж буй юм.

Нэг. Чин гүрнээс салсан Монгол үндсэндээ санхүү мөнгөний чадамжгүй болсон ажээ. Тэр үеийн эрх баригч ноёд 9 жилийн турш Монголд санхүүгийн эмх цэгц тогтоож, үндэсний мөнгөн тэмдэгттэй болж чадаагүйн дээр төсвийн орлогын шинэ үүсвэр бий болгох тал дээр ахиц гаргаагүй буюу аж үйлдвэрийг хөгжүүлж чадаагүй байна. Бүр ядаж дотоод бүх хэргээ өөрсдөө бүрэн мэдэж удирддаг автономит улс болохынхоо хувьд хамгийн наад захын зүйл болох улсын нэгдсэн төсөвтэй ч болж чадаагүй байна. Нөгөө талаас хятадын худалдаачдаас авсан өндөр хүүтэй зээл нь бага багаар улсын санхүүг ангал руу чирч байсныг тоо баримтууд харуулж байна. Үүний нэг баталгаа нь 1918 онд Хятадын банктай гэрээ байгуулж үндэснийхээ мөнгө санхүүгийн бүх удирдлагыг хятадын талд шилжүүлсэн бодит баримт юм. Мөн бас нэгэн баталгаа бий нь “Улс мөнгөн санхүүгээр ихээхэн дутагдаж байгаа үед зээллэгийн энэ санд (Богд хааны байгуулсан үндэсний зээллэгийн сан - Л.П) тусламж үзүүлэхийг улсын Дээд, Доод хурлаас ноёдод (Богд хаанд - Л.П) хандаж 1917 онд хүсэлт гаргаж байсан байна.”*

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАНЖИЙН ДАРЛАЛААС ГАРЧ БОГД ТЭРГҮҮТЭЙ ХАР ШАР ФЕОДАЛУУДАД УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮХЭЛД НЬ УДИРДАХ ЭРХ ШИЛЖИН ИРСНЭЭС ХОЙШ ТЭД НИЙТ 9 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ОРНОО САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮРЭН ДАМПУУРУУЛСАН БАЙЖЭЭ. БОГД ТЭРГҮҮТЭЙ НОЁД, ХУТАГТ ЛАМ НАР ЧУХАМ ЭДГЭЭР БҮХ ҮЙЛДЛҮҮД, ҮР ДҮНГҮҮДЭЭРЭЭ ҮНЭНДЭЭ УЛС ОРНЫГ УДИРДАН АВЧ ЯВАХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ ДАВХАР БАТЛАН ХАРУУЛСАН ЮМ.

Хоёр. Ард олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүд тогтмол өрнөх болсон. Өмнө дурдсан ёсоор ард түмний олон жилийн турш хуралдсан асар их дургүйцэл эгдүүцэл, үүнээс үүдсэн эсэргүүцэл тэмцэл бол Богд тэргүүтэй ноёд, хутагт лам нарын засгийн газрыг хүчээр түлхэн унагах маш том хөшүүрэг болж байсныг тэр үеийн мэдээ баримтаас төвөггүй харж болох юм.

Гурав. Зөвлөлт засгийн талынхан Оросын иргэний дайнд ялж эхэлсэн. 1919 оны сүүл гэхэд адмирал Колчак ялагдах нь улам бүр тодорхой болсон ба улмаар хойд хөршид маань Зөвлөлт засаг ялах анхны сэжмүүд үүсэж байжээ. Хэрэв нэгэнт Зөвлөлт засаг ялбал дарлагдсан ард түмэн эрх чөлөөг олж авах зорилго бүхий коммунизмын үзэл санаа хүссэн хүсээгүй манай хээр талд түгэн улмаар ард түмний эгдүүцэл, дургүйцэлтэй нэгдэн Богдын хаант засгийг түлхэн унагаах хувьсгал гарах үйл явцыг түргэсгэх байсныг тэр үеийн ноёд, лам нар сайн ойлгож бас түгшиж байсныг миний иш татан буй судалгаануудад батлан бичсэн байна.

Энэ бүхнээс харвал улс орноо харийн мөнгө хүүлэгчдийн өрийн дөнгөнд оруулж дампуурлын ирмэгт аваачаад, улмаар зөвхөн ядуу ардуудыг л улам бүр тонон мөлжих дээр дөнгөн данган оршин тогтнож байсан Богд ба түүний засгийн газрын ноёд, том лам нар УЛС ОРНОО ЦААШИД УДИРДАН АВЧ ЯВАХ БОДИТ ЧАДВАРГҮЙ гэдгээ ойлгоод, зөвхөн өчүүхэн амин хувийн эрх ашгийнхаа төлөө автономит эрхээ Хятадад худалдсан гэж дүгнэж болохоор байна. Учир нь тэд ингэснээрээ хятадын цэргийн хүчээр монголын ард түмний эсэргүүцэл бослогыг дарж "коммунизмын аюул"-аас ангижраад, хамгийн гол нь өөрсдөө хэргэм зэрэг, эрх ямбаа цалин пүнлүүгийн хамтаар хадгалан авч үлдэх байсан юм. 

Үнэхээр 1910-аад оны хоёрдугаар хагас гэхэд манай улс тэдний цалин пүнлүү, шагнал урамшууллыг цаашид өгөх бодит боломж, чадавхгүй болсон-болгосон байсан юм. Чухам ийм арчаагүй байдалд энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар өөрсдөө оруулсан болохыг түүх гэрчилдэг. Анх хятад консул Чен И ерөнхий сайд шанзав Бадамдоржоор дамжуулан 50 гаран зүйл бүхий автономит эрхээ сайн дураар устгах гэрээний анхны төслийг санал болгоход Богд үүнийг хүлээж аваагүй бөгөөд харин үүнд өөрсдийн саналыг буюу одоогийнхоо дэв зэрэг болон шагналт цалинг тоо ёсоор үргэлжлүүлэн авч байх нөхцөлүүдийг нэмсний дүнд сая 64 зүйл бүхий гэрээ бий болж түүнд гарын үсэг зурсан юм. Мөн энэ хэрэгт онцгой “гавьяа” байгуулсан 138 хүн нийт 354 мянган лан мөнгөөр, мөн Богд лам ба да лам Бадамдорж хоёр нэг нэг автомашинаар шагнуулсан нь миний дүгнэлтийг дахин баталж байгаа юм.

Мэргэн уншигч та энд бичсэн бүхнийг минь нягтлан сайн уншаад бусад итгэж болох эх сурвалжуудаас лавлан хамгийн гол нь өөрийн толгойгоор зөв бурууг шүүн тунгаана биз ээ!


Ашигласан материал

* Б.Ширэндэв, “Монгол Ардын хувьсгалын түүх”, 1969 он
**Ц.Пунцагноров, ”Монголын автономит үеийн түүх”, 1955 он
*** Л.Дэндэв, “Монголын товч түүх”, 2012 он, хоёрдох хэвлэл
**** И.М.Майский, “Орчин үеийн Монгол 20-р зууны гараан дээр”, 2001 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 Цуврал нийтлэлийн 16-р хэсэг

Богдын засгийн газарт Хятадыг эсэргүүцэж эх орноо хамгаалах бодит боломж байсан уу?

Тэр үед бүрэлдсэн байсан нөхцөл байдал, түүхээс харвал тийм боломж хэд хэдэн хувилбараар байсан байна.

Нэгт, өмнө дурдсанаар Англи, АНУ, Франц, Япон гэсэн барууны бүлэглэлийн 4 улс БНХятад Улсад Зөвлөлт Орос улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байх үүргийг гэрээгээр хүлээлгэсэн байсан юм.

Ийм байсан учраас хэрэв БНХУ Хиагтын гэрээг дангаараа хүчингүйд тооцон Монголыг хүчээр эзлэн авбал Зөвлөлт Орос улсын Хиагтын гэрээг хүчингүйд тооцсон тухай тунхаглалыг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг болох байсан бөгөөд энэ алхам нь гэрээг цуцлах шийдвэр гаргасан Зөвлөлт Оросын засгийн газрын бүрэн эрхийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч буй хэрэг болох байсан ажээ. Чухамдаа ийм цаад учир шалтаантай байсан учраас л хятадын засгийн газар монгол эрх баригч ноёд, том лам нарыг эд мөнгө, эрх ямба, албан тушаалаар хахуульдан 64 зүйлт гэрээ гэгчдээ өөрийн хүслээр хэмээн цохон тэмдэглээд Богдын засгийн газраар энэ гэрээгээ өргөн бариулсан эмгэнэлт жүжгээ тавиулсан түүхтэй.

Иймд энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэх хамгийн наад захын эхний хэлбэр бол 1918 оны 9 сараас хятадын цэрэг манай нутаг дэвсгэрт анх цөмрөн орж ирэн Хиагтын гурван улсын гэрээг зөрчиж эхлэх үеэс л Богдын засгийн газраас дэлхийн олон улсад энэхүү гэрээг зөрчиж байгааг нь зарлах хэрэгтэй байсан нь тодорхой. Энэ нь шинэхэн байгуулагдсан, мөн европын том гүрнүүдээс үлэмж хараат хэвээр хагас колони болсон байсан Хятадын засгийн газрыг Барууны хүчирхэг гүрнүүдийн дипломат шахалтанд оруулж улмаар цэрэг оруулсан энэ асуудлыг хялбархаан шийдэх боломж гарч ирэх байсан. Гэвч Богдын засгийн газар Хятадыг барууны 4 улсын өмнө ийм тусгай үүрэгтэй байсныг мэдэхгүй байсан гэж мэлзэж болох юм. (Түүхээс харвал бодит байдал дээр үүнийг мэдэхгүй байсан байх магадлал маш бага юм) Гэвч өөрийнх нь улсын тусгаар бие даасан байдалд ийнхүү заналхийлэн тэр үед бодит байдал дээр бүрэн хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байсан Хиагтын гурван улсын гэрээг удаа дараа ноцтой зөрчин хятад цэрэг улсынх нь нутаг дэвсгэрт орж ирсээр буйг олон улсад зарлах боломж байсаар атал Богдын засгийн газар энэхүү боломжийг ашиглах гэсэн ядаж оролдлого төдийг ч хийгээгүй болохыг энд дахин сануулах ёстой. Ингэж зарлах нь ийм тохиолдолд хийдэг хамгийн энгийн дипломат хариу үйлдэл бөгөөд заавал барууны орнуудаас Хятадад тулгасан байсан үүргийг мэдсэн ба мэдээгүй гэх шалтаг байх ёсгүй юм.

Хоёрт, өмнөд хил дээрх 2000 орчим цэргээ өөрсдөө зориудаар санаатай тараахгүйгээр Хятадтай өөрийн улсын тусгаар байдлынхаа төлөө эх орончдын ёсоор тулалдан хамгаалж тусламж эрэх боломж бас байсаан.

Автономит эрхийг устгасны дараа Богдын засгийн газар монгол цэргийн ангиудыг татан буулгаж мөн Хүрээний зэвсгийн газар хадгалагдаж байсан бүх буу зэвсгийг Хятадын цэргийн командлалд шилжүүлэн өгснийг түүхийн үнэн мартаагүй. Хятад цэргийн командлалд хүлээлгэн өгсөн тэр үед Монголын зэвсгийн газар хадгалагдан байсан буу зэвсгийг жагсаавал:

1.Винтов буу-5776, сум-874 363;
2.Бердан буу-2456, сум 714749;
3.Бусад янзын буу-750, сум 118486;
4.Хөнгөн их буу-5, сум нь 4837;
5.Гунан буу-2, сум-49;
6.Пулемёт-10, пулемётны сумтай лент-163 авдар;
7.Маузер гар буу-9, сум-35323;
8.Морин сэлэм-2608;
9.Жирийн сэлэм-400.

Түүнээс гадна зэвсгийн газар хоёр дугуйтай тэрэг, бууны запас хэрэглэл, эмээл, сумны хот зэрэг бусад хэрэгслүүд байсныг хятадуудад тушаажээ.

Мөн Монголын цэргийн бүх тугийг Богдын засгийн газраас Хятадын цэргийн эрхтнүүдэд шилжүүлэн өгсний дотор сайдын туг хоёр, хороон даргын туг 19, ангийн даргын туг 73, аравтын дарга нарын тэмдэг (хихэр) 220 байжээ.

Зэвсгийн газар хадгалагдан байсан хуучны зэвсгүүдийг ч Хятадын цэргийн командлалд шилжүүлэн өгсний дотор нум сум хоёр мянга, цахиур буу 1435, хуучин бялт буу 131 гэх зэрэг зүйлс байв. Үүнээс үзэхэд Богдын автономит засгийн газар нь бас цэрэгжилт зэвсэг тааруухан аньфу бүлгийн түрэмгийлэн эзлэгчдэд хамгийн сүрхий эсэргүүцлийг үзүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэвсэгтэй байсан нь тодорхой байна хэмээн Ц.Пунцагноров ”Монголын автономит үеийн түүх” номондоо бичсэн байдаг.

Өлзийбаатар аа! Мөн үүнээс гадна хэрэв засаг төр нь тусгаар байдлаа хамгаалахаар уриалан дуудсан бол ташуураа бариад ч болов босож ирэхэд бэлэн байсан, хятадын мөнгө хүүлэгчид, панзчидад мөлжүүлэн дарлуулж туйлдаж байсан монголын ард түмэн байсан юм аа!

Чухамдаа яг энэ байдлыг баталж, уг гэрээнд гарын үсэг зурсны дараа ард түмэн хэрхэн хилэгнэн жигшиж байсныг Хятадын ерөнхийлөгчид мөргөн ёсолсон гутамшигт үйлдлийг нүдээр харсан Х.Чойбалсангийн дурдатгалд тод томруун илэрхийлсэн байдгаас гадна, энэхүү үйл явдлын дараа ард түмний дунд дуулагдах болсон:

Магнаг дээлтэй Шанзав да лам гуай
Манийгаа худалдаад гялайв уу?

Хүрэн дээлтэй Шанзав да лам гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?

Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай

Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай

Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай

хэмээх дууны үгнээс ч ард олон энэ бүхнийг хэрхэн дүгнэж байсан нь шууд харагдаж буй.

Гуравт, хэдий эдгээр аргуудыг хэрэглээд эцэст нь хүчин мөхөстөж үнэхээр бууж өгөхөөс өөр ямар ч арга замгүй болсны улмаас автономит эрхээ булаалгасансан бол Богд тэргүүтэй эрх баригч ноёд Хятадын төр засгаас өгсөн лан мөнгө, авто машин зэргийг алгаа тосон авалгүй хятадын ерөнхийлөгчөөс шагнасан хэргэм зэрэг цолоос татгалзах зэргээр тэмцэх эсэргүүцлийн аргууд бас байсан билээ.

Гэтэл тэр үйл явдал Д.Өлзийбаатарын худал мэлзсэн шиг зөвхөн 1919 оны төгсгөлд л гэнэт болоод өнгөрсөн бус харин бүтэн жил гаруйн өмнөөс хэд хэдэн шат дараатайгаар явуулсан хятадын бодлого ба урвагч (монгол?!) ноёдын зориудын үйл ажиллагаа байсан нь 1918 оны 9 сараас Монголд хятадын цэрэг Гурван улсын гэрээг ноцтой зөрчин орж ирж эхэлсэн хийгээд яг энэ үед урвагч ноёд Монгол улсыг мөнгө-санхүүгийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай болгосон тэрхүү гэрээнд гарын үсэг зурсан зэргээс тодорхой харагддаг.

Мэдээж, Д.Өлзийбаатарын судалгаа гэгч нь зөвхөн автономит эрхийг Хятад улсад худалдсан тухай биш бөгөөд энэ гутамшигт түүхэн үйл явдлын тухай өөрийн судалгаанд ердөө тойм төдий авч үзэж буй тул миний бичсэн баримт сэлтийг дэлгэрэнгүй бичих албагүй ч тэр үйл явдлын жинхэнэ мөн чанарыг товч ч гэсэн маш тодорхой дүгнэн бичих ёстой байсан билээ. Та одоо ч намайг энэ хүний судалгааны ганцхан өгүүлбэрийг мушгин хүн гүтгэж байна хэмээн бодсоор байгаа бол би танд түүний диссертацын ажилд чухам 1919 оны автономит эрхээ Хятадад худалдсан үйл явдлын тухай бичсэн тэр тал нүүр хүрэхгүй хэсгийг бүтнээр нь үзүүлье:

Орос оронд болсон 1917 оны Октябрийн социалист хувьсгалын ялалттай холбогдон Монгол орны гадаад улс төрийн байдал, дотоод улс төрийн амьдралд хөдөлгөөн орсон бөгөөд цаашдын үйл явцын орчин нь Монголын улс төрийн автономит эрхийг цуцлан Хятадын цэргийн хүчний эзэгнэл тогтох зэрэг үйл явдлын үндсэн хүчин зүйлийг нөхцөлдүүлснийг энд дурдахгүй байж болохгүй.

1919 оны эцсээр Хятадын засгийн газар Хиагтын гурван улсын гэрээг тэгш бус хэмээн цуцалсан Зөвлөлт Орос улсын Засгийн газрын санаачлагыг овжноор ашиглаж Монголын автономитийг цэрэг зэвсгийн хүчээр устган Монгол оронд өөрийн ноёрхлыг тогтоосон билээ.

Хятадын эрх баригчид Монголын автономийг устгаж Монгол төрийн тасарсан уламжлалын сэргэлт, цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнг бүхэлд нь баллан дарсан нь Монголын нийгмийн эх оронч, үндэсний үзэлт бүх хүчийг улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө нэгэн зорилгод урсгалаараа болон ухамсартайгаар эвсэн нэгдэхэд шууд хүргэсэн юм.

Ингээд л болоо. Өөр түүний судалгаанд 1919 оны хэлэлцэн буй үйл явдлын тухай дахин тайлбарлаагүй байна. Гэтэл тэр судалгаа гэгчдээ “Их гүрнүүдийн бодлого ба монголын тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн тэмцлийн замд учирсан бэрхшээл (1911-1919 ОН)”, “Тусгаар тогтнолын төлөө тэмцлийн шинэ үе ба монголын төрийн гадаад, дотоод бодлого, түүнд нөлөөлсөн гадаад хүчин зүйлс (1919-1929 ОН)” гэсэн хоёр бүтэн бүлгийг тусгайлан оруулсан байна. Энд бүр 1919 гэсэн он хоёр удаа давтагдаж байхад яг энэ онд болсон хамгийн гол үйл явдлыг маш бүрхэг, уг үйл явдлыг яг эсрэгээр нь огт буруугаар ойлгогдохоор товчлон тодорхойлсон байна. Нөгөөтэйгүүр энэ хоёр бүлэг нь түүний нийт судалгааны гэх ажлын 37 хувийг эзэлж байна. Диссертацын ажил нийт 163 нүүртэй, А4 хэмжээтэй. Энэ бол энэ хоёр бүлгийг зөвхөн өмнөтгөл, товч тойм бүлгүүд гэж мэлзэх ямар ч аргагүй, жинхэнэ бодит үйл явдлыг бүрэн тодорхойлон баримтаар үзүүлэхэд хангалттай их хэмжээ гэсэн үг шүү дээ!

Та сүүлийн ишлэлийг дахин нэг уншаад үз дээ. Өмнө миний тайлбарласантай утга нийлж байна уу? Яагаад ч үгүй ээ! Түүний судалгааг уншсан хүн хятадууд манай улсыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн аваад эрх баригч ноёд лам нарыг хүчээр бараг буу тулгаж байгаад монголын харьцангуй тусгаар эрх автономит засгийг устгасан мэт ойлгогдохоор байгаа. Энэ бол Богд тэргүүтэй ноёд ямар ч эсэргүүцэлгүйгээр автономит засгаа өөрсдөө устгах болзолтой гэрээнд гарын үсэг зурахдаа давхар шан харамж авсан урвалт байсан гэсэн бодит түүхийн чин үнэнийг танд хэлж өгч чадаж байна уу? Үгүй ээ, тэр тухай түүний судалгаа гэгч ажилд нэг ч үг үсэг ч алга байна.

Яагаад? Яагаад тэр ийм эндүү ойлголт төсөөлөл бий болгохоор илэрхий худал дүгнэж бичив ээ? Санамсаргүй алдаа байв уу? Бас л үгүй. Учир нь энэ бол докторын зэрэг горилсон шинжлэх ухааны судалгааны ажил гэж нэрлэсэн ажил нь шүү дээ, уран зохиолын ном биш ээ!!! Тэгвэл яагаад гэдэг нь үүнээс жаахан хожим ил болж байна. Нэлээд нуршуу ч дараах хэсгийг түүний судалгаанаас дахин ишлээд цааш үргэлжлүүлье.

1921 оны 3 дугаар сарын 1-нд ЗОУ-ын Тройцкосавск хотноо ЗОУ-д хувьсгалт нам гэж нэрийдэх, Монголд МАН гэж ойлгох учиртай бошгыг халах буюу хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй улс төрийн байгууллагыг зохион байгууллаа. Ингэхдээ Монголын эх оронч үзэлтнүүдийг энэ заль мэхэнд татан оруулахын тулд нэгдсэн Монгол гэдэг үзэл санааг хөтөлбөрт зориудаар зохион оруулсан байна. ... Үүнээс арван хоногийн дараа буюу 1921 оны “ дугаар сарын 13-нд Тройцкосавск хотноо зэвсэгт бослогод бэлтгэх ба бослогыг удирдах ардын түр засгийн газар гэгчийг ЗОУ-ын шахалт санаачлагаар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай боллоо. 10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар, Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар тогтсоноор ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, угаас зөвхөн үндэсний эрх чөлөөний хувьсгалд нэгдэж байсан Монголчуудын үзэл санаа бутран сарниж улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо.

...Хүрээн дэх Богдын засгийн газар бий болсон улс төрийн байдлыг цэгнэн үзээд ЗОУ-ын цэрэг улс төрийн нөлөө Монголд нэг мэдэхнээ яах аргагүй түрж улмаар шийдвэрлэх үүрэгтэй болсныг ухаарчээ. Буулт хийж чадсанаараа тэд эд хөрөнгөө эх орон, олон түмний өмнө тулгарсан бодит ашгаас дээгүүр тавилгүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм.” 

Энэ хэсэгт манай ард түмэнд жинхэнэ эрх чөлөөг, хожим бүрэн эрхт тусгаар тогтнолыг авч ирсэн 1921 оны Ардын хувьсгал ба өөр хэн ч тухайн үед бидэнд өгөхгүй байсан Зөвлөлтийн асар их тусыг үгүйсгэж, түүнийг харлуулан бичсэн байгааг та харж буй байх. (Ардын Хувьсгалын үйл хэргийг гүтгэн гүжирдсэнийг нь дараагийн нийтлэлдээ баримтаар няцаах болно оо!)

10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар- яг энд 1919 оны ноёдын ээлжит урвалтыг тэгж их бөөрөнхийлөөд байсны учир нь гарч ирж байгаа юм. Автономит эрхээ өөрсдөө устгах гэрээнд гарын үсэг зурсан 16 хүн ба үүний дараа Хятадын ерөнхийлөгчид автономит засгаа өөрсдөө устгасан тухай өргөдлийг гардуулан өгөхөөр Бээжинд очсон 6 хүний дунд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялахад идэвхийлэн оролцсон хэд хэдэн хүн байсан байна. Тухайлбал, Чин ван лам Ханддарж, Дархан чин ван Пунцагцэрэн, Бао Лин Цэрэндорж, Сэцэн хан Наваанцэрэн, жонон ван Ширнэндамдин, Жалханц хутагт Дамдинбазар, Далай Чойнхор Чин ван Цэрэнсоном ба хэдий гэрээнд гарын үсэг зураагүй ч уг гэрээний хэлэлцээрт оролцож, мөн автономит эрхээ хамгаалах ямар ч оролдлого хийгээгүйгээр үл барам ингэж улсаа худалдсаныхаа төлөө Хятадын ерөнхийлөгчөөс шагнуулсан Богд Жавзандамба нар байсан юм. Энэ нь 1911 оны хөдөлгөөнийг удирдан манлайлж явсан эх орончид гэгдэгчид нь өөрсдөө 9 жилийн дараа эх орон, ард түмнээ Хятадад олон лан мөнгөөр худалдчихсан гэсэн үг бөгөөд хэрэв бодит байдлыг яг үнэнээр нь ингээд биччихсэн бол Өлзийбаатар тэргүүтний “ариун эх орончид-ын дүр зураг нь хийсэн арилах гээд байсан ажээ. Хэрэв 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчид өөрсдөө 1919 онд эх орноо Хятадад худалдсан урвагчид байсан гэдгийг хүлээн зөвшөөрчихвөл 1921 оны Ардын хувьсгал ба БНМАУ-г харлуулан гүтгэж үгүйсгэж чадахгүй болчих гээд байжээ.

Улмаар Д.Өлзийбаатар анхнаасаа Монголыг өөрийн гарын үзүүрээр хөдөлгөж, манай ард түмнийг “ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул”-д түлхэж байсан Зөвлөлт засаг яг энэ чиг шугамынхаа дагуу 1937 онд Монголд “хэлмэгдүүлэлт?!” явуулсан гэсэн дүгнэлтэндээ хүрч чадахгүй болчих гээд байсан байна. (Яг л Сталин манайд “хэлмэгдүүлэлт?!” явуулсан гэж харуулахын тулд түүнийг 1929 онд манай улсад хэт зүүний бодлого тулган хэрэгжүүлсэн хэмээн гүтгэсэнтэйгээ адилаар. Энэ гүтгэлгийг нь би өмнөх нийтлэлээрээ баримтаар няцаасаан!!)

Одоо сүүлийн асуулт. Яагаад 1919 онд монгол ноёд, том лам нар улс эх орноо Хятадад худалдах болов оо? Тэднийг чухам ямар хүчин, гадаад дотоод нөхцөл байдал ийм алхам хийхэд түлхсэн бэ? Энэ асуултад заавал хариулах ёстой. 

 Үргэлжлүүлэн унших

 

Цуврал нийтлэлийн 15-р хэсэг

Эхлээд асуудлыг өмнө авсан ишлэлийн хэсэг нэг бүрээр задлан авч үзье.

Д.Өлзийбаатар диссертацдаа “Хятадын засгийн газар Хиагтын гурван улсын гэрээг тэгш бус хэмээн цуцалсан Зөвлөлт Орос улсын Засгийн газрын санаачлагыг овжноор ашиглаж...” гэжээ.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа Лениний толгойлсон большевик (олонхын гэсэн үг) засгийн газар хуучин гэрээнүүдийг, юуны өмнө Хаант Оросын засгийн газраас хөрш зэргэлдээ улс орнуудтай хийсэн байсан гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгаж тодорхой үндэслэлтэй бол хүчингүйд тооцон, хүчингүйд тооцсоноо тунхаглан зарласан түүхтэй. Үүнд Хиагтын гурван улсын гэрээ ч орсон бөгөөд энэ гэрээг ЗОУлсын засгийн газар үзэхдээ Чин гүрэн-Хятад болон Хаант Оросын зүгээс Монголд шударга бус хандаж бүх талуудын ашиг сонирхлуудыг тэгш тусгаагүй гэсэн үндэслэлээр уг гэрээг цуцалснаа зарласан юм.

Үнэхээр Зөвлөлт Оросын засгийн газар 1915 оны Хиагтын гурван улсын гэрээг тийнхүү хүчингүй болгосноо зарласан боловч яг энэ үед Орос оронд Иргэний дайн дуусаагүй байсан ба тодруулж хэлбэл энэ улсад Зөвлөлт засгаас гадна өөрсдийгөө хаант засгийн бүрэн эрхийн үргэлжлэл хэмээн тунхагласан, адмирал Колчакийн тэргүүлсэн засгийн газар мөн зэрэгцэн оршиж байсан юм.  Адмирал Колчакийн засгийн газар нь Орос оронд шинэ төр засгийг (төрийн хувьд хаант, үндсэн хуульт хаант эсвэл бүгд найрамдах засаглалын аль хэлбэрийг сонгохыг мөн эдийн засгийн хувьд зөвхөн капиталист хэлбэрээр цааш явах) Зохион Байгуулах Хурлыг хуралдуулахаар зорьж байсан билээ.

Хиагтын Гурван улсын гэрээ1915 оны Хиагт хотод Гурван Улсын гэрээг хэлэлцэж байсан үе


Тэгвэл Хаант Оросын засгийн газрын шууд үргэлжлэл гэж өөрийгөө зарлаж байсан, Антантын барууны гүрнүүдийн хүлээн зөвшөөрч байсан Колчакийн энэ засгийн газар Хиагтын гэрээг огт цуцлаагүй байсан юм! Академич Б.Ширэндэв “Монгол Ардын хувьсгалын түүх” номондоо энэ тухай Оросын хаант төр унасныг хятадын засгийн газар ашиглан гадаад монголыг өөрийн эрхшээлд оруулахаар шийдэн байсан нь дээр дурдсан баримтуудаас тодорхой болсон билээ. Харин энэ явдалд хятадын засгийн газар Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар АНУ, Англи, Франц, Японы засгийн газрын өмнө авсан үүрэг нь саад болж байжээ. Тэрхүү авсан үүргийн ёсоор хятад улс орос улсын хаант засагтай байгуулсан хуучин гэрээ, түүний дотор гурван улсын хэлэлцээрийг хүндэтгэн үзэх ёстой байв” гэж бичсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, АНУ тэргүүтэй барууны гүрнүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөөгүй БНХятад Улс нь Хаант Оростой байгуулсан Гурван улсын гэрээг цааш мөрдөх ёстой байсан ба иймээс Хятад дангаараа шийдэж манай улсад цэрэг оруулан эзлэн авах боломжгүй байсан юм. Учир нь яг тухайн үед БНХятад Улс нь Англи, АНУ, Франц, Япон тэргүүтэй барууны капиталист улсуудын асар хүчтэй дарамт шахалт, гадаад дотоод бодлогынх нь нөлөөн дор байсан билээ. Тиймээс Богд тэргүүтэй монгол лам, ноёд 64 зүйл бүхий гэрээ байгуулан үнэн хэрэг дээрээ улс орон, ард түмнээ Хятадад найр тавин арилжин зараагүй бол Хятад улс дангаараа, өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй байсан Зөвлөлт засгийг Гурван улсын гэрээг хүчингүй гэж зарлалаа гээд тэгээд бүүр үүнийг далимдуулан манай орныг эзлэн авах огт боломжгүй байсан юм аа!

Мөн хэрэв өмнө дурдсан Өлзийбаатарын ишлэлийг дахин сайтар тогтож уншвал, Хятад улс 1919 оны эцэст Зөвлөлт Орос улс Гурван улсын гэрээг хүчингүй гэж зарласны дараа манай нутаг дэвсгэрт цэргээ оруулан эзлээд авчихсан мэт ойлгогдохоор байгаа!? Гэтэл бодит үнэн хэрэг дээрээ огт үгүй байсан ажээ.

1 жил гаруйн өмнө буюу 1918 онд юу болж байсныг харцгаая:

Ц.Пунцагноровын ”Монголын автономит үеийн түүх” номонд 1918 оны 5 дугаар сард хятадын цэргийн эрхтэн Чен Игийн талынхан “большевизмын аюулаас” хамгаалах” нэрийдлээр хятад цэргийг автономит Монгол улсад түлхэн оруулах тухай зөвшөөрлийг Богдын автономит засгийн газраас олж авчээ...

Ийнхүү Богдын засгийн газар 1918 оны 3 дугаар сараас эхлэн Хятадын хил дээрх монгол цэргийнхээ тоог хорогдуулж эхэлжээ. “Дээрэмчин Бавуужавын отряд бутран сарнисан” гэдэг нэрийдлээр Чен И генерал Хятадын хойд хил, Хар мөрөн, Хөлөн буйр, Барга (Цахар), Хөх хотын районд хуралдуулсан байсан хоёр мянган монгол цэргийг тараахыг Богдын засгийн газраас тусгай ноот бичиг ирүүлж шаардаж байв. Ингээд тэрхүү цэргийн ихэнх хэсгийг тарааж, харин үлдсэн заримыг Оросын хил рүү шилжүүлэн суулгажээ. Өчүүхэн тооны хилийн цэргүүдийг тооцохгүй бол Хятадтай нийлсэн урд хил нь ийнхүү туушдаа нээлттэй болжээ. Богдын засгийн газрын энэхүү арга хэмжээ нь хятад цэргийг Ар Монголд оруулах замыг засаж өгчээ. Ийнхүү 1918 оны 9 дүгээр сард Хятад цэргийн анхдугаар том отряд(хоёр морин хороо)-ыг Монголд оруулсан явдал бол Богдын автономит засгийг устгах талаар хийсэн анхдугаар ноцтой том алхам болжээ."** гэжээ.

Энэ отряд нь 500 цэрэгтэй байсан бөгөөд улмаар 1918 оны 11-р сарын эцсээр дахин 700 морин цэргийг нэмж оруулсан байна. Үүнээс гадна Улиастай, Ховд, Өвөр Хиагтад байсан хятад түшмэлийн тоог Гурван улсын гэрээний заалтаас даруй 2 дахин нэмэгдүүлсэн байсан ба 1919 оны 7 дугаар сарын 8-нд 600 цэрэг бүхий хятад цэргийн отряд Хүрээнд дахин нэмж иржээ.

Тэгвэл хятадын энэ үйлдэл нь Гурван улсын гэрээг зөрчсөн байсан уу? 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний долдугаар зүйлд Дундад, Орос хоёр улсын илтгэн гаргасан бичгийн гуравдугаар зүйлд тогтоосон ёсоор Хүрээний газраа суух Дундад улсын сайдын хамгаалах цэргийн тоог 200 хүнээс хэтрүүлэхгүй. Мөнхүү сайдын туслах түшмэд, Улиастай, Ховд ба Монголын Хиагтын газраа хуваан суухад газар бүр хамгаалах цэргийг 50 хүнээс хэтрүүлэхгүй. Хэрвээ Гадаад Монголын Автономит засгийн газар лугаа санаа нийлэлцэн Гадаад Монголын бусад газраа туслах түшмэлийг нэмэн байгуулах болбоос газар бүр хамгаалах цэргийг 50 хүнээс хэтрүүлэхгүй”*** хэмээн заасан байна. Иймээс хятадын цэргүүд Монголд удаа дараа нэвтэрсэн нь үнэхээр Гурван улсын гэрээг БНХУ гурван удаа ноцтой зөрчсөн байсан гэсэн үг юм.

Мөн нөгөөтэйгүүр энэ үйл явдалд монгол ноёд, том лам нар хэрхэн хандаж байсныг сонирхож үзье. 1918 онд Монгол нутагт нэг батальон хятад цэрэг орж ирсэн нь Гурван улсын хэлэлцээрт харшлах талтайг харгалзан монголын засгийн газар түүнийг дурамжхан зөвшөөрсөн хэдий боловч тэдгээр цэрэг орж ирсэн нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан, түр зуурын хэрэг бөгөөд хүндэт дипломат төлөөлөгч танд бүрэн ойлгомжтой байгаа тэр нөхцөл байдал ойрын цагт өөрчлөгдөнө гэдэгт манай засгийн газар лавтайяа бүрэн итгэж байна гэж Монголын засгийн газраас оросын консул Орловт мэдэгдэв”* гэжээ. Орлов нь Хаант Оросоос Монголд суугаа консул байсан ажээ. Үүнээс харахад монголын засгийн газар болж буй үйл явдлуудад маш хүлээцтэй мэт хандаж байсан байна. Мөн өмнө дурдсан ба хойшид дурдах үйл явдлууд нь Богдын засгийн газар Хятадад дагаар орохдоо тийм ч их эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг баттай нотлон харуулдаг.

Үүний дараа 1918 оны 9 дүгээр сарын 14-нд Нийслэл Хүрээнд “Чжун-го-юн-хан” хятад банкийг байгуулах тухай гэрээнд Богдын автономит засгийн газар гарын үсэг зуржээ. Мэдээж энэ нь анх харахад тийм ч сүртэй үйл явдал биш мэт боловч уг гэрээний дараах заалт Монголын тусгаар автономит байдлыг бүрэн үгүйсгэсэн байсан юм. Уг заалтанд: Аливаа буй бүхий албаны орлого мөн зарлагыг хятад доллараар буюу эсхүл дундад улсын янчаан буюу эсхүл мөн банкнаас гаргасан мөнгөний тэмдэгт цаасаар гүйцэтгэж байхыг гадаад Монголын албан яамнаас харьяат олон газар оронд нийгмээр зарлан тушаана”** гэжээ.

Өөрөөр хэлбэл, яг энэ цагаас хойш дан ганц Хятадын үндэстний мөнгөн тэмдэгтүүд автономит монголын үндэсний мөнгөн тэмдэгт боллоо гэсэн үг! Үүнээс өмнө манай оронд үндэсний мөнгөн тэмдэгт байгаагүй ба орос рубль, хятад янчаан, дугуй цай, лан мөнгө зэргийг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан юм. Гэвч энэ мөчөөс хойш чухам Хятадын мөнгөн дэвсгэртийг л Монголын үндэсний мөнгөн дэвсгэрт хэмээн Богдын засгийн газар хүлээн зөвшөөрсөн явдал бол цаашид Монгол улс Хятадаас мөнгө санхүүгийн хувьд бүрэн хараат болж автономит эрхийн маш том хэсэг үндсэндээ үгүй болж буй хэрэг юм. Колони орны хамгийн чухал нэг шинж бол нэг бол өөрсдийг нь колоничлогч орны мөнгөн тэмдэгтийг шууд авч ашигладаг, эсвэл өөрийн мөнгөн тэмдэгтийг колоничлогч орны мөнгөн тэмдэгттэй хатуу чанга холбож уясан (чухам өнөөдөр манай төгрөг америк доллартай яг ингэж уягдсан байгаа) байдаг юм. Өөрөөр хэлбэл өөрийн үндэстний мөнгөн тэмдэгтгүй улсад тусгаар тогтнол байх ямар ч боломжгүй ээ!

Улмаар “Автономит Монголын эрх баригчдын тэрхүү хандлагыг ашиглан Чен И генерал 1919 оны 7 дугаар сард нэгэн хэлэлцээр гэгчийг эхэлж феодал, дээд лам нарын бүх эрх ямбыг цаашид хэвээр үлдээхийг амлан харин хариуд нь Монголд автономит засгийг сайн дураар устгахыг Богдын засгийн газраас шаарджээ. Богд лам, ерөнхий сайд шанзав Бадамдорж тэргүүтэй ноёдын бүлэг автономит засгийг сайн дураар устгахыг зөвшөөрч харин автономит засгийг устгасны хариуд феодалуудын эрх ямбыг хэвээр үлдээх амлалтаа баталгаа албан бичиг болгон Хятадын засгийн газраас ирүүлэхийг хүсчээ.

Хар ноёд, шар лам нараас Монголын автономит төрийг өөрсдөө сайн дураар устгах тухай Хятадын цэргийн эрхтнүүдтэй явуулсан хэлэлцээрийн дүнд “Гадаад Монголын хойчийг сайжруулах тухай дүрэм” гэдэг нэртэй баримт бичиг гарсан ба эхлээд 50 гаруй зүйлээс бүрдэж байжээ. Гэтэл шанзав Бадамдорж тэргүүтэй засгийн эрх баригч ноёд тэдгээр 50 гаруй зүйл нь хар феодал, дээд лам нарын эрх ямбыг хангалттай бүрэн баталж чадаагүй гэж шалтаглан улс орноо харилцан зарах худалдан авах шившигт үнэ хаялтыг Чен И-тэй хийж эхэлжээ. Бадамдорж Чен И хоёрын харилцааны дүнд автономит засгийн газрыг устгах тухай төлөвлөгөөнд хэд хэдэн засвар нэмэлтүүдийг оруулжээ”**. Уг төлөвлөгөөнд Богд хаан ба түүний хатны жилийн цалин пүнлүүг автономитийн үеийн хэмжээгээр буюу тус бүр 36 000 лан мөнгө байхаар тохиролцож бүх засаг ба засаг бус ноёд, том лам нарын пүнлүүг Хятад улсын сангаас өгч байхаар болсон бөгөөд энэ нь тэд бүгд Хятадын төрийн түшмэлүүд болсон гэсэн үг юм.

Шанзав Г.БадамдоржБогдын засгийн газрын ерөнхий сайд, шанзав да лам Г.Бадамдорж


Харин жирийн ард түмэнд хамгийн их дарамт зовлон ирж байлаа. Албан татвар, өр шир төлөх явдал хуучин хэвээр үлдсэнээр үл барам харин ч тэр талаар монголын ноёд, лам нар мөн хятад худалдаачдын эрхийг улам бүр бататгаж дэлгэрүүлэн зааж, ард түмнээс ноёдын мөнгө хүүлэгчдэд тавьсан өрийг давхар цуглуулахаар дурдсан байв”.*

Уг хэлэлцээрийн гэрээний сүүлчийн эх бичгийн нэгдүгээр зүйлд заасан нь: Гадаад монголын автономит засгийн газраас нэгэнт өөрөө гуйн өргөж устгасны тулд үүнээс хойш Гадаад Монголын бүх хязгаар даруй Дундад иргэн улсын тусгай газрын нэг хэсэг болж элдэв явуулах эрхийг бүрэн төгсөөр Дундад засгийн газар нэгтгэн захирна гэжээ.

Энэхүү заалтад өгүүлснээр Богд хаант монголын засгийн газар өөрөө хүсэлт гарган автономит эрхээ устгуулсан тухай зааж байгаа нь нэг талаас Хятад улс нь Хаант Оросын консул Орловын шахалт мөн Англи, АНУ, Франц, Японы өмнө гэрээгээр хүлээсэн байсан үүрэг зэргээсээ хамааран шууд цэргийн хүчээр Монголыг эзлэн авах боломж байхгүй байсантай холбоотой юм. Мөн нөгөө талаас өөрсдийн хувийн эрх ашгийг хэлэлцээрийн үр дүн болох гэрээнд тусгаж чадсан Богд тэргүүтэй феодлуудын шуналын хүсэл тачаал нь хятадын талтай нэгэн ижил байснаар тайлбарлагдах юм.

Ийнхүү 3 удаа дараалан ямар ч эсэргүүцэлгүйгээр цэрэг оруулсны дараа дахин дөрөв дэх удаагаа 1919 оны 11-р сард хятадын цэргийн 3-р явган дивиз Хүрээнд орж ирэв. Үүний дараа БНХУ-ын баруун хойд хязгаарыг тохинуулан шийтгэх сайд генерал Сюй Шү-чжан мөн хүрээнд ирж 11-р сарын 14-нд ерөнхий сайд шанзав Бадамдоржоос автономит засгаа сайн дураар устгах тухай бичиг гаргаж өгөхийг шаардсан байна. Улмаар 11-р сарын 15-нд улсын дээд ба доод танхимаар уг асуудлыг хэлэлцүүлэхэд өндөр зиндааны ноёд, лам нараас бүрдсэн дээд танхим асуудлыг олонхын саналаар зөвшөөрч, харин дунд болон доод хэргэм бүхий түшмэлүүдээс бүрдэж байсан доод танхим нь эсэргүүцэн хэрэв шаардлагатай бол зэвсэг барин монголын автономит эрхийг хамгаална гэсэн шийдвэр гаргасан байна. Гэсэн ч тэдний энэ саналыг үл хэрэгсэн 64 зүйл бүхий автономит засгаа өөрсдийн сайн дураар устгасан тухай бичиг-гэрээнд 11-р сарын 17-ны өдөр Богдын засгийн газрын таван яамны бүх сайдууд гарын үсэг зурж тамгаа даржээ(Дотоод Явдлын Яамны сайд чин ван Бадамдорж, Гадаад Явдлын Яамны сайд гүн Цэрэндорж, Цэргийн Яамны сайд ван Жамьяандорж, Сангийн Яамны сайд бээс Лувсанбалдан, Шүүх Яамны сайд цэцэн хаан Наваанцэрэн)

Дашрамд сануулахад, 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан БНХУ-ын консулын Богд хаант Монгол улсын дээд удирдлагатай хийсэн хэлэлцээрийн тэмдэглэлийн хэсэг Монголын үндэсний архивт одоо ч хадгалагдаж байгаа. Тэрхүү тэмдэглэл хэсэгт бичсэнээс харвал Монголын автономит төрийг устгасных нь төлөө монгол ноёд, том лам, хутагт лам нарт БНХУ-аас мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Үүнд: Ерөнхий сайд буюу Эрдэнэ шанзав да лам Бадамдоржид 30 000 лан мөнгө, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Бао Лин овогт Цэрэндоржид 20 000 лан мөнгө, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд Дархан Чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 000 лан мөнгө шагнахаар заасан байдаг. Үүнээс гадна Хятадын засгийн газраас Богд хаан ба шанзав Бадамдорж нарыг тус бүр нэг автомашинаар шагнасан юм.

Бао Лин Цэрэндорж
Богдын засгийн газрын сайд, Бао Лин овогт Цэрэндорж

 

Бао Лин Цэрэндоржийн хөшөө Яагаад 90-ээд оны эхэнд нийслэл хотын яг төв цэгт энэ урвагч дүлзэн Бао Лин овогтын урагшаа харсан хөшөөг либерал ард-чи-лаларчид гэнэт чимээгүйхэн босгосон гэж та бодож байна? Яагаад гэвэл түүнтэй яг ижил зүйлийг хийж байгаа үйл хэрэг нэгтнүүд манай орныг 30 жил үргэлжлүүлэн зарж наймаалцсаар байгаа. Бүүр түүний ШУУД ҮР УДАМ ардчилсан төрийн үед Монгол улсын 21 дэх ерөнхий сайд болсон түүх бий.


1920 оны 2–р сарын 19-ний өдөр нийслэл Хүрээнд Монголын автономит засгийг устгах ёслол гэгч болсон бөгөөд Сюй Шу-чжан төв ордонд ормогц түүний төвд байсан олбог түшлэгэн дээр Дундад улсын ерөнхийлөгчийн зургийг тавьж, өөрөө хажууд нь зогсож байгаад Богд гэгээнийг оруулж түүнийг хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө сөгдөн мөргөх дохио өгөв. Богд гэгээн ч дээрх хөргийн өмнө гурав дахин сөгдөн мөргөв. Үүний дараа автономит эрхээсээ сайн дураараа огцорсныг тохиолдуулан хятад улсын ерөнхийлөгчөөс зориуд ирүүлсэн тамга өргөмжлөлийг Богд гэгээнд гардуулан өгөхөд энэ ёслол дээр байсан Монголын дээд ноёд, түшмэд, том лам нар бүгд Хятадын ерөнхийлөгчийн хөргөнд сөгдөн мөргөцгөөжээ”*.

1919 оны урвалт 2
Монголын автономит эрхийг устгасан ёслол. 1919 он, Нийслэл Хүрээ.


Одоо Д.Өлзийбаатарын докторын ажлын судалгаанаас авсан ишлэл рүү эргэн оръё. Тэрбээр “...Монголын автономитийг цэрэг зэвсгийн хүчээр устган...хэмээсэн нь бас л бодит байдлаас тун их хол зөрүүтэй байгааг дээрхээс харж болно. Үнэн хэрэг дээрээ цэрэг зэвсгийн хүчинд мөхөстөж биш харин монголын ноёд түшмэд, том лам нар хийгээд Богд хаан тэргүүтэй засгийн газрын ноёд Монгол улсын бүрэн тусгаар тогтнолын эхний шат байсан автономит эрхийг өөрсдийн хувийн эрх ашиг болсон эд баялаг, цол хэргэм, эрх мэдлээрээ Хятадад наймаалцан худалдсан нь илт харагдаж байна.

Гэхдээ энд зарим ардчилсан үзэлтнүүдэд “эргэлзээ” үүсэж магадгүй юм. Учир нь үнэхээр Сюй Шу-чжан 11 сард Хүрээнд ирснийхээ дараа монголын ард түмний эсэргүүцэл, бухимдал зэргээс болж сунжраад байсан хэлэлцээрийг түргэтгэн 64 зүйл бүхий гэрээнд гарын үсэг зурахыг Богд хаан, эрх баригч ноёдод “тулган шаардсанаар" гаднаасаа бол монголын засгийн газрын гишүүд-ноёд “хүчээр” гарын үсэг зурсан юм шиг харагддаг. Гэхдээ энэ зөвхөн жүжиглэл байсан бөгөөд Богд лам, шанзав да лам Бадамдорж тэргүүтэй засгийн газар нь:

- Хятад цэргүүд ээлж дараалан манайд орж ирэхэд ямар ч бодит эсэргүүцэл үзүүлээгүй төдийгүй өөрийн улсын санхүүгийн бүх эрх мэдлийг Хятадад найр тавин өгсөн,

- Автономит эрхээ өөрийн хүсэлтээр үгүй хийх гэрээг Хятадын талтай хамтран боловсруулж байсан,

- Тэр гэрээнд зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг нэмж оруулсны дараа уг гэрээг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн,

- Үүний дараа тэд Хятадын засгийн газраас их хэмжээний мөнгө, шан харамж авсан,

- Мөн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хамгаалан тэмцээгүй – улс орноо цэрэг армийн хүчээр хамгаалаагүй,

- Гурван улсын гэрээн дэх Хятадтай холбоотой заалтуудыг үндэслэн гадаад улсуудаас тусламж эрээгүй

зэрэг нь тэдний энэ гэмт хэрэг бол гарцаагүй эх орноосоо урвасан байсныг ямар ч маргаангүй баталж буй юм.

Нөгөөтэйгүүр, түүхч гэх Д.Өлзийбаатар “цэрэг зэвсгийн хүчээр” гэж бичсэн нь үүнийг уншсан гэнэн нэгэнд маш том буруу ойлголт, аймшигт төөрөгдөл бий болгохоор байна. Учир нь Д.Өлзийбаатар диссертацын судалгааны ажил гэгчдээ Богдын засгийн газар автономит эрхээ Хятадын хүсэлтээр өөрсдөө устгасан тухай гэмт хэргийг маш товчхон - цаасны ердөө л тал нүүр хүрэхгүй хэсэгт багтаан бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, уг үйл явдлын тухай жинхэнэ бодит үнэнийг ард түмнээс нуун гэнэн итгэмтгий олонхыг төөрөгдүүлэхийн тулд Богд лам тэргүүтэй урвагч ноёд өөрсдөө Хятадтай хамтран Монголын автономит эрхийг устгах тухай гэрээ боловсруулж байсан зэрэг миний энд гаргаж тавьсан энэхүү түүхэн үйл явдлын хувьд хамгийн чухал баримтуудын алиныг нь ч “судалгаа”-ндаа огт оруулаагүй байгаа. Тиймээс түүний энэ докторын зэрэг горилсон судалгаа гэгч, мөн энэ сэдвээр гаргасан номууд нь Хятадын үй олон цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэн манай улсын хилийг удаа дараа зөрчин орж ирээд Богдын засгийн газрыг өөр ямар ч аргагүй нөхцөл байдалд хийн “буу тулгаж байгаад” автономит эрхийг нь булаан авсан мэт буруу ташаа ойлголт төсөөллийг өнөөгийн олон нийтийн дунд зориуд бий болгосон байгаа.

Одоо “Ер нь Богдын засгийн газарт Хятадыг эсэргүүцэх боломж байсан эсэх” тухай сонирхъё.

Үргэлжлүүлэн унших

 

 Цуврал нийтлэлийн 13-р хэсэг

XX зууны монгол 11
Цаана нь байгаа сүм хийдүүд улам илүү өнгө жавхаа орж, тэнд суугаа дээд зиндааны лам нар улам илүү баяжих тусам наана байгаа эгэл жирийн монгол айл улам ихээр үгүйрэн хоосорч байсан юм аа!

 

Өмнө өгүүлсэн тухайн цаг үед манай орны өмнө улс орны хувь заяаг шийдэх хэмжээний зайлшгүй шаардлага болсон байсан их үйл хэргүүдийг Д.Өлзийбаатар хэрхэн дүгнэж бичсэнийг сонирхоцгооё.

Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг уламжлалт буддын шашны лам хуврагуудын тэргүүлэх хэсгийг ард түмний дайсан гэх зэргээр хүнд хилс яллаж, монгол үндэстний олон зуун жил шүтэн биширч ирсэн шашин, гүн ухаан, түүн дээр суурилсан уламжлалт анагаах ухаан, мэдлэг оюун, урлаг соёлын өвийг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсч, хэв заншил, ёс суртлаа мартан гээх, ёс суртахууны элдэв доголдолд өртөх үүд хаалга нээгдэв.”.

Түүний судалгаа нэртэй ч бодит байдал дээр цэвэр гүтгэлгийн уран зохиолд миний өмнө нийтлэлүүддээ бичсэн лам нар, Богд Жавзандамба гэж чухамдаа хэн байсан тухай ТЭР БҮХ БОДИТ БАРИМТУУДААС ГАНЦ НЬ Ч БОЛТУГАЙ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ. Зөвхөн тэднийг “үндэстний баатрууд” байсан мэт өөд уруугүй магтсан байгаа. Түүний тэрхүү хэт субъектив-илэрхий гүтгэлгийн шинжтэй дүгнэлтүүдийг утгат хэсэг нэг бүрээр нь салгаж жинхэнэ бодит түүхэн баримтуудтай харьцуулан үнэн худлын алин болохыг тогтооцгооё.


1. "Шашныг харгис үзэл, бурангуй хоцрогдол хэмээн устгасан" гэв үү? Сүжиг сүсгээр биш харин албан журмаар өргөл барьц хураадаг, өгч чадаагүй үгээгүй ядуу тарчиг нэгнийг нь банздан шийтгэдэг байсан чинь тэгээд харгис биш энэрэнгүй үзэл үү? Яг энэ тухайд манай зарим бодгалиуд шашин шүтэх эрхийг үгүй хийсэн гэж гомдоллодог. Гэтэл чухамдаа шарын шашин чинь тэр үед МӨЛЖЛӨГИЙН АРГА ХЭРЭГСЭЛ болчихсон байсан юм шүү дээ. Нэг анги нөгөө ангиа мөлжих үндсэн хэрэгсэл, дарлагдагч ангийг номхон хүлцэнгүй байлгах үндсэн үзэл суртал болчихсон байсан юм аа.


2. "Уламжлалт гүн ухаан, мэдлэг оюуныг нь устгасан" гэнэ ээ? 1919 онд манай оронд ирж бүтэн жил дөрвөн сарын хугацаанд манай орноор аялан судалгаа хийсэн дипломат, түүхч, академич И.М.Майский өөрийн “Орчин үеийн Монгол” номонд европ хүний нүдээр тэр үеийн манай бодит байдлын тухай ингэж бичсэн байна: Одон орон судлалд зөвхөн судар ном л ашиглана. Энэ салбарт тэнгэрийн эрхсийн талаар ямар ч ажиглалт судалгаа хийдэггүй, тэр ч байтугай тэнгэрийн оддыг мэдүүлэх ямар ч туршилт дадлага хийдэггүй. Ламын одон орон судлал мөрөөрөө, харин бодит орчлон мөрөөрөө байх ажээ... Одод бол Будда бурхны доод талд орших тэнгэрийн дөрвөн зовхист байрласан арай бага бурхад ба тэнгэр юм ажээ. Оддын тоо нийтдээ 1 сая ширхэг байх боловч хүний нэгэн адил хоорондоо адилгүй, зарим нь хурц тод ба хүчирхэг туяа цацруулна, зарим нь бүдэгдүү туяа гаргана. Лам нар маань од гариг хоёрын ялгааг бас л сайн мэдэхгүй хэвээр байв. Гэхдээ тэд тэнгэрт оддын 28 орд байгаа гэсэн тоо хэлж байна. Гэвч тэдгээр оддын ордыг заагаад аль гэвэл их сандрах янзтай. Энд гайхах хэрэггүй, яагаад гэвэл яригдаж байгаа 28 орд маань зөвхөн бөмбөрцгийн өмнөд хэсэгт харагдахаас биш манай тэнгэрт харагддаггүй юм. Энэтхэгийн одон орон судлаачид одот тэнгэрийн зургийг гаргахдаа өөрсдийнхөө нүдэнд харагдсанаа л дүрсэлсэн байдаг. Тэрхүү зураг нь бидний мэдэх мөнөөх замаар (Буддын шашинтай хамт орж ирсэн гэсэн үг Л.П) Монголд орж иржээ, хэдийгээр энэ зураг монголын дээрх бодит одот тэнгэрийн байдалтай огт таарахгүй байсан ч нутгийн зурхайчид тэр зурагт итгэж, түүнийг дээд тэнгэрээс илгээсэн бурхны шинэ нээлт хэмээн үзсэн хэвээр ажээ. Монголын зурхайчидбол гэгээн судар гэгчид бичигдсэнийг зөв буруу гэж эргэлзэхээсээ өмнө өөрсдийнхөө нүдээр бодитоор харж байгаадаа эргэлзэхэд хэзээд бэлхэн бодгалиуд юм.”*


3. "Уламжлалт анагаах ухааныг нь үгүй хийсэн" гэв үү? Лам нар өвчин үүсгэгч нянгийн талаар ямар ч, бүр бүдэг бадаг ч төсөөлөл огт байхгүй байна. Өвчин бүхний эх сурвалж нь хүний биед нэвтрээд бие махбодийн ажиллагааг алдагдуулдаг онцгой сүнс юм гэж үздэг байна... юуны өмнө тэдгээр биетийн (сүнсний)хорт нөлөөг саармагжуулах шаардлагатай болж таарна. Энэ зорилгоор ном уншиж гүрэм дором хийх, онцгой шившлэг тарни унших зэргийг үйлдэнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд европынхон шиг эмийн тарилга хэрэглэхийн оронд сахиус зүүлгэж хэрэглэнэ. Энэ сахиус нь дугариг хэлбэртэй дотроо олон янзын дүрс байх бөгөөд тэнд ойролцоогоор: ”ямар нэг өвчний сүнс чамайг бүү ороох болтугай! Чи дандаан эрүүл чийрэг байх болтугай!” гэж түвдээр бичсэн байдаг”*. Бодит байдал ийм л хоцрогдсон бүдүүлэг байжээ.

Хэдийгээр дорнын уламжлалт анагаах ухааныг үгүйсгэж хэрхэвч болохгүй боловч чухам тэр үед манай оронд тогтсон байсан уламжлал нь зөвхөн цэвэр мухар сүсэг дээр тулгуурласан ёстой бурангуй харгис сүсэг байсан байна. Итгэхгүй бол ганц жишээ хэлье. Хэвт ёсны 2-р (1910) оны үеэс эхлэн 8-р богд Жавзандамба хутагт ламын мэлмий (нүд) муудсан, мөн улсын эх дагина, эрдэнэ цэцэн ноён гэж нэрлэгдэж байсан түүний хатны бие чилээрхсэн тухайд тэднийг эдгэрүүлэх, нэн ялангуяа богдын нүдний харааг сайн болгохын төлөө янз бүрийн нэртэй аврал гүрэм уншуулж нүгэл хилэнц арилгах олон тооны том жижиг бурхан бүтээж буян үйлдэх ажлууд тун их явагдах болжээ. ...Тэр үед богдын нүдийг эдгэрүүлэх зорилгоор бүтээсэн зүйлийн хамгийн томоохон нь Гандан хийдийн газар сүм барьж Мэгзэджанрайсаг гэдэг 80 тохой өндөр бурхан бүтээсэн явдал мөн.”** Мөн сүмийг 230000 лан, бурхныг 100000 лан мөнгөөр бариулсан нь нийлээд тэр үеийн 36 хошууны ноёдын өртэй дөхөж очиж байна. Энэ их хөрөнгийг хэн гаргасан бэ? Богдын хувийн бүх зардлыг гаргадаг тэр л хүмүүс!!! Эгэл жирийн ардууд!

Ийм өрөвдөлтэй дүр зураг гарч ирж байна. Хүн эмчлэх, бурхан бүтээх хоёр ямар холбоотой юм бэ? Үүнийг тэгээд Д.Өлзийбаатар “уламжлалт анагаах ухаан” гээд байгаа хэрэг үү? Хэрэв энэ мухар сүсгээ ингэж үхэн хатан хамгаалаад байгаа юм бол Д.Өлзийбаатар өөрөө үлгэр жишээ болж өөрийгөө болон үр хүүхдүүдээ зөвхөн гүрэм номоор эмчилж байх хэрэгтэй биш үү?


4. "Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг лам нарыг хэлмэгдүүлсэн нь ёс суртахууны доголдолд өртөх үүд хаалгыг нээсэн" гэв үү? Ёс суртахуун гээчийг номлогчид чинь өөрсдөө хэн байсныг мэдмээр байна уу?

Сүм хийдийн санхүүгийнхэн чухам эл гуравдахь хэсгийг (сүм хийдийн чөлөөт нөөцийг хэлж байна Л.П) бузгай хүүтэй эргэлтэнд оруулахаа сайн мэднэ. Ийм замаар сүм хийдүүд жилийн 60 хувийн хүү авч банкны эзний үүрэг гүйцэтгэнэ.”* “Лам нарын дунд завхайрахын хажуугаар бас завших баяжихын дон хүчтэй туссан хүмүүс ч бий. Сүм хийдийн хуврагууд маань мөнгө эд баялагт авралгүй татагдах нь буй. Энэ талаар Богд Гэгээн өөрөө сүсэгтэн олны өмнө үлгэр дууриал болж байна. Тэрбээр төрийн сангаас амин хувьдаа хэдий хэрийн хөрөнгө, мөнгө авч байсныг бид дээр өгүүлсэн билээ. Гэвч Богд Гэгээний сэтгэл түүндээ ханаагүй бололтой; яагаад гэвэл тэрбээр Өргөө дэх хятадын Лун-Хэ-Ю-ийн пүүсийн хувь нийлүүлэгч нь байсан ажээ. Богд Гэгээний хатан ч эр нөхрийнхөө жишгээс хоцрохгүйг хичээн Өргөө дэх хятадын Тянь-Де-Хао пүүсийн хувь нийлүүлэгч болсон байжээ. Бусад лам нар ч том багагүй эрхэмсэг дээдсийн нэг ёсны тааллын дор мөн л ийм байдлаар худалдаа наймаа хийх, мөнгөөр панз үсэргэх, хүүлэх, хөлсний автомашины компанид нэгдэх зэрэг үйл өрнүүлж байна.”*

Өнөөдөр барууны банк санхүүгийн олигархуудын гар хөл болсон хувийн банкны эзэд 30 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж манай ард түмнийг өрийн намагт унагаад байна. Гэтэл Богд хаант Монгол улсын үед Богд өөрөө төдийгүй түүний зөвшөөрлөөр бусад лам нар 60 хувийн хүүтэй буюу өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН зэрлэг балмад аргаар мөнгө хүүлж ард түмнээ мөлжиж байсан байна шүү дээ. Ламын шашны нэрээр манай ард түмний толгойд суусан энэ төвд өвгөн болон түүний хатны хөрөнгө оруулсан хятад пүүсүүд тэр мөнгийг нь манай ноёд, тайжуудад 60 хүртэлх хувийн хүүтэй зээлнэ. Тэгээд тэр зээлийг авсан ноёд уг зээлээ харьяат ардуудаараа төлүүлнэ. Ард түмнээс дээрэмдэн авсан хөрөнгөө ноёдод өндөр хүүтэй зээлүүлэн жирийн ард түмнийг дахин давхар мөлждөг байсан төвд Богд тэргүүтэй МӨНГӨ ХҮҮЛЭГЧ лам нарт яг ямар ёс суртахуун байгааг доовтор хочит Д.Өлзийбаатараас асуумаар байна!


5. "Оюун санааны эзгүйрэл үүссэн" гэв үү? Тэгвэл 300 жил манай ард түмний оюун санааг мухар сүсгийн манан дунд барьж эрхшээхдээ тэр шарын шашин чинь ард түмнийг чухам яаж гэгээрүүлсэн юм бэ? 1917 оны мэдээгээр тэр үеийн манай хүн амын 3-4 хувь нь л үндэснийхээ бичиг үсэгт тайлагдсан байсан байна. Лам хуврагууд ихэвчлэн зөвхөн төвд үсэг үздэг бөгөөд амьдралынхаа ихэнх цагийг бурхны ном цээжлэхэд зарцуулдаг, тэр нь эргээд ард түмний аж амьдралд ямар ч бодит тус нэмэргүй байсан аж.

Хамгийн гол нь төвдийн энэ сургаалийг зөвхөн цээжилдэг, улмаар тэр сургаалууд нь лам нар төдийгүй хүн ардын оюун сэтгэхүйг хумьж, өөрийн толгойгоор бодож сэтгэх чадварыг бүрэн үгүй хийдэг байв. Бурхны сургаалийг л дага, илүү дутуу юу ч хийх хэрэггүй, өөрөө бодож сэтгэх ч шаардлагагүй! Үүнийхээ хамтаар элдэв аймшигт төрх бүхий бурхад, шашны үлгэр домгуудаар айлган хүн ардыг хүлцэнгүй номой, аймхай бэртэгчин болгож авна. Харин дараа нь хутагт хувилгаан лам нар нь өөрсдөө энэ бүхнийг ашиглан ард түмнийг дарлан боолчилж баяжин - зааж номлодог бүхнийхээ эсрэг увайгүй бүхнийг хийдэг байсныг дээр дурдсан олон жишээгээр харсан биз ээ! Үүнээс ч олон жишээ уул овоо шиг их бий!

Гэтэл төвдийн хэт бурангуй үзлээс салж байж ард түмэн маань бичиг үсэгт тайлагдаж, хүн төрөлхтний ололт амжилттай зэрэгцэн, эрүүлжиж, хүн ам маань асар хурдтай өссөн гэдгийг доовтор Өлзийбаатар яагаад дурдахгүй байна вэ?

Төвдийн хэт бурангуй шашны үзлээс салж байж ард түмэн маань АНХ УДАА НИЙТЭЭРЭЭ бичиг үсэгт тайлагдаж, хүн төрөлхтний ололт амжилттай зэрэгцэн, ЭРҮҮЛ МЭНД болцгоож ҮҮНИЙ АЧААР монголын ард түмэн маань асар хурдтай өсөж байсан гэдгийг энэ этгээд яагаад огт дурдахгүй байгаа юм бол? Харийн мухар сүсэг үзлийг сурталчлагчид байсан лам нар нь монголчуудыг сансарт нисгэж, саранд хүргэх байсан юм болов уу? Ламын шашин болон лам хуврагуудад ард түмнээ бичиг үсэгт бүрэн тайлуулахад 300 жил ч хангалтгүй-хүрэлцээгүй байсан бол Ардын төр засагт 30 гаранхан жил л хангалттай байсан шүү дээ! Учир нь жинхэнэ Хүн-ий төлөө Ардын төр засаг байсан юм аа!

Одоо чухам яагаад Ардын төр засаг лам нарыг хар болгож, бурангуй ламын шашныг албадлагын болон ухуулгын олон хэлбэрийн арга хэрэгслүүдийг ашиглан нийгмийн амьдралаас аажмаар түлхэн гаргасныг тэр цаг үед улс орны маань өмнө ямар бодит шаардлагууд тулгараад байсантай холбон харцгаая.

1. Шашны хурал ном, хийд, суварга барих, лам нарын эд хэрэглэл, хоол хүнс зэрэг маш олон зүйлд асар их хөрөнгийг ардуудаас албан журмаар татан хайр найргүй үрдэг байсан байна. Энэ бүхэн нь эргээд нийгмийн нөхөн үйлдвэрлэлд ямар ч нэмэр байхгүй-сүм хийдүүд ямар нэг бодит үйлдвэрлэл явуулдаггүй байсан учир манай улсын эдийн засагт асар том чөдөр тушаа болж байсан. Улмаар ард түмэн нийтээрээ ядууран үгүйрэн хоосроод, нийгмийн баялаг хэт цөөнхөд их хэмжээгээр төвлөрсөн байсан нь улс орны цааш хөгжин дэвших бүх боломжийг боомилон устгаж байсан байна.

2. Нийт эрчүүдийн 44.6 хувь нь лам нар байснаас үүний гуравны нэг орчим нь сүмд шавилан сууж шашны ёс гэгчийг чанд сахидаг байжээ. Иймээс манай хүн амын өсөлт жилд ердөө 0.7-хон хувьтай байсан байна. Хэрэв лам нарыг хар болгоогүй бол хүн ам маань яг энэ хурдаараа бүр 2095 онд буюу XXI зууны төгсгөлд л дөнгөж 2 саяд хүрэх байсан байна.

3. Зөвхөн сүмд шавилан суугаад, ажил хөдөлмөр эрхлэлгүйгээр мухар сүсэгтэн олны хандиваар амар хялбар амь зууж болоод байдаг бол ажил хийж, үйлдвэрлэл эрхэлж, сурч боловсрон ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхийг хүсэх хүн үлдэнэ гэж үү? 0.7хон хувийн хүн амын өсөлттэй байхад ажилчин анги тооны хувьд бүрэлдэн бий болох үйл явц бүтэн хоёр зуун жилээр хойшлох байжээ. Үндэстний ажилчин ангийг бий болгохгүйгээр улс орон маань хөгжин дэвшиж, шарын шашнаас болж шигдсэн гүн хар нүх - олон зууны хөгжлийн хоцрогдлоосоо салах хугацаа ч бас хоёр зуун жилээр уртсах байжээ!!! Гэвч энэ хугацаанд улс ард түмэн маань түүхийн хөрснөөс нэгэнт арчигдах байсан нь эрүүл ухаантай л бол хэнд ч тодорхой баймаар юм.

4. Шарын шашин(ер нь аль ч шашин) бол бодит мэдлэг-шинжлэх ухааны дайсан юм. Тиймдээ ч манай орон хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг шинжлэх ухаанчаар танин мэдэж, түүнийхээ үрээр дэвшилтэт технологиудын шимийг хүртэж байсан тэр үед буюу ХХ зууны эхэнд дундад зууны харанхуй бүдүүлэг байдалдаа таг гацчихсан байсан билээ. Үүнээс гарах зайлшгүй нөхцөл болсон бүх нийтийн боловсрол, шинжлэх ухааны судалгаа, мэргэжилтнүүд, түүн дээр суурилсан үйлдвэрлэл технологийг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй болсон байсан юм. Чухам энэхүү амин чухал үйл хэргийн заналт дайсан бол мухар сүсгийн-ламын шашин байсныг түүх нэгэнт ямар ч маргаангүй баталсан билээ.

Итгэхгүй бол яг тухайн үеийн манай лам нар шиг асар их эд баялаг, эрх мэдэлтэй болсон байсан дундад зууны ромын пап тэргүүтэй католик лам нарыг санацгаа. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа зөвхөн одон орны дуран авай зүй, ажиглалт туршилт, геометр-математикийн тооцоогоор манай гариг ертөнцийн үндсэн гурван хуулийг нээсэн Николай Коперникийг лам нар адлан дарамталж, шатааж алахаар заналхийлж байсан. Мөн түүний энэ маргашгүй үнэнийг дэмжин, эцсээ хүртэл энэ үзэл санаан дээрээ бат зогсож байсан Жиордано Бруног бүр олны өмнө амьдаар нь шатаан алсан шүү дээ. Яагаад гэвэл тэр бүх байгалийн бодит хуулиудыг энгийн ардууд өөрсдийн оюун ухаанаар шүүн тунгааж үнэн болохыг нь танин мэдээд, түгэн дэлгэрээд эхэлбэл лам нарын хоосон номлол хэнд ч хэрэггүй болох байв. Хамгийн гол нь үүнийг дагаад зөвхөн хоосон номлол-мухар сүсгийнхээ хүчээр олж авч, тогтоон барьж байсан тэдний тэр их эд баялаг, эрх мэдэл ч үгүй болчих гээд байсан юм.

Манай ард түмэн XVII зуунд хятад/төвдөөс “алтан ургийн” гэгч урвагч ноёдын оруулж ирсэн харийн ламын шашинд дагаар орж олон зуун жил харийн шашны харанхуй бүдүүлгийн туйлд унасан байсан учир Ардын төр засгаас түмэн олноо шашны хар тамхины нойрноос сэрээн сэхээхээр бичиг үсэг, шинжлэх ухааны бодит үнэн мэдлэгийг түгээх гэсэн зорилго нь шарын лам нарын харгис ширүүн эсэргүүцэлтэй цаашид ч тулгарах нь мэдээжийн хэрэг байсан юм.

5. Анх хятадын мөнгө хүүлэгчдийн байгуулсан янхны газраас эхлэн манай оронд эрчимтэй тархсан тэмбүү зэрэг халдварт өвчин үндэстний хэмжээнд аюул занал учруулж манай үндэстэн бараг мөхлийн ирмэгт ирээд байсан билээ. (Жишээ нь, тэмбүү өвчнийг ном хурал хураад эмчилж чадах байсан уу? Чадсан уу?) Энэ бүхнээс аврах ганц зам бол орчин цагийн анагаах ухааныг нэвтрүүлэх байсан бөгөөд чухам үүний ганц дайсан нь шарын шашны мухар сүсэг- хоосон номлолууд, түүнийг ашиглан ардуудыг мөлжиж байсан дээд хүрээний лам нар байв. Учир нь хэрэв жинхэнэ өвчин үүсгэгчийг танин мэдсэн, түүнийг устгах аргуудыг боловсруулсан орчин үеийн анагаах ухаан нэвтрэх юм бол ард түмэн лам нарын мөлжлөгийн зэвсэг болж байсан хоосон номлолууд тэднийг хэрхэн маллан хуурч мэхэлж байсныг ойлгон ухаарчих гээд байсан юм. Улмаар лам нарын юу ч хийхгүй ч баян тансаг амь зуудаг амьдрал нь дуусчих гээд байсан юм. Энэ тухай “Сэрэлт” киноны үйл явдал маш ойлгомжтой харуулсан байдаг.

6. Чухам яг 1920-иод оны төгсгөлөөс Японы эзлэн түрэмгийлэгчид манай зүүн хилийн цаана ил далд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, манай улс ард түмний эсрэг том дайнд бэлдэж эхэлсэн нь илэрхий болсон байдаг. Японы эзэрхэг гүрэн нэг л өдөр шийдвэрээ гаргаад түрэмгий дайнаа эхэлчихсэн юм биш шүү дээ. Дайн эхлэхээс өмнө БНМАУлсыг дотроос нь сулруулах, ялангуяа тухайн үеийн төр засгийн өндөрлөгт байсан ч элдэв хувийн шалтгаанаар атаархаж өсөрхөж байсан бодгалиудыг олж ашиглан улс орны дотор урвагч дүлзэнгүүдийн сүлжээг бослого үймээнд бэлдэх, улс орны эдийн засгийг, түүний дотор бэлчээр худаг усыг хордуулахаар бэлдэж, ард түмний зарим ухвар өмчид хэсгийг олж төр засагтаа итгэх итгэлийг нь элдэв худал мэдээллээр алдагдуулах замаар ард түмний эв нэгдлийг сулруулах зэргээр тагнуул туршуулын олон талт ажиллагаа идэвхтэй явуулж байсан байдаг.

Тэгвэл хуучин манжийн төрөөс шагнасан эрх ямбаа, мөн ард түмнээ харийнхантай нийлж шимэгчлэн амьдарч байх арга бачаа алдсан байсан шар лам нар, манжийн төрд хичээн зүтгэж ноёд тайж хэргэмээр шагнуулсан хар этгээдүүд нар болон тэдний дагалдан зусардаж амь зууж байсан бодгалиуд энэхүү урвагчдын “тавдугаар цуваа”-ны хамгийн эхний эгнээ байж чадах байсныг, дайн эхэлсэн үед тэд нар төр засаг, ард түмнээ ар нуруунаас нь түгжилдэн хутгалж улс эх орноо харийнханд тавьж өгч ард түмнээ дахиад л хамтран мөлжиж эхлэх байсныг одоо ч төсөөлөхөд нэг их хэцүү биш ээ. Чухам 1937 оноос хуучин феодал ангийн үлдэгдэлтэй хатуу гараар тэмцэж эхэлсэн нь энэ бүх бодит аюулаас сэргийлэх зорилготой байсан юм аа!

Гэхдээ тэд бол өнөөгийн түүхчдийн бичдэг шиг ямар ч гэм зэмгүй энхийн цагаан тагтаанууд байгаагүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ! Хамгийн гол нь тэдний ил болон ихэвчлэн далд хэлбэрээр зогсолтгүй явуулж байсан ардын засаг болон ард түмний эсрэг хорлон сүйтгэл-эсэргүүцлүүдийн тухай мэдээ баримтуудыг түүхчид сурсан зангаараа хав дардагт л хамаг учир оршиж байгаа юм.

БИДЭНД НЭГЭНТ ИЛ МЭДЭГДЭЖ БУЙ ХАМГИЙН НААД ЗАХЫН ЭХ СУРВАЛЖУУДААР Ч БҮРЭН ДҮҮРЭН БАРИМТТАЙ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ Ч ИНГЭЖ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ГҮТГЭН ГУЙВУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ӨЛЗИЙБААТАР ТЭРГҮҮТЭЙ ЛИБЕРАЛ ТҮҮХЧИД "АРХИВЫН" НЭРТЭЙ ИХЭНХДЭЭ БИДНИЙ ХҮРЭХ АРГАГҮЙ БАРИМТУУДЫН НЭРИЙГ БАРИН ХЭРХЭН САНААНААСАА БУРЖ ЧАДАХ НЬ ИЛТЭЭС ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, МОНГОЛЧУУД АА!!!

Нөгөөтэйгүүр хэрэв том лам, тайж, ноёдын хөрөнгийг хурааж аваагүй бол яаж тэр их баялгийг жинхэнэ эзэд-эгэл ардуудад буцаан өгөх байсан бэ? Тэд зуун зуунаар ард түмнээ мөлжин шулж үе улиран амьдарч ирсэн баян тансаг, элбэг хангалуун амьдралаасаа зүв зүгээр ямар ч эсэргүүцэлгүйгээр “ойлгож ухамсарлаад” татгалзах байсан гэж гэнэн төсөөлж байна уу?

Ард түмний тархийг угааж шулж баяжсан лам нар, манжид улсаа худалдсан урвагч язгуурт ноёд тайж нар манжийн цэрэг зэвсэг, эрүү шүүлт, ял гяндангаар ард түмнээ дарамталж түмэн олны хөдөлмөрийн үр шим мал сүрэг, өмч баялгийг олон жилийн турш хүчээр цөлмөн дээрэмдэж байсныг шүүмжлэхгүй хэрнээ хэдэн зуунаар дарлагдан зовсон эгэл ард өөрсдийнхөө хөлс хүчээр бий болгосон баялгаа буцааж авсныг юунд ингэж гуйвуулан гүтгэнэ вэ, Өлзийбаатар аа?

Өмнө дурдсан бүхнээс харвал Манжийн дарлалын үе болон Богд хаант Монгол улсын үеийн ард түмний бодит нөхцөл байдал өнөөдрийн ардчилсан капитализмын бидний амьдралын төрх байдалтай тун төстэй байсан байна. Тиймээс Д.Өлзийбаатарын тэрхүү дүгнэлтийг орчин цагийн бидний хэлэнд-өнөөгийн бодит нөхцөлд дараах байдлаар буулгаж болохоор байна:

Ард түмэндээ олигархууд хэмээн хүндлэгддэг шинэ дэвшилтэт капиталист хөрөнгөтнүүдийн тэргүүлэн баяжсан хэсгийг “ардын дайсан” гэх зэргээр хүнд хилс яллаж, Монгол үндэстний гурван арван жил шүтэн биширч ирсэн ардчилал, чөлөөт зах зээл, үл үзэгдэх гарын онол, түүн дээр суурилсан авилгал хээл хахууль, нийтэд тархсан хувиа хичээх бэртэгчин үзэл, барууны садар самууныг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсэж, гуравдагч хөршийн үзэл санаагаа мартан гээх, ардчиллын үнэт зүйлсийн доголдолд өртөх үүд хаалга нээгдэв ээ.

БҮҮ БУР АА!

 

Ашигласан материалууд

1. * И.М.Майский, “Орчин үеийн монгол (Автономит Монгол XXзууны гараан дээр)”, 2000 он
2. ** Д.Цэдэв, “Их шавь”, 1964 он
3. Д.Өлзийбаатар, “Яагаад 1937 он?..”, 2004 он
4. Б.Ширэндэв нар, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, 1969 он
5. Ш.Нацагдорж, “Сум, хамжлага, шавь ард”, 1972 он
6. Б.Ширэндэв, “Монгол Ардын Хувьсгалын түүх”, 1969 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

Цуврал нийтлэлийн 11-р хэсэг

XX зууны Монгол 8

 

Гол зүйл рүүгээ орохын өмнө авч үзэж буй асуудлынхаа талаар маш ерөнхий тойм ойлголт өгөхийн тулд эхлээд Манжийн колоничлол дарлалын үед болон Богд хаант Монгол улсын үед манай оронд хэрэгжүүлж бий болгосон байсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, тэр үеийн Монголын нийгмийн дүр төрхийг ерөнхийд нь тоймлон авч үзье.

Манжийн төрөөс монголчуудыг зардал чирэгдэл багатайгаар колоничлон мөлжихийн тулд манай оронд тогтоосон байсан засаг захиргааны байгууламж нь аймгууд, хошууд, сумуудаас бүрдэж байв. Халхын 4 аймаг нь засаг захиргааны хувьд хамгийн том нэгж байсан бөгөөд бүх аймгуудыг дотор нь хошуудад хуваана. Нэг хошууг Манжийн төрөөс тогтоосон хэм хэмжээний хүрээнд засаг ноён хувьчилж авсан мэт үе дамжин захирч манжийн зэвсэг цэрэг, эрүү шүүлтээр дарлан мөлжиж байжээ. Хошуу нь дотроо сумуудад хуваагдаж байсан бөгөөд 18-60 насны 150 эрчүүдийг нэг сум гэж хуваан ард түмэн нэгдэн тэмцэх боломжийг хаан боогдуулж жижиглэсэн сумын зохион байгуулалтад оруулж байсан байна. Сумын нийт иргэдийг Манжийн эзэн хааны албатууд буюу сум ард гэж нэрлэж байв. Тэрхүү сум ардад цэргийн хугацаагүй алба хаах мөн татвар гувчуур төлөх, харуулын алба гүйцэтгэх (Манж Чин гүрний хойд хилийг хамгаалах), мөн Манжийн хааны төмөр сүрэг гэгчийг төлбөргүй маллан үржүүлэх, бас замын олон өртөөнүүдийн алба залгуулах, тарианы алба гувчуур төлөх, Монгол нутагт байгуулсан байсан Манжийн төр засгийн болон монголын дотоод засаг захиргааны бүх зардлыг хангахад шаардлагатай алба гувчуурыг өөрийн буурай хөрөнгөнөөс гарган нийлүүлэх зэрэг үүргийг хүлээлгэж байжээ.

Үүний дараа хамжлага хэмээх хэсэг хүмүүсийг сумын ардуудын дотроос томилон гаргаж засаг ноён ба тайж нарын мэдэлд өгсөн байсан бөгөөд тэд нар бусад ардуудын манжийн төр болон дотоодын засаг захиргааны өмнө хүлээдэг өмнө дурдсан албуудаас чөлөөлөгдсөн бөгөөд харин өөрийн харьяа ноён, тайждаа үйлчлэх, алба татвар төлөх үүрэгтэй байжээ. Ноёдын хамжлага ард нь их төлөв харьцангуй арай чинээлэг хүмүүс байсан бөгөөд харин тайж нарын хамжлагууд гол төлөв дундаж ба ядуу аж ахуйтнаас бүрдэж байв.

Мөн эдгээрээс гадна шавь ард хэмээх бас нэгэн доод давхарга байсан байна. Энэ нь 1640 онд Манжтай хуйвалдан дагаар ороход оройлон зүтгэсэн Халхын Түшээт хан Гомбодорж өөрийн отгон хөвүүн Занабазарыг 5 настайд нь анхдагч дүрийн Жавзандамба хутагт - халхын шарын шашны тэргүүн хэмээн өргөмжлүүлсэн ба хүүдээ 7-8 насны 108 бандийг өөрийн өмч-ардуудаас шавь болгон таслан өгснөөс үүдэлтэй юм. Шавь ардууд нь үнэндээ Богд болон хутагт хувилгаадын хамжлага боол зарцууд байсан бөгөөд ноёд тайж нар өөрсдийн хамжлага ардуудаас таслан Богд хийгээд хутагт лам нарт шавь болгон өргөсөн эсвэл сум ардын дундаас өөрийн хүслээр тэдэнд шавь орсон ардуудаас бүрдэж байжээ.

Богдын шавь нарыг бусад шавь нараас ялгах зорилгоор “их шавь” хэмээн нэрийддэг байсан бөгөөд тэдэнд Богдоос өөр заасан эзэн, заяасан нутаг байхгүй гэж үздэг байсны улмаас Халхын 4 аймагт дураар тэнүүлчлэн амьдрах эрхтэй байснаараа хутагтын шавь ард, хамжлага болон сум ард нараас харьцангуй давуу мэт байжээ.

XX зууны Монгол 6


Хутагт лам нарын шавь ард нь цэрэг, харуул, өртөөний зэрэг гол албанаас чөлөөлөгдөж зөвхөн өөр өөрийн харьяат хутагт лам нарт, мөн хүрээ хийд, хурал ном, бурхан тахил, шавийн ба орон нутгийн засаг захиргаанд алба залгуулан зарцлагдаж байсан нь сум ардын залгуулж байсан алба, татвар гувчуураас арай хөнгөн байжээ. Тамгатай хутагт лам нарын эзэмшил гэж манжийн төрд онцгой зүтгэж гавьяа байгуулсны шан болгож эсвэл өөрийнхөө эрх нөлөө, сүсэгтэн олны өргөсөн эд баялгаар өөрийн харьяат хошууны засаг ноёноос ч давж гарсан эд хөрөнгөтэй болсон, мөн үүнийг маллах үлэмж олон лам, хар шавь нартай болсон зарим хутагт лам нарыг Манжийн засаг захиргаа онцлон үзэж (ард түмэн нэгдэн нийлж нэг зорилготой хүч болон харийн колоничлогчдын эсрэг босон тэмцэх бүх боломжийг хаах бодлогыг колоничлогчид энэ мэт арга бачаар явуулж байсан учир) тэдэнд шавь нараа боол мэт захирах тамга олгож мөн тэдэнд их төлөв уул гарч ирсэн хошуунаас нь нутаг таслан өгөх буюу эсвэл бусад хэд хэдэн хошууны нутгаас нутаг таслан эзэмшүүлдэг байсныг нэрлэдэг байжээ.

Сум ардууд зөвхөн Манжийн эзэн хаанд төдийгүй харьяат ноёндоо алба гувчуур төлнө. Хэдийгээр эхэн үедээ хошууны засаг ноёд зөвхөн өөрийн харьяат хамжлагуудаасаа албан татвар авах эрхтэй, харин хошууны бусад ардуудаас алба авах эрхгүй байсан боловч тэд үүнийг огоорч ямар нэг хэлбэрээр ардуудаас алба татвар авсаар байв. Тэр үед Монгол газар хүчтэй нэвтэрсэн хятадын мөнгө хүүлэлт нь дотоодын ноёд, лам нарт мөлжүүлж туйлдаж байсан ард түмний энэ хөөрхийлөлтэй аж байдлыг улам ч дордуулж байв. Хятадаас таваар мөнгөний харилцаа нэвтэрсэн нь хошуудын засаг ноёдын мөнгөний ёроолгүй шунал - чамин тансаг хэрэглээг нь илт өсгөв. Тэр үед ядуу ард, хамжлагуудаас мөнгөөр татвар авах боломж байгаагүй тул ноёдууд хурдан хялбарыг бодож хятад худалдаачид, мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө янчаан зээлдэж түүгээрээ өөрийн аймаг хошуунд ноогдсон Манжийн хааны татварыг төлөх болон өөрийн хувийн хэрэглээгээ хангаад харин тэдгээр өр зээлүүдээ өөрийн албат хамжлагууд болон ардуудаараа төлүүлэхийн тулд заргалдсан хэнийг ч болов хүчирхийлж хонгоны махыг нь урж банздах, мөглөн хэмээх нүхэн авдарт хийн харангадуулах мөн есөн эрүү хэмээх туйлын хэрцгий аргуудаар тарчлаан мохоох зэрэг олон харгис аргуудаар хүч хэрэглэн төлүүлдэг байжээ.

XX зууны монгол 10


1918 оны мал тооллогын баримтаас үзэхэд нийт мал сүргийн 25-30 хувь нь ноёд, тайж, сүм хийдүүдэд харьяалагдаж байжээ. Үүнээс хамгийн их буюу 17% нь сүм хийдүүдийн, 4% нь ноёдын, үлдсэн 5-10 хувь нь тайж нарын өмч байсан байна. Ардуудын нэг хэсэг нь өөрийн цөөн малаа маллан амь зууж байсан ба үлдсэн хэсэг нь амь зуухын эрхэнд өөрийн цөөн мал дээр нэмж баячууд, ноёд, тайж нарын малыг авч малладаг байв. Ингэхдээ бас ноёд, тайж нар огт малгүй гар хоосон ядуу ардад малаа өгч маллуулдаггүй байсан бөгөөд үүний учир нь хэрэв малын элдэв хорогдол гарвал маллаж буй ард тэр хохирлыг өөрийн малаас нөхөж барагдуулах ёстойд байжээ. Сүрэг хариулагч малчид нь хүлээн авсан сүргийн малаас идэх, унах, ачих эрхгүй байсан ба харин ч жил бүр тогтоосон тооны эсгий, сүү тос тэдэнд тушаах үүрэгтэй, мал сүргийг нь хариулсны төлөө ямар нэг хөлс авах эрхгүй байсан учир тэднийг хугацаагүй цэргийн алба, өөрийн зардлаар өртөө улаа залгуулах зэрэг албанаас чөлөөлөх, мөн амины хэдхэн малаас нь зохих тооны малыг албан татвараас хэлтрүүлэх зэргээр "хөнгөлөлт" эдлүүлж "харж үздэг" байжээ.

Бүх сүм хийдүүдийг Богдын, хутагт лам нарын мөн хошууны засаг ноёдын мэдэл дэх хошууны гэсэн гурван ангилалд хувааж байв. Эдгээр сүм хийдүүдэд улсын нийт мал сүргийн үлэмж хэсэг нь харьяалагдан өмчлөгдөж байсан бөгөөд маш эрчимтэй өсөж үрждэг байжээ. Үүний гол шалтгаан бол сүм хийдийн мал сүргийг аливаа алба татвараас чөлөөлсөн байсан ба тэдний малыг хамгийн үржил шимтэй бэлчээрт бэлчээдэг, мөн хариулж буй ардууд нь "хойд насандаа эдлэх буяныг бодож" асар хичээж малладаг мөн сүсэгтэн олноос авч байсан малын өргөл барьцаар байнга сэлбэгдэж байсан явдал юм.

XX зууны Монгол 9

Хошуу тамгын түшмэдээс эхлээд хамжлага ардууд хүртэлх Монгол орны бүх давхаргын хүмүүс өнгөн дээрээ сүм хийдийн нэртэй хэдий ч үнэндээ хэдхэн том лам нарын өмч байсан малыг түр авч хариулж байсан бөгөөд малын тоог өсгөн нэмэгдүүлэх үүрэг хүлээж, хэрэв өөрийн буруугаас болж мал хорогдуулсан бол сүм хийдийг хохиролгүй болгодог байснаас гадна хариулахаар хүлээн авсан малын тоогоор хийдэд тодорхой хэмжээний албан татвар-үйлдэхүүн тушаах ёстой байжээ. Тухайлбал үхэр тутмаас 15 жин тос, 15 хонь тутмаас 1 эсгий сүм хийдэд өгч байх ёстой байсан байна. Үүнээс гадна сүү, айраг зэрэг зүйлсийг мөн авдаг байсан ба тогтоосон ноогдлоос давсан хэсгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэж, уналга ачилгын малыг авсан сүргээсээ хэрэглэж болдог байжээ.

Их шавийн харьяат ардууд богд Жавзандамба хутагтын сан ба түүний сүм хийдэд алба залгуулан зарцлагддаг мөн алба гувчуурууд төлдөг байсан бөгөөд эдгээр алба үүрэг нь олон нэр төрлийн хүнд хүчир зүйлүүд байжээ. Тухайлбал, хутагт ламын хоол хүнс, түүний орд ба сүм хийдийн бүх зардал, хүрээний хамба лам, шанзов нарын хоол хэрэглэл, сүм дуганы барилгын засвар, тогтмол ба тогтмол бус хурал ном хуруулах, богд нарыг нас барахад буян ном үйлдэх, богд нарын хойт дүрийг түргэн тодруулахын төлөө хурал ном үйлдүүлэх, богд нарын хувилгааныг Баруун зуугийн газраас залж ирэхээр явж байсан элч нарын замын бүх хэрэглэл, богд нарын ураг төрөл, ойр төрлийн хүмүүсийн хангамж, богдод өргөх даншиг мандлын зардал, хятад ба бусад худалдаачин нарт богдын тавьсан бүх өр (богд хувийн хэрэгцээндээ хятад болон гаднын худалдаачдаас үнэ харахгүй авсан элдэв чамин үнэт зүйлс гэх мэт)-ийг төлөх зэрэг асар их зардлуудыг байнга гаргахаас гадна жил бүр тогтоосон хэмжээний мал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, ангийн үс, мах, мөнгөн татварыг мөн Богдод тушааж байжээ. Мөн эдгээр алба татвараас гадна шавь ардууд богд хийгээд бусад сүм хийдүүдийн мал сүргийг маллах, тариа будаа тарих, хадлан тэжээл бэлтгэх зэрэг биеийн хүчний ажлуудыг нь давхар хийн зарцлагддаг байсан байна.

Ийнхүү Манжийн дарлал хийгээд Автономит засгийн үед монголын ард түмэн хар, шар мөлжигч анги буюу ноёд тайж, том толгой лам нарт элдэв янзаар дарлуулан мөлжүүлж, ядуу хоосны туйлд өдөр хоногийг өнгөрөөж байжээ. Нийгмийн баялгийн ихэнх хэсгийг ийнхүү аливаа баялаг огт бүтээдэггүй хэт цөөнх өөртөө төвлөрүүлж, харин тэрхүү бодит баялгийг өдөр шөнөгүй нар салхинд бүтээж байсан сум, хамжлага, шавь ардууд өөрсдийн хөдөлмөрөөр бүтээсэн тэрхүү баялгаас шударгаар хүртэж чадахгүй байснаас гадна давхар давхар алба татвар гувчуурууд(Манжид, богд хаанд, хошуу ноёнд, харьяа тайж нарт, хутагт хувилгаад нарт, сүм хийдүүдэд) байнга төлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, соёл боловсролоос хэдэн зуун жилээр хол хоцорч, шарын шашны мухар сүсэг, хятадын дамын наймаачдын болон мөнгө хүүлэгчдийн золиос болсоор байсан ажээ. Энэ бүхэн нь өнөөгийн манай бодит байдалтай бүх талаараа маш төстэй байгааг анзаараарай!

Энд бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. 1911 онд Манжийн төр Хятадад өрнөж байсан дотоод шалтгаануудаасаа болж суларсан тэр сиймхийг ашиглан монголчууд автономит улс байгуулснаа зарласан явдал бол гадна талаасаа харийн дарлал мөлжлөгөөс чөлөөлөгдсөн мэт гэнэн нэгэнд санагдаж болох ч Монголыг тусгаар улс гэж дэлхийн бусад улс гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүй байсан ба дотоодын ноёд, лам нарын мөлжлөг дарлалын хуучин тогтолцоо огт өөрчлөгдөөгүйгээр барахгүй харин ч улам чангарч хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг дээрх хэдхэн жишээнээс харж болно.

Гэтэл хувьсгал гэдэг бол тухайн нийгмийн хуучин тогтолцоог үндсээр нь нурааж цоо шинэ улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бий болгож, хамгийн гол нь өмнөх нийгэмд бүрэлдэн тогтсон байсан баялгийн хуваарилалтыг дахин шинэ зарчмаар хийхийг хэлдэг бөгөөд энэ утгаараа 1911 оны үйл явдал бол “нийт ард түмний төлөөх хувьсгал байгаагүй юм!

Нийгмийн бүх хуучин харилцаа хэвээр үлдсэн тухайд нэмж ганцхан жишээг энд хэлье. Д.Цэдэвийн “Их шавь” нэртэй эрдэм шинжилгээний судалгааны бүтээлд дурдсанаар “Манжийн дарлалыг устгаж, Автономит Монгол Улс байгуулсан явдал хар шар феодал лам нарт хамгийн их ашигтай болсон бөгөөд автономит үед дээд ангийн шар феодал-лам нар феодал ангийн мөлжлөгөөр олж байсан нийт орлогын хамгийн их хувийг өөрсдөө авахыг эрмэлзэж байжээ. Тэд янз бүрийн хишиг, пүнлүү гэдэг нэрийдлээр жил бүр их хэмжээний мөнгө хөрөнгийг улсын сангаас бас нэмж авч байжээ. Жишээ нь: сайд, чин сүжигт да лам Цэрэнчимэд жилд 2000 лан, богдын ах Зул хамба Лувсаншарав 1200 лан, богдын ах Чойжил хамба Лувсангэндэн 1200 лан, богдын дүү гүжир хамба Чойжин лам Лувсанхайдав 1200 лан, Хамба Номон хан Пунцаг 500 лан... зэргээр тус тус нэмж авч байжээ.

Автономит засгийн үед лам нар өөрсдийн нэр нөлөө, хүч чадлыг улам нэмэгдүүлэхийн тулд хүүхэд, идэр залуучуудыг нийтээр нь сүм хийдийн газар хуралдуулан суулгаж лам хувраг болгох явдлыг их өргөн дэлгэр болгож байжээ.”

Автономит Монгол улсын үед жил бүр мянга гаруй ноёд түшмэл, дээд лам, тайж нар улсаас цалин пүнлүү нэмж авсаар ирсэн бөгөөд түүний хэмжээ нь хэргэм зэрэг цолоор ялгаран тогтоогддог байв. Уг цалин пүнлүү нь нийт 50 000 лан болдог байсан бөгөөд тухайн үеийн улсын байгууллагуудын зардлын тавны нэгтэй (нийт зардал 265000 лан орчим байсан) тэнцэж байв. 1915-1916 онд Богд хаан өөрийн хувийн хэрэглээндээ улсын төсвийн хөрөнгийн дөрөвний нэгийг шууд зарцуулсан байх юм*.

Автономит Монгол улсын үед хар, шар феодалууд хятадын пүүс, банкнуудад тавьсан өрийг ардуудаар албадан төлүүлдэг байсан хуучин мөлжлөг үргэлжлэн хэрэгжсээр байжээ. Жишээ нь, Хятадын пүүсний өрийг харьяат хошууны ардуудаас (албадан) төлүүлж дуусгахыг 1915 онд Сэцэн хан аймгийн чуулганаас бэйс Сансрайдоржийн хошуу тамганд тушааж, хэрэв удаашруулбал гэмт этгээдийг шийтгэнэ.”**гэжээ.

И.М.Майскийн 1918-1919 онд хийсэн тооцоогоор Монгол улс гадаадын пүүсэд төлөх өр 15 сая алтан рублиэс багагүй гэж тэмдэглэж байжээ. Энэ тооцоогоор бодоход нэг өрхөд 500-700 буюу мянган лан мөнгөний өр ноогдож байсан ба харин нэг чинээлэгдүү өрхийн дундаж хөрөнгө мянган лан байлаа.”*

XX зууны Монгол 1


Одоо тухайн үеийн нийгмийн хамгийн гол баялаг болж байсан мал сүрэг Монголын нийгэмд хэрхэн хуваарилагдсан байсныг сонирхъё. “1915 оны тоо баримтаас үзэхэд Богд хааны шавь нар 55 599 хүн (үүний дотор лам нар 16 954) байсан ба шавийн мал бүгд 61161 толгой, үүний дотор адуу 25036, үхэр 21137, хонь 10301 байжээ.”*

Хэрэв хувааж үзвэл нэг шавь ардад 1.1 мал ногдож байсан гэсэн үг. Гэтэл энэ оны мэдээгээр, ганцхан Богд ламтан өөрөө 10 236 толгой малтай байжээ.

И.М.Майскийн хийсэн тооцоогоор 1918 оны байдлаар Монгол улс 542 504 хүн амтай байжээ. Нийт эрчүүдийн 0.1 хувь нь ноёд, 5.6 хувь нь тайж нар, 26.2 хувь нь сул харчууд, 16.6 хувь нь хамжлага ардууд, харин 44.6 хувь нь лам нар байв. Эрчүүдийн бараг тал нь ийнхүү лам байсан бөгөөд нийт 91 хошууны 28-д нь лам эрчүүдийн хувь 50%-иас их байжээ. Харин нийт малын тоо 127 000 орчим байснаас ноёд тайжийн нэг аж ахуйд 23 070 мал, сүм хийдийн нэг аж ахуйд 662, эгэл монгол нэгж өрх-аж ахуйд 60 мал ноогдож байсан бөгөөд ноёдын аж ахуй эгэл монгол өрхийн аж ахуйгаас дунджаар 40 дахин илүү малтай байжээ. Гэхдээ энэ нь зөвхөн дундаж тоо бөгөөд зарим харьцангуй ядуу ноёд, тайж нар байсныг тооцвол мал сүрэг ямар аймшигтай тэгш бус хуваагдсан байсныг сайтар ойлгож болно.

Жишээ нь, Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хувийн өмч 7000 адуу, 300 үхэр, 20 000 хонь, Цэцэн хан аймгийн Бишрэлт вангийн өмч 6500 адуу, 500 үхэр, 120 тэмээ, 10000 хонь байсан бол Засагт хан аймгийн Үйзэн гүн 12 адуу, 12 тэмээ, 8 үхэр, 2 хоньтой, Түшээт хан аймгийн Арлигсүрэн гүн 1 адуу, 2 тэмээ, 10 хоньтой байжээ. Сүм хийдүүдийн хувьд ч энэхүү дундчилсан тоо нь цөөн хэдхэн сүм хийдүүд асар их мал хөрөнгөтэй болсон байсныг бүдгэрүүлж буй юм. Жишээ нь, Өргөөгийн гол хийдийн эзэмшилд 1918 оны байдлаар 30 000 адуу, 15 000 үхэр, 100 000 хонь, Эрдэнэ хийдийн эзэмшилд 300 адуу, 1000 үхэр, 300 тэмээ, 50 000 хонь тус тус байсан байна. Энд нийгмийн ямар ч  бодит баялаг бүтээдэггүй, малаа ч өөрсдөө хариулдаггүй атлаа сүм хийдийн лам нар гэнэн ард түмний сэтгэл зүрхийг мухар сүсэг бишрэлээр дамжуулан бүрэн эзэмшиж байсныхаа хүчээр ийм их баялаг хөрөнгийг өөрсдөөр нь өргөл барьц өгүүлж тэднээс хураан хуримтлуулсан байсныг анхаарах ёстой. 

Богдын зарлигаар бүх төрлийн алба татвараас ноёд, тайж нар мөн дээд лам нар чөлөөлөгдөж байснаас гадна 100 хүрэхгүй хувь (нэг хувь нь 22 лантай тэнцэнэ) хөрөнгөтэй ч хошуу захирдаггүй засаг бус ноёд, тайж нар бас бүх татвараас бүрэн чөлөөлөгдөж байсан ба түшмэлүүд үлэмж хөнгөлөлт үздэг байв. Энэ бүхнээс болж албаны хүнд нь хамжлага, шавийн нуруун дээр үүрэгдэж байжээ.*

1918 оны байдлаар Богдын шавь нарын тоо 71 058 байсан бөгөөд уг онд эдгээр шавь нараас 168 356 жин шар тос, саалийн үнээ 1014, түлээ 23 000 тэрэг, мөнгө 213 045 лан мөнгө татварлан авчээ. Харин шавь нэртэй ч жирийн ард түмэн мухар сүсгийн өмхий намагт улам живсээр улам үгүйрэн хоосорсоор байв. 

XX зууны Монгол 7


Шавийн ардууд үнэхээр хоосрон ядуурч, тахил, татвараа ч өгч чадахгүй болсон тухай олон баримт байдаг. Жишээ нь: “... Хүрээний баруун өмнө зүгийн шавь нарын бүх отог багийг товчлон захирсан эрх баригчдаас 1912 онд Эрдэнэ Шанзовын Яаманд өргөн мэдүүлсэн албан бичиг үүнийг гэрчилж байна. Тэр өргөдлийн дотор ,,Баруун хүрээ зэрэг 18 отог багийн дарга, шүүлэнг, мэдээчин нараас өөр өөрийн отог багийн ардууд ойрхи жилд албаны үлэмж, цагийн гачаал, хүн малын өвчин эмгэг элдэвт хохирон хоосорч оноосон алба, дутагдсан өр аль ч зүйлийг гүйцээн залгуулж чадахгүйд хүрэв хэмээн цурхиралдан мэдүүлсээр ирэх нь ер тасралтгүйн дээр одоо болбол харьяат газраас тушаасныг дагаж олон отог багаас санд барих олон зүйлийн албыг шаардан гаргуулахаар зүг зүгээс зарагдсан элч нараас олон отог багийн иргэд нийтээр хүчин мөхөж өөр өөрийн оногдож тогтоосон албаны өрийг гарган чадахгүй гэр хогшлыг худалдан хэрж явчихад хүрсэн ба унах морь, саах үнээгүй, халуун зун хар цай уух зэргээр зовон зүдэрсэн учрыг хэлсээр ирсэн нь...”***

Гэтэл хурал номын хэрэглэлд барих албаа тушааж чадахаа больсон ядуу шавь ардыг банздах зэргээр тарчлаан гэсгээн шийтгэж байжээ.

Зөвхөн шавь ардуудыг ч биш ноёд тайж нарын дураар авирлах хэтрэн энгийн ардыг хүчирхийлэн мөлждөг хэлбэр манжийн үеэс ер өөрчлөгдөөгүй байна. Хүн ардууд аймаг болон хошууны ноёдод, мөн сүм хийдүүдэд биеийн хүчээр болон эд хөрөнгийн нийлсэн, хамгийн багадаа гэхэд 17 өөр өөр алба гувчуурыг төлж байсан ба энэ нь оногдуулалтын ямар нэг хяналт байхгүй байсны дээр тогтмол хугацаанд биш хэдийд ч шаардан гаргуулж болохоор байдаг байжээ. Эдгээрээс гадна хошуу ноёд өөрсдийн зоргоор хувийн хэрэгцээндээ ардуудаас ямар нэг хязгаарлалтгүйгээр алба татвар авдаг байв.

XX зууны Монгол 3

Тэрбээр энэ их мөнгийг хятадын пүүсээс зээлдэж улмаар алба болон төлөгдөхдөө капиталын процентыг давхар шимнэ. Хошуу ноён ямар ч хяналтгүй дураараа авирлаж алба татвар оногдуулдаг явдал бол монголын амьдралын нэг гол нүгэл мөн. Энэ нүгэл нь хошуу ноёныг маш үрэлгэн авиртай болгодог бол түүний харьяат нарт хоосрол гуйланчлал авч ирнэ. Өөр нэг хар нүгэл бол монголын ноёд дороосоо дээрээ хүртэл толгой дараалан улсын өмчөөс луйвардан завшдаг явдал юм. Миний ерөнхий тооцоогоор бол албан татварын хэлбэрээр хураагдаж байгаа хөрөнгө мөнгөний гуравны нэгээс 50 хүртэл хувийг бүх зиндааны хөрөнгөлөг эрх мэдэлтнүүд хулгайн аргаар хуваан идэж байна. Угтаа нэг их сүрдмээр их биш гэмээр алба, татвар гувчуур нь хүн амын нуруун дээр дааж давшгүй хүнд ачаа болж тусаж байгаагийн учир энэ”** хэмээн академич И.М.Майский бичсэн байдаг.

XX зууны Монгол 5

1640-1680-аад онд тэр үеийн хэсэг урвагч ноёд төр засгийн эрхийн төлөө тэмцэхдээ Лигдэн, Цогт хунтайж зэрэг олон эх орончдыг харийн цэргийн хүчний дэмжлэгээр ялан дарсны уршгаар тэд манай ард түмнийг хятад-төвдийн ламын шашинд дагуулан орсноор Чингисийн Монгол гүрэн нэгмөсөн мөхсөн түүхтэй.

Урвагчид  Манжийн колоничлолд ямар ч цэрэг зэвсгийн эсэргүүцэлгүйгээр АРД ТҮМНЭЭ ДАГУУЛАН дагаар орсноос хойш манай орон бараг 300 жилийн турш өмнө хүрсэн байсан хөгжил дэвшлийнхээ олон ололт амжилтуудаас ухарч мартан яг тэр түвшиндээ гацсан бөгөөд хүн төрөлхтний дэвшил хөгжил, мэдээллээс тусгаарлагдсан байсан эгэл жирийн ардууд мухар сүсэг, ядуу тарчигийн зовлонд нэрвэгдэж байхад харийн шарын шашны нэрийг барьсан шимэгч анги давхарга Богд тэргүүтэй  лам нар, манжийн албат тайж ноёд ард түмнээ харийнхантай нийлж мөлжин боолчилсоор байсан юм.

Гагцхүү 1921 оны Ардын хувьсгалын ачаар л энэхүү харгис мөлжлөгийн харилцааг эцэс болгож эхэлсэн боловч харин өнөөгийн дэглэмд үйлчилсээр байгаа ард-чи-лаларжсан түүхчид 1920-30-аад онд лам нарыг хар болгож нийгмийн амьдралд хөдөлмөрийн харьцаанд татан оруулж сүм хийдүүд болон ноёд тайж нарын шударга бус замаар хураан хуримтлуулсан байсан асар их өмч хөрөнгөөс өсөн нэмэгдэх татвар авах болсныг манай нийт ард түмний эсрэг хийсэн бусармаг бодлого үйл ажиллагаа байсан мэтээр гуйвуулан гүтгэж ярьж бичиж бүүр ийм сэдвээр докторын зэрэг "хамгаалж" неолибералч төрийнхөө шагналаараа шагнуулсаар  байна.

Өөрсдийн үр хүүхэд хойч үе болсон бидэнд гэрэлт ирээдүйг авч ирсэн, өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд шударга ёсыг боломжит утгаар нь тогтоосон байсан, тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан тэр агуу хүмүүсийг өнөөгийн неолибералч дэглэмийн ивээл доорх доктор, профессор хочтой түүхчид нь монгол үндэстний дайсан байсан хэмээн гүжирдэн гүтгэж элдэв худал "баримтууд" гэгчийг цуглуулж ном бичиж, түүнийг нь тэднийг ивээн тэтгэгч, энэ бүх гүтгэлгийг захиалсан гаднын сангууд, гаднын санхүүжилт даалгавартай ТББ-уудыг хэвлэсэн цаас - доллараараа санхүүжүүлэн хэвлүүлж залуу үеийн тархийг угаадаг болоод удаж байна шүү дээ.

Дараагийн нийтлэлдээ энд тоймлосон сэдвийнхээ хүрээнд Д.Өлзийбаатарын диссертацын ажил гэгчийн лам нартай холбоотой хийсэн дүгнэлтүүдийг түүхэн бодит баримтуудад үндэслэн авч хэлэлцэх болно.

 

Ашигласан материал

1. * Б. Ширэндэв, “Монгол Ардын Хувьсгалын түүх”, 1969 он
2. ** И. М. Майский, “Орчин үеийн монгол (Автономит Монгол XX зууны гараан дээр)”, 2000 он
3. *** Д. Цэдэв, “Их шавь”, 1964 он
4.
Б. Ширэндэв нар, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, 1969 он
5.
Ш. Нацагдорж, “Сум, хамжлага, шавь ард”, 1972 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр 
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

 

Дэлхийн хэмжээний үнэмлэхүй өндөр амжилт гаргасан тамирчид дунд ч допингийн төрлийн бэлдмэлийг байнга хэрэглэдэг тохиолдол байдаг байна. Ийм эм бэлдмэлүүдийг байнга хэрэглэдэг гэдэг нь нэгэнт ил болсон, өөрийн төрөлдөө үнэмлэхүй өндөр амжилт байнга гаргасаар ирсэн зарим тамирчдыг жишээ болгон аваад, тэднийг яг одоо WADA-гийн шийдвэрээр олон улсын тэмцээнүүдэд орох эрхийг нь хасахаар шийдсэн ОХУ-ын тамирчдын бие бялдартай харьцуулж харцгаая.

Хичнээн ч дасгал сургуулилалт хийгээд эмэгтэй хүний бие бялдар эрэгтэй хүнийх шиг том булчинлаг, хүчтэй болох биологийн ямар ч боломж байхгүйг энд тайлбарлах нь илүүц биз ээ...

1. Марит Бьёрген. Олимпын 8 удаагийн аварга, дэлхийн 18 удаагийн (+2 удаа роликтой цана) аварга (зөвхөн алтан медалийн тоо нь шүү!). Астма өвчнөөр хүндээр өвчилсөн гэдэг бөгөөд иймээс ЭМЧИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР маш хүчтэй допинг - СТЕРОИД хэрэглэдэг. Гүйлтийн цанын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг энэ эмэгтэй ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГИЙГ ТАЛАРХАН ДЭМЖИГЧ юм.

Тэгвэл түүний бие бялдрыг гүйлтийн цанын төрөлд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Юлия Сергеевна Белоруковагийнхтай харьцуулан харъя.

Марит БьёргенЮлия Сергеевна Белорукова

Допингоор бордсон энэ эмэгтэй эр хүнийх шиг хүчирхэг хоёр тулгуурт гарын булчинтай болсон байгааг анзаарна уу...

2. Симона Байлз. АНУ-ын гимнастикч, олимпын 4, дэлхийн 19 удаагийн аварга! Багаасаа "Анхаарал болон идэвхжил дутмагжих синдром" буюу Америкт маш элбэг "оношлогддог" ADHD өвчтэйн улмаас хориотой ДОПИНГ бэлдмэлүүдийг АЛБАН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР (хэн яагаад юунд үндэслэж допинг хэрэглэхийг зөвшөөрснийг хэн ч мэдэхгүй), "эмчилгээний журмаар" хэрэглэдэг гэж мэлздэг. Мөн л тэрбээр "цэвэр, шударга" спортын төлөө зогсогч.

Түүний бие бялдрыг түүнтэй хүчтэй өрсөлдөгч олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, европын 5 удаагийн аварга (энэхүү 3 тэмцээнээс нийт 31 медаль хүртсэн) ОХУ-ын гимнастикч Алия Фархатовна Мустафинагийнхтай харьцуулан харъя:

Хэдийгээр энэ хоёр эмэгтэй ойролцоо хугацаагаар, адилхан ачаалалтай нэг спортын төрлөөр хичээллэсэн хэдий ч допинг эмэгтэй хүний бие бялдрыг эр хүнийх шиг болгосон байгааг харцгаая. 

Алии Мустафина и Симона Байлз

 

3. Серена Уильямс. Олимпын 4 удаагийн аварга, газрын теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Их Дуулгын цувралуудад ганцаарчилсан төрөлд 23 удаа (энэ төрөлдөө түүхэн дээд амжилт!), хосын төрөлд 14 удаа түрүүлсэн. Бас байнгын өвчний улмаас, бас л WADA-гийн албан ёсны зөвшөөрлөөр(?!!) оксикодон, гидроморфон, преднизон, преднизолон болон метилпреднизолон зэрэг хориотой допинг бэлдмэлүүдийг байнга хэрэглэдэг.

Түүний бие бялдрыг нэгэн үе түүнтэй маш хүчтэй өрсөлдөж явсан олимпын мөнгөн медальт, Их дуулгын цуврал тэмцээнүүдийн 5 удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Юрьевна Шараповагийнхтай харьцуулан харвал:

Серена УильямсМариа Шарапова


Яагаад Барууны энэхүү үнэмлэхүй аваргууд маань бусдаасаа (жишээ нь энд харьцуулсан ОХУ-ын) дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчдаасаа бие бялдрын хувьд ийм их эрс (яг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн ялгаа шиг) ялгаатай байна вэ? Учир нь тэд допингийн төрлийн эм бэлдмэлүүдийг байнга албан ёсны зөвшөөрөлтэй хэрэглэдэг гэдгийг сая хэлсэн. Допинг гэдэг нь товчхондоо бие махбодийн болон сэтгэцийн үйл ажиллагааг түр хугацаанд маш хүчтэй идэвхжүүлдэг үйлчилгээтэй ХИМИЙН бодисууд юм.

Ихэнх төрлийн допинг нь булчингийн уургийн нийлэгжих явцыг зохиомлоор хүчтэй идэвхжүүлдэг тул энэ төрлийн бодис агуулсан аливаа эм, бэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг тамирчдын булчин хэт хөгжиж томордог.

Допинг нь тамирчдын спортын үзүүлэлтийг зохиомлоор нэмэгдүүлэх арга тул мэдээж хориотой! Байнгын дасгал сургуулилалт, бие сэтгэлийн асар их тэсвэр тэвчээр, хүнд ачаалал, уйгагүй оролдлого, урт хугацаанд зарцуулсан хүч хөдөлмөрийнхөө үр дүнг харуулахаар тэмцээнд оролцож буй бусад цэвэр тамирчидтай тэдгээрийг өрсөлдүүлэх нь дэндүү шударга бус, яагаад ч байж боломгүй үзэгдэл юм.

Эдгээр хүмүүст допингийн төрөлд ордог эм бэлдмэл хэрэглэхийг өвчнийх нь улмаас зөвшөөрсөн байж болно, энэ бол тусдаа - өвчтөний хувийн асуудал. Энэ хүмүүс өвчтэй ч гэсэн спортоор хичээллэж болно, энэ бол мэдээж өөрсдийнх нь сонголтын асуудал. Харин барууны энэ тамирчид ямар нэг өвчтэй нь үнэн юм бол, тийм учраас допинг эмчийн зөвшөөрлөөр хэрэглэдэг юм бол МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН гэх ангилалд багтаж бусад эрүүл-допинг хэрэглэдэггүй цэвэр тамирчидтай өрсөлдөх ёстой гэж үү? Яагаад мэргэжлийн спортын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр - эрүүл мэндийн шалтгаанаар мэргэжлийн тамирчны ажлаас нь чөлөөлөхгүй байгаа вэ?

Зориуд! Ихэнхийнх нь өвчилсөн уг шалтгаан бол допинг удаан хэрэглэснийх юм. Алтан медаль, өндөр мөнгөн шагналын төлөө эрүүл мэнд, амь насыг нь зольсон, тэд өөрсдөө зөвшөөрсөн гэсэн үг. Эс бөгөөс спортод ямар нэг суурь өвчтэй хүнийг өндөр цалинтай мэргэжлийн тамирчнаар авна гэж үү? Бүүр  Олимпод бэлдэнэ гэж үү? Бодоод үзэцгээ...

Ямар ч шалтгаантай байсан тамирчин хэрэв ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ түүнийг ОЛИМП БОЛОН ОЛОН УЛСЫН, ЕР НЬ ЯМАР Ч УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ.

Шударга тэмцээн уралдаан зөвхөн ийм нөхцөлд л байх боломжтой!

Гэхдээ энд зөвхөн "өвчний улмаас" допинг хэрэглэхийг “зөвшөөрсөн” ба хэрэглэдэг, ТЭГСЭН АТЛАА ОЛИМП гэх мэт дэлхийн хэмжээний том тэмцээнүүдэд медаль авсан Барууны тамирчдын жишээг авсан. Тэгвэл допингийн төрөлд албан ёсоор бүртгэгдсэн нэр бүхий бодисуудаас өөр шинэ бодис, агууламж бүхий эм бэлдмэлүүдийг Баруунд лабораторийн болон бусад аргаар маш их гаргаж авч тамирчдадаа хэрэглүүлдэг нь нууц биш болоод удаж буй. Тэдгээр бодисууд нь шинжилгээгээр огт илэрдэггүй ба допинг илрүүлэлтийн практикт одоо хэрэглэж буй арга, техник технологийн боломжинд "баригдахгүй" өндөр түвшинд хүрсэн гэсэн үг. Барууны тамирчдын хэт их зангирсан том булчин шөрмөс, хэвийн бус биеийн хөгжил үүнийг бэлхнээ харуулж байгаа!

Жич: Энэ бүхэн бидний мэдэхээс ч эрт эхэлжээ: Гитлерчүүд асар хүчтэй үйлчилгээтэй нэг төрлийн допингийг химийн аргаар гарган авч, цэргүүддээ тусгай даалгавар гүйцэтгүүлэх зорилгоор өгч байсан байдаг. Уг допингийг хэрэглэсэн цэрэг зөвхөн тэр даалгаврыг биелүүлээд үхдэг байсан байна. Учир нь маш хүчтэй допингийн нөлөөнд орж хордсоны улмаас хэд хоног юу ч иддэггүй мөн огт унтдаггүй болж, яг машин шиг зогсолтгүй ядарч цуцахыг мэдэхгүйгээр тушаалыг гүйцэтгээд л үхэж байжээ. АНУ-ын цэрэгт алба хаасан ихэнх хүмүүс халагдсаныхаа дараа яагаад амиа хорлох нь элбэг байдаг эсвэл гудамжны хар тамхичид болдгийн цаад учир ердөө энэ ажээ!  

Барууныхны допингийн түүх ийм. Тиймээс Оросын хэдхэн нэр бүхий тамирчныг "допинг хэрэглэсэн" хэмээн буруутгаж ОХУ-ын бүх тамирчдын Олимпод оролцох эрхийг нь хасна гэдэг бол ЗОРИУД "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх хялгасыг харж байгаа" явдал бөгөөд ОХУ-ыг ямар ч аргаар хамаагүй харлуулж, нэр хүндийг нь гутаах гэсэн УЛСТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ БОХИР АРГА юм.

Бас нэг чухал асуудал бол аливаа тамирчин допинг хэрэглэсэн байвал тэр нь тухайн тамирчин болон дасгалжуулагчийн хувийн сахилга бат, хариуцлагын асуудал тул тухайн тамирчин, дасгалжуулагчид хувийн хариуцлага тооцон шийтгэж тэмцээн уралдаанаас хасах ёстой. Харин энэ шийтгэлийг бүхэл бүтэн нэг улсад хүлээлгэн, тэр улсын Олимпод оролцох эрхийг нь бүхлээр нь хасаж байгаа нь бусад тамирчдын нөр их бэлтгэл сургуулилалт урт хугацааны хичээл зүтгэл, ялангуяа барууныхны өөрсдийнх нь улиг домог болтол хашгичдаг нөгөө "хүний эрх" гээчид нь ноцтой халдаж буй хэрэг биш гэж үү?

Тамирчдын хувьд "спортод амжилт гаргах нас" гэдэг - шинжлэх ухаанаар тогтоогдсон хэдхэн жилийн оргил үе байдаг. Дөрвөн жилд ганцхан удаа болдог Олимпод оролцохоор хүчээ шавхан бэлтгэсэн тамирчин ийм шударга бус шалтгаанаар өнжихөд түүний "амжилт гаргах оргил үе" дараагийн Олимпын ээлж ирэхэд дууссан байж болно. Эсвэл өөр шинэ залуу "оргил үе дээрээ яваа" тамирчин түүний оронд сонгогдох болно. Үнэхээр шударга бус. Мөн МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧНЫ цалин хөлс, орлого, шагнал урамшуулал нь зөвхөн тухайн спортын салбарт гаргасан өөрийнх нь амжилтаас буюу Олимп, тив дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, чанар зэрэглэлээ ахиулж, медаль авч чадсан эсэхээс хамаардаг. Тиймээс ийм шударга бус шалтгаанаар Олимпоос хасах нь тухайн тамирчинд үзүүлж буй эдийн засгийн дарамт юм...


Тэгвэл допингод нэр холбогдоогүй Оросын бусад тамирчдад өөр сонголт байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. "Байгаа" гэнэ ээ. Өөрийнхөө улсын далбааг мандуулж болохгүй - дайнд бууж өгсөн цэргүүд шиг цагаан туг барь гэнэ, өөрийнхөө улсын нэрийн өмнөөс биш - эх оронгүй золбин зуйгуул цагаач мэт юуны ч төлөө юм бүү мэд зүгээр л өрсөлд гэнэ, өөрийнхөө улсын ёслолын болон спортын дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй - хоригдол мэт "нейтрал" хувцсаар ижилсэх ёстой юм гэнэ. Энэ бол зүгээр л доромжлол юм. Тамирчдыг нэг бол эх орноосоо урва, нэг бол амжилтаасаа татгалз гэжээ.

Энэ зориудын өдөөн хатгалга, бохир аргаараа барууныхан ОХУ-ын удирдлагыг аль ч нөхцөлд хохиролтой шийдвэр гаргах "сонголтгүй сонголт" руу түлхэж байгаа юм. Олимпод оролцохоос бүрмөсөн татгалзвал тамирчдаа хохироосон хэрэг болно, оролцохыг нь зөвшөөрвөл улсаа доромжлохыг хүлцэн тэвчсэн хэрэг болно. Алийг нь ч сонгосон шүүмжлэлд өртөнө. Өөрөөр хэлбэл оросын тамирчид, багш дасгалжуулагчид дунд, цаашлаад олон нийтийн дунд үзэл бодлын талцал, зөрчил-хагарал үүсэх юм. WADA-гийн шийдвэр бол яг ийм байдалд хүргэх зорилготой.

Оросууд Олимпоос маш олон медаль авдаг. Гэвч энэ удаад ОХУ-ын тамирчид нэргүй төргүй "цагаан туг барьж" хэн ч биш юу ч биш мэт Олимпод оролцвол, авсан медаль нь, гаргасан амжилт нь ОХУ-ынх биш - эх орных нь биш, баярлах бахархах ялалт биш, зүгээр л нэг "золбин" медаль - металын өөдөс байх болно. Энэ бол сэтгэлзүйн дайны шалгарсан технологи.

Энэ бүх хаанаас нь ч харсан шударга үнэн байх зарчмыг илтээр зөрчсөн бохир технологийн цаана хэн зогсож байгаа, түүнээс хэн ашиг хүртэж байгааг олж мэдэхэд тийм ч хэцүү биш ээ!



 Цуврал нийтлэлийн 9-р хэсэг

 Монгол ба ЗХУ

XVII зууны II хагасаас эхлэн Монголын их гүрний Лигдэн зэрэг эх оронч хаад мөн Цогт хунтайж зэрэг олон ухаалаг эх орончид Манж Хятадын зүгээс Монголын их гүрнийг нэгмөсөн дарж улмаар өөртөө уусган нэгтгэх гэсэн зөөлөн хүчнийх нь бодлогын хурц жад зэвсэг - Төвдийн ламын шашныг манай ард түмний тархи, далд ухамсарт нэвтрүүлж суулгахын эсрэг олон жилийн турш хүчтэй эсэргүүцэн асар их цус урсаж олон эх оронч эрс амь насаа зольсон их тэмцэл нэр бүхий хэдхэн ноёдын хувиа хичээсэн увайгүй хуйвалдаан-урвалтын үр уршгаар харийн армид ялагдан Монголын их гүрний голомт нутаг ард түмэнтэйгээ олон зуун жил харийн талхинд орсон эмгэнэлт түүхтэй билээ. Ийнхүү дайн, тулааны талбарт монголчуудыг хэзээ ч ялан дийлж байгаагүй хятадууд чухамдаа төвдийн шарын шашнаа ашиглаж Монголын Их гүрнийг эргэн сэргэлтгүй нэгмөсөн дарж авсан бөгөөд тэд чухамдаа шарын шашнаараа дамжуулж Монголын их төрийн өндөр сэнтийн оргилд анх удаа Богд гэж нэрлэсэн харийн этгээдийг суулгаж тэр цагаас хойш Монгол орны манай ард түмний уруудал доройтол эхлэн манай үндэстний хөгжил дэвшлийг 220 гаруй жилийн турш боомилж XX зууны эхэн – 1921 он гэхэд үндэстний мөхлийн ирмэгт хүргэсэн байсныг манай түүхийн бодит үнэн гэрчилдэг.

XVII зуунаас манай ард түмний ой ухамсрыг аажмаар хордуулан нэвчсэн ламын шашин 1921 оны ардын хувьсгалын дараа ч манай улс нийгэм ард түмний амьдралын эд эс бүрд нэвчсэн асар хүчтэй нөлөөтэй хор хэвээр байв. Улсыг удирдах дээд албанаас энгийн эгэл бор ард монгол хүний хувьд ч шарын шашны мухар сүсэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болон бүүр "манай уугуул ёс заншил, уламжлал" гэж төөрөлдөх түвшинд нэвтэрсэн асар хүчтэй харийн үзэл суртал-мухар сүсэг байсан учир чухам энэ бүхний эсрэг хэтэрхий эрс ширүүн огцом хөдлөх нь төр засгийн бодлого гэж чухам юу болохыг ойлгож байсан гадаад болоод дотоодын хэний ч хувьд асар эрсдэлтэй, тун болчимгүй үйлдэл болох нь ойлгомжтой байлаа.

ЗХУ-ын хувьд чухам Зүүний нугалааны үед болсон зүйлийг хэрэв манай төр засагт тулгасан бол 1921 оны Ардын хувьсгалаас хойш манайд явуулсан шат дараатай тусламжийн бодлогууд буюу цаашид Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж үнэнч хөрш-холбоотон болгоход чиглэсэн, мөн геополитикоор нөхцөлдсөн амин чухал шаардлага-зорилтыг нь бүрэн сүйрэлд ч хүргэж болох дэндүү болчимгүй алсын хараагүй алхам болох байсан нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой. ЗХУ-ын төр засгийн удирдлага, ард түмэн энэ зорилгынхоо хүрээнд монголчуудад 1921 оны Ардын Хувьсгалын үеэр ч, мөн дараа нь улс эх орныхоо олон зууны хоцрогдлыг даван туулж хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй танилцан хүлээн авч цаашид мөр зэрэгцэх, хөгжиж дэвших их үйлсэд бүх талын тусламжийг харамгүй ихээр үзүүлсээр ирсэн билээ. ЗХУ-ын зүгээс манай оронд юуны өмнө мал эмнэлгийн хороодыг байгуулах, орчин үеийн тээврийн салбарыг байгуулан хөгжүүлэх - “Улсын тээх нэвтрүүлэх хороо”-г байгуулах, анхны нисэх хүчний суурийг тавих, цахилгаан утасны шугам тавих, гутал, хувцас, эмээл, гөлөм зэргийг хийх гар урчуудын артель байгуулах, ЗХУ болон нацист дэглэм тогтохоос өмнөх Герман, Францад манай залуучуудыг явуулж сургах, Монголын түүхэнд анх удаа үндэсний банкийг байгуулахад бүх талаар туслан Монголын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд оруулан үндэстний бие даасан мөнгө, санхүүгийн тогтолцоотой болох зэрэг улс орны амин чухал үйлсүүдэд өөрсдийн мэргэжилтнүүдийг илгээн тусалж, мөн монголчуудад заан сургах, бүх нэр төрлийн бараа материал, техникийн тусламж үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон хэлбэрээр бүх талаар тусалж байсан нь түүхэнд тоо баримттайгаа үлдсэн байдаг.

Чухам энэ бүхний эцэст, хэрэв манай оронд Д.Өлзийбаатарын бичсэн шиг хэт туйлширсан болчимгүй бодлогоо тулгаж балмад “туршилт” гэгчээ зориуд явуулсансан бол 1921 оны Ардын хувьсгалаас хойш 10 гаруй жил уйгагүй хамтран ажиллаж, тусалж дэмжсэний эцэст гэнэтхэн “өөрөөсөө хөндийрүүлэн түлхэж” буй хэрэг болох байв. Улмаар өөрийн геополитикийн өрсөлдөгч Япон, Чан Кайшийн Хятад болон манай дотоодын тийрэнгүүд - ард түмнээ харийнхантай нийлж мөлжиж туйлдуулж байсан, эрх ямбаа алдсандаа сэм өширхөж байсан хуучин феодал ноёд, том лам нарт маш сайхан далим гаргаж өгөх байсан нь эрүүл ухаантай хэнбугайд ч тодорхой юм.


Монгол ба Япон

Эртнээс төлөвлөж байсан эзэрхэг бодлого үйл ажиллагаагаа Ази тивд 1896 оноос явуулж эхэлсэн байсан Японы эзэрхэг гүрний хувьд манай улсын газар нутаг, байгалийн нөөц баялаг бол геополитикийн чухал түшиц газар, нөөц - бай нь байсан билээ (яагаад гэдгийг доор дэлгэрэнгүй тайлбарлах болно). Иймээс нөгөөтэйгүүр, 1921 оны Ардын хувьсгалаас хойш хуучин эрх ямба, ард түмнээс мөлжин хураасан байсан өмч хөрөнгөө алдсан дотоодын хар шар феодалуудын хувьд ч Японы эзэрхэг гүрэн бол манай бүс нутагт ЗХУ-ын эсрэг сөрөн зогсох, ноёд том лам нарт хуучин эрх дархаа олж авахаар тусламж эрэх хамгийн найдлага бүхий холбоотон байж болохоор байв. Үнэхээр аль аль талаасаа холбоо тогтоох оролдлогууд хийж байсныг түүхэн баримтууд гэрчилдэг.

Бүүр “1912 оны 7-р сарын 8-д байгуулсан (хаант) орос-японы нууц хэлэлцээртэй холбогдуулан Япон нь Өвөр Монголд, хаант орос нь Гадаад Монголд нөлөөнийхөө хүрээг бататгахаар тохиролцжээ. Түүгээр ч барахгүй Япон улс Гадаад монголыг Өвөр монголын тал руу татах ба Манжуурыг өөрийн хяналтад авах бодлого тавьж байв. Бие биенээ <харилцан ойлголцох> япон-монголын нийгэмлэг гэгч 1913 оны 12-р сард байгуулагджээ. Хятадын хөрөнгөтөн газрын эзэд, манжийн хаант ёсыг сэргээх гэсэн үзэлтэн, Монголын феодалын дотроос хаант ёсыг баримтлагч хэсгийг Япон улс дэмжиж байсан бөгөөд жишээ нь, харчин Бавуужавыг ихээхэн ашиглаж байсан юм.”*

Мөн “Энэ үеэр японы албан ёсны бус голдуу худалдааны янз бүрийн хүмүүс гадаад Монголд ирэх нь олширчээ. Манж генерал Тянь, Япон Кодама нар Да хүрээнд 1913 онд иржээ.”*

Үүнээс нилээн хожим Япон улс Монголын үндэсний үзэлтэн янз бүрийн этгээдүүд ба атаман Семеновын дэмжлэгээр, Байгал нуураас зүүн тийших газар, Буриад, Чит муж, мөн Гадаад, Дотоод Монгол, Баргыг оролцуулан Монголын Нэгдсэн нармай их Улс гэгчийг байгуулахаар төлөвлөгөө хийж, түүнийгээ биелүүлэхээр шийдвэрлэжээ. Японы эрхшээлийн дор тийм нармай монгол улсыг байгуулбал түүний өргөн нутгийг зөвлөлтийн эсрэг тэмцлийн талбар болгон хувиргаж улмаар японы ноёрхлыг Бүх Умард Хятадад тогтоож болно гэж Японы эзэрхэг гүрний бүлгийнхэн үзэж байжээ.

Бээжинд байсан хаант оросын элчин Кудашов, Колчакийн засгийн газрын гадаад явдлын яаманд 1919 оны 3-р сарын 19-нд бичсэн нь:

Семенов японы гар хөл болж байна. Гэхдээ Япон улс албан ёсоор энэ хэргийн гадна байгаа царай үзүүлж байгаа боловч Японы цэргийн эрхтэнгүүд манай улстай зах нийлсэн хязгаар нутгуудад будлиан самуун тарьж, улмаар манай газар нутагт японы нөлөө, түүний цэргийг удаан хугацаагаар үлдээн байлгах гэж байна гэжээ.”*

Харин нөгөө талаас манай феодалуудаас ч Японд хандах, тэднээс хөрөнгө, зэвсгийн тусламж авах оролдлогууд олон гарч байсан байна. Жишээ нь, 1920 оны 8 сард Д. Сүхбаатар, Догсом, Бодоо нар эх орноо хятадын дарлалаас чөлөөлөхөд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичиг үйлдэж, тэр бичгээ албажуулахын тулд Богдын тамга даруулж авч явахаар шийдвэрлэсэн бөгөөд харин Богдын зүгээс уг бичигт тамга дарахыг элдэв шалтаг заан хойшлуулсаар байсан ба зөвхөн Америк, Японоос тусламж гуйх бичигт?! тамга дарсны дараа л сая уг бичигт тамгаа дарж өгсөн байдаг байна. Мэдээжийн хэрэг, Зөвлөлт Орос Улс нь феодалын нийгмийг халж гарч ирсэн, түүний эсрэг үзэл баримтлал бүхий байсан тул Японы эзэрхэг гүрэн бол Богд тэргүүтэй хар, шар феодалуудын хувьд хамгийн боломжит холбоотон, өөрсдийнх нь эрх дархыг сэргээхэд тэдний зэвсгийн хүчээр ард түмнээ тэдэнтэй нийлж шулан мөлжиж байх дэглэмээ авч үлдэхэд нь туслах хамгийн найдлага бүхий хүчин байсан нь түүхэн баримтуудаас тов тодорхой байдаг. Энэхүү горьдлого найдлага нь Ардын Хувьсгалын дараа бөхөөгүйгээр үл барам харин далд сэм байдалд орж хуучин эрх дархаа алдсан ноёд, том лам нарын дотор Ардын засаг, ард түмнээс өшөөгөө авах шуналын түймэр нь улам ч илүү хүчтэй дүрэлзэж байсан юм.


ЗХУ ба Япон

Барагцаалбал 1915 онд Японы <Омото Кио> гэдэг нэртэй шинэ бүлэглэл гарч ирж улс орны дотор түргэн түгж дэлгэрчээ. Түүний гол номлол нь Япон улс эзэн хаанаараа толгойлуулан дэлхийг эзэгнэн захирах явдал байв.”**

Японы эзэрхэг гүрний хувьд Хаант оросын үед ч, Зөвлөлт Оросын үед ч Оросын газар нутаг ялангуяа Сибир бол асар өргөн уудам орон зай, нөөц баялаг, хүнд ардтайгаа хэзээд тэдний эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөнийх нь хамгийн гол бай нь байсаар ирсэн байдаг. Үүний баталгаанууд нь 1904-1905 оны Орос-Японы дайн, Оросын иргэний дайныг далимдуулж хийсэн японы 70 мянган цэргийн интервенц, мөн 1939 оны Хасан ба Халхын голын дайн юм. Мөн чухам 1920-иод оны төгсгөлд ч энэхүү олон жилийн шунал дайсагнал нь үзэл суртлын халхавчинд орж коммунизмын эсрэг хэлбэрээр илэрсээр байжээ.

Японы гүрэн 1925 онд өөрийн Аюулгүй байдлыг хамгаалах хууль гэгчийг баталжээ...

Тэнд коммунизмын үзэл санаанд төдийгүй, ер нь бүх төрлийн социалист радикал үзэл санаа, үндсэн хуульд өөрчлөлт реформ хийх гэсэн бүх оролдлогод хориг тавьж харгис хатуу хууль гаргаж байсан нь Японы засгийн газар олон зуун жил дарлагдсан өөрийн ард түмэн нь олон зуун жилийн гүн нойрноосоо сэрэхээс, тэдний дунд социализм коммунизмын үзэл санаа тархаж өсөн дэлгэрэхээс, өргөн олон түмний дэмжлэг хүлээхээс хэчнээн их айж эмээж байсныг гэрчлэн харуулж байв...

Коммунизмын эсрэг кампанит явуулга анх удаа 1928 оны эхээр хүчтэй өрнөж, нэг шөнийн дотор мянга гаруй хүнийг баривчлан хорьж байжээ. Түүнээс хойших жилүүдэд харгис цагдаагийн ангуучлал, үй олноор нь баривчлах явдал Японд ердийн үзэгдэл болсон байна.”**

Эндээс харвал Японы эрх баригч цөөнхийн давхарга Орост-ЗХУ-ын нөөц баялагт шунасан, үүнийгээ халхавчилсан дайсагнагч бодлогыг олон жилийн турш явуулж ирсэн бөгөөд Японы зүгээс зэвсэгт түрэмгийлэл үйлдэх магадлал хэзээд байсан гэсэн үг юм.


Монгол, ЗХУ ба Япон

Тэгвэл Монгол улс-БНМАУ энэ хоёр гүрний геополитикийн бодлогод ямар ач холбогдол, байр суурьтай байв? Үүнийг ойлгохын тулд газрын зураг дээр харьцуулж үзье.

russia1939.08.22

europe1939.03.15

Эхний зураг нь Халхын голын дайны яг өмнөх үеийн Ази тивийн газрын зураг бол, хоёр дахь нь Гитлерийн герман Польш руу дайрахын өмнөхөн үеийн Европ тивийн газрын зураг. Мэдээж энэ 2 үйл явдлын цаад зорилго бол аль аль нь ЗХУ-д халдан довтлох байсан билээ. Харин яагаад нэг нь Польш руу, нөгөө нь Монгол руу эхэлж дайрсан юм бол? Герман ЗХУлстай хиллэдэггүй, иймээс 1938 оны хавар Британи, Францын зохион байгуулсан Мюнхений хуйвалдааны үр дүнд Гитлерийн армид хаяж өгсөн байсан Чехословакийн газар нутгаар дамжин Румыны талаас ЗХУ руу дайрах боломж байсан. Энэ нь илүү аюул багатай байсан байна. Учир нь Польшийн талд Их Британи, Франц хэмээх хүчирхэг орнууд зогсож, хэрэв Герман халдан түрэмгийлсэн тохиолдолд Польшийг хамгаалан Германтай тулалдах гэрээтэй байсан (мэдээж энэ гэрээгээ тэд хэзээ ч биелүүлээгүй) шүү дээ. Үүнийг мэдсээр байж Польш руу дайрах нь Гитлерийн хувьд өөрийнх нь хэлснээр Кайзерын Герман Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан гол шалтгаан-бүх европтой нэгэн зэрэг дайтсаныг дахин давтсан ухаангүй үйлдэл болох байсан. Гэхдээ л тэр үүнийг хийсэн. Яагаад? Яагаад гэвэл Гитлер ЗХУ-д халдаж байлдан эзлэхийн тулд аль болох өргөн фронтоор давших зайлшгүй шаардлага тулгарсан байсан юм. Довтолж буй талд ийм нөхцөлд л ялах боломж ихэсдэг байна.

Тэгвэл яг энэ өнцгөөс эхний зураг руу харна уу. Хэдийгээр Японд ЗХУ руу өөрсдийн эрхшээлд байсан тоглоомын Манж-Гоу улсаар шууд довтлох боломж байсан ч тэд эхлээд Халхын голоор дамжин манай улсыг эзлэхээр завдсан. Яагаад? Хариулт нь өмнөхтэй яг л ижилхэн. Монгол бол Японы хувьд Польш Гитлерт ямар чухал байсантай адил тийм чухал объект, цаашдын дайны амжилтыг шийдэх хэмжээний байлдааны түшиц газар байсан гэсэн үг.

Эндээс харвал зөвхөн 1939 онд ч биш, түүнээс ч өмнө Монгол бол Японы хувьд өрнө зүгт (тэр дундаа хаант Орос, ЗХУ руу) хийх түрэмгийллийнх нь чухал түшиц газар байсан байна. Харин ЗХУ-ын хувьд Монголыг хамгаалах нь Японы зэвсэгт түрэмгийллээс өөрийгөө хамгаалах гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийнхүү манай орон бол уг хоёр улсын геополитикт онцгой байр суурийг эзэлж байжээ.


Дүгнэлт

Одоо энэ нийтлэлд бичсэн баримт бүхнээ нэгтгэн дүгнэе. Японы талаас эртнээс нааш ЗХУ-ын нутаг дэвсгэрт (уг нутаг дэвсгэрт ямар засаглал тогтож байснаас үл хамааран) заналхийлсээр ирсэн байна. Харин ЗХУ-ын хувьд иймэрхүү аюул заналхийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд Монгол улстай холбоотон байх зайлшгүй шаардлагатай байсан байна. Хэрэв дайн болох нөхцөл бүрдвэл юун түрүүнд энэ дайн танай хилээс аль болох хол эхлэх ёстой гэдэг зарчим байдаг. Хэдий 1929 онд Японы талаас ЗХУ-д илэрхий дайны аюул занал байгаагүй ч Японы империалист үзэл санаа нь амь бөхтэй хэвээр байсан тул энэ нь боломжит, ор тас үгүйсгэх аргагүй зүйл байсан нь ойлгомжтой.

Тэгвэл ЗХУ-д юу хэрэгтэй байсан бэ? Юун түрүүнд Монголтой холбоотон болж, энэ харилцаагаа байнга тордож, бэхжүүлж байх бол хамгийн нэн тэргүүний чухал зүйл байсан. Үүнийгээ ч тэд хийсэн бөгөөд 1921 оны Ардын хувьсгал болон түүнээс хойших манай орны шийдвэрлэх асуудлуудад харамгүй тусалж байсны хүчээр манай хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжиж байв.

Харин Японд юу хэрэгтэй байсан бэ? Мэдээж Монгол-Зөвлөлтийн харилцаанд сэв суулгах, хэрэв тийм нөхцөл бүрдвэл Монголын санааг өөр рүүгээ эргүүлэх. Яг 1929 он буюу Ардын Хувьсгал ялсны дараа, нэгэнт ЗХУ-ын талд асуудал эргэсэн байсан тэр үед манай орны дотоодод чухам хэний ашиг сонирхол Японы ашиг сонирхолтой давхцаж, улмаар өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хэнийг Япон ашиглах боломжтой байсан бэ? Мэдээж энэ бол хуучин феодал ангийн төлөөлөл. Тэр дундаа хуучин цагт өөрт булаан хураасан байсан асар их эд хөрөнгө, эрх дархаа алдсан байсан том ноёд, том толгой лам нар байв.

Яг энэ үед Зүүний нугалаа хэмээх хэрэг өрнөсөн. Олон зуун жилээр манай ард түмний аж амьдралд нэвт шингэсэн бурангуй үзлийг тийм ч амархан арилгах боломжгүй байсан нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс 1929 он хүртэл энэ үйл хэргийг маш алгуур, нарийн нухацтай аргуудаар аажмаар хийж байсан юм. Мэдээж хэдэн зуунаар итгэж үнэмшиж явсан бүхнийг нь хэдхэн сар, хэдхэн жилийн дотор бүрмөсөн үгүйсгэж, тэр бүхэнд нь эрээ цээргүй халдана гэдэг бол ард түмний эгдүүцэл бухимдлыг төрүүлэх, цаашлаад нэгэнт бослого тэмцэл гаргахад бэлэн байгаа шарын шашны томоохон лам нарт ч сайхан далим өгөх байсан машид ойлгомжтой хэрэг юм. Мөн үүнийг ашиглан Япон БНМАУ руу цэргийн интервенц ч оруулж ирэх боломж бүрдэх байсан...

И.Сталин ийм болчимгүй ухаангүй зүйл хийж манай удирдагчид, ард олны санааг өөрөөсөө түлхэн, Монголыг энэ бүс нутаг дахь хамгийн гол геополитикийн өрсөлдөгчдөө өөр рүү нь дайрч дайн дэгдээх талбар болгох шалтаг боломж гаргаж өгөх байсан гэж үү? Тэр иймхэн зүйлийг урдаас харж чадахааргүй тийм тэнэг хүн байсан гэж үү? Үгүй дээ, мэдээж үгүй. Түүний хүрсэн амжилт бүхэн түүнийг үнэхээр сод удирдагч, стратегич сэтгэгч байсныг батлан харуулдаг.

Ялангуяа энэ үйл явдал 1929 онд Монголд эхэлсэн. Энэ үеийн нөхцөл байдал бол нэгэнт дайн болох нь гарцаагүй болсон байсан 1930-аад оны хоёрдугаар хагасаас тэс ондоо юм. 30-аад оны хоёрдугаар хагаст бүх зүйл өөр болсон байсан. Нэг талаас дайн болох нь бараг гарцаагүй болсон, нөгөө талаас энэ дайнд бэлдэх ёстой болсон байсан юм. Гэтэл хуучин феодал анги ноёд лам нар хэрэв маргааш дайсан дайрвал тэдэнд урваж, улс орон, ард түмнээ хорлон сүйтгэхэд бэлэн байсан үе. Хэрэв 1929 онд асуудал ингэтлээ хурцадсан байсан бол 1929-1932 оны Зүүний нугалаа шиг хатуу ширүүн арга хэмжээ бол зайлшгүй байх байхсан. Гэтэл 1929 онд асуудал ингэтлээ хурцдаагүй байсан шүү дээ! Асуудлыг 1921 оноос хойш явуулж байсан аажуу тайван бодлого, арга хэмжээнүүдийнхээ хүрээнд шийдэх бүрэн боломж байсан.

Тэгвэл Д.Өлзийбаатарын дүгнэн бичсэн шиг Сталин манай оронд ийм “туршилт” явуулах ямар хэрэгтэй байсан юм бэ? Энэ асуултад Д.Өлзийбаатар өөрөө ч хариулаагүй байна. Зүгээр л “туршилт” хийсэн гээд болоо!? Ямар ч баримт, баталгаа нотолгоо, ишлэл зүүлт байхгүй. Зөвхөн өөрийнхөө эртнээс төлөвлөсөн дүгнэлт гэгчдээ ямар ч аргаар хамаагүй хүргэхийн тулд нэг биш удаа зохиомол дүгнэлтүүд хийсэн байна, докторын зэрэг горилсон диссертацдаа!!!

Мэдээж хэрэг, И.Сталинд ийм болчимгүй тэнэг зүйл хийж өөрийн улс эх орондоо төвөгтэй асуудал үүсгэх ямар ч бодит шалтгаан, шалтаг байгаагүй ээ!!! Геополитикийн талаас ч, эдийн засгийн талаас ч, бүүр үзэл суртлын талаас (Сталин хувьсгалын солиотой фанатик огт байгаагүй гэдгийг маш олон түүхэн бодит баримтаар баталж нотолж болно оо) ч ийм шалтгаан огт байхгүй байсан гэдгийг, бүүр тийм бодит бололцоо, хүч нөөц, хөрөнгө мөнгө ч байхгүй байсан гэдгийг би нийтлэлүүдээрээ баримтуудаар харууллаа.

Тэгвэл ямар нэг онцгой шалтгаангүйгээр ийм бодлого тулган хэрэгжүүлнэ гэж мэдээж бүүр ч байхгүй ээ! Ялангуяа ийм осолтой үр дагаварт хүргэж болох зүйлийг.

Төгсгөлд нь дараах баримтуудад анхаарлаа хандуулахыг хүсье.

1. 1929-1932 оны үйл явдал бол яах аргагүй тун их гарз хохирол дагуулсан маш буруу бодлого байсан.

2. Гэхдээ энэ нь И.Сталины манай оронд хэрэгжүүлсэн туршилт байсан гэх бодит нотолгоо огт байхгүй байна.

3. Хамгийн гол нь энэ үйл хэргийг удирдаж, зүтгүүлж байсан тэр үеийн манай нам, төрийн удирдлагуудын дотор бүүр бичиг үсэгт ч бүрэн тайлагдаагүй хүмүүс цөөн биш байсан гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл тэр үеийн удирдлагууд бол боловсрол мэдлэг тун хомс хүмүүс байсан гэсэн үг. Чухам ийм хүмүүст улс орны жолоог өгөөд, дураар нь тавьбал юунд хүргэдгийг бид сүүлийн 30 жилийн турш яг өөрсдийн биеэр мэдэрлээ шүү дээ.

4. Зүүний нугалааг удирдсан тэр хүмүүс бүгд дараа нь зохих шийтгэлээ авсан байдаг бөгөөд түүний дараах “Шинэ эргэлтийн бодлого”-оор тэр бүх алдаа дутагдлыг залруулсан юм.

 

Ашигласан материал

* Б.Ширэндэв, Монголын ардын хувьсгалын түүх, 1969 он
** Ж.Неру, Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл, III боть, 1989 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр 
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал  
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг