faithonomics

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хамгийн чухал салбаруудынхаа нэг болох улс орныхоо эдийн засгаа "Экономикс" хэмээх харийн номлолуудын дагуу хөтлөн явуулж ирлээ. Ийнхүү бүхэл бүтэн гучин жилийн турш улс орныг минь өөрсдийн маань нүдэн дээр эвдэн сүйтгэж байхад зүв зүгээр харж суусаар өдийг хүрсний цаад нэгэн шалтгаан нь "Барууны "өндөр хөгжилтэй" улс орнуудын тэрхүү "сайн сайхан, хөгжил цэцэглэлт, баян тансаг байдал" нь тэд өөрсдийн эдийн засгийн бүхий л харилцааг чухам энэхүү номлолуудынхаа дагуу эрхлэн явуулж байсны шууд үр дүн байсан" гэдэгт биднийг итгүүлсэнд байгаа юм. Гэтэл үнэндээ эдгээр эдийн засгийн онолууд нь яг чухам дээрээ "мөнхийн үнэнүүдийн нийлбэр" огтоос биш болохыг, үндсэндээ олон талаараа мухардмал байдалд орчихсон болохыг мэргэжлийн хүрээндээ ч зарим талаар хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг юм байна. 

Энэхүү нийтлэлдээ би өөрийн хөндөн бичиж буй сэдвийнхээ хүрээнд зөвхөн баримт нотолгоо, логик дүгнэлтүүдэд үндэслэсэн шинжлэх ухаанч арга барилуудыг баримтлахыг хичээх бөгөөд энэ нийтлэлийг уншиж буй таныг ч бас асуудалд яг тэгж хандаасай гэж хүсэж байна.

faithonomicsFaith+Economics=FAITHONOMICS
(Faith-шашны номлолд сүсэглэн бишрэх)


Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хамгийн чухал салбаруудынхаа нэг болох улс орныхоо эдийн засгаа "Экономикс" хэмээх харийн номлолуудын дагуу хөтлөн явуулж ирлээ. Ийнхүү бүхэл бүтэн гучин жилийн турш улс орныг минь өөрсдийн маань нүдэн дээр эвдэн сүйтгэж байхад зүв зүгээр харж суусаар өдийг хүрсний цаад нэгэн шалтгаан нь "Барууны "өндөр хөгжилтэй" улс орнуудын тэрхүү "сайн сайхан, хөгжил цэцэглэлт, баян тансаг байдал" нь тэд өөрсдийн эдийн засгийн бүхий л харилцааг чухам энэхүү номлолуудынхаа дагуу эрхлэн явуулж байсны шууд үр дүн байсан" гэдэгт биднийг итгүүлсэнд байгаа юм. Гэтэл үнэндээ эдгээр эдийн засгийн онолууд нь яг чухам дээрээ "мөнхийн үнэнүүдийн нийлбэр" огтоос биш болохыг, үндсэндээ олон талаараа мухардмал байдалд орчихсон болохыг мэргэжлийн хүрээндээ ч зарим талаар хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг юм байна. 

Энэхүү нийтлэлдээ би өөрийн хөндөн бичиж буй сэдвийнхээ хүрээнд зөвхөн баримт нотолгоо, логик дүгнэлтүүдэд үндэслэсэн шинжлэх ухаанч арга барилуудыг баримтлахыг хичээх бөгөөд энэ нийтлэлийг уншиж буй таныг ч бас асуудалд яг тэгж хандаасай гэж хүсэж байна.

Миний бие "Монгол Улсын Их Сургууль"-ийн хуучнаар "Математик Компьютерийн Сургууль"-д "Эдийн засаг математик загварчлал" мэргэжлээр сурч, төгссөн юм. Үүний дараа энэ сургуульдаа үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалсан. Манай мэргэжлийн гол онцлог бол зөвхөн дээд математикийн хичээлүүдээс гадна эдийн засгийн онол, мөн эдийн засаг дахь математикийн хэрэглээнүүдийг онолын нэлээд гүнзгий түвшинд судалдаг юм. 

Анх оюутан болсон цагаас эдийн засгийн онол-экономиксийн хичээлүүдэд зааж буй агуулга дунд надад эргэлзээ төрүүлсэн маш олон зүйлс байдаг байв. Уг онолууд дотор логикоор тайлбарлаж чадахгүй, бодит байдалд хэрэгжих боломжтой эсэх нь тодорхойгүй асуудлуудтай үе үе, гэхдээ тогтмол таарч байсан хэдий ч хэсэг бодож тунгаасны эцэст "бүрэн гүйцэд ойлгож чадаагүй" өөртөө л бурууг өгдөг байв. "Ямар надаас дор амьтад л энэ онолуудыг "нээж баталсан" байв гэж дээ!" гээд өөрийгөө буруутгаад өнгөрдөг байлаа. Уг нь би өөрийгөө тийм ч "хөлдүү толгой" байгаагүй гэж дүгнэдэг юм. Тухайн үед манай сургалтын хөтөлбөрт үздэг дээд математикийн хичээлүүд нэлээд гүнзгий түвшнийх байсан бөгөөд тэр бүх хичээлүүдийг бусдаас нэг их дутахгүй судалж, хангалттай сайн дүнтэйгээр төгссөн. Гэхдээ жил ирэх бүр экономиксийн онолуудтай холбоотой эргэлзээнүүд маань улам улам гүнзгийрэн явсаар нэг мэдэхэд асуудал зөвхөн надад биш байгаа нь тов тодорхой болсон билээ. 

Яг тэр үеэс эхлэн бидэнд заадгаас арай өөр байр суурь бүхий судалгааны ном зохиолуудыг эрэн хайж уншиж судалж эхэлсэн юм. Үүний хамгийн эхнийх нь "Эдийн засгийн алуурчны наминчлал" ном байв. Номын автор Джон Перкинс өөрөө эконометрикээр мэргэшсэн хүн болохоо хэлээд "Миний бусад математикч нартай хамтран боловсруулж байсан эконометрикийн нарийн онол загварууд нь зөвхөн өндөр түвшний математикч л биш бол түүний цаад жинхэнэ агуулга санааг ойлгох аргагүй тийм зүйлс байсан юм" хэмээсэн нь маш их анхаарал татсан юм. Эконометрик бол математикийг эдийн засагт хэрэглэх нэг төрлийн хэрэглээг дагнан судалдаг салбар ухаан бөгөөд манай мэргэжлийн хувьд хамгийн гол хичээлүүдийн нэг байлаа. Тиймдээ ч манай хөтөлбөрт энэхүү хичээлийг нэлээд гүнзгий судалдаг байв. Перкинсийн хэлсэн зүйлс миний дотор байсан тэрхүү эргэлзээтэй яг давхцаж байлаа.

Мэдээж эконометрикийн онол загварууд бол математик талаасаа ямар ч эргэлзээгүй баталгаа нотолгоотой зүйлс. Гэхдээ түүнийг бодит байдал дээр  хэрэглэж болно гэдэгт л би энэ хичээлийг үзэж эхэлсэн цагаасаа хойш эргэлзэж эхэлсэн юм. Учир нь бодит нийгмийн харилцааг хэт хялбаршуулан загварчилдаг. Эконометрикт аливаа 2 буюу түүнээс дээш үзэгдлүүдийн хамаарлыг судалдаг. Хамгийн гол зорилго бол тэрхүү хамаарлыг илэрхийлсэн тэгшитгэлийг "ойролцоо" байдлаар тооцож гаргаад энэ тэгшитгэлээ цаашид ирээдүйн үйл явдлуудыг таамаглахад ашиглах байдаг. Ингэхдээ тухайн үзэгдлүүдийн зөвхөн өмнө илэрсэн тоон утгуудыг ашиглана. Жишээ нь, бид хамгийн эхний лекц дээрээ тухайн гэр бүлийн орлого ба зарлагын тоон өгөгдлүүд өгөгдсөн үед хамгийн бага квадратын арга хэмээх математик аргын тусламжтайгаар тэрхүү "ойролцоо" тэгшитгэлийг хэрхэн тооцож олох тухай үзэв. Бидэнд нэгэн гэр бүлийн өмнөх саруудад олсон орлого ба гаргасан зардлуудын хүснэгт өгөгдөв. Тэгээд тэгшитгэлээ тооцож гаргалаа. Одоо бид тэр тэгшитгэлээ ашиглан тухайн гэр бүл ирээдүйд, жишээ нь 1000 төгрөгийн орлого олбол хэчнээн хэмжээний зарлага гаргахыг "ойролцоогоор" тооцож "чадахаар" болов. Маш энгийн.

Харин энэ энгийн байдал нь л миний эргэлзээг хамгийн ихээр төрүүлсэн тэр зүйл байв. Учир нь аливаа хүний зарлагад нөлөөлөх маш олон хүчин зүйлс бий. Мэдээж орлогоосоо хамаарна. Гэхдээ дан ганц орлогоос биш!!! Үүнд инфляц, гадаад валютын ханш, уг гэр бүлийн тухайн үеийн бодит хэрэгцээ, хүсэл сонирхол, хамгийн гол нь гэр бүлийн гишүүдийн тухайн үеийн сэтгэл зүйн байдал маш хүчтэй нөлөөлнө. Өөрөөр хэлбэл тухайн хүний аливаа шийдвэрт түүний субъектив байдал (сэтгэл хөдлөл, хүсэл сонирхол, шунал тачаал гэх мэт) бүхнээс илүү нөлөөтэй байдаг. Гэтэл эдгээрийг бид тэгшитгэлдээ тооцоогүй. Тооцох ч боломжгүй. Учир нь тооцохын тулд эдгээр нь бүхэл юм уу бутархай тоогоор нэгэн утгатай хэмжигддэг байх ёстой.

Гэтэл хүний сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлыг бодит тоогоор яг таг хэмжих боломжтой юу? Яг л бид механикт хурд, хурдатгал гэх мэт физик хэмжигдэхүүнүүдийг нэгэн утгатайгаар хэмжиж чаддаг шиг? Бат, Дорж хоёр замын 2 талд зогсоод замаар явж буй машины хурдыг хурд хэмжигчээр хэмжихэд нэг л үр дүн гарна. Үүнийг нэгэн утгатай хэмжигдэж байна гэж байгаа юм. Гэтэл тэр хоёр уг машинд яваа зорчигчийн сэтгэл хөдлөлийн байдлыг ямар нэг аргаар, хурд хэмжсэнтэйгээ адилаар ямар ч зөрөөгүй - нэгэн ижил утгатай бодит тоогоор хэмжин илэрхийлж чадах уу? Мэдээж үгүй, ямар ч боломжгүй! Тэгвэл тухайн хүний зарлагад хамгийн хүчтэй нөлөөлдөг тэр хүчин зүйлс байхгүйгээр түүний зарлагыг "ойролцоогоор" тооцож болно гэдэгт л би эргэлзсэн юм. 

Перкинс ч бас эргэлзсэн байсан юм. Номондоо тэр мэргэжлийн бус бусад жирийн хүмүүс ойлгож чадахгүй тэрхүү төвөгтэй математик загваруудаа ашиглан "ОУВС-аас зээл авч ийм ийм төсөл хэрэгжүүлбэл тийм тийм сайн сайхан үр дүнд хүрнэ" гэсэн "гайхалтай сайхан" математик тооцоог гарган буурай хөгжилтэй улс орнуудын төлөөлөгч нарыг ятган сэнхрүүлж, үнэндээ бол хууран мэхэлж зээл авахуулдаг байснаа илчлэн бичсэн байсан юм. Мэдээж эдгээр төлөөлөгчид тэрхүү гоё сайхан математик тооцоог хараад ойлгохгүй ч гэсэн гайхан сүрддэг, тэгээд бодит байдалд хэрэгжинэ гэдэгт итгэж үнэмшчихдэг байж. Гэвч зээл аван хэрэгжүүлсэн тэрхүү том том төслүүдийн бодит үр дүн нь Перкинсийн математик тооцооноос үргэлж асар хол зөрдөг байжээ. Асар их зээл аван хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь төсөөлж байсан ашиг орлогыг авчраагүйн улмаас тэр улсууд тун удалгүй асар их өрийн дарамтад орж, улмаар ОУВС-ийн элдэв төрлийн тулган шаардлагуудыг биелүүлэн улс орныхоо эрх ашгийг гаргуунд нь гаргахаас өөр аргагүй байдалд ордог байжээ.

Яагаад? Энэ чинь математик шүү дээ!!! Тэнд бүх зүйл "хоёр хоёрын дөрөв" гэдэг шиг л баталгаатай байдаг. Математикт чи үр дүн бүрээ нэг бүрчлэн баталж нотлох ёстой!?

Мэдээж энэ үнээн. Гэхдээ ихэнх хүмүүс цаасан дээр буй логик, математикийн хувьд ямар ч алдаагүй математик загварчлалын тооцоо нь бодит амьдралтай алд дэлмийн зөрөөтэй байх боломжтой гэдгийг мэддэггүй, тэгж сэжиглэдэг ч үгүй (Чухам ямар нөхцөлд ийм зүйл тохиолддогийг би өмнөх жишээндээ тайлбарласан ба үргэлжлүүлэн жишээгээр тайлбарлах болно!). Үүнд л хамгийн гол учир нь байгаа юм. Энэхүү ойлголт төсөөлөл муутай гэнэн байдлыг л "экономиксчид" яг Перкинс бусдыг хууран мэхлэхдээ ашиглаж байсан шиг ашигласан, одоо ч ашигласаар байгаа билээ.

Бидний анхны хичээлдээ үзсэн орлого зарлагын хамаарлыг тооцдог загвар бол мэдээж хамгийн энгийн загвар. Үүнээс цааш бид илүү нарийн, маш ярвигтай, математикийн хувьд ойлгоход тун амаргүй эконометрикийн олон олон нарийн нийлмэл загваруудыг үзэж судалсан. Гайхалтай математик загварууд. Гэхдээ миний анхны хичээлдээ өөрөөсөө асуусан хүний аливаа шийдвэрт хамгийн хүчтэй нөлөөлдөг субъектив хүчин зүйлс эдгээр загваруудын алинд нь ч байсангүй. Байх ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Учир нь зөвхөн орлого зарлага гэлтгүй ер нь хүний нийгмийн харилцаанд, тухайлбал эдийн засгийн харилцаануудад хувь хүмүүсийн субъектив буюу хүний тухайн үеийн бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс хамаарсан хандлага шийдвэрүүдийн нөлөө асар хүчтэй байдаг тул эдгээрээс шалтгаацан гарах аливаа магадлалт үр дүнг математик тэгшитгэлээр тооцон гаргах ямар ч боломжгүй юм. Бүр зарим зүйлсийг нь хэмжих ч боломжгүй!!!

Угаасаа эдгээр загваруудыг бид ажил амьдралдаа, аливаа бодит шийдвэр гаргахдаа ашигладаггүй. Яахав ажлын тайлан, эсвэл ямар нэг төсөл бичихэд эдгээр загвараар тооцоо хийж болно. Энэ бол нэг тийм формаль маягийн зүйл байдаг. Гэхдээ тэр тооцоо бодит байдал дээр яг тийм байна гэсэн зуун хувийн баталгаа байхгүй. Тэрхүү загварууд бидэнд бодит байдал дээр тухайн үзэгдлийн үр дүнд илэрч болох хязгааргүй олон боломжийн зөвхөн нэгийг, эсвэл нэг хэсгийг нь л зөвхөн "тодорхой магадлалтайгаар" тооцож гаргаж өгч чаддаг. Үнэндээ бодит үр дүн загварын тооцооллоос тэнгэр газар шиг ялгаатай байж ч болно.

Мэдээж жинхэнэ бодит амьдралын хэрэгцээ шаардлагуудаас урган гарсан эдийн засгийн тусгай бодлогууд (бараа материалын тээвэрлэлтийн оновчлол, эсгүүрийн бодлого буюу материалын зарцуулалтыг оновчлох бодлого гэх мэт)-ыг математик загварчлалаар бүрэн дүүрэн тооцон гаргаж болдог ба энэ нь бодит байдалд асар их хэмнэлттэй, үр ашигтай ажиллах боломжийг өгдөг. Гэхдээ энэ бол зөвхөн объектив шинж чанарын бодлогууд юм. Өөрөөр хэлбэл, хүний субъектив нөлөө бодлогын нөхцөлд ба тухайн бодлогод авч үзэж буй үйл ажиллагааны үр дүнд шийдвэрлэх үүрэгтэй бус байдаг бодлогууд юм. 

Бидэнд хамгийн гол зүйлийг л хэлээгүй өнгөрч дээ гэж би боддог. Бидэнд "Энэ зааж байгаа бүхэн бодит байдалтай заавал давхцах албагүй, бодит байдал ба экономиксийн онолууд буюу түүнтэй уялдсан математик загварууд хоёрын хооронд маш том зөрүү ч байж болно" гэж хэлээгүй. Бид ч тэгж бодоогүй. Харин ажил амьдралд гараад л бид тэр бүхнийг бүрэн биш ч ойлгож эхэлцгээдэг. Учир нь 4 жил сурсан тэр бүхнээс, тэр сайхан онолуудаас, тэр дундаа тэрхүү эдийн засгийн математик загваруудаас бодит амьдралд ашиглах бодит боломж маш хомс гэдгийг ойлгодог. Тэгээд уулзах бүрдээ "Бидэнд яагаад тийм хэцүү хэрнээ ийм хэрэггүй зүйл заагаад байсан юм бэ? Би лав юуг нь ч ажил дээрээ ашигладаггүй" хэмээн шогшрон гайхаж ярьцгаадаг. Эцэст нь "Нэг тийм хичээл үзэж билээ, нэг тийм загвар байдаг шүү дээ!" гэсэн дурсамж л үлдэх бөгөөд харин тэрхүү загваруудын нарийн ширийн бүхэн мартагдан алга болдог.

Хамгийн гол нь өнөөдрийн сургалтын систем бидэнд энэ бүхнээ "туйлын бодит үнэн" мэт тулгадаг. Бодит байдал яг эдгээр зарчмуудаар, яг эдгээр загваруудаар тайлбарлагдана гэж итгүүлдэг. Яг л нэг төрлийн шашин шиг!

Мэдээж би математик загварчлал хэмээх гайхалтай онолын салбарыг бүхэлд нь үгүйсгэх хэмжээний тийм тэнэг юм уу ухаантайн аль нь ч биш. Энэ суурь салбарын бодит хэрэглээ маш олон бий. Түүний үр шимийг ч бид өнөөдөр алхам тутамдаа хүртэж байна. Техник технологийг математик загварчлалгүйгээр төсөөлөх аргагүй. Харин техник технологигүйгээр бид өөрсдийгөө өнөөдөр төсөөлөх аргагүй.

Гол нь би математик загварчлал хэмээх энэ суурь салбарын ололтуудыг "Экономикс" хэмээх хулхи салбар руу чирэн оруулж ирээд, энэ хулхи үзэл суртлуудаа математик хэмээх суурь шинжлэх ухааны нэрийг ашиглан БОДИТ ҮНЭН мэт харагдуулаад байгааг л шүүмжилж байна.

Техник гэдэг бол байгалийн үзэгдлүүд гэсэн үг. Тэнд бидний хүсэх эс хүсэхээс буюу субъектив хандлагуудаас үл хамааран байгалийн объектив хуулиуд л ямар ч гажуудалгүйгээр ноёрхоно. Тэнд үзэгдэл бүхнийг нь тоон утгаар яг таг хэмжиж болно. Тэнд хуулиудыг нь нэгэн утгатайгаар томьёолж болно. Тэнд эдгээрийг ашиглан БОДИТ математик загварууд гаргаж болно. Гэхдээ нийгмийн ухаан, эдийн засгийн харилцаанд энэ бүхэн боломжгүй юм. Учир нь энд байгалийн хуулиуд шиг тов тодорхой хууль байх боломжгүй. Энд ямар нэг тогтсон хуулиудад үл захирагдах хүмүүсийн субъектив шийдвэрүүд л хамгийн хүчтэй нөлөөтэй. Түүгээр ч барахгүй тэнд ядаж үзэгдэл бүрийг нь тоон утгаар хэмжих ч боломжгүй. Тиймээс энэ тохиолдолд ямар нэг БОДИТ математик загвар ярих боломжгүй!

Энэ бол "ЭКОНОМИКС" хэмээгч худал гөрдлөг, залилан мэхлэлтүүдийн цуглуулга болсон ҮЗЭЛ СУРТЛУУДЫН дотроос авч болох ердөө нэг л жишээ. Би та бүхнийг тэр гөрдлөгүүдийн заримыг, гэхдээ хамгийн чухлуудыг нь надтай хамт ЭРҮҮЛ САРУУЛ ОЮУН УХААНААР мөшгөн мөрдөөч хэмээн урих байна.

"ЭКОНОМИКС" ХЭМЭЭГЧИЙН БУЛХАЙ БҮРИЙГ УУДАЛБАЛ ДАЛАЙ БОЛОХ БИЛЭЭ!!!

 

Үргэлжлэлийг унших

 

Сэтгэгдлүүд  

batbagana
0 # batbagana 2021-01-03 00:50
Красиво разоблачена.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг