"Өдрийн сонин"-ийн сэтгүүлч Э. Энхболд Америкийн хөрөнгө оруулалттай = үзэл суртал + нийтлэлийн бодлоготой "Eagle" ТВ-ийн олон улсын тоймч Ш.Гантулгатай 8-р сарын сүүлчээр болох ОХУлсын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалтай холбогдуулан зарим нэг асуултууд тавьж ярилцсан байна. (Гэсэн хэдий ч Ш. Гантулга гуай бусад зомбинуудыгаа бодвол бодит үнэн байдлыг боломжийнхоо хэрээр "мэр сэр" ярьдаг, мэдээлдэг нэгэн билээ)

Наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин нар нэг өдөр Монгол Улсад айлчлахаар боллоо. Айлчлалын гол зорилго юу байх бол? Ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ?

Халх голын 75 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын өндөр албаны хүмүүс айлчилж магадгүй гэдэг зүйл тодорхойгүй хэвээр байсан. Сүүлийн үед Халх голын ойгоор тэднийг айлчилж магадгүй гэдэг баттай мэдээлэл сонсогдож эхэллээ. Энэ удаагийн айлчлал нь эерэг зүйл болно гэж харж байгаа. Айлчлалын үеэр ОХУ-ын талд манайхны зүгээс ямар санал тавьж, ямар асуудлуудыг шийдэх вэ гэдэг дээр хүмүүс янз бүрийн таамаг гаргаж байна. ОХУ болон Монгол Улсын хооронд визгүй зорчих асуудал, эсвэл манай орны ямар нэгэн орд газарт уул уурхайн компанийг оруулах, Монголын нутгаар дамжин гарах төмөр замын сүлжээг өргөтгөх гэх мэт олон зүйлсийг хэлэлцэх байх. В.Путины энэхүү айлчлал нь манай оронд маш ашигтай байж магадгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. ОХУ, БНХАУ-ын дунд Монгол Улс оршин тогтнодог. Манай орныг ид шидийн хүчээр нүүлгэн АНУ, Мексикийн дунд аваачин тавьж болохгүй тул ОХУ-тай харилцаагаа сайжруулах ёстой. Хэрэв үнэхээр В.Путин манай оронд ирвэл их том "шаанс" гарч ирнэ.

Яг ямар боломж гарч ирнэ гэж?

ОХУ-аас хэдэн рубль авахдаа биш ямарваа нэгэн дипломатын бодлогодоо визийн хөнгөлөлт авах нь ч биш юм. Өмнөх үеийн удирдагчид үүнийг сайн ойлгодог байсан боловч одоогийн удирдагчдын толгойд ерөөсөө орж өгөхгүй байгаа (яагаад тэр вэ? Иймээс тэд хэн болж таарч байна вэ?..) Монгол Улс, ОХУ-ын хоорондох ах дүүгийн найрамдалт харилцааг сэргээх явдал чухал юм. Одоо Орост маш чухал үйл явдал болж байна. Тэд хоёр дахь удаагаа ухаан орж, нойрноосоо сэрж эхэллээ. Оросын эргэн тойронд хэн байсан, хэн нь найз нөхөр вэ гэдгийг дахин харж, тодорхойлж байгаа чухал зүйл болж байна. Өмнө нь ОХУ АНУ-тай сайн түнш байсан бол Украины асуудлаас болж дайсан болоод байгаа! Энэ мэтчилэн асуудлуудаас болж дэлхийд хүчний харилцаа өөрчлөгдөж бие бие рүүгээ дайсагнасан болон өөр хоорондоо эвсэн нэгдэж холбоо байгуулсан бүлэглэлүүд бий болж байна.

Тэгэхээр манай улс ямар ч байсан ОХУ-ын дайсан болчихгүй байх хэрэгтэй. Эл улстай найрамдалт харилцааг сэргээж чадвал ямар ч орд газрын концесс, ямар ч визийн асуудлаас хамаагүй ашигтай. Тиймээс Халх голын түүхэн ялалтыг бид ашиглах ёстой. Халх голын тулалдааны дараа дэлхийн хоёрдугаар дайн болсон гэдгийг Оросын иргэд сайн мэдэж байгаа. В.Путиныг айлчлахад Монгол Улсын эрх ашгийн үүднээс энэ хүнийг хамгийн дээд зэргээр хуучин Ю.Цэдэнбал даргын үед Брежнев даргыг айлчлахад яаж хүлээж авах байсан яг тэр хэмжээнд баяр ёслолын хэмжээнд анд нөхрийн хувиар хүлээн авах нь зүйтэй.

Хэтэрхий тал засчих гээд байгаа юм биш үү?

Хэрэв ингэж чадвал гуравдагч хөрш гэж өөрөө өөрсдийгөө хуурсан гадаад бодлогын загвараас татгалзаж, Монгол Улсыг олон арван жил тусгаар тогтноход хүргэсэн тэр хүчинтэй эв зүйгээ олох боломжтой, Монголын тусгаар тогтнолыг орос цэрэг цусаа урсгаж хамгаалсан гэдэг нь түүхийн гарцаагүй үнэн. Бид Оросын цэргийн тусламжийг аваагүй бол Японы колони болох байсан. Хэрэв тэгсэн бол тусгаар тогтнолыг олж аваагүй байх байв. Энэ удаагийн айлчлалаар Орос Монголын харилцааг сайжруулж чадна гэж бодож байна.

Түүнийг ирэхэд бид яах ёстой вэ?

В.Путиныг айлчлахад бид янз бүрийн мөнгө төгрөг гуйх биш зүгээр л анд нөхрөө монголчууд өмнө нь тал нутагтаа хэрхэн угтаж авч байсан шиг хүлээн авах хэрэгтэй. Монголчууд гэртээ ирсэн зочноос мөнгө нэхээд байдаггүй шүү дээ. Үүнийг санаж В.Путиныг хүлээн авч монголчууд анд нөхөр нь юм гэдгийг харуулах нь л чухал.

Одоогийн бид мөр зэрэгцэн тэдэнтэй хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан хүмүүсийн үр ач болохоос АНУ-ын хамсаатан [дагуул боол] биш, Хятадын үр удам ч биш гэдгийг батлан харуулах шаардлагатай. Ингэж чадвал хоёр орны харилцаа сайжирна. Монголчууд бидний анд нөхөр гэдгийг хүлээн зөвшөөрбөл тэртэй тэргүй биднийг тусалж дэмжинэ. Биднээс өмнөх удирдагчид Оросод анд нөхөр гэдгээ харуулж байснаас юм гуйж байгаагүй.

Харин оросууд бидэнд сайн дураараа асар их тусалж байсан гэдгийг мартаж болохгүй. Тэд юуны өмнө алт, мөнгө, ашиг хонжоо хардаггүй. Зөвхөн анд нөхрөө аврахаар цусаа урсгадаг ард түмэн Оросоос өөр байхгүй. Иймээс анд нөхрийн харилцаагаа сайжруулах нь хойчийн үр хүүхдүүдэд НЭН их хэрэгтэй.

Тухайн үед Хятадын Чин И Монголын хойчийг сайжруулах 64 зүйлийг гаргаж байсан гэдэг. Тэгвэл өнөөгийн Монголын хойчийн ирээдүйг сайжруулах зүйл нь ОХУ-тай сайн нөхрийн харилцааг сайжруулах явдал юм. Бид Оростой сайн харилцаатай байлаа гээд алдаад байсан зүйл байдаггүй!

Хятадын тэргүүн Си Жиньпиний айлчлал ямар асуудлыг нааштай болгох бол. Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд нарийн царигтай төмөр зам тавих талаар хэлэлцэх байх, өөр ямар зүйлсийг нааштай шийдэх бол?

Хятад улс манай оронтой яаж харьцах нь бид ОХУ-тай хэрхэн харилцахаас шууд хамааралтай! Оросыг тэгшитгэлийн нэг талаас хасчихвал дан ганц Хятад манай улсын дэргэд үлдэнэ гэсэн үг. Тэртэй тэргүй Хятадын нөлөө манай эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг. Бид В.Путинд өөрсдийгөө зөвөөр харуулж, ойлгуулахгүй бол манайхантай Хятад улс яриад байх юм байхгүй. Хятадууд өөрсдөдөө ашигтай бүхий л болзлоо тулган хүлээлгэх болно. Үүнд ямар нэгэн эргэлзээ байх хэрэггүй ээ.

Нарийн царигтай төмөр зам тавиулах уу, эсвэл өргөн царигтай төмөр зам тавиулах уу. эс бөгөөс ямар ч төмөр зам тавиулалгүй автомашинаар зөөлгөх юм уу гэдгээ Хятадын тэргүүн өөрийн үзэмжээр шийдэх болно. Бид уулзалтын үеэр эдийн засаг, тоо баримт гэх мэт элдэв зүйл бодохын оронд Халх голын мөн чанар нь бидний эцэг өвгөдийн хамт урсгасан цус гэдгийг мэдэж байх ёстой. Мөнгө, урссан цус хоёрын хооронд нэгэн яриаг зэрэг өрнүүлж болохгүй. Айлчлалын үеэр ирэх хамгийн чухал зочин бол В.Путин юм. Энэ хүнийг хамгийн гол хүн гэдгийг ойлгон толгойдоо суулгахгүй бол Хятадын удирдагчтай ямар ч яриа болохгүй ээ.

Дангаараа бид эргүү өнчин ишиг шиг талд ганцаараа байгаа гэдгийг хятадууд ойлгох юм бол ямар ч яриа өрнөхгүй! Монгол бол жижиг улс, манай орны эдийн засаг ядуу. Бид бодит байдлыг харгалзаж хоёр талаас ирэх хүч тэнцүү байх ёстой гэдгийг ухаарах нь чухал. Нэг талтай нь сайн харилцаа тогтоож чадахгүй байж нөгөө талтай нь сайн харилцаа тогтоож, өөрсдийн эрх ашгийг хамгаалж, тэмцэх ямар ч аргагүй. Уг нь энэ чинь дипломат бодлогын А, Б үсэг юм шүү дээ.

ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай яриа гараад байна. Айлчлалын үеэр шийдэгдэх болов уу?

Энэхүү айлчлал хэний эрх ашгийн үүднээс болж байна вэ гэж харах нь арай дээр байх. Монголчуудын эрх ашгийн үүднээс харвал энэ ганцхан зорилгыг өмнөө тавьж сайн анд нөхрийн үүднээс асуудалд хандвал бүх зүйл сайнаар шийдэгдэх жамтай. В.Путиныг айлчлахад нөхрийн хувиас өөрөөр эд хөрөнгө мөнгөний тухай ганц үг ганхийвэл энэ айлчлал бүтэлгүйтнэ гэдэг нь тодорхой. Харин энэ нь хятадуудын хувьд ашигтай. ОХУ-аас Хятад руу хий ихээхэн хэмжээгээр экспортлох гэж байна. Тэр тал дээр хоёр хөршийн гэрээ байгуулагдсан. Украины асуудал хүндэрснээс болоод ОХУ Хятадад ашигтайгаар тодорхой хэмжээний байгалийн хий гаргахаар болсон тухай яриа байна.

Ер нь хийн хоолойг ямар нэгэн аюулгүй газраар явуулах нь зүйтэй шүү дээ. Беларусь болон Украины нутаг дэвсгэр дээгүүр дамжуулсан Европын холбоо руу газрын тосны болон байгалийн хийн хоолойнууд байдаг. Орос Украинтай харилцаа нь хүндэрсэн болохоор ямар хүнд бэрхшээлийг амсаж байгааг бид харж байна. Монгол Улсын Засгийн газар оросуудад сайнаар хандахгүйгээр АНУ-ыг гуравдагч хөршөө гээд үзээд байвал, Цагаан ордны хуруу хөдлөхөд тэрийг нь дагаж давхиад байх юм бол оросууд Монголын нутаг дэвсгэрээр хийн хоолойг дамжуулах уу, үгүй юу гэдэг дээр ямар ч эрүүл ухаантай Оросын Ерөнхийлөгч хийн хоолой тавина л гэж хэлэхгүй. Тэртэй тэргүй Хятад Оросын хооронд хил нийлсэн байхад заавал Монголоор дамжуулах албагүй шүү дээ. Сайн харилцаа бий болсны дараа сайн худалдааны нөхцөл бий болдгийг санах ёстой.

Эхний ээлжинд анд нөхрийн хувиар л айлчлалыг хийх ёстой гэдэг дээр та байр суурьтай байна аа даа?

Ямар ч тэнэг хүн өөрийнхөө сайн мэдэхгүй, дайсагнаж болзошгүй этгээдтэй ийм гэрээ хэлэлцээр хийхгүй. Тиймээс мөнгө өгөхгүй гэдэг нь тодорхой. Дахин хэлэхэд анд нөхөр болж чадвал бүх гэрээ хэлцэл Монголын гарт ороод л ирнэ. В.Путин биднийг яаж ч магадгүй сэжигтэй этгээд гэж үзэх юм бол ямар ч нааштай хариу гарахгүй. Бид гуравдагч хөрш энэ тэр гэж ярьж өөрсдийгөө хуурч болох ч газарзүйн хувьд хоёрхон хөрштэй гэдгээ мэдэж ойлгож байх ёстой. Одоогийнх шиг Монгол Улс заримдаа газар нутагтайгаа Америк тивд долоо хоног айлчилж байгаад ирдэг шиг гадаад бодлого явуулах хэрэггүй!!!

Гадны хэвлэлүүдээр айлчлалыг юу гэж байгаа бол? Оросын хэвлэлүүд ямар тайлбар хийж байна вэ?

Оросын хэвлэлээр Монголын тухай онц чухал бичихгүй байна. Мэдээлэл гарсан ч ашигт малтмалаа түшин амьдардаг, Хятадын эдийн засгаас шууд хараатай, гадаад бодлогодоо Америкийг түшсэн гэдэг хэдхэн өгүүлбэрээр л бичиж байгаа юм. Мэдээж Халх голын тулалдаан гэж тийм зүйл болж байлаа гэдэг нь гадныхны сонирхлыг татах байх. Гэхдээ тэдний хувьд Орос, Хятад улсууд Монголд нөлөөгөө үргэлжлүүлэхийг хүсэж байгаа байх, Монголын өмнөөс Хятад Орос улсууд сөргөлдөх нь үү үгүй юу гэдгийг л харна. Тийм болохоор үүнээс өөр онцгой сонирхлыг татахгүй байх гэж хувьдаа бодоод байгаа.

Халх голын ялалтын ойн үеэр Хятад болон Оросын төрийн тэргүүнүүд өөрсдийн байгуулсан тэр холбоог баталгаажуулах нь уу үгүй юу гэдгийг харна. Хятад улс сүүлийн 20 жилийн турш хүчтэй хөгжсөн гол шалтгаан нь худалдаа, улс төр хоёрыг сайтар салгаж өгсөн. Манай монголчууд яг тийм харилцааг хийх хэрэгтэй. Монгол Улс хэн нэгэн улсын зарц боол биш ээ гэдгийг мэдрүүлэх нь чухал.

Эх сурвалж: Э.ЭНХБОЛД, Өдрийн сонин

... 24 жил тархиа мөлчийтэл угаалгаж нэг үгээр "ухаанд нь ухна унаж үхсэн" зарим нэг хүмүүс бодит байдлаа ойлгож ухаарахыг ядаж оролдох хэрэгтэй байна!


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

ббб
0 # ббб 2014-09-04 13:27
Гантулга бол үнэхээр сайн тоймч хүн анализыг их бодитой үндэстэй хийдэг. Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг