Цуврал нийтлэлийн 13-р хэсэг

XX зууны монгол 11
Цаана нь байгаа сүм хийдүүд улам илүү өнгө жавхаа орж, тэнд суугаа дээд зиндааны лам нар улам илүү баяжих тусам наана байгаа эгэл жирийн монгол айл улам ихээр үгүйрэн хоосорч байсан юм аа!

 

Өмнө өгүүлсэн тухайн цаг үед манай орны өмнө улс орны хувь заяаг шийдэх хэмжээний зайлшгүй шаардлага болсон байсан их үйл хэргүүдийг Д.Өлзийбаатар хэрхэн дүгнэж бичсэнийг сонирхоцгооё.

Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг уламжлалт буддын шашны лам хуврагуудын тэргүүлэх хэсгийг ард түмний дайсан гэх зэргээр хүнд хилс яллаж, монгол үндэстний олон зуун жил шүтэн биширч ирсэн шашин, гүн ухаан, түүн дээр суурилсан уламжлалт анагаах ухаан, мэдлэг оюун, урлаг соёлын өвийг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсч, хэв заншил, ёс суртлаа мартан гээх, ёс суртахууны элдэв доголдолд өртөх үүд хаалга нээгдэв.”.

Түүний судалгаа нэртэй ч бодит байдал дээр цэвэр гүтгэлгийн уран зохиолд миний өмнө нийтлэлүүддээ бичсэн лам нар, Богд Жавзандамба гэж чухамдаа хэн байсан тухай ТЭР БҮХ БОДИТ БАРИМТУУДААС ГАНЦ НЬ Ч БОЛТУГАЙ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ. Зөвхөн тэднийг “үндэстний баатрууд” байсан мэт өөд уруугүй магтсан байгаа. Түүний тэрхүү хэт субъектив-илэрхий гүтгэлгийн шинжтэй дүгнэлтүүдийг утгат хэсэг нэг бүрээр нь салгаж жинхэнэ бодит түүхэн баримтуудтай харьцуулан үнэн худлын алин болохыг тогтооцгооё.


1. "Шашныг харгис үзэл, бурангуй хоцрогдол хэмээн устгасан" гэв үү? Сүжиг сүсгээр биш харин албан журмаар өргөл барьц хураадаг, өгч чадаагүй үгээгүй ядуу тарчиг нэгнийг нь банздан шийтгэдэг байсан чинь тэгээд харгис биш энэрэнгүй үзэл үү? Яг энэ тухайд манай зарим бодгалиуд шашин шүтэх эрхийг үгүй хийсэн гэж гомдоллодог. Гэтэл чухамдаа шарын шашин чинь тэр үед МӨЛЖЛӨГИЙН АРГА ХЭРЭГСЭЛ болчихсон байсан юм шүү дээ. Нэг анги нөгөө ангиа мөлжих үндсэн хэрэгсэл, дарлагдагч ангийг номхон хүлцэнгүй байлгах үндсэн үзэл суртал болчихсон байсан юм аа.


2. "Уламжлалт гүн ухаан, мэдлэг оюуныг нь устгасан" гэнэ ээ? 1919 онд манай оронд ирж бүтэн жил дөрвөн сарын хугацаанд манай орноор аялан судалгаа хийсэн дипломат, түүхч, академич И.М.Майский өөрийн “Орчин үеийн Монгол” номонд европ хүний нүдээр тэр үеийн манай бодит байдлын тухай ингэж бичсэн байна: Одон орон судлалд зөвхөн судар ном л ашиглана. Энэ салбарт тэнгэрийн эрхсийн талаар ямар ч ажиглалт судалгаа хийдэггүй, тэр ч байтугай тэнгэрийн оддыг мэдүүлэх ямар ч туршилт дадлага хийдэггүй. Ламын одон орон судлал мөрөөрөө, харин бодит орчлон мөрөөрөө байх ажээ... Одод бол Будда бурхны доод талд орших тэнгэрийн дөрвөн зовхист байрласан арай бага бурхад ба тэнгэр юм ажээ. Оддын тоо нийтдээ 1 сая ширхэг байх боловч хүний нэгэн адил хоорондоо адилгүй, зарим нь хурц тод ба хүчирхэг туяа цацруулна, зарим нь бүдэгдүү туяа гаргана. Лам нар маань од гариг хоёрын ялгааг бас л сайн мэдэхгүй хэвээр байв. Гэхдээ тэд тэнгэрт оддын 28 орд байгаа гэсэн тоо хэлж байна. Гэвч тэдгээр оддын ордыг заагаад аль гэвэл их сандрах янзтай. Энд гайхах хэрэггүй, яагаад гэвэл яригдаж байгаа 28 орд маань зөвхөн бөмбөрцгийн өмнөд хэсэгт харагдахаас биш манай тэнгэрт харагддаггүй юм. Энэтхэгийн одон орон судлаачид одот тэнгэрийн зургийг гаргахдаа өөрсдийнхөө нүдэнд харагдсанаа л дүрсэлсэн байдаг. Тэрхүү зураг нь бидний мэдэх мөнөөх замаар (Буддын шашинтай хамт орж ирсэн гэсэн үг Л.П) Монголд орж иржээ, хэдийгээр энэ зураг монголын дээрх бодит одот тэнгэрийн байдалтай огт таарахгүй байсан ч нутгийн зурхайчид тэр зурагт итгэж, түүнийг дээд тэнгэрээс илгээсэн бурхны шинэ нээлт хэмээн үзсэн хэвээр ажээ. Монголын зурхайчидбол гэгээн судар гэгчид бичигдсэнийг зөв буруу гэж эргэлзэхээсээ өмнө өөрсдийнхөө нүдээр бодитоор харж байгаадаа эргэлзэхэд хэзээд бэлхэн бодгалиуд юм.”*


3. "Уламжлалт анагаах ухааныг нь үгүй хийсэн" гэв үү? Лам нар өвчин үүсгэгч нянгийн талаар ямар ч, бүр бүдэг бадаг ч төсөөлөл огт байхгүй байна. Өвчин бүхний эх сурвалж нь хүний биед нэвтрээд бие махбодийн ажиллагааг алдагдуулдаг онцгой сүнс юм гэж үздэг байна... юуны өмнө тэдгээр биетийн (сүнсний)хорт нөлөөг саармагжуулах шаардлагатай болж таарна. Энэ зорилгоор ном уншиж гүрэм дором хийх, онцгой шившлэг тарни унших зэргийг үйлдэнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд европынхон шиг эмийн тарилга хэрэглэхийн оронд сахиус зүүлгэж хэрэглэнэ. Энэ сахиус нь дугариг хэлбэртэй дотроо олон янзын дүрс байх бөгөөд тэнд ойролцоогоор: ”ямар нэг өвчний сүнс чамайг бүү ороох болтугай! Чи дандаан эрүүл чийрэг байх болтугай!” гэж түвдээр бичсэн байдаг”*. Бодит байдал ийм л хоцрогдсон бүдүүлэг байжээ.

Хэдийгээр дорнын уламжлалт анагаах ухааныг үгүйсгэж хэрхэвч болохгүй боловч чухам тэр үед манай оронд тогтсон байсан уламжлал нь зөвхөн цэвэр мухар сүсэг дээр тулгуурласан ёстой бурангуй харгис сүсэг байсан байна. Итгэхгүй бол ганц жишээ хэлье. Хэвт ёсны 2-р (1910) оны үеэс эхлэн 8-р богд Жавзандамба хутагт ламын мэлмий (нүд) муудсан, мөн улсын эх дагина, эрдэнэ цэцэн ноён гэж нэрлэгдэж байсан түүний хатны бие чилээрхсэн тухайд тэднийг эдгэрүүлэх, нэн ялангуяа богдын нүдний харааг сайн болгохын төлөө янз бүрийн нэртэй аврал гүрэм уншуулж нүгэл хилэнц арилгах олон тооны том жижиг бурхан бүтээж буян үйлдэх ажлууд тун их явагдах болжээ. ...Тэр үед богдын нүдийг эдгэрүүлэх зорилгоор бүтээсэн зүйлийн хамгийн томоохон нь Гандан хийдийн газар сүм барьж Мэгзэджанрайсаг гэдэг 80 тохой өндөр бурхан бүтээсэн явдал мөн.”** Мөн сүмийг 230000 лан, бурхныг 100000 лан мөнгөөр бариулсан нь нийлээд тэр үеийн 36 хошууны ноёдын өртэй дөхөж очиж байна. Энэ их хөрөнгийг хэн гаргасан бэ? Богдын хувийн бүх зардлыг гаргадаг тэр л хүмүүс!!! Эгэл жирийн ардууд!

Ийм өрөвдөлтэй дүр зураг гарч ирж байна. Хүн эмчлэх, бурхан бүтээх хоёр ямар холбоотой юм бэ? Үүнийг тэгээд Д.Өлзийбаатар “уламжлалт анагаах ухаан” гээд байгаа хэрэг үү? Хэрэв энэ мухар сүсгээ ингэж үхэн хатан хамгаалаад байгаа юм бол Д.Өлзийбаатар өөрөө үлгэр жишээ болж өөрийгөө болон үр хүүхдүүдээ зөвхөн гүрэм номоор эмчилж байх хэрэгтэй биш үү?


4. "Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг лам нарыг хэлмэгдүүлсэн нь ёс суртахууны доголдолд өртөх үүд хаалгыг нээсэн" гэв үү? Ёс суртахуун гээчийг номлогчид чинь өөрсдөө хэн байсныг мэдмээр байна уу?

Сүм хийдийн санхүүгийнхэн чухам эл гуравдахь хэсгийг (сүм хийдийн чөлөөт нөөцийг хэлж байна Л.П) бузгай хүүтэй эргэлтэнд оруулахаа сайн мэднэ. Ийм замаар сүм хийдүүд жилийн 60 хувийн хүү авч банкны эзний үүрэг гүйцэтгэнэ.”* “Лам нарын дунд завхайрахын хажуугаар бас завших баяжихын дон хүчтэй туссан хүмүүс ч бий. Сүм хийдийн хуврагууд маань мөнгө эд баялагт авралгүй татагдах нь буй. Энэ талаар Богд Гэгээн өөрөө сүсэгтэн олны өмнө үлгэр дууриал болж байна. Тэрбээр төрийн сангаас амин хувьдаа хэдий хэрийн хөрөнгө, мөнгө авч байсныг бид дээр өгүүлсэн билээ. Гэвч Богд Гэгээний сэтгэл түүндээ ханаагүй бололтой; яагаад гэвэл тэрбээр Өргөө дэх хятадын Лун-Хэ-Ю-ийн пүүсийн хувь нийлүүлэгч нь байсан ажээ. Богд Гэгээний хатан ч эр нөхрийнхөө жишгээс хоцрохгүйг хичээн Өргөө дэх хятадын Тянь-Де-Хао пүүсийн хувь нийлүүлэгч болсон байжээ. Бусад лам нар ч том багагүй эрхэмсэг дээдсийн нэг ёсны тааллын дор мөн л ийм байдлаар худалдаа наймаа хийх, мөнгөөр панз үсэргэх, хүүлэх, хөлсний автомашины компанид нэгдэх зэрэг үйл өрнүүлж байна.”*

Өнөөдөр барууны банк санхүүгийн олигархуудын гар хөл болсон хувийн банкны эзэд 30 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж манай ард түмнийг өрийн намагт унагаад байна. Гэтэл Богд хаант Монгол улсын үед Богд өөрөө төдийгүй түүний зөвшөөрлөөр бусад лам нар 60 хувийн хүүтэй буюу өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН зэрлэг балмад аргаар мөнгө хүүлж ард түмнээ мөлжиж байсан байна шүү дээ. Ламын шашны нэрээр манай ард түмний толгойд суусан энэ төвд өвгөн болон түүний хатны хөрөнгө оруулсан хятад пүүсүүд тэр мөнгийг нь манай ноёд, тайжуудад 60 хүртэлх хувийн хүүтэй зээлнэ. Тэгээд тэр зээлийг авсан ноёд уг зээлээ харьяат ардуудаараа төлүүлнэ. Ард түмнээс дээрэмдэн авсан хөрөнгөө ноёдод өндөр хүүтэй зээлүүлэн жирийн ард түмнийг дахин давхар мөлждөг байсан төвд Богд тэргүүтэй МӨНГӨ ХҮҮЛЭГЧ лам нарт яг ямар ёс суртахуун байгааг доовтор хочит Д.Өлзийбаатараас асуумаар байна!


5. "Оюун санааны эзгүйрэл үүссэн" гэв үү? Тэгвэл 300 жил манай ард түмний оюун санааг мухар сүсгийн манан дунд барьж эрхшээхдээ тэр шарын шашин чинь ард түмнийг чухам яаж гэгээрүүлсэн юм бэ? 1917 оны мэдээгээр тэр үеийн манай хүн амын 3-4 хувь нь л үндэснийхээ бичиг үсэгт тайлагдсан байсан байна. Лам хуврагууд ихэвчлэн зөвхөн төвд үсэг үздэг бөгөөд амьдралынхаа ихэнх цагийг бурхны ном цээжлэхэд зарцуулдаг, тэр нь эргээд ард түмний аж амьдралд ямар ч бодит тус нэмэргүй байсан аж.

Хамгийн гол нь төвдийн энэ сургаалийг зөвхөн цээжилдэг, улмаар тэр сургаалууд нь лам нар төдийгүй хүн ардын оюун сэтгэхүйг хумьж, өөрийн толгойгоор бодож сэтгэх чадварыг бүрэн үгүй хийдэг байв. Бурхны сургаалийг л дага, илүү дутуу юу ч хийх хэрэггүй, өөрөө бодож сэтгэх ч шаардлагагүй! Үүнийхээ хамтаар элдэв аймшигт төрх бүхий бурхад, шашны үлгэр домгуудаар айлган хүн ардыг хүлцэнгүй номой, аймхай бэртэгчин болгож авна. Харин дараа нь хутагт хувилгаан лам нар нь өөрсдөө энэ бүхнийг ашиглан ард түмнийг дарлан боолчилж баяжин - зааж номлодог бүхнийхээ эсрэг увайгүй бүхнийг хийдэг байсныг дээр дурдсан олон жишээгээр харсан биз ээ! Үүнээс ч олон жишээ уул овоо шиг их бий!

Гэтэл төвдийн хэт бурангуй үзлээс салж байж ард түмэн маань бичиг үсэгт тайлагдаж, хүн төрөлхтний ололт амжилттай зэрэгцэн, эрүүлжиж, хүн ам маань асар хурдтай өссөн гэдгийг доовтор Өлзийбаатар яагаад дурдахгүй байна вэ?

Төвдийн хэт бурангуй шашны үзлээс салж байж ард түмэн маань АНХ УДАА НИЙТЭЭРЭЭ бичиг үсэгт тайлагдаж, хүн төрөлхтний ололт амжилттай зэрэгцэн, ЭРҮҮЛ МЭНД болцгоож ҮҮНИЙ АЧААР монголын ард түмэн маань асар хурдтай өсөж байсан гэдгийг энэ этгээд яагаад огт дурдахгүй байгаа юм бол? Харийн мухар сүсэг үзлийг сурталчлагчид байсан лам нар нь монголчуудыг сансарт нисгэж, саранд хүргэх байсан юм болов уу? Ламын шашин болон лам хуврагуудад ард түмнээ бичиг үсэгт бүрэн тайлуулахад 300 жил ч хангалтгүй-хүрэлцээгүй байсан бол Ардын төр засагт 30 гаранхан жил л хангалттай байсан шүү дээ! Учир нь жинхэнэ Хүн-ий төлөө Ардын төр засаг байсан юм аа!

Одоо чухам яагаад Ардын төр засаг лам нарыг хар болгож, бурангуй ламын шашныг албадлагын болон ухуулгын олон хэлбэрийн арга хэрэгслүүдийг ашиглан нийгмийн амьдралаас аажмаар түлхэн гаргасныг тэр цаг үед улс орны маань өмнө ямар бодит шаардлагууд тулгараад байсантай холбон харцгаая.

1. Шашны хурал ном, хийд, суварга барих, лам нарын эд хэрэглэл, хоол хүнс зэрэг маш олон зүйлд асар их хөрөнгийг ардуудаас албан журмаар татан хайр найргүй үрдэг байсан байна. Энэ бүхэн нь эргээд нийгмийн нөхөн үйлдвэрлэлд ямар ч нэмэр байхгүй-сүм хийдүүд ямар нэг бодит үйлдвэрлэл явуулдаггүй байсан учир манай улсын эдийн засагт асар том чөдөр тушаа болж байсан. Улмаар ард түмэн нийтээрээ ядууран үгүйрэн хоосроод, нийгмийн баялаг хэт цөөнхөд их хэмжээгээр төвлөрсөн байсан нь улс орны цааш хөгжин дэвших бүх боломжийг боомилон устгаж байсан байна.

2. Нийт эрчүүдийн 44.6 хувь нь лам нар байснаас үүний гуравны нэг орчим нь сүмд шавилан сууж шашны ёс гэгчийг чанд сахидаг байжээ. Иймээс манай хүн амын өсөлт жилд ердөө 0.7-хон хувьтай байсан байна. Хэрэв лам нарыг хар болгоогүй бол хүн ам маань яг энэ хурдаараа бүр 2095 онд буюу XXI зууны төгсгөлд л дөнгөж 2 саяд хүрэх байсан байна.

3. Зөвхөн сүмд шавилан суугаад, ажил хөдөлмөр эрхлэлгүйгээр мухар сүсэгтэн олны хандиваар амар хялбар амь зууж болоод байдаг бол ажил хийж, үйлдвэрлэл эрхэлж, сурч боловсрон ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхийг хүсэх хүн үлдэнэ гэж үү? 0.7хон хувийн хүн амын өсөлттэй байхад ажилчин анги тооны хувьд бүрэлдэн бий болох үйл явц бүтэн хоёр зуун жилээр хойшлох байжээ. Үндэстний ажилчин ангийг бий болгохгүйгээр улс орон маань хөгжин дэвшиж, шарын шашнаас болж шигдсэн гүн хар нүх - олон зууны хөгжлийн хоцрогдлоосоо салах хугацаа ч бас хоёр зуун жилээр уртсах байжээ!!! Гэвч энэ хугацаанд улс ард түмэн маань түүхийн хөрснөөс нэгэнт арчигдах байсан нь эрүүл ухаантай л бол хэнд ч тодорхой баймаар юм.

4. Шарын шашин(ер нь аль ч шашин) бол бодит мэдлэг-шинжлэх ухааны дайсан юм. Тиймдээ ч манай орон хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг шинжлэх ухаанчаар танин мэдэж, түүнийхээ үрээр дэвшилтэт технологиудын шимийг хүртэж байсан тэр үед буюу ХХ зууны эхэнд дундад зууны харанхуй бүдүүлэг байдалдаа таг гацчихсан байсан билээ. Үүнээс гарах зайлшгүй нөхцөл болсон бүх нийтийн боловсрол, шинжлэх ухааны судалгаа, мэргэжилтнүүд, түүн дээр суурилсан үйлдвэрлэл технологийг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй болсон байсан юм. Чухам энэхүү амин чухал үйл хэргийн заналт дайсан бол мухар сүсгийн-ламын шашин байсныг түүх нэгэнт ямар ч маргаангүй баталсан билээ.

Итгэхгүй бол яг тухайн үеийн манай лам нар шиг асар их эд баялаг, эрх мэдэлтэй болсон байсан дундад зууны ромын пап тэргүүтэй католик лам нарыг санацгаа. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа зөвхөн одон орны дуран авай зүй, ажиглалт туршилт, геометр-математикийн тооцоогоор манай гариг ертөнцийн үндсэн гурван хуулийг нээсэн Николай Коперникийг лам нар адлан дарамталж, шатааж алахаар заналхийлж байсан. Мөн түүний энэ маргашгүй үнэнийг дэмжин, эцсээ хүртэл энэ үзэл санаан дээрээ бат зогсож байсан Жиордано Бруног бүр олны өмнө амьдаар нь шатаан алсан шүү дээ. Яагаад гэвэл тэр бүх байгалийн бодит хуулиудыг энгийн ардууд өөрсдийн оюун ухаанаар шүүн тунгааж үнэн болохыг нь танин мэдээд, түгэн дэлгэрээд эхэлбэл лам нарын хоосон номлол хэнд ч хэрэггүй болох байв. Хамгийн гол нь үүнийг дагаад зөвхөн хоосон номлол-мухар сүсгийнхээ хүчээр олж авч, тогтоон барьж байсан тэдний тэр их эд баялаг, эрх мэдэл ч үгүй болчих гээд байсан юм.

Манай ард түмэн XVII зуунд хятад/төвдөөс “алтан ургийн” гэгч урвагч ноёдын оруулж ирсэн харийн ламын шашинд дагаар орж олон зуун жил харийн шашны харанхуй бүдүүлгийн туйлд унасан байсан учир Ардын төр засгаас түмэн олноо шашны хар тамхины нойрноос сэрээн сэхээхээр бичиг үсэг, шинжлэх ухааны бодит үнэн мэдлэгийг түгээх гэсэн зорилго нь шарын лам нарын харгис ширүүн эсэргүүцэлтэй цаашид ч тулгарах нь мэдээжийн хэрэг байсан юм.

5. Анх хятадын мөнгө хүүлэгчдийн байгуулсан янхны газраас эхлэн манай оронд эрчимтэй тархсан тэмбүү зэрэг халдварт өвчин үндэстний хэмжээнд аюул занал учруулж манай үндэстэн бараг мөхлийн ирмэгт ирээд байсан билээ. (Жишээ нь, тэмбүү өвчнийг ном хурал хураад эмчилж чадах байсан уу? Чадсан уу?) Энэ бүхнээс аврах ганц зам бол орчин цагийн анагаах ухааныг нэвтрүүлэх байсан бөгөөд чухам үүний ганц дайсан нь шарын шашны мухар сүсэг- хоосон номлолууд, түүнийг ашиглан ардуудыг мөлжиж байсан дээд хүрээний лам нар байв. Учир нь хэрэв жинхэнэ өвчин үүсгэгчийг танин мэдсэн, түүнийг устгах аргуудыг боловсруулсан орчин үеийн анагаах ухаан нэвтрэх юм бол ард түмэн лам нарын мөлжлөгийн зэвсэг болж байсан хоосон номлолууд тэднийг хэрхэн маллан хуурч мэхэлж байсныг ойлгон ухаарчих гээд байсан юм. Улмаар лам нарын юу ч хийхгүй ч баян тансаг амь зуудаг амьдрал нь дуусчих гээд байсан юм. Энэ тухай “Сэрэлт” киноны үйл явдал маш ойлгомжтой харуулсан байдаг.

6. Чухам яг 1920-иод оны төгсгөлөөс Японы эзлэн түрэмгийлэгчид манай зүүн хилийн цаана ил далд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, манай улс ард түмний эсрэг том дайнд бэлдэж эхэлсэн нь илэрхий болсон байдаг. Японы эзэрхэг гүрэн нэг л өдөр шийдвэрээ гаргаад түрэмгий дайнаа эхэлчихсэн юм биш шүү дээ. Дайн эхлэхээс өмнө БНМАУлсыг дотроос нь сулруулах, ялангуяа тухайн үеийн төр засгийн өндөрлөгт байсан ч элдэв хувийн шалтгаанаар атаархаж өсөрхөж байсан бодгалиудыг олж ашиглан улс орны дотор урвагч дүлзэнгүүдийн сүлжээг бослого үймээнд бэлдэх, улс орны эдийн засгийг, түүний дотор бэлчээр худаг усыг хордуулахаар бэлдэж, ард түмний зарим ухвар өмчид хэсгийг олж төр засагтаа итгэх итгэлийг нь элдэв худал мэдээллээр алдагдуулах замаар ард түмний эв нэгдлийг сулруулах зэргээр тагнуул туршуулын олон талт ажиллагаа идэвхтэй явуулж байсан байдаг.

Тэгвэл хуучин манжийн төрөөс шагнасан эрх ямбаа, мөн ард түмнээ харийнхантай нийлж шимэгчлэн амьдарч байх арга бачаа алдсан байсан шар лам нар, манжийн төрд хичээн зүтгэж ноёд тайж хэргэмээр шагнуулсан хар этгээдүүд нар болон тэдний дагалдан зусардаж амь зууж байсан бодгалиуд энэхүү урвагчдын “тавдугаар цуваа”-ны хамгийн эхний эгнээ байж чадах байсныг, дайн эхэлсэн үед тэд нар төр засаг, ард түмнээ ар нуруунаас нь түгжилдэн хутгалж улс эх орноо харийнханд тавьж өгч ард түмнээ дахиад л хамтран мөлжиж эхлэх байсныг одоо ч төсөөлөхөд нэг их хэцүү биш ээ. Чухам 1937 оноос хуучин феодал ангийн үлдэгдэлтэй хатуу гараар тэмцэж эхэлсэн нь энэ бүх бодит аюулаас сэргийлэх зорилготой байсан юм аа!

Гэхдээ тэд бол өнөөгийн түүхчдийн бичдэг шиг ямар ч гэм зэмгүй энхийн цагаан тагтаанууд байгаагүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ! Хамгийн гол нь тэдний ил болон ихэвчлэн далд хэлбэрээр зогсолтгүй явуулж байсан ардын засаг болон ард түмний эсрэг хорлон сүйтгэл-эсэргүүцлүүдийн тухай мэдээ баримтуудыг түүхчид сурсан зангаараа хав дардагт л хамаг учир оршиж байгаа юм.

БИДЭНД НЭГЭНТ ИЛ МЭДЭГДЭЖ БУЙ ХАМГИЙН НААД ЗАХЫН ЭХ СУРВАЛЖУУДААР Ч БҮРЭН ДҮҮРЭН БАРИМТТАЙ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ Ч ИНГЭЖ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ГҮТГЭН ГУЙВУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ӨЛЗИЙБААТАР ТЭРГҮҮТЭЙ ЛИБЕРАЛ ТҮҮХЧИД "АРХИВЫН" НЭРТЭЙ ИХЭНХДЭЭ БИДНИЙ ХҮРЭХ АРГАГҮЙ БАРИМТУУДЫН НЭРИЙГ БАРИН ХЭРХЭН САНААНААСАА БУРЖ ЧАДАХ НЬ ИЛТЭЭС ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, МОНГОЛЧУУД АА!!!

Нөгөөтэйгүүр хэрэв том лам, тайж, ноёдын хөрөнгийг хурааж аваагүй бол яаж тэр их баялгийг жинхэнэ эзэд-эгэл ардуудад буцаан өгөх байсан бэ? Тэд зуун зуунаар ард түмнээ мөлжин шулж үе улиран амьдарч ирсэн баян тансаг, элбэг хангалуун амьдралаасаа зүв зүгээр ямар ч эсэргүүцэлгүйгээр “ойлгож ухамсарлаад” татгалзах байсан гэж гэнэн төсөөлж байна уу?

Ард түмний тархийг угааж шулж баяжсан лам нар, манжид улсаа худалдсан урвагч язгуурт ноёд тайж нар манжийн цэрэг зэвсэг, эрүү шүүлт, ял гяндангаар ард түмнээ дарамталж түмэн олны хөдөлмөрийн үр шим мал сүрэг, өмч баялгийг олон жилийн турш хүчээр цөлмөн дээрэмдэж байсныг шүүмжлэхгүй хэрнээ хэдэн зуунаар дарлагдан зовсон эгэл ард өөрсдийнхөө хөлс хүчээр бий болгосон баялгаа буцааж авсныг юунд ингэж гуйвуулан гүтгэнэ вэ, Өлзийбаатар аа?

Өмнө дурдсан бүхнээс харвал Манжийн дарлалын үе болон Богд хаант Монгол улсын үеийн ард түмний бодит нөхцөл байдал өнөөдрийн ардчилсан капитализмын бидний амьдралын төрх байдалтай тун төстэй байсан байна. Тиймээс Д.Өлзийбаатарын тэрхүү дүгнэлтийг орчин цагийн бидний хэлэнд-өнөөгийн бодит нөхцөлд дараах байдлаар буулгаж болохоор байна:

Ард түмэндээ олигархууд хэмээн хүндлэгддэг шинэ дэвшилтэт капиталист хөрөнгөтнүүдийн тэргүүлэн баяжсан хэсгийг “ардын дайсан” гэх зэргээр хүнд хилс яллаж, Монгол үндэстний гурван арван жил шүтэн биширч ирсэн ардчилал, чөлөөт зах зээл, үл үзэгдэх гарын онол, түүн дээр суурилсан авилгал хээл хахууль, нийтэд тархсан хувиа хичээх бэртэгчин үзэл, барууны садар самууныг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсэж, гуравдагч хөршийн үзэл санаагаа мартан гээх, ардчиллын үнэт зүйлсийн доголдолд өртөх үүд хаалга нээгдэв ээ.

БҮҮ БУР АА!

 

Ашигласан материалууд

1. * И.М.Майский, “Орчин үеийн монгол (Автономит Монгол XXзууны гараан дээр)”, 2000 он
2. ** Д.Цэдэв, “Их шавь”, 1964 он
3. Д.Өлзийбаатар, “Яагаад 1937 он?..”, 2004 он
4. Б.Ширэндэв нар, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, 1969 он
5. Ш.Нацагдорж, “Сум, хамжлага, шавь ард”, 1972 он
6. Б.Ширэндэв, “Монгол Ардын Хувьсгалын түүх”, 1969 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

Сэтгэгдлүүд  

би монгол хүн
+4 # би монгол хүн 2020-01-05 03:10
Маш үнэн зөв хамгийн гол нь бодит түүхэн баримтуудад үндэслэсэн нийтлэл болжээ. манайхан бусад нийтлэлүүдийг анхааралтай уншаасай. Гамин бүүбурт басан доромжлуулж суухгүй шүү, хичээцгээе элгэн садан монголчууд аа :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Mongol
+1 # Mongol 2020-01-09 15:07
Энэ бол туйлийн үнэн. Бид соёлт нийгмээс суралцаж хөгжих, нийгмээрээ соёлжих ёстой. Дэлхийгээс тасарч хоцрон хамгийн харанхуй бүдүүлэг хаягдсан ертөнц бол 20-р зууны эхэн үеийн Түвд Монгол 2 юм шүү. Одоо харин бид өнгөрсөн зууны хөгжил дэвшлийнхээ замаас ухарч болохгүй. Харин мөхөж буй шашны харанхуй бурангуй түүхээсээ суралцаж улам дэвшин хөгжих хэрэгтэй. Үүний тулд эрчүүдийн давамгайлсан нийгмийг бий болгох хэрэгтэй. Эрчүүд өөрсдөө зүтгэж манлайлах боломжийг бүх талаар дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл одоогийн эмэгтэйчүүд нийтээрээ, нийгмийн тэргүүлэх эгнээнд байгаа нь ч, УИХ-д сууж байгаа нь ч харанхуй хэвээрээ, хамгийн шашинлаг, богино бодолтойн дээр гэр бүл, нийгэмдээ эсрэг нөлөөл үзүүлж байна. Энэ байдлыг гадаадын болон дотоодын бүлэг хүмүүс маш сайн мэдэрч Монгол улсын язгуур эрх ашгийн эсрэг ашиглаж байгаа нь бас үнэн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг