“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг. Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан дүр зураг тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ.

Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа олон арван мянган хүмүүс өрийн дарамтанд өнөө маргаашийг залгуулж явна. Өрөнд орсон дарамтаасаа гарч чадахгүйгээ мэдээд амиа хорломоор өр тавихгүйгээр үр хүүхдүүдээ тэжээж чадахгүй байх байлаа гэж ярих эмэгтэйн ярианаас “Зээл хүний амьдралд тустай зүйл үү, эсвэл хортой зүйл үү” гэсэн асуултыг өөрийн эрхгүй бодох хэрэгтэй болж байна.

Барин тавин батлахад ч хэцүү ч бас нөхцөл байдлыг ойлгуулах хэдэн тоо баримт хэлж болох юм. Монголын нийт мал сүргийн 10-аас доошгүй сая толгой мал зээлийн барьцаанд байна. Малчин өрхөөр нь тооцвол ил далд элдэв өрөнд ороогүй малчин өрх байгаа юм уу гэсэн асуулт гарна. Зээлийн барьцаанд байгаа мал маллах нь, тэр тусмаа өрнөөс салах ирээдүй харагдахгүй байгаа нөхцөлд малчны амьдрал хамжлагын хөдөлмөрөөс илүү байж чадах уу даа. Малаа зараад хот газар бараадья гэх сэтгэлгээний цаана эдийн засгийн ямар хүндрэл нуугдаж байгааг таахад бэрх биш мэт байх юм. Малаасаа салсан Монгол монгол байж чадах болов уу. Монголыг монгол гэж хэлүүлэх соёл зан, заншил, хүний хүмүүжлийн өвөрмөц орчин болсон малчны амьдралыг бусниулснаараа бид хожих уу, алдах уу.

Малаа зээлийн барьцаанаас гаргаж сэтгэл амар амьдрахын хүслэн МАНАН-ийн 2,5 сая төгрөгийн амлалтанд саналаа өгөх үндэс байсан биз ээ. Уул шугамандаа 2,5 сая төгрөг биш, өргүй амьдрах хүслэн амлалтанд саналаа өгөөд үзэхээс өөр аргагүй байдалд оруулсан байх аа.

  

Цалингийн зээл 400 гаруй тэрбум төгрөг илүү болжээ. Цалингийн зээлд 150 мянган иргэн хамрагдаж дунджаар 400-500 мянган төгрөгнийхөө зээлд сарын 2,0-4,0 хувийн хүү төлж байна. Сарын 2-4 хувь шүү. Монголын эдийн засаг сард 2,0-4,0 хувиар өсөж байгаа гэж үү дээ. Үгүй шүү дээ. Монгол төр эдийн засаг хэдэн хувиар өснө түүнээс илүүгээр цалинг өсгөж чадахгүй. Ингээд бодохоор цалинг өсгөх арга хэмжээ эцсийн дүндээ хүмүүст биш зээл олгогч эздэд үйлчилж байна гэсэн үг.

  

Тэтгэврийн зээл 100 тэрбум төгрөг хол давсан байна. Тэтгэврийн зээлд 165 мянган хөгшид хамрагдаж дунджаар 100-300 мянган төгрөгнийхээ зээлд сарын 1,3-2,2 хувийн хүү төлж байна. Бас л сарын 1,3-2,2 хувь шүү. Жилд оруулж тооцвол дунджаар жилийн 20 хувь гэсэн үг. Монголын эдийн засаг жилд 20 хувь өсөөгүй гэдэг нь ойлгомжтой. Монголын эдийн засгийн өсөлтийг банкууд “залгиж” байна. Эдийн засгийн өсөлт иргэн хүнд биш хөрөнгө мөнгөтэй хүмүүст наалдаж байдгийн учир энд байгаа биш үү. Мөнгөтэй нь улам баяжиж мөнгөгүй нь улам ядуурахын эх үүсвэр энд байгаа нь харагдаж байна.

Та телевизийн дэлгэцнээс хөргөгч, угаалгын машин, элдэв электрон барааг зээлээр авах боломжийн тухай тасралтгүй зар сурталчилгааг харж байгаа. Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Авсан зээлдээ сарын 4 хувийн хүү дунджаар төлж байна.

Өнөөдөр Монголд 400 банк бус санхүүгийн байгууллага байна. Ченж, ломбард бүгд энэ гоё сайхан нэрийн ард бий. МАНАН-ын УИХ-ын тааллаар ийм хуультай болж. Аливаа шинэ юмыг шинэ л нэр томьёогоор тодорхойлохоос нааш үнэн нүүр царай нь танигддаггүй. Мартагдсан хуучин юмыг шинэ хэмээнэ гэж бас ярьдаг. Манай банк, санхүүгийн тогтолцоо “мөнгө хүүлэгчдийн тогтолцоо” болжээ.

Мөнгө хүүлдэг бүхэл бүтэн тогтолцоо байгаа цагт монгол хүний амьдралыг өөд татах гэсэн төр, засгийн аливаа оролдлого эцсийн дүндээ үр дүнгүй гэдгийг ойлгох цаг болжээ.

Хэдхэн жилийн өмнө Орос оронд төлөх ёстой байсан Их өрөөс мултарсны баярыг тэмдэглэж байсансан. Өнөөдөр Монголын гадаад өр 4 тэрбум ам. доллар хэтрээд явж байна. Үүний 50 хувь нь манай хувийн хэвшлийнхний авсан зээл байна. Сүүлийн 4 жилд манай гадаад өр 2 дахин нэмэгдлээ.

Эрчимтэй өссөн өр зээл амьдрал дээрдэж байгаа мэт “хуурамч сэтгэгдэл” төрүүлдэг. Гудамжинд машины тоо багтахаа байтал нэмэгдээд, элдэв барааг зээлээр аваарай гэх реклам сурталчилгаанд умбаад, дэлгүүр зах дээр элдэв шинэ бараа гараад л, мөнгөтэй л бол бүх юм байна гэдэг сэтгэгдэл бол хөгжиж байна гэсэн үзүүлэлт огтхон ч биш. Ил байсан хүндрэл далд байдалд шилжиж өрийн дарамт, сэтгэлийн шарх болж байгааг ухаарах хэрэгтэй байна.

Хураангуйлбал ийм шархыг Монголын насанд хүрсэн хүн амын 80 хувь авч байгаа. Чухам ийм л байгаа учир “Өргүй Монгол” хөтөлбөрийн тухай анхны санаа гарсан. Гэвч хөтөлбөр гэхээсээ эдийн засагт шинээр хандах концепци гэмээр. Яагаад гэхээр хэрэгждэггүй олон хөтөлбөртэй түүнийг адилтгах хэрэггүй. Яагаад гэхээр өргүй байх асуудал банк, санхүү, зээлийн тогтолцоог шинээр зохион байгуулахтай холбоотой асуудал юм.

Өнөөдөр Монголд 14 арилжааны банк байна. Үндсэндээ бүгд гадаад эзэнтэй болжээ. ХААН банк гадаад эзэнтэй. ГОЛОМТ банк гадаад эзэнтэй. Худалдаа хөгжлийн банк гадаад эзэнтэй. ХАС банк гадаад эзэнтэй. Ил далдаар бүгд гадаад эзэнтэй.

УИХ, Засгийн газар, Монголбанк Монголын эдийн засгийг удирдаж байгаа гэж бодож байгаа. Үгүй дээ. Манай арилжааны банкуудын гадаад эзэд монголын эдийн засгийг удирдаж байна. Дээрх банкуудын төлөөлөгчид УИХ-д, Засгийн газарт, Сангийн яаманд аль эсвэл зөвлөхүүдийн албан тушаалд багшрахын утга нь ердөө л бид эдийн засгаа удирдах үүрэг ролио гадныханд алдчихаад байгаагийн жишээ энэ юм.

Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь инфляци өндөр байгаагаас болж байна гэх үлгэрийг гадныхан зохиодог. Манайхан тоть шиг давтдаг. Үнэндээ зээлийн өндөр хүү инфляцийг хөөрөгдөөд байгаа гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Өөрийн толгойгоор биш хүний толгойгоор сэтгэдэг хүмүүсийг өндөр боловсролтой гэж хэлмээргүй байна.

Манай банкуудын чадавхын судалгааг ихэвчлэн гадныхан хийдэг. Монголын арилжааны банкууд гадаад эзэдтэй болж байгаа нь том ололт шүү гэдгийг бичсэн байна лээ. Хэл ам үүсгэх чадвартай монгол мэргэжилтэн байхгүй болж. Тийм судалгааг шагайж харах улс төрч байхгүй болж.

Энэ зуур монголчууд өр зээлээ төлөх гэж чадайсаар…. Арилжааны банкууд гадаад эздийнхээ мөнгөний хүүг мөн төлөх гэж гүрийсээр …..

Бүхэлдээ улс орон, хувийн хэвшлийнхний хамтаар өрөнд унаж эдийн засгийн тусгаар тогтнол алсарсаар бид колони орон болон хувирч байна.

Ингээд бодохоор “Өргүй Монгол” гэдэг бол том концепци асуудал болж байна. Асуудлыг МАХН, МҮАН өдөөж тавилаа. Монголчуудын хамтын оюун ухаанаар “Өргүй Монгол” бодлого гарч хэрэгжих учиртай байна.

Нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээнд бид дараах асуудлыг хамруулж байна.

  1. Малаар барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  2. Цалингаар барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  3. Тэтгэврээр барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  4. Төрийн нийгмийн халамжийн бодлогын мөнгөөр барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  5. Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн авсан зээлийг 5 сая төгрөгөөр хорогдуулж хасалт хийх
  6. Орон сууц моргажийн зээлийг хүүгүй болгох
  7. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хууль гаргаж зохицуулах.
  8. Мөнгө хүүлэх ажиллагааг гэмт хэрэгт тооцох
  9. Банкуудын гадаад өмчлөлийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх

зорилтыг дэвшүүлж байна.

Дээр хөндөж ярьж байгаа асуудлыг уул нь ойлгож цөхөөд байх зүйлгүй. Ухаан дутаад байгаа биш ёс суртахуун дутаад байгаа гэдгийг энд хэлмээр байнаЯлангуяа энэ үгийг ард түмнээсээ тасарсан олигарх бүлэглэлд хаяглаж байна. Ухаарах нэгэн байхад ухаарахгүй нь олон байгааг өөрчилье.

  М. Энхсайхан

  Энэ тухай Та юу бодож явдаг вэ?

 

 

Сэтгэгдлүүд  

mon24
0 # mon24 2011-10-22 11:16
banksteruud zalilan khiideg shdee xumuust argiig n oilguulax xeregtei ter tsagt xuumuust oorsdoo xuvisgaliig shaardana
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
in justice we trust
0 # in justice we trust 2011-10-22 11:20


/ In Greed We Trust - Бид шуналд сүсэглэдэг /
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ORSO CHIMEGMAA
0 # ORSO CHIMEGMAA 2012-07-02 11:14
Үнэн юм яриад яваа хүн та л байгаа ш дээ. Даанч энэ монголчууд нь ч сонсохгүй. Эрх баригчид нь ч бүүр сонсохгүй. Хохь чинь гээд л яв. Одоо байгаль дэлхий нэг уурлаж байж л энэ бүх юм зогсох байх.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг