Цуврал нийтлэлийн 7-р хэсэг

Одоо дараагийн асуулт. Түүхч Д.Өлзийбаатарын дүгнэлтээр, Зүүний нугалаа бол И.Сталины Монголд хэрэгжүүлсэн “амжилтгүй туршилт” байсан юм байна. Өөрөөр хэлбэл И.Сталин ЗХУ-д хэрэгжүүлж байсан маш богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болгох хөтөлбөрөө манай улсад “сохроор” тулгасан гэсэн үг. Мэдээж үр дүн нь тэг байсан. Ийм туршилт хийх боломж байсан уу? Одоо задлан авч үзэцгээе.

Боломж байсан уу?

Манай оронд ер нь богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болох боломж байсан уу?

Сталины хэлсэн дараах зүйлд анхаарлаа хандуулъя. “Хэрэв бидэнд улс ардын аж ахуйн бие даасан байдлыг хангаж өгдөг төлөвлөгөөний төв байгаагүй бол аж үйлдвэржилт маань шал өөр замаар, бүх зүйл хүнд аж үйлдвэрээс биш хөнгөн аж үйлдвэрээс эхлэх байсан юм. ...Тэдэнд(капиталистуудад) хамгийн чухал нь ашиг, харин хөнгөн аж үйлдвэрлэл л илүү их ашиг өгдөг. Бид харин хүнд аж үйлдвэрлэлээс эхэлсэн, тиймдээ ч бид капиталист гүрнүүдийн хавсарга болоогүй. Үйл ажиллагааны үр ашиг маань бүтээн байгуулалтад, хэдийгээр улсаас маш их хөрөнгө шаарддаг хирнээ ашгаа тэр дор нь өгдөггүй байсан ч гэсэн - юуны түрүүнд хүнд аж үйлдвэржилтэнд захирагдаж байсан юм.” (1941-01-29)

Хүнд аж үйлдвэр гэж юу вэ? Үндсэндээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аварга үйлдвэр гэсэн үг. Үүнд төмөрлөгийн үйлдвэрлэл, ашигт малтмал олборлолт, химийн үйлдвэрлэл, машин зэвсэг техникийн үйлдвэрлэл орно. Харин хөнгөн аж үйлдвэрлэлд хэрэглэгчдийн гар дээр шууд очдог бэлэн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл бүгд орно. Хоол хүнс, хувцас хунар болон ахуйн бусад бүтээгдэхүүнүүд гэх мэт.

Тэгвэл 1929 онд манай оронд богино хугацаанд хүнд аж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байсан уу? Мэдээж ямар ч боломж байгаагүй ээ. Тэр байтугай хөнгөн аж үйлдвэрийн томоохон үйлдвэр ч байгаагүй улсад ийм зүйл боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Бидэнд мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчин, технологичид, хими, физик, биологийн мэргэжилтнүүд, мэргэшсэн судлаачид, инженерүүд байгаагүй. Хүн ардын 90 хувь нь кирилл, латин байтугай үндэснийхээ бичиг үсэгт ч тайлагдаагүй хүмүүст энэ хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ? Хүн ам нь нэг сая ч хүрээгүй, үндэсний ажилчин анги байхгүй, өмнө нь ямар нэг орчин үеийн үйлдвэрлэл явуулж байсан туршлага байхгүй, авто тээвэр, төмөр зам, харилцаа холбоо орчин үеийн хэлбэрээр хөгжөөгүй ард түмнийг 10 жилийн дотор дэлхийн зах зээлээс хамааралгүй үйлдвэржсэн орон болгох гэж хүчлэх нь эрүүл ухаантай хүний үйлдэл мөн үү? И.Сталин ийм солиотой зүйл бодож, бүүр хийх хүн байсан гэж үү?

Энд ганц жишээ авахад, манай орон социализмын замаар замнасан 70 жилийн хугацаандаа бүрэн аж үйлдвэржсэн орон болж амжаагүй бөгөөд харин хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болсон байсан юм. Энэ нь манай орны дэлхийн хөгжлөөс хэдэн зуунаар хол хоцорсон хоцрогдол, асар өргөн уудам нутагт маш сийрэг суурьшсан цөөн хүн ам, боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарууд маань бараг тэгээс эхэлсэн гэх мэт олон шалтгаантай. 

Харин ЗХУ биднээс өөр, аж үйлдвэржилт явуулах бодит хөрс дэвсгэртэй байсан, нөгөө талаас энэ үйл явц бол тэдний хувьд түүхэн зайлшгүй шаардлага, цаашид оршин тогтнох эсэхийн гол зангилаа болсон амин чухал асуудал байсан юм. Жишээ нь АНУ-ын санаачлагаар 1924 онд батлагдсан, Версалийн энхийн гэрээний дагуу Дэлхийн I дайнд ялагдсан Герман улсыг сэргээн босгохтой холбогдсон “Дауэсын төлөвлөгөө” байна.  Уг төлөвлөгөөний дагуу ЗХУ ба Зүүн Европын газар тариалангийн орнууд Герман улстай хийх худалдаануудын дүнд Герман улс нийт 130 тэрбум алтан маркийн ашиг олох ёстой байв. Өөрөөр хэлбэл ЗХУ барууны капиталист гүрнүүдийн газар тариалангийн хавсарга орон болох ёстой байв. И.Сталин болон түүний хамтран зүтгэгчид энэ бүхнээс нэгэн чухал дүгнэлтэд хүрчээ: ЗХУ байж болох хамгийн хурднаар аж үйлдвэржсэн орон болж, улмаар барууны капиталист гүрнүүдээс үл хамааран бие даан оршин тогтнож чадах хүчирхэг эдийн засаг, батлан хамгаалах салбар бүхий орон болох ёстой. Улмаар ЗХУ-д аж үйлдвэржилт өрнүүлэхийн төлөө ширүүн тэмцэл, тэр дундаа ЗХУ-ыг ямар ч үнээр хамаагүй газар тариалангийн орон хэвээр үлдээх гэсэн хүсэлтэй троцкистуудтай хийсэн тэмцэл өрнөж, 1920-иод оны сүүл гэхэд И.Сталин болон түүний хамтран зүтгэгчид энэ тэмцэлд ялснаар анхны таван жилийн төлөвлөгөөгөө батлан аж үйлдвэржилт эхэлсэн ажээ.

Харин манай улсад яг тэр үед хоолой дээр хутга тулгасан аж үйлдвэржсэн, эдийн засгийн хувьд бие даасан улс болох хэт яаруу зорилго, гадаад, дотоод нөхцөл ч байгаагүй юм. Харин бидэнд ард түмнээ боловсролтой болгох, эрүүлжүүлэх, мал сүргээ өсгөх, зарим хэрэглээний бараагаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох, зам тээвэр, харилцаа холбооны салбараа хөгжүүлэх, хуучин феодалын нийгмийн үлдэгдлийг үгүй хийх зэрэг нэн тэргүүний шаардлагатай ажил олон байсан юм.

Нөгөө талаас "ЗХУ өөрийн хүчээр манайд аж үйлдвэржилтийг хүчлэн өрнүүлж өгөх байсан юм" гэх байх. Үгүй дээ! Тийм боломж ЗХУ өөрт нь ч байгаагүй байна. 1929 онд капиталист гүрнүүдэд Их хямралын үе тохиосныг санаж байгаа байх. Энэ бол бүх барааны эрэлт огцом буурна, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ навс унана гэсэн үг. Нэг талаас энэ нь ЗХУ-д ашигтай байсан. Учир нь яг тэдэнд хэрэгтэй байсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнэ хямдарна гэсэн үг. Нөгөө талаас эдгээр тоног төхөөрөмжийг олж авахын тулд ЗХУ-д асар их гадаад валют хэрэгтэй болсон байна. Тэд энэ валютыг олохын тулд өөрсдийн түүхий эд, үр тариа болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах хэрэгтэй болов. Гэтэл чухам үр тариа, түүхий эдийн үнэ бэлэн бүтээгдэхүүнүүдийнхээс илүү ихээр унасан тул ЗХУ хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авахын тулд асар их гарз гаргахад хүрчээ. Мөн нөгөө талаас тэд үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг яарахгүй байсан ба үүний оронд аль болох хурдан социализмын материал техникийн баазыг бий болгоод бие даах зорилгыг өмнөө тавьж байв. Энэ нь хүнс, үр тариа, талх, түүхий эдийг хэсэг хугацаанд асар ихээр гадагшаа экспортлон “бүсээ чангалаад” хэрэгтэй валютын нэг хэсгийг олохоос аргагүй байдалд хүргэсэн байна. Ийм нөхцөлд өөр нэг улсад өөрийн хөрөнгөөр аж үйлдвэржилт явуулна гэдэг жинхэнэ тэнэглэл байх байсан юм.

Бас нэгэн жишээ. Үнэндээ ЗХУ-д ч мэргэшсэн ажиллах хүчин маш дутмаг байсан байна. Аж үйлдвэржилтийн үед ЗХУ-д нийт 30000 орчим гадны инженер, мастер, ажилчид ирж ажилласан байна. Шинэ үеийн техникүүд болох - экскаваторууд, өргөгч крануудыг ажиллуулах мэргэшсэн ажилчид ЗХУ-д бараг байхгүй байсан бөгөөд энэ талын ажлыг зөвхөн Бельги, Италийн иргэд гүйцэтгэсэн байна. Хамгийн гол нь тэд нар нь цалингаа гадаад валютаар авч байжээ. Ийм хүнд нөхцөлд манай оронд Зөвлөлтийн загварыг тулган хэрэгжүүлэх ямар ч боломж байгаагүй ээ!


Ямар зорилгоор?

-  Социализмыг дэлхий даяар түгээх хувьсгалч үзэл санааны илрэл байв уу?

Үгүй юм аа. Өнөөгийн хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид улс төр ба эдийн засгийн аль ч утгаараа И.Сталин дэлхийн хувьсгалын үзэл санаанаас эрс татгалзаж, харин социализмыг эхлээд цор ганц ЗХУ-д цогцлоох төлөвлөгөөтэй байсан хэмээн дүгнэн бичиж байна. Үүнийг маш олон бодит баримтуудаар баталж, нотолж болно оо!! Жишээ нь, “Эхлээд хувьсгалын түймэр Европ тивийг нөмрөн авсны дараа л социализмыг байгуулах боломжтой, тиймээс юуны түрүүнд бүх Европ даяар социалист хувьсгалыг экспортлох ёстой” хэмээн үзэж байсан Л.Троцкий ба Г.Зиновьев нартай И.Сталин өрсөлдөн тэднийг улс төрийн тавцангаас зайлуулж байж ЗХУ-ын жолоог гартаа авсан бөгөөд түүний дараа дараагийн үйл хэргүүд ч түүнийг галзуу хувьсгалын онолын фанатик байгаагүйг батлан харуулдаг.

-  Манай улсыг туршилтын лаборатори болгох санааны илрэл байв уу?

Бас л үгүй юм. Учир нь өмнө хэлсэнчлэн, ЗХУ-д, Сталинд ийм туршилт хийх нэгт, цаг хугацаа (1931 онд хэлсэн үгийг нь сана), хоёрт, тийм хөрөнгө хүч, мэргэшсэн боловсон хүчний бодит ямар ч боломж байгаагүй. Хэрэв Зүүний нугалаа үнэхээр ямар нэг туршилт байсан бол хэтэрхий үнэтэй бас бүтэлгүй туршилт байх байсан нь эхнээсээ ойлгомжтой байх байсаан. Харин Сталин өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алхам алхмаар урагшлан зорилгодоо хүрэх зарчмыг барьж, аливаа салбарт амжилттай хэрэгжих магадлал бүхий туршилтыг алдаа-оноонд нь дүгнэлт хийн бага багаар сайжруулах аргатай хослуулан ашигласан юм. Тиймээс дахин хэлэхэд, бодит байдал дээр манай оронд тийм туршилт явуулах ямар ч бодит нөөц бололцоо, ашиг сонирхол, утга учир, боломж чадавх тухайн үед ЗХУ-д байгаагүй юм.


Дүгнэлт

Нэг. Энэ бүхнээс үзэхэд И.Сталин өөрийн оронд 1928 оноос хэрэгжүүлсэн эдийн засгийн социалист хөтөлбөрөө манай оронд хэрэгжүүлэх гадаад, дотоод ямар ч шалтгаан байхгүй байсныг бид харлаа. Тэгвэл яагаад Зүүний нугалаа гарсан юм бол? Эхлээд тухайн цагийн гол онцлогийг авч үзье. Энэ бол нийтээрээ орчин цагийн боловсролгүй байсан үе. Ард түмний бичиг үсэгт тайлагдсан байдал туйлын хангалтгүй байснаас л үүнийг шууд харж болно. Энэхүү боловсрол нимгэн байдал нам төрийн удирдлагуудад ч нийтлэг байсан нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл тэд ЗХУ-д гарсан өөрчлөлт шинэчлэлт-НЭП буюу Шинэ эдийн засгийн бодлого нэртэй хагас социалист, хагас капиталист эдийн засгийн загварыг халж хүн төрөлхтний түүхэнд өмнө ч, түүнээс хойш ч байгаагүй загвараар сольж, улмаар огцом өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байгаа тухай мэдээлэл авах болсон. Мэдээж чухам Зөвлөлтийн нийгэм эдийн засагт гарч буй өөрчлөлт, ерөнхий хандлагыг дагаж явах нь манай орны хувьд зайлшгүй зүйл байсан нь ойлгомжтой. Учир нь, ерөөс хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэн ч, хэзээ ч хийж байгаагүй тийм зүйл болох социалист нийгмийг бүтээн босгоход манай ард түмний мэдлэг чадвар ч тэр, соёл боловсрол ч тэр, хамгийн гол нь хөрөнгө хүч, материаллаг нөөц бололцоо ч дэндүү дутмаг, хангалтгүй байсан юм. Тийм үед ЗХУ бол өмнөө тавьсан зорилго нэг болохын хувьд ч, газар нутаг, хүн амын нөөц илүү ихийн хувьд ч, хамгийн гол нь оюун санааны, мэдлэг боловролын хувьд боловсорсон чадварлаг удирдагч илүү олонтой байсны хувьд ч бидний чиглүүлэгч болсон байсан нь хэн нэг хүний хүсэл зоригийн бус, түүх нийгмийн зайлшгүй шаардлага нөхцөл байсан юм.

Тэгвэл И.Сталин бидэнд тулгаагүй юм бол, мэдлэг боловсрол нимгэн тэр үеийн манай удирдлагууд ЗХУ-д гарсан өөрчлөлтийг өөрийн орны хэт хоцрогдол хийгээд нөөц бололцоо, тухайн үеийн түвшнээ харгалзан үзэлгүйгээр муйхарлан даган дууриах гэсэн эндүү оролдлого, хийрхэл байсан байж болох бүрэн үндэстэй юм. Үнэндээ тэд Зөвлөлтийн удирдагчдын өмнөө тавьсан хамгийн гол зорилгыг ч хүртэл эндүү ташаа ойлгосон байсныг түүхэн баримтуудаас харж болно. Бид яагаад буруу бүхнээ бусдад тохож байх ёстой гэж?!!

Хоёр. Одоо Д.Өлзийбаатарын судалгаанаас авсан ишлэлүүдийг дахин нэг харна уу! Түүнийхээр манай оронд болсон гэгддэг 1937 оны "Их хэлмэгдүүлэлт" хэмээгчийн яг эхлэлийн цэг нь 1929-1932 онд И.Сталины манай оронд тулган хүлээлгэсэн “бүтэлгүй туршилт” буюу одоо бидний мэдэх “Зүүний нугалаа“ байжээ. Чухам түүний судалгааны үндсэнд энэ үйл явдал, яг энэ дүгнэлт байна. Түүнээс л улбаалан дараа дараагийн үйл явдлуудыг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлт бол түүний судалгаа - ХӨЗРӨН ПИРАМИДЫН суурь нь гэсэн үг! Гэтэл тэр чухам “Зүүний нугалаа” нь Сталины бүтэлгүй туршилт байсан гэдэг энэ үндсэн дүгнэлтээ хөдөлшгүй баримтаар нотлоогүй байгаа юм. Мөн өөр эх үүсвэрээс ишэлсэн зүйл ч алга. Харин түүний энэхүү дүгнэлтийг няцаах бүрэн үндэслэл байгааг би сая харууллаа.

Аливаа судалгааны дүгнэлт нэг бүр баталгаажсан байх ёстой. Хэрэв дүгнэлтүүдийн хэлхээнээс бүтсэн судалгааны аль нэг дүгнэлт л бүрэн батлагдаагүй, эсвэл ор тас худал байвал энэ нь тэр судалгааг бүхлээр нь хүчингүйд тооцож, үгүйсгэх бүрэн үндэслэл болдог хатуу зарчимтай. Тэгвэл яг ийм зүйл түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажилд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл түүний энэхүү ХӨЗРӨН ПИРАМИДЫН СУУРЬ - СУУРЬ ДҮГНЭЛТИЙГ нь няцаачихаар, бүх судалгаа - ПИРАМИД нь өөрөө тэр чигээрээ нуран унаж байгаа юм!!!  Гэхдээ энэ нийтлэлд өгүүлж буй зүйл бол яг ийм  “но”-той зүйлсийн зөвхөн нэг нь юм. Өөр олон “но” байгааг дараагийн нийтлэлүүдээр баримттайгаар дэлгэрэнгүй харуулах болно оо.

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал  
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг