2022 оны 9 сарын 26-нд “Хойдын урсгал” ба “Хойдын урсгал 2” хийн хоолойнуудад дэлбэрэлт болж ОХУ-с Европ руу байгалийн хий буюу газ нийлүүлдэг хамгийн гол шугам “ашиглалтаас гарав”. Хэдий анх сонсоход энгийн нэг мэдээ төдий мэт санагдаж болох ч энэ үйл явдал харин дангаараа маш том түүхэн үйл явцын бэлгэ тэмдэг (симбол) – даяарчлал, “чөлөөт худалдаа”, “чөлөөт өрсөлдөөн”-ий эрин үеийн төгсгөлийн бэлгэ тэмдэг болон  дэлхийн түүхнээ үлдэх ч юм билэв үү?

2022 оны 9 сарын 26-нд “Хойдын урсгал” ба “Хойдын урсгал 2” хийн хоолойнуудад дэлбэрэлт болж ОХУ-с Европ руу байгалийн хий буюу газ нийлүүлдэг хамгийн гол шугам “ашиглалтаас гарав”. Хэдий анх сонсоход энгийн нэг мэдээ төдий мэт санагдаж болох энэ үйл явдал харин дангаараа маш том үйл явцын бэлгэ тэмдэг (символ) – даяарчлал, “чөлөөт худалдаа”, “чөлөөт өрсөлдөөн”-ий эрин үеийн төгсгөлийн бэлгэ тэмдэг болон  дэлхийн түүхнээ үлдэх ч юм билэв үү?

ЗХУ тэргүүтэй социалист систем задарч, Фукуямагийн хэлснээр “түүхийн төгсгөл ирсэн” – ардчилал, даяарчлал, бүх нийтийн тэгш эрх, “чөлөөт өрсөлдөөн”, “чөлөөт зах зээл”-ийн эрин үе ирж хүн төрөлхтөн эгээтэй л “бумбын эрин”-нд шилжин орлоо хэмээн амтай бүхэн цуурч, бас битүүхэндээ тийм байгаасай хэмээн “залбирцгааж” байсан үе саяхан. Гэвч 30 хүрэхгүй жилийн дараа энэ бүхэн хоосон зүүд зэрэглээ, үлгэр байсан нь бидний нүдэнд тов тодорхой болж байна. Энэ нийтлэлд авторын зүгээс энэхүү 2 хийн хоолойг дэлбэлсэн террорист халдлага чухам яагаад “түүхийн төгсгөл”-ийн тухай хоосон үлгэрт төгсгөлийн цэг болж түүхэнд үлдэх ёстойг өөрийн зүгээс тайлбарлах болно.

Сеймур Хершийн мөрдлөг

2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Substrack платформ дээр Америкийн эрэн сурвалжлагч сэтгүүлч Сеймур Хершийн дуулиан дагуулсан нийтлэл гарсан юм (https://seymourhersh.substack.com/p/how-america-took-out-the-nord-stream). Энэхүү нийтлэлдээ уг алдарт сэтгүүлч "Ходын урсгал" хийн хоолойнуудын дэлбэрэлт бол АНУлсуудын ерөнхийлөгч Жо Байдены шууд даалгавраар Америкийн Тэнгисийн цэргийн хүчин (ТЦХ) болон Норвегийн цэргийн хүчнүүдийн хамтран явуулсан маш нууц зэрэглэл бүхий хорлон сүйтгэх тусгай ажиллагаа байсан хэмээн мэдэгдсэн юм. Хершийн хэлж байгаагаар энэ бүх мэдээллүүдийг тэрээр энэхүү тусгай ажиллагааг (цаашид уг нийтлэлийн авторын зүгээс террорист ажиллагаа гэж нэрлэх болно!) гардан зохион байгуулсан багийн нэрийг нь нууцалсан нэгэн гишүүнээс авсан байна.

Хершийн нотолж буйгаар энэ ажиллагааг нийт 9 сарын турш маш нууц түвшинд бэлтгэсэн бөгөөд 2022 оны 6 сард Балтын тэнгист болсон НАТО-гийн BALTOPS 22 цэрийн сургуулилтын үеэр (энэхүү сургуулилтаар халхавчлан) алсын удирдлагатай бөмбөгнүүдийг хий дамжуулах хоолойнуудад суурилуулсан бөгөөд үүнээс 3 сар орчмын дараа дэлбэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хоолойнуудыг 2022 оны 9 сард дэлбэлсэн гэдгийг тооцвол энэ террорист ажиллагааны бэлтгэл бүүр ОХУын Украинд явуулж байгаа Цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс 2 сар гарны өмнө эхэлсэн гэсэн үг ээ!!!

Нийтлэлд террорист халдлагын урьтал нөхцөл, бэлтгэл болон бусад ажиллагаануудын нарийн ширийнийг дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа бөгөөд нэгэнт үндсэн эхийн холбоосыг хавсаргасан тул уг нийтлэлийн дэлгэрэнгүй агуулгыг биш, харин энэ террорист халдлагын цаад утга учир, өнөөдөр манай гариг дээр болж өрнөж буй бодит үйл явдлуудтай чухам ямар сэжмээр нэгэн логикт орж холбогдож байгаа тухай ярилцъя.

СП
Улаан шугамаар "Хойдын урсгал 1", шар шугмаар "Хойдын урсгал 2" төслүүдийг тэмдэглэв. 

Сеймур Херш гэж хэн бэ?

Товчхон хэлбэл, Сеймур Майрон Херш бол эрин сурвалжлах сэтгүүл зүйн салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн тод одуудын нэг юм. Өдгөө 85 настай уг сэтгүүлч өөрийн карьертаа АНУлсуудын зүгээс бусад улс орнуудын эсрэг хийсээр ирсэн гэмт хэргүүдийн дундаас хэд хэдэн гэмт хэргийг илчилсэн дуулиант сурвалжлага-судалгааг хийсэн бөгөөд сэтгүүл зүйн олон улсын хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн эрхэм юм  - Пулитцерийн нэрэмжит шагнал (1970 он), хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Лейпцегийн Сангийн нэрэмжит шагнал, Риденаурын нэрэмжит шагнал, Los Angeles Times – ийн шагналыг өөрийн “Эрх засгийн хүч: Киссенжер Никсоны Цагаан ордонд” номоороо (1983 он), Сэм Адамсын нэрэмжит шагнал, National Magazine Awards –ийн шагналыг 2 удаа, Жорж Полкийн нэрэмжит шагналыг 5 удаа, Жорж Оруэллын нэрэмжит шагнал (2004 он) г.м. Тэрээр сэтгүүлчийн карьертаа Associated Press агентлаг, New York Times сонинд сурвалжлагчаар ажиллаж байжээ.

Чухам түүний ачаар л анх хүн төрөлхтөн Вьетнамын дайны үеэр Америкийн цэргүүд хэрхэн энгийн иргэдийг хоморголон устгаж байгаа (Сонгми дахь хоморголон устгал) тухай бодит үнэнийг мэдэж эхэлсэн ба энэ сурвалжилгынхаа төлөө (1969 он) тэрээр 1970 онд сэтгүүл зүйн салбарын Оскар гэгддэг Пулитцерийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

Вьетнам 2Сонгми тосгон дахь хядлага, 1969 он.

ВьетнамСонгми тосгон,1969 он.

Мөн 1970 онд New York Times сонинд ажиллаж байх үедээ Америкийн засгийн газраас Камбожи улсыг бөмбөгдсөн нууц ажиллагааг илчилсэн байна. Үүнээс гадна Сеймур Херш 2000-аад онуудын эхэнд Иракийн дайны тухай хэд хэдэн цуврал нийтлэл бичсэн бөгөөд ингэхдээ уг дайны үндсэн шалтгаан бол Иракийн ард түмнийг “хамгаалах” биш, харин “тун дуулгаваргүй” Саддам Хусейныг засгийн эрхнээс түлхэн унагахад л оршиж байсан хэмээн баталж байжээ. Түүний өөр нэгэн шуугиант илчлэл бол Нью-Йоркер сэтгүүлд хэвлэгдсэн "Абу Грейб" шоронд Америкийн цэргүүд Иракийн хоригдлуудтай хэрхэн зүй бусаар харьцаж – тамлан зовоож байсныг илчилсэн нийтлэл байсан юм.

Абу Грейб 2
Иракийн "Абу Грейб" шоронд Америкийн цэргүүд Иракийн олзны цэргүүдийг тамлан зовоож буй нь, 2004 он

Абу Грейб
"Абу Грейб" шорон, 2004 он

УотергейтУотергейт зочид буудал, 1972 он. Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийн зочид буудлын өрөөнөөс чагнах төхөөрөмж олсон байна. Нью-Йорк сонин Хершийг энэ хэргийг сурвалжлуулахаар хөлслөн ажиллуулсан байна.


Никсон
Ерөнхийлөгч Ричард Никсон Цагаан ордны ажилчидтай салах ёс гүйцэтгэж байгаа нь, 1974 он. Уотергейтсийн скандалын дараа тэрээр өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албанаас огцорсон бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх анхны ийм тохиолдол юм.

Чили1973 онд Чили улсад болсон төрийн эргэлтийн үеэр ерөнхийлөгчийн ордныг бөмбөгдсөн бөгөөд энэ хэрэгт Тагнуулын төв товчоо шууд оролцоотой болохыг Сеймур Херш илчилсэн байна. 

Сирия
2013 он Даманск. Сири эр 2 охины хамт. Олон улсын активистуудын хэлж байснаар охид мэдрэл саажуулах үйлчилгээтэй хийнд хордсон гэгдэж байжээ. Сирийн ерөнхийлөгч Башир Асад энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж байсан хэмээгч нь Барууныхны Асадын эсрэг зэвсэгт бүлэглэлийг дэмжих, түүнийг засгийн эрхнээс түлхэн унагах үндсэн шалтаг байсан юм. Гэвч энэ шалтгийг Сеймур Херш үндэслэлгүй хуурамч болохыг анх илчилсэн билээ. 

Одоо энэ террорист халдлага өнөөдрийн бидний амьдарч буй дэлхийд ямар гүнзгий учир утга илэрхийлж болохыг ярилцахын өмнө зарим нэг суурь ойлголтуудын тухайд бяцхан тодруулга хийгээд эргээд үндсэн сэдэв рүү орцгооё.

“Хойдын урсгал” гэж юу вэ?

“Хойдын урсгал” ба “Хойдын урсгал 2” бол “Ямал - Европ” хэмээх ОХУ-с Европ руу байгалийн хий дамжуулах хоолойнуудын системийн далайгаар дайрч өнгөрдөг хэсэг нь юм. Балтын тэнгисийн усан доогуур явж өнгөрдөг эдгээр хоёр хоолой тус бүрдээ хоёр хоёр нийт 4 ширхэг хий дамжуулах хоолойноос (трубануудаас) бүрдэх бөгөөд тус бүрдээ 1200 гаруй км урттай юм. Анхны хийн хоолойн төсөл 2010 онд угсралтын ажлаа эхэлж “Ходын урсгал”, эсвэл “Хойдын урсгал 1”, төслийн хий дамжуулах 2 хоолой (труба) 2012 оны 10 сараас эхлэн нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн байна. Хоёрдугаар төсөл буюу “Хойдын урсгал 2” төслийн угсралтын ажил 2016 оноос эхэлж 2021 оны 9 сард бүрэн дуусаж зохих стандартын дагуу ашиглалтад бүрэн бэлэн болсон боловч террорист халдлага болох хүртэлх нэг жил орчмын хугацаанд хий хүлээн авагч Герман улсын талаас хоолойг эдийн засгийн биш улс төрийн шалтгуудаар албан ёсоор хүлээж авахгүй байсаар үндсэндээ уг 2 параллель хоолойгоор нэг ч куб метр хоолой Европ руу нийлүүлэгдэж амжаагүй юм.

Байгалийн хий гэж юу вэ?

Байгалийн хий бол өдгөө дэлхий дээрх хамгийн түгээмэл бас хямд энергийн эх үүсвэрүүдийн нэг юм. Одоогийн байдлаар дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй нийт энергийн 30 орчим хувийг, тэр дундаа цахилгаан энергийн 25-с дээш хувийг байгалийн хийнээс гарган авч байна. Бидний хамгийн сайн мэдэх нүүрстэй харьцуулбал, өнөөдөр нийт энергийн 20-с бага хувийг, цахилгаан энергийн 40 орчим хувийг нүүрснээс гарган авч байна. Энд нэг чухал зүйл бол түүхэн өөрчлөлтийн хандлага юм. Олон улсын энергийн агентлаг(ОУЭА)-ийн мэдээллээр 1970 он гарснаас хойш дэлхий дээр ашиглагдаж буй энергийн эх үүсвэрийн бүрэлдэхүүнд зөвхөн 3 төрлийн энергийн эх үүсвэрийн хэрэглээ тогтвортой өссөөр байгаа нь байгалийн хий, нефт, атомын энерги юм. Жишээ нь , 1935 оны байдлаар нүүрс нийт хэрэглээнд 56%-ийг эзэлж байсан бол 2014 онд 21% болтлоо буурсан бол энэ хугацаанд байгалийн хий 3%-иас 25% хүртэл өссөн байна. Товчоор хэлбэл байгалийн хий бол өнөөдөр бүх энергийн эх үүсвэрүүдийн дундаас дээрээсээ хоёрт (нийт энерги болон цахилгаан энергийн аль ч тохиолдолд) орох хамгийн түгээмэл, маш чухал энергийн эх үүсвэр юм.

Байгалийн хий Европын хувьд ямар ач холбогдолтой вэ?

Магадгүй манай улсын эдийн засагт, улмаар бидний өдөр тутмын амьдралд төдийлөн нэвтрээгүй байгалийн хий (бидний нэрлэж заншсанаар “газ”) бол аж үйлдвэржсэн улс орнуудын хувьд юугаар ч орлуулшгүй чухал ач холбогдолтой түлш юм. Дашрамд дурдахад зөвхөн энергийн эх үүсвэр болохоос гадна байгалийн хий бол орчин үеийн химийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эдүүдийн нэг юм. Хагийн наад захын жишээ бол газар тариаланд өргөн хэрэглэгддэг, салшгүй нэг хэсэг нь болсон азотын бордоог үйлдвэрлэх үндсэн түүхий эд бол байгалийн хий юм – азотын бордоо үйлдвэрлэх нийт өртгийн 80 хувь нь байгалийн хийн үнээс бүрддэг байна. Өөрөөр хэлбэл, байгалийн хийнээс гаргаж авдаг хямд цахилгаан энергээс гадна Европын улс орнуудын хувьд энэ түлш бол газар тариалангийн салбарынх нь салшгүй амин чухал нэг хэсэг нь билээ. Товчоор хэлбэл, ОХУ-с хямд үнээр авдаг байгалийн хийн ачаар л Европын, тэр дундаа Германы, аж үйлдвэрлэл ба газар тариалангийн салбар дэлхийн зах зээл дээр үнээрээ өрсөлдөх чадвартай үлдэж чадаж байсан юм.

Үндсэн сэдэв рүү гээ эргээд орцгооё:

Хэнд ашигтай вэ?

Энэхүү террорист халдлагын цаана хэн байгааг Сеймур Хершийн нийтлэлээс бас тусдаа өөрсдөө нэг бодож тунгааж үзэцгээе. Энд баримтлах хамгийн гол логик бол “Хэнд ашигтай вэ, тэр л үйлдсэн байх хамгийн өндөр магадлалтай” хэмээх зарчим юм.

Украин: Хамгийн жижиг “жараахайнаас” эхэлье. Саяхан барууны мэдээллийн агентлагууд уг террорист халдлагыг Украины талаас үйлдсэн хэмээн шуугьж эхэлсэн. Мэдээж энэ бол эхнээсээ хоосон чалчаа үгнээс цаашгүй. Нэгт, ийм ажиллагаа явуулахад маш өндөр түвшний мэргэжилтнүүд (далайн усанд шумбагчид г.м) болон тийм түвшний техник тоног төхөөрөмжүүд хэрэгтэй (80 метрийн гүнд шумбаж тэсрэх бөмбөг суурилуулах бол хэн бүхний хийчихдэг хэмжээний ажил огтоос биш нь тун тодорхой!). Хоёрт, Украины удирдлагууд ийм халдлагынхаа төлөө ямар “шийтгэл” хүлээхээ эрх биш ойлгохтойгоо байгаа гэж авторын зүгээс найдаж байгаа юм. Юу гэх гээд байн вэ гэхлээр, хэрэв үнэхээр Украины талаас энэ террорист халдлагыг үйлдсэн нь үнэн бол энэ нь илчлэгдэхгүй байх магадлал тун бага, харин илчлэгдсэн тохиолдолд Европын, тэр дундаа Германы зүгээс дахиж цэрэг зэвсгийн тусламж “горьдолтгүй” болох нь ойлгомжтой юм. Учир нь энэ бол нийт эдийн засаг, аж үйлдвэрлэл, газар тариалангийнх нь төдийгүй энгийн иргэдийнх нь хувьд (халаалт дулаан ба хийн зуухнууд) ч маш чухал ач холбогдолтой Оросын хямд, найдвартай байгалийн хийнээс тасалсан гэсэн үг юм. Тиймээс энэ тооцооноос Украиныг шууд хасаж болно.

ОХУ: Террорист халдлага болсны дараах хэд хоногт оросууд өөрсдөө ийм ажиллагааг зохион байгуулсан тухай барууны хэвлэлүүд цуурч байсан. Мэдээж энэ бол бас л хоосон чалчаа үгс. Нэгт, зарим жилүүдэд “Хойдын урсгал 1” дангаараа Орос улсын төсвийн 45 хүртэлх хувийг бүрдүүлж байсан үе бий (https://www.nytimes.com/2022/06/13/climate/russia-oil-gas-record-revenue.html). Өөрөөр хэлбэл, Оросын удирдлагууд хамгийн гол “саалийн үнээгээ” зөвхөн хоосон пиар хийх гэж л дэлбэлсэн гэсэн үг үү? Тэгээд дээр нь ганцхан жилийн өмнө ашиглалтад оруулсан, нэг метр куб хий ч дундуур нь явуулаагүй байсан хэдэн тэрбумын үнэтэй “Хойдын урсгал 2” төсөлтэйгөө цуг шүү?!!!

Хоёрт, үнэхээр Оросын талаас хийсэн бол Барууны зүгээс оросууд хийснийг нь батлаад гаргаад ирэх шиг амархан зүйл байхгүй – энэ халдлага ОХУ-ын биш НАТО-гийн гишүүн Норвегийн эрэгт ойр тэр хэсэгт болсон шүү дээ!!. Германы Breitbart News Network сайтын мэдэгдэж байгаагаар террорист актыг судлах ажлыг толгойлж байгаа Германы ерөнхий прокурор Петер Франк “Оросын талаас энэ халдлагыг хийсэн байх нэг ч баримт олдоогүй” хэмээн мэдэгдсэн байна (https://www.breitbart.com/europe/2023/02/04/no-evidence-of-russian-involvement-in-nord-stream-pipeline-explosions-german-Investigators-admit/).

Гуравт, хамгийн “хачирхалтай” нь ОХУ-ын зүгээс энэ хэргийг мөрдөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрийн төлөөлөгчдийг оруулж ажиллуулах албан ёсны хүсэлтийг өгсөөр байгаа ч Германы талаас ч Швед, Данийн талаас ч хүлээн авахгүй байсаар байгаа юм байна. Мөн ОХУ-с НҮБ-д суух байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад энэхүү террорист актыг мөрдөн шалгах олон улсын, бие даасан судалгааны баг байгуулан ажиллах тухай тогтоол гаргах тухай саналаа аль хэдийнээ албан ёсоор тавьсан, энэ саналыг нь Хятад улсын зүгээс мөн дэмжихийг албан ёсоор уриалсаар байгаа хэдий ч одоо болтол санал дэмжигдэхгүй хэвээр байгаа ажээ (https://russian.rt.com/world/article/1114854-severnyi-potok-politika-rossiya-oon-ssha-zapad).

АНУлсууд: Энэ бол зөвхөн авторын зүгээс ч бус Оросын, бүр Барууны хэвлэл мэдээллийн орчинд хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа, чухамдаа бол энэхүү террорист актыг гарцаагүй зохион байгуулсан байх ганцхан боломжит хувилбар юм.

Өмнөх 2 “сэжигтнээс” ялгаатай нь АНУлсуудын зүгээс “Хойдын урсгал” хийн хоолойн төслүүдийг эхнээс нь ил тод эсэргүүцэж байсан цорын ганц тал юм! Хершийн мэдэгдэж байгаагаар Меркель АНУлсуудын зүгээс маш хүчтэй шахалт дарамт дор байсан учир 2021 оны 9 сард “Ходын урсгал 2” төслийг бүрэн дууссанаас хойш ч сертификацжуулан хүлээн авахаас татгалзсаар байсан байна. Ялангуяа энэ дарамт шахалт Байден 2021 оны 1 сард ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш улам хүчтэй болсон байсан ажээ. Байденыг ажлаа авсны дараа түүний төрийн нарийн бичиг (гадаад хэргийн сайд) Энтони Блинкен “Тэр (Байден, орч.) “Хойдын урсгал 2” төсөл бол маш муу санаа гэдэгт итгэлтэй байгааг би мэдэж байна. Тэр найзууд болон түншүүдээ (Европын холбоо, тэр дундаа Германыг хэлж байна, орч.) энэ хоолойг ашиглалтад оруулахгүй байхын тулд бүх боломжит арга хэрэгслүүдээ ашиглахыг биднээс шаардах болноо гэдгийг нь би бас мэдэж байна” хэмээн мэдэгдэж байсан байна (https://www.c-span.org/video/?c4939915/user-clip-blinken-nord-stream-2).

Террорист халдлагын дараах Америкийн дээд удирдлагуудын реакц ч үүнээс ч дутуугүй сонирхолтой: АНУлсуудын Төрийн нарийн бичгийн орлогч Викториа Нуланд Сенатын хорооны сонсголын үеэр сенатор Тед Крузд хандан “Ерөнхийлөгчийн тамгын газар тэр чигтээ, яг тантай адилаар, “Хойдын урсгал” далайн ёроолд төмрийн хэлтэрхийнүүд болон хувирсанд маш сэтгэл хангалуун байгаа гэж би бодож байна” хэмээн мэдэгдсэн байна:

Зүгээр л бодоод үзье, Украин чадахгүй, Оросод болон Германд ашиггүй, бүр асар том алдагдалтай. Тэгвэл энэ хэмжээний бусармаг үйлдэл хийчхээд бүх мөрдөн шалгах үйл ажиллагааг саатуулж, ер нь баригдсан ч ямар нэг хариуцлагаас өлхөөн бултаж мултарч чадах Америкаас өөр улсын нэрийг та өнөөдрийн манай гариг дээрх улс орнуудын дундаас нэрлэх гээд оролдоод үздээ?!! Эрх биш хар гаригийнхан, эсвэл далайн нялцгай биетүүд энэ хоолойнуудыг дэлбэлчхээгүй байлтай!!!

Хийн хоолойнуудын дэлбэрэлт яагаад АНУлсуудад ашигтай гэж?

Ашигтайгаар барах уу! Сануулж хэлэхэд АНУлсуудын Үндэсний аюугүй байдлын тунхаг хэмээх албан ёсны баримт бичигт хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр энэ улсын дайсан гэсэн ангилалд 4 улсыг нэрлэсэн байгаа: Хятад, Орос, Хойд Солонгос, Иран. Оросын төсвийн гол саалийн үнээг үгүй хийх нь Америкт шууд ашигтайy хэнд ч ойлгомжтой, ялангуяа бүүр 2014 оноос хойш явуулж эхэлсэн эдийн засгийн хориг санкцууд нь бодож төлөвлөцгөөж байснаар нь үйлчилж өгөхгүй байгаа энэ “хүнд хэцүү” цаг үед бүүр онцгой шаардлагатай!!

Нөгөө талаар аж үйлдвэрийн хувьд, цаашлаад эдийн засаг-санхүүгийн хувьд хамгийн том өрсөлдөгч Европын холбоо (ЕХ), бүр нарийн яривал ЕХ-ны хамгийн хүчирхэг эдийн засаг Германыг хямд энергийн эх үүсвэрээс нь салгаж өрсөлдөх чадварыг нь үгүй хийх бас нэг “хожоо”-той. “Англосаксуудтай дайсан байхаас илүү аюултай зүйл ганц л бий, тэр нь тэдэнтэй холбоотон байх” гэж европчууд өөрсдөө хоорондоо ярилцдаг нь хоосон үг лав биш болохыг тэдний сүүлийн хэдэн зуун жилийн түүх харуулдаг, одоо ч бас тов тодорхой дахин батлан харуулж байна.

Өөрөөр хэлбэл, Америкийн хувьд хийн хоолойнуудын дэлбэрэлт ашигтайгаар барахгүй давхар хожоотой гэсэн үг – нэг сумаар 2 туулай!!!

Энэ тухайд тодорхой зарим тоо баримт, мэдээллүүд оруулъя.

“Хойдын урсгал 1, 2” хийн хоолойнууд дэлбэрсний “ачаар” Оросын хямд, найдвартай (нийлүүлэлт нь тогтмол, найдвартай гэсэн утгаар) байгалийн хийнээс “хамаарал”-гүй болсон Европын эдийн засаг зөвхөн 2022 онд л гэхэд 410-420 тэрбум еврог зөвхөн байгалийн хийн импортод зарцуулсан (нефт болон нүүрсийг тооцолгүйгээр) бөгөөд энэ нь 2021 оноос 2,8 дахин их (148 тэрбум евро),  харин 2016-2020 оны дундаж зардлаас 8,2 дахин!!! их (энэ хугацаанд дундаж зардал 51 тэрбум евро байсан байна) гэсэн үг юм. Мэдээж 2022 оны үнийн хөөргөдөл энэхүү өсөлтөд дийлэнх хувийг эзэлж байгаа, мөн байгалийн хийн үнэ эргээд тогтмол буурсаар байгаа ч энэ нь Европын эдийн засагт Оросын хямд хийнээс “чөлөөлөгдсөн”-ий хорт үр дагавруудыг дараа онуудад нөхөж чадахгүй нь тодорхой байгаа юм. Жишээ нь, Blooberg агентлаг 2022 онд Европын улс орнууд энергийн эх үүсвэрт төлсөн нийт зардал 1 тэрбум еврод хүрсэн гэж мэдэгдээд, энэ бол энэхүү энергийн хямралын зөвхөн эхлэл, 2026 он хүртэл байдал дээрдэхгүй тухай таамаглал дэвшүүлсэн байна (https://www.bloomberg.com/news/articles/2022-12-18/europe-s-1-trillion-energy-bill-only-marks-start-of-the-crisis?leadSource=uverify%20wall).

Энэ хооронд АНУлсуудаас Европод нийлүүлдэг шингэрүүлсэн байгалийн хийн (байгалийн хийг тээвэрлэх 2 үндсэн арга байдаг бөгөөд эхнийх нь мэдээж хийн байдлаар хоолой дундуур, хоёрдох нь байгалийн хийг нам температурт шингэрүүлж эзлэхүүнийг нь багасгаж байгаад далай дээгүүр танкераар зөөх арга бөгөөд Америкаас Европ хүртэл хийн хоолой байхгүй учир зөвхөн хоёрдох аргаар хий нийлүүлдэг байна) жилийн  нийлүүлэлт бараг 2 дахин өсөв 2022 онд (47,8-с 117,4 сая куб метр – энэ нь АНУлсуудын байгалийн хийн жилийн экспортын 69%!!!). “Бар”-ын амнаас гараад арслангийн аманд орсоон гэсэн үг!!! Ойрын хугацаанд Америкийн хийнээс хамаарах хамаарлаа багасгах найдлага тун бага байна. Түрүү жилийн дундуур Катартай хэлэлцээр хийх гэж оролдсон ч тохиролцоонд хүрээгүй – Катарын талаас зөвхөн 30 хүртэл жилийн урт хугацаатай гэрээ л хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол нөгөө талаас ийм урт хугацааны гэрээ нь ЕХ-ны энергийн салбарын урт хугацааны бодлогод нийцэхгүй байгаа юм.

Яагаад Америкийн байгалийн хийнээс хамааралтай байх нь Оросын хийнээс “хамаарал”-тай байхаас аюултай гэж. Орос бол аж үйлдвэржилтийн түвшинд Герман тэргүүтэй ЕХ-ны улсуудын шууд өрсөлдөгч биш юм. Харин АНУлсууд бол тэдний шууд өрсөлдөгч!! Аж үйлдвэрлэлийн гол энергийн эх үүсвэрийн (зарим салбарт бүр шууд түүхий эд!) нийлүүлэлт нь шууд өрсөлдөгчөөс нь хамааралтай байна гэдэг бол өрсөлдөөнд ялагдах хамгийн найдвартай зам мөн гэдэг нь тодорхой!! Европын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үргэлж Америкийнхаас үнэтэй байх болно гэсэн үг ээ!!! Наад зах нь Америкаас далайн замаар тээвэрлэх зардлыг нэмэхэд л Европод очиж буй байгалийн хий Америкийн дотоод зах зээл дээр зарагдаж байгаагаас үргэлж үнэтэй байсаар байх болно. Мөн нь Америкийн корпорациуд өөрийн монопол байр суурийг ашиглах боломжтойг тооцвол Европын аж үйлдвэржилтийн ирээдүй тун бүрхэг харагдаж байгаа юм.

Энэ үйл явцын үр дагаварууд нь ч удаан ч хүлээлгэсэнгүй, Европын бизнесүүд, ялангуяа Германы том том үйлдвэрүүд аль хэдийнээ ажилчдаа халж, үйлдвэрлэлээ цомхотгож, бүр хаалгаа бариад эхэлсэн. Мөн олон корпорациуд Европ дахь төслүүдийнхээ цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдээс татгалж, улмаар шат дараатайгаар Америк, Хятад зэрэг улсууд руу үйлдвэрүүдээ шилжүүлж эхлээд байгаа нь олон улсын мэдээг анзааран харж байдаг хүмүүсийн хувьд шинэ мэдээ биш болоод удаж байна.

Тэгвэл гол дайснуудынхаа нэг Оросыг тогтмол орлогын нэг чухал эх үүсвэрээс нь салгаж (мэдээж 100% биш, учир нь Оросын байгалийн хийн экспорт Зүүн Өмнөд Ази руу маш хүчтэй шилжиж байна), хамгийн гол өрсөлдөгчдийнхөө нэг Европыг, тэр дундаа Германыг үндсэндээ өрсөлдөөнөөс шахаж гаргаж чадсан энэ “уран нүүдэл” - бусармаг террорист халдлагын цаана АНУлсууд байгаа гэдэг нь учир мэдэх судлаачид төдийгүй энгийн иргэдийн дунд ч тов тодорхой байсаар байгаа юм (өмнө дурдсан Германы Breitbart News Network сайтад гарсан нийтлэлийн доорх германы иргэдийн сэтгэгдлүүдийг унш!!).

Даяарчлалын эрин үеийн төгсгөл!!!

Манай либералууд дэлхий “хавтгай” болсон тул бид дэлхий иргэн болох ёстой, тэнд л бидний "гэрэлт" ирээдүй байгаа гэх мэтээр уран донгодоцгоох их дуртай. Гэтэл тэдний нойтон зүүднээсээ сэрж ч амжаагүй байхад нь даяарчлал хэмээх Барууны неоколоничлолын бодлого нь төгсгөлдөө хүрээд бидний нүдэн дээр сарнин алга болж байна.

Энэ үйл явц бүх фронтоор тасралгүй үргэлжилсээр байна:

Эдийн засаг: Үнэндээ АНУлсуудын зүгээс “Хойдын урсгал 1,2” хоолойнуудыг дэлбэлсэн энэ бусармаг террорист халдлага бол бүх дэлхийн “чөлөөт худалдаа", "чөлөөт өрсөлдөөн" үлгэрт эцсийн сумыг нь зоосон хэрэг болж түүхэнд үлдэх нь дамжиггүй ээ!! Энэ халдлагын дараа одоо АНУлсууд тэргүүтэй Барууны гүрнүүдийн зүтгүүлсээр ирсэн бүх нийтийн тэгш эрх, чөлөөт худалдаа, даяарчлал хэмээх хий хоосон үлгэрт итгэх өөрийгөө хүндэлдэг, энэ гариг дээр ямар үйл явцууд өрнөж байгааг харж, мэдэж, эрүүл ухаанаар шүүн тунгааж чаддаг хэн ч үлдээгүй ээ гэдэг нь тун ойлгомжтой юм. Тэд зөвхөн өөрсдөд нь ашиггүй л бол өөрсдийнхөө зүтгүүлэн муйхарддаг тэр бүх үзэл суртлаасаа хормын төдий няцаж яг эсрэгээр нь үйлддэг гэдэг нь эрүүл ухаантай хэн бүхэнд тов тодорхой боллоо.

Энэ террорист халдлага бол хамгийн эхнийх, бас сүүлийнх нь ч биш юм. 2014 оноос хойш Оросын эсрэг, 2015 оноос Хятадын эсрэг явуулж буй эдийн засгийн санкцууд, худалдааны дайнууд нь энэ бүхнийг тов тодорхой харуулж байна. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм ёсоор энэ байгууллагын гишүүн аль ч улс өөр нэг гишүүн улсын эсрэг ямарваа нэг худалдааны хориг санкц тавихыг хатуу хориглосон байгаа!! Эдгээр санкцууд нь бас НҮБ-ын дүрмийг шууд зөрчиж байгаа юм: олон улсын эрх зүйн зарчмын дагуу зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр баталгаажсан хориг санкцууд л хууль ёсны бөгөөд бусад аль ч тохиолдолд хууль бус – нэг талын санкц болдог байна. Эдгээр үйл явдлууд болон бусад дипломат түвшин дэх Барууны удирдагчдын явуулж буй эрээ цээргүй хоёр нүүрт бодлогууд цаашид манай дэлхий “хавтгай” байх ямар ч боломжгүй гэдгийг дахин дахин батлан харуулсаар байна. (Трампын 2015 онд Ираны гурван талт гэрээ хэлэлцээрээс ямар нэг зөвшилцөлгүйгээр хуурамч шалтаг хэлэн дур мэдэн гарсан үйл явдал, хэдхэн сарын өмнө Ангела Меркелийн “Минскийн хэлэлцээр бол зөвхөн Украиныг Оростой хийх дайнд л бэлтгэж зэвсэглэхэд цаг хожих нүүдэл байсан” болохоос Украины национал-фашист төв засгийн газраас Оростой хиллэдэг цэвэр орос хүмүүсээс бүрддэг өөрийн мужуудынхаа эсрэг (саяхан ОХУ-ын эгнээнд нэгдсэн 4 мужийг оруулаад) явуулж байсан геноцид хядлагыг зогсоох бол энэ зорилгынх нь зөвхөн халхавч төдий байсан тухай мэдэгдэл зэргийг эргэн санацгаая)

Бас нэгэн заавал онцлох ёстой үйл явдал бол ЕХ-ны дээд удирдлагаас Европын бүх биржүүд дээр байгалийн хийн тааз (эсвэл дээд) үнийг тогтоосон шийдвэр юм. Өмнө нь өнгөрсөн оны 12-р сараас зөвхөн ОХУ-аас нийлүүлж буй нефтийн хувьд болон энэ оны 2-р сараас байгалийн хийн хувьд үйлчилж байсан энэ үнийн хязгаарлалт одоо Европын бүх биржүүд дээр, хаанаас нийлүүлэгдэж буй эсэхээс үл хамааран Епроп руу нийлүүлэгдэж буй бүх байгалийн хийн хувьд үйлчилж эхлэх юм. Энэ бол "хамгийн халдашгүй ариун дагшин" "чөлөөт" зах зээлийн зарчим гэгчийнхээ яг эсрэг явуулж буй бодлого гэдгийг, Баруунаас бүх дэлхийд тулгасаар ирсэн "чөлөөт өрсөлдөөн, "ардчилал"-ын хоосон үлгэр нь гагцхүү тэдний өөрсдийнх эрх ашгийн эсрэг ажиллаж эхэлсэн яг тэр мөчөөс тэдний хувьд цаашид дагаж мөрдөөд байх ямар ч шаардлагагүй хоосон чалчаа үгс болон хувирдгийн бас нэгэн тодоос тод жишээ юм. 

Санхүү: Бидний мэдэх глобалчлал хэмээх үйл явц зөвхөн АНУлсуудын хувийн эзэмшлийн төв банк Холбооны нөөцийн системийн доллар хэмээх валют Дэлхийн II дайны дараа дэлхийн худалдаа болон санхүүд үнэмлэхүй ноёлох байр суурь эзэлж эхэлсэн тэр мөчөөс л боломжтой болсон юм. Гагцхүү бүх дэлхий даяар “хүлээн зөвшөөрөгдсөн” нэг валют байж, тэр валютаар бүх гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ бүрдэлт явагдаж, тэр валютаар бүх дэлхийн худалдаа саадгүй хийгдэж, тэр валютаар санхүүгийн анхдагч ба үүсвэл үнэт цааснуудын ханш илэрхийлэгдэж, тэр валютаар дэлхийн аль ч өнцөг булангаас капитал чөлөөтэй шилжиж чаддаг болсон учраас даяарчлал боломжтой болсон юм.

Гэтэл яг одоо бидний нүдэн дээр америк долларын энэ үнэмлэхүй байр суурь эргэлт буцалтгүй нуран унаж байна. ОХУ өөрийн байгалийн түүхий эдүүдээ рублиэр зарж эхэлсэн бөгөөд Турк (НАТО-гийн гишүүн!!!), Иран улсууд одоогийн байдлаар энэ санаачилгад нэгдсэн байна. ОХУ-аас Энэтхэг рүү хийж буй бүх экспортын 50-иас дээш хувь нь рублээр хийгдэж байна.

Өнгөрсөн оны төгсгөлд Хятад улсын тэргүүн Си Жиньпин Саудын Арабад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны худалдаа эргэлтийг юань руу шилжүүлэх (нефт-юань) тохиролцоонд хүрэв (Энэ тохиролцоо бол долларын үнэмлэхүй дангаар ноёрхолд цэг тавих хамгийн хүчтэй цохилт болж буйгаараа маш онцлогтой. Үндсэндээ өнгөрсөн зууны 80-аад оны эхэнд Саудын Арабаар дамжуулан ОПЕК-ийн орнуудтай АНУлсуудын хийсэн өөрсдийн нефтээ зөвхөн доллароор худалдаалж байх тохиролцоо бол долларын ноёрхлыг бэхжүүлэх, цаашлаад өнөөдөр бидний мэдэх хамгийн “универсал” валют болж дараагийн шатанд гарах хамгийн гол алхам байсан юм аа!!). Дэлхийн бүх нефт зөвхөн доллароор худалдаалагдаж байгаа цагт долларын эрэлт хэрэгцээ буурахгүй, харин ч өссөөр байна гэсэн үг юм. Харин эсрэгээрээ дэлхийн нефтийн хамгийн гол нийлүүлэгч ОПЕК+ -ийн орнууд, хамгийн гол хэрэглэгч Хятад, Энэтхэг улсууд нефтийн борлуулалтуудаа үндэснийхээ валютуудаар хийгээд эхэлнэ гэдэг бол долларын эрэлтийг маш хүчтэй хумьж, цаашлаад үнэмлэхүй валютын байр суурийг нь үгүй хийж буй маш чухал үйл явц юм.

Мөн Латин Америкийн хамгийн том 2 эдийн засаг Бразил болон Аргентин улсууд хоорондын худалдаагаа доллароос өөр дундын валютаар хийхээр тохиролцсоноо түрүү оны төгсгөлд мөн мэдэгдсэн бол Хятад Бразил (Өмнөд Америкийн хамгийн том эдийн засаг!) улсууд хоорондын гадаад худалдаандаа үндэсний валютуудаа ашиглах хэлэлцээрт албан ёсоор хүрэв. Төст хэлэлцээрийг Энэтхэг болон Малайз улсууд байгуулав. Мөн Францын энергийн салбарын гигант Total групп Хятадын компаниас шингэрүүлсэн байгалийн хий юаниар худалдан авах гэрээ байгуулсан нь өмнө байгаагүй цоо шинэ жишиг болов. 

Доллароос “зугтах” энэ үйл явц бол АНУлсуудын явуулсаар ирсэн түрэмгий бодлогын эсрэг зүй ёсны хариу үйлдэл юм. Худалдааны дайнууд, хориг санкцуудаас гадна өнгөрсөн онд ОХУ-ын гадаад валютын нөөцийн дийлэнх хэсэг 300 тэрбум ам.долларыг “царцааж”, SWIFT төлбөрийн системээс Оросын хэд хэдэн банкийг блоклосон зэрэг үйл явдлууд бол санхүү-эдийн засгийн салбарт “атомын бөмбөг” хаясантай зүйрлэхүйц хэмжээний цар хүрээтэй үзэгдэл болохыг эдийн засагчид сануулсаар байна. Энэ бол америк доллар хамгийн “аюулгүй” нөөцийн валютаас хамгийн аюултай "улстөрийн" зэвсэг болон хувирсаан гэсэн үг ээ!! Хэрэв чи доллароор нөөцөө бүрдүүлж, доллароос хамаарах хамаарлаа нэмэгдүүлсээр байх юм бол, тэгээд бас АНУлсуудын тулгалтаас өөрөөр, өөрийн улсын үндэсний эрх ашгийг хамгаалах бодлого явуулаад эхэлбэл чи дараагийн “золиос” нь байх болно гэдгийг дэлхийн улс орнуудад ямар ч эргэлзээгүй батлан харуулж өгсөн юм.

Цаг өөр болсныг ганцхан жишээгээр харуулъя. Сонирхолтой факт. Хэдхэн хоногийн өмнө Америкийн 3 банк дампуурлаа ээлж дараалан зарлаж, үүний дараа Европын хамгийн нөлөө бүхий банкуудын нэг Credit Suiss банк дампуурлын ирмэг дээр ирэн албан хүчээр гол өрсөлдөгч UBS банктай нэгдлээ. Зөвхөн Америкийн 3 банкны дампуурлаас үүссэн алдагдал 310 тэрбум доллар хүрсэн нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Lehman Brothers, Meryll Linch зэрэг банкууд дампуурахад үүссэн хохиролтой яг дүйцэхүйц тоо юм. Мэдээж энэ үйл явдлын нөлөөгөөр дэлхий даяар банкуудын хувьцаа болон тэдний зах зээлд гаргасан байсан өрийн бичгүүдийн ханш огцом унав. Гэтэл доорх график дээр харуулснаар Орос, Хятад, Туркийн банкуудын хувьцаануудын ханш эсрэгээрээ өссөн үзүүлэлттэй гарав. Хэрэв 2009 оны банкны дампуурлууд араасаа дэлхийн бусад орнуудын санхүү, цаашлаад эдийн засгийг хаман авч дэлхийн түүхэн дэх хамгийн том хямралуудын нэгийг өдөөсөн гэдгийг тооцвол дэлхий санхүүгийн системд 14 жилийн өмнөхөөс ялгаатай нь шинэ “татах” төвүүд бий болж эхэлсэн, буурай болон хөгжиж буй орнуудын санхүүгийн системийн Барууны санхүүгийн системээс хамаарах хамаарал багасаж бие даасан түвшинд хүрч эхэлсний тод илрэл гэж харагдаж байна. (мэдээж өнөөдрийн 310 тэрбум 2009 оны 310 тэрбумаас чанарын хувьд зүйрлэшгүй ялгаатай, мөн Америкийн банкуудын дампуурлууд энэ удаад Америкдаа ч хүртэл сүйрлийн хэмжээнд одоохондоо хүргэчхээгүй байгааг тооцох ёстой. Тэгсэн хэдий ч энэ “гаж” үзэгдэл бол яах аргагүй маш том факт!).

Капитализации мировых банков2022 оны 2-р сарын 20-с 3-р сарын 20-ны хугацаан дахь дэлхийн улс орнуудын банкны салбаруудын зах зээлийн капитализацийн өөрчлөлт, ам доллараар

Геополитик: Энэ тухайд хэд хэдэн чухал үйл явдлуудыг дурдъя. Саяхан Африк тивийн 4 улсаар хийсэн айлчлалынхаа дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Африк дахь  Францын эрин үе дууссан” болохыг зарлав. Үндсэндээ Барууны Африк тив дэх нөлөө сүүлийн 10 жил тасралтгүй суларч байна. Нэг талаас Си Жиньпин 2012 онд засгийн эрхийг авснаас хойш хар тив дэх эдийн засаг, санхүү, соёлын талаас өөрийн нөлөөг маш эрчимтэй нэмэгдүүлж байгаа бол, нөгөө талаас Африкийн улсууд Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг Оросын нөлөөг оруулж ирэх замаар тэнцвэржүүлэх маш сонирхолтой байгаа юм (манай үмхий амтай либералуудаас ялгаатай нь хар тивийн ард түмнүүд ЗХУ-ын тэдэнд хэрхэн бүх талаар тусалж, дэмжиж, Барууны шууд колоничлолын эрин үед цэг тавихад оруулсан хувь нэмрийг нь мартаагүй хэвээр байгаа нь тэдний эгэл жирийн иргэдийн ОХУ-ын явуулж буй Цэргийн тусгай ажиллагааг хэрхэн дэмжиж байгаагаас тов тодорхой харагдаж байна!). Үүний маш тод нэгэн жишээ бол энэ оны 3-р сарын 19-20-ны өдрүүдэд Москва хотод болж өнгөрсөн "Орос ба Африк олон туйлт дэлхий дээр" олон улсын бага хуралд Африкийн нийт 40 улсын төлөөлөл 200 орчим парламентын гишүүд хуран цугласан үйл явдал юм. Энэ бага хурал Африкийн улс орнууд АНУлсууд тэргүүтэй Баруунаас ирэх хоёрдогч санкцуудаас айхгүй байгаагаар барахгүй бүр тэдний явуулж ирсэн колонийн бодлогын эсрэг шийдэмгий тэмцэхээ илэрхийлсэн илэрхийлэл болсон юм - бага хурал дээр хэлэлцэгдсэн албан ёсны сэдвүүдийг нэг нь "Барууны неоколоничлол ба түүний эсрэг тэмцэх" байсан байна). Үүнээс гадна энэ оны 6-р сард Санкт-Петербург хотноо "Орос-Африк" олон улсын хурал хоёрдох удаагаа зохиогдох юм. 

Африк тив бол 21-р зуунд хамгийн эрчимтэй хөгжих нөөц бүхий эдийн засаг бөгөөд байгалийн олон төрлийн, тэр дундаа ховор металлын эх ундарга болсон стратегийн асар өндөр ач холбогдолтой бүс нутаг гэдгийг сануулахад илүүц болохгүй биз ээ.

Хоёрт, энэ оны 3 сард Иран болон Саудын Араб улсууд Хятад улсын зуучлалтайгаар дипломат харилцаагаа сэргээсэн үйл явдлыг нэрлэх нь зүйтэй. Энэ бол Америкийн дангаар ноёрхол эцэстээ ирж буйн маш том илэрхийлэл юм. 1980-аад оноос хойш Саудын Араб бол АНУлсуудын хамгийн гол холбоотнуудын нэг байсаар ирсэн юм. Тухайн үед Саудын Араб өөрийн нефтээ зөвхөн доллароор зарж байх, цаашлаад нефтийн экспортоос орж ирсэн орлогоосоо Америкийн засгийн газрын облигацуудыг худалдаж авч байх (Америкийн эдийн засагт хөрөнгө оруулах гэсэн үг) амлалт өгч, улмаар үүнийх нь оронд АНУлсууд Саудын Арабын аюулгүй байдлыг хангаж байх амлалт авсан юм (Саудын Араб улс тэр үеэс одоог хүртэл Иран, Израил зэрэг хүчирхэг арми бүхий хөрш зэргэлдээ улсуудтайгаа маш хүчтэй сөргөлдөөнтэй оршсоор байгаа билээ). Хэдий тэр цагаас хойш Саудын Араб улс Америкийн санхүү, эдийн засаг, батлан хамгаалахын тал дээр асар хүчтэй хамааралтай болж амжсан хэдий ч АНУлсууд тэргүүтэй Барууны улсуудын дээр дурдсан болон бусад олон хоёр нүүрт бодлогууд цаашид энэ чигээрээ байх нь эсрэгээрээ маш аюултай болж байгаа нь тодорхой болсон тул (ОХУ-ын гадаад валютын нөөцийг царцаасан шиг Саудын Арабын нэр дээр байгаа өөрийн облигацуудыг, гэхдээ бүр хэд дахин их дүнтэй хөрөнгийг царцаах г.м) Америкийн талаас ирэх байнгын эсэргүүцлийг үл тоомсорлон шинээр бүрэлдэн бий болж байгаа хүчний шинэ төвүүд – ОХУ, Хятад улсуудтай бүх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Нөгөө талаас Иран бол өмнө дурдсан ёсоор АНУлсуудын Үндэсний аюулгүй байдлын тунхаглалд тодорхойлогдсон дайсан улсуудын нэг, бүр 1970-аад оны төгсгөлөөс хойш 30 гаран жил эдийн засгийн хориг санкцууд дунд байгаа улс.

Америкийн хамгийн ойрын холбоотон, хамгийн заналт дайсан (тэр дундаа Саудын Араб Иран улсууд хоорондоо бас маш хүчтэй зөрчилдөөнтэй улсууд болохыг санацгаая!) улсууд нь өөр нэгэн шууд дайсан Хятад улсын зуучлалаар дипломат харилцаагаа сэргээж байгаа нь дэлхий нэгэнт урьдынх шигээ байхаа больсны илрэл яах аргагүй мөн юм!

Иран ба Саудын Араб

Мөн энэ хүрээнд нэмж тэмдэглэхэд газрын тос экспортлогч улсуудын холбоо ОПЕК-ийн өөр нэгэн нөлөө бүхий гишүүн Арабын Нэгдсэн Эмират улсын тэргүүний өнгөрсөн оны дундуур Москвад хийсэн айлчлалыг дурдаж болно. Энэ айлчлал маш амжилттай болж өнгөрч байхад Америкийн ерөнхийлөгч Жо Байдены Саудын Арабад хийсэн айлчлал гутамшигтаар төгсөв. Байден нефтийн үнийн өсөлтийг бууруулж нэг талаас Америкийн дотоод дахь бензиний үнийг буулгах, нөгөө талаар давхар Оросын нефтийн экспортоос олох орлогыг хязгаарлах зорилгоор ОПЕК-ийн улсуудыг хоногийн нефтийн олборлолтоо 1 сая баррелиар нэмэгдүүлэх хүсэлт тавьсан ч энэ айлчлалын дараа ОПЕК+(ОПЕК-ийн өргөтгөсөн бүтэц бөгөөд ОХУ гишүүнээр ордог)-ийн улсууд хуралдаанаараа нефтийн олборлолтоо 1 сая баррелиар нэмэх биш, харин эсрэгээрээ хоногт 2 сая баррелиар хорогдуулах шийдвэр гаргасан нь АНУлсуудаар "хөнгөхөөн" даажигнасан хэрэг юм.

Гэхдээ энэ бүхнээс илүү ач холбогдолтой үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Си Жиньпин энэ сарын эхэнд БНХАУ-ын тэргүүнээр улиран 3 дахь удаагаа сонгогдсоныхоо дараа гадаадад хийх эхний айлчлалаараа Москваг зорив. Дипломат ёсонд аливаа улсын өндөр албан тушаалд сонгогдсон эрхэм анхны гадаад айлчлалаа аль улс руу хийх нь маш өндөр ач холбогдолтой байдаг бөгөөд яг 10 жилийн өмнө Си Жиньпин анх удаа сонгогдохдоо мөн Москвад айлчилж байсан юм. Хятад улсаас айлчлалын багт засгийн газрын бараг бүх гишүүд багтсан бөгөөд 120 гаран хүнтэй нүсэр “десант” буусан юм. Хоёр өдөр үргэлжилсэн айлчлалынхаа үеэр Си Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин, ерөнхий сайд М. Мишустинтэй биечлэн уулзсан бөгөөд хэлэлцээрийн үр дүнд технолог, аж үйлдвэрлэл, байгалийн баялаг, газар тариалан зэрэг салбаруудад 2030 он хүртэлх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаав.

Путин ба Си

Айлчлалынхаа төгсгөлд хийсэн оройн зоогийн дараа Си Жиньпин “Бид сүүлийн 100 жилд болоогүй их өөрчлөлтийн цаг үеийг туулж байна. Нэгэнт манай 2 улс хамт байгаа цагт энэ үйл явцыг чиглүүлэн хөтлөх нь гарцаагүй юм” хэмээн хэлсэн нь энэ 2 улс хамтран АНУлсууд тэргүүтэй Барууны улсуудын дангаар ноёрхол - неоколоничлолын бодлогод төгсгөл тавихаар эргэлтгүй шийдэцгээсний илэрхийлэл юм. Олон олон нэр хүнд бүхий судлаачид Орос Хятад улсууд түүхэндээ урьд хожид байгаагүй өндөр хэмжээнд ойр харилцаанд байна хэмээн дүгнэцгээж байна. Энэ бол Барууны хувьд байж болох хамгийн аймшигтай “хар дарсан зүүд” нь бодитоор биеллээ олсоон гэсэн үг.

Дэлхий өөрчлөгдөж байна. Энэ үйл явц өнөөдөр эхлээгүй, бас маргааш дуусахгүй. Гэхдээ хамгийн гол нь энэ бол хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарах түүхэн хөгжлийн зүй тогтол, логикийн дагуу явагдаж буй бодит, объектив үйл явц. Орос Хятад хэмээх манай хоёр хөрш их гүрнүүд энэ үйл явцыг зөвхөн залж чиглүүлэх үүргийг өөрсдөдөө авч байна. Хаашаа? Хоёр улсын тэргүүнүүдийн удаа дараагийн мэдэгдлүүд, тэдний явуулж буй дотоод ба гадаад бодлогуудаас хаашаа чиглүүлж байгааг нь бүрэн харж болохоор байна. Энэ бол нэг л улсын ашиг сонирхол, нэг л улсын валют дангаар ноёрхож, нэг л улсын үзэл суртлыг бусад нь үг дуугүй хүлээн авахаас өөр байдалд ордоггүй, нэг улс нь бусад улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бүр бөмбөгдөн газрын хөрснөөс арчдаггүй, бусад улсуудыг нэг талын хориг санкцуудаар эдийн засгийг нь үгүй хийдэггүй, харин жинхэнэ ёсоор тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан жигд, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн  шинэ эрин үеийг бий болгох их үйл хэрэг юм.

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг