Өмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг байсан билээ. Харин ардчилсан дэглэмд орж чөлөөт зах зээлийг манай улсын эдийн засагт тулган хүлээлгэж хувийн өмчийн бүрэн эрх чөлөөтэй байдлын үзэл санаа - либератари үзэл ноёрхсон өнөөгийн Монголын нийгэмд бол жирийн монгол хүмүүс байтугай эрх баригчид нь хүртэл буруу ярьж буруу хөндлөн сэтгэдэг, хүчээр “ардчилсан” олон нийт нь ч энэ бүхнийг нь бүүр ч буруугаар ойлгодог учраас зөв эргэцүүлж сэтгэдэггүй шахуу болчхоод байна.

Учир нь бид өнгөрсөн жилүүдэд харийн “эрх чөлөөний” үзэл санаанд дэндүү туйлширч хамаг үүд хаалгаа, өврөө гадныханд чөлөөтэй нээж тавьж бас өөрсдөө багагүй тонгочсоны гор гарч одоо нийгмийн оюун санаа маань бараг бүрэн "форматлагдсан", улс орны маань эдийн засаг байнгын "зах зээлийн" хямралтай, иймээс нийгмийн ялзрал задрал улам газар авч олон хүмүүс цөхөрч уур хилэнтэй явах болсон бөгөөд энэ бүхэн нийлээд сүүлийн үед бүр мухардал цөхрөлд гулсан орж байгаа нь илт.

Үүний тод жишээ бол Монгол улсын “шинэчлэлийн” гэж сүржин нэрлэсэн неолибералч ЗГ-аас гаргасан 1,5 тэрбум америк долларын бондыг тойрсон яриа билээ. Шинэчлэлийн засгийн газрын нэг шинэлэг зүйл нь гэвэл засгийн эрхийг авсныхаа дараа эхлээд улс орноо ард түмнээ удирдаж хийж бүтээж байж ашиг орлого олж түүнээс төвлөрөх төвсийн хөрөнгийг удирдан зарцуулахыг хүлээхээс яаран адгаж шуудхан л гаднаас 1,5 тэрбум америк долларын зээл авч АРД ТҮМНИЙ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР - АРДЧИЛАЛ-ГҮЙГЭЭР өөрсдийн үзэмжээр! өөрсдийнхөө нөгөө алдарт "ойлгож байгаагаараа” ашиглаж эхэлсэн явдал юм.

Барууны нэвт үзэл сурталчилжсан хулхи онол - “экономикс”-ыг эдийн засгийн шинжлэх ухаан гээд итгэчихсэн эрх баригчид мөн энэ харийн шашны номлогч - либерал эдийн засагчид одоо болохоор “манай засгийн газар 1,5 тэрбум долларын бонд борлуулчихлаа, энэ бондоо бид Чингис бонд гэж нэрлэж байгаад жилийн 4,75-хан хувийн дундаж хүүтэй маш сайн борлуулж чадлаа, бид мөнгө босгож чадлаа” хэмээн сурталчилж байгаа. Үүнийг нь "ардчилсан чөлөөт" хочтой нэвт шувт худалдагдсан хэвлэл мэдээллийнхэн өлгөж аваад “манай АН-ын шинэчлэлийн ЗГ бонд борлуулсан, Монголд бүтээн байгуулалт эхэлж байна!” гэж сүржин рекламын кампанит ажлын хэмжээнд өдөр шөнөгүй цацсаар байна...

Тэгвэл энд юу нь буруу байгаа юм бэ гэж үү? Хариулья. Юуны өмнө бонд гэдэг бол өрийн баталгааны бичиг гэсэн утга бүхий англи үг. Харин Засгийн газрын бонд гэдэг бол тухайн үеийн нэг засгийн газар Улс орныхоо өмч баялгийг барьцаалж ард түмнээрээ баталгаа хийж байгаад гадаадаас мөнгө - төлбөрийн хэрэгсэл зээлж авч байгаа, харин энэ зээлсэн мөнгөн хөрөнгийг бондод тодорхой зааж өгсөн байгаа хугацааны дараа мөн тохиролцсон хүүгийн хамт эргүүлэн төлж дуусгана гэсэн өрийн баталгааны бичиг юм. Энгийнээр товч хэлбэл, ээлжит нэг засгийн газар түр хугацаатайгаар хүүтэй мөнгө гаднаас зээлж авч өөрсдөө байх хугацаанд өөрсдийн үзэмжээр өөрсдөдөө ашигтайгаар зарцуулж эхэлсэн гэсэн үг юм.

Гэтэл ингэж гадаад том өр тавьж байгаагаа бонд гэгч нэг зүйл борлуулсан гэж ТОНГОРГОН ХЭЛЭЭР сурталчилж байхад жирийн хүмүүс “энэ засгийн газарт бонд гээч нэг үнэт юм байгаа юм байна, тэр зүйлээ л гадныханд зарж борлуулсан юм байна, гэтэл юун өндөр хүү бас яригдаад байгаа юм бол оо” гэх мэт асуудлуудад толгой нь эргэсээр бүүр төөрөлдсөөр эцэст нь бүр хайхрахаа больцгоож байна... харин неолибералчид чухамдаа үүнийг л хүлээж байсан биз ээ.

Үүний өмнө засгийн эрхийг барьж байсан улстөрийн эвсэл - хүчний явуулж ирсэн нийгэм-эдийн засгийн бодлогоос эмх замбараагүй байдал, хээл хахуульд живж ядуурч туйлдаад одоо “Ардчилсан намд нь өгөөд үзье” гэсэн гэнэн итгэмтгий монголчууд өнөөгийн энэ үзэх гээд саналаа өгсөн эрх баригчид нь тэдний нэрийн өмнөөс тэднээр төлүүлэх нөхцлөөр харийн хүмүүст тавьж байгаа 1,5 тэрбум долларын асар том өрөө “Чингис бонд” буюу Монгол улс үндэстний эцэг эзэн богд - “Чингисийн өр” гэж нэрлэнэ чинээ төсөөлж чадахгүй сууж байгаа биз ээ... Чухамдаа Чингис гэдэг нэр өгсний дараа л олон хүмүүс “бонд борлуулсан, мөнгө босгосон” гэдгийг “Засгийн газар маань байсан нэг юмаа эзэн Чингисийн нэр өгч үнэд хүргэж зарж мөнгөтэй болсон юм байна” гэж хүлээн авсан байгаа нь ажиглагдаж байгаа. Гэсэн ч энэ асар их өрийг хүүтэй нь хамт энэ Засгийн газар бус харин гэнэн итгэмтгий ард түмэн л хөлс хүч, баялгаараа гадныханд эргэн төлөх болоод үлдэнэ гэдгээ ойлгож ухамсарлаж байгаа болов уу.

Өнөөгийн “ардчилж ажилгүйдэл-ядуурал эхэлсэн, чөлөөт зах зээлийн” урхинд унасан Монгол улс гаднаас л америк доллар олж ирэхгүй юм бол эдийн засаг, амьжиргаа маань сүйрч сөнөчих гээд байдаг “хар тамхичин шиг” энэ хачин жигтэй нөхцөлд яаж яваад орчхов оо?

1991 оны ардчилсан хувьсгал гэгч тагнуулын тусгай ажиллагаа - төрийн эргэлтийн араас Монгол улсыг ардчилсан улсуудын жишгээр олон улсын банк-санхүүгийн байгууллагуудын гишүүн улс болгож Төв банктай болгосон билээ. Түүний дотор ардчилсан Монгол Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн болж бүх нөхцөл журам дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн байгаа! Тэгвэл эдгээр байгууллагууд нь үнэхээр дэлхийн олон улс орнууд нэгдэн сайн дураар зөвшөөрч байгуулсан, тэдний хөгжил цэцэглэлтийн төлөө байгууллагууд уу эсвэл цөөн хэдхэн капиталист том гүрнүүдийн ард байгаа хувийн мөнгө хүүлэгчдийн ашиг сонирхлыг зүтгүүлж байдаг, өөрөө өөрсдөдөө "олон улсын" мөн "дэлхийн" гэх мэт сүржин нэр хаяг өгсөн хувийн сэдэлтэй далд зорилготой тун өвөрмөц бүтцүүд үү?

ОУВСан ба Дэлхийн Банк бол дэлхийн II дайн дуусахаас бараг нэг жилийн өмнө (!) 1944 оны 7-р сард АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Бреттон Вуудс хотхонд байгуулагдсан, дайны дараах дэлхий дахинд АНУ ба Британи тэргүүтэй барууны улсуудын улстөр - эдийн засгийн эрх ашгийг хамгаалан зүтгүүлэх зорилгоор байгуулагдсан бүтцүүд юм. Дэлхийн II дайны түймэрт тухайн үеийн аж үйлдвэржсэн европын бүх улс орнууд татагдан орж эдийн засаг нь бүрэн сүйрсэн, иймээс үндэстний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн байсан, мөн дайны дараах сэргээн босголтонд хэрэгцээтэй байсан аж үйлдвэрийн барааг ганцхан АНУ-аас худалдан авах боломж үлдсэн байсан билээ. Ийм нөхцөлд дайны дараа америк долларыг дэлхий нийтийн худалдааны цорын ганц төлбөрийн хэрэгсэл болгож харин долларын алтан баталгааг тэр үед дэлхийн бүх алтан нөөцийн 70 гаруй хувийг дайны үеийн худалдааны төлбөрийн замаар өөртөө хуримтуулсан байсан АНУ хангаж байхаар, харин бусад улс орнууд АНУ-ын доллараар өөр өөрсдийн үндэстний мөнгөн тэмдэгтийн баталгааг хийхээр тогтсон билээ. Энэ нь тухайн үедээ алтан баталгаатай доллараар дамжин бүх улс орнуудын мөнгөн тэмдэгт алтан баталгаатай болж байсан хэрэг юм...

Гэвч хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэг улсын мөнгөн тэмдэгт албан ёсоор бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтүүдийн баталгаа болж хувирсан хэрэг байлаа. Чухамдаа АНУ-ын долларыг дэлхийн улс орнуудын худалдаанд нэвтрүүлж долларын зах зээлийн эрэлт хэрэгцээг байнга нэмэгдүүлж бэхжүүлж байх, үүгээрээ дамжуулж бусад улс орнуудын эдийн засаг, улстөр-нийгмийг бүрэн хяналт эрхшээлдээ оруулах /үүнийг колоничлох бодлого гэдэг/ үүргийг ОУВСан, ДБанк зэрэг бүтцүүд нь гүйцэтгэж ирсэн юм.

Гэвч дайны дараах Европт хэрэгжүүлсэн Маршаллын, Японд хэрэгжүүлсэн Маккартийн төлөвлөгөөний дараа нийт эргэлтэнд байгаа цаасан долларын хэмжээ нь бодит алтан баталгаанаас хэдийнэ давсан нь тодорхой хүрээнд ойлгомжтой болж эхэлсэн байдаг. Ингээд 23 жилийн дараа 1968 онд тухайн үеийн Францын ерөнхий сайд Шарлль де Голь 1,5 тэрбум цаасан долларын нөөцөө дээрх гэрээгээр тогтсон байсан ханшаар нь алтаар сольж авах хүсэлтийг АНУ-д тавьж санасандаа хүрсэн билээ. Түүний араас Герман, Япон зэрэг улсууд ч бас тэр үед хуримтлагдсан нөөц баялаг болох цаасан долларын нөөцөө “хатуу юм” болгохоор шийдэж алтаар сольж авах хүсэлт гаргаж АНУ-ыг хүнд байдалд оруулсан ба чухамдаа эндээс л доллар асуудалд орж эхэлсэн юм.

Эцсийн эцэст 1973 оны 8-р сарын 15-нд Ерөхийлөгч Ричард Никсон ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ цаасан долларыг алтаар солих ажиллагааг түр зогсоосон тухай мэдэгдсэн билээ. Гэвч энэ мэдэгдэл нь энэ мөчөөс хойш америк доллар алтан баталгаагүй зүгээр л нэг төлбөрийн цаасан хэрэгсэл болж хувирсан гэсэн үг байсан юм...

Мөн энэ үеэс дотоодод нь цаасан долларын асар их хэмжээний зээлийн хөөс бий болж дотоод эдийн засгийн макро түвшинд тогтолцооны гажуудлууд нь улам гүнзгийрч энэ бүхний хажуугаар эдийн засагт санхүүгийн секторын эзлэх хувь хэмжээ улам бүр нэмэгдэж байснаас үүдсэн 1970-аад оны дундаас эдийн засагт нь хүчтэй уналт эхэлсэн юм. Гэвч АНУ энэ бүх асуудлаа 35 дахин бага ажлын хөлстэй Хятадад аж үйлдвэрлэлүүдээ гаргаж мөн дараа нь 1991 онд Хүйтэн дайны төгсгөлд социалист орнуудын үлэмж их нөөц баялаг, зах зээлийг цөлмөснөөр түр хугацаанд шийдэж чадсан бөгөөд дахиад 20 орчим жил тэсэж чадсан юм.

Гэвч энэ бүх далд гажуудлууд 2008 оны хямралаар ил шатандаа шилжин капиталист санхүү - эдийн засгийн "хар тамхичны" загварт “ээлжит тун” нь болж чадах өөр эзлэгдээгүй улс орон, нөөц боломжууд манай гариг дээр үлдээгүйг тов тодорхой ойлгуулсан юм. Энэхүү гарцаагүй байдал нь Түүх төгсгөлдөө ирчихлээ, сүүлчийн хүн бол Барууны хүн гэж бичиж байсан Фрэнсис Фукуямаг хүртэл энэ бодлоосоо татгалзахад хүргэсэн билээ. Энэхүү бодит байдал нь энэ удаагийн санхүү-эдийн засгийн хямралыг эдийн засгийн номлолын мухардал болгож хувиргасан бөгөөд энэ хямрал мухардлыг одоо “цаасан” доллараар цутгаж л ТҮР торгоож барьж байгаа билээ. Гэвч энэхүү монетарист арга нь хэрэв зүйрлэвэл, хүнд өвчтөний өвчний шалтгаан - өвчний голомтыг оношилж хүчтэй эм тунгаар эмнэхийг оролдохын оронд харин түүнд сүүлчийн арга болох мэдээ алдуулах “хар тамхины” тариа хийж байгаатай яг төстэй үйлдэл юм...

Ардчилал, даяарчлал зэрэг нэр томьёонууд бол дэлхий дахиныг хяналт эрхшээлдээ оруулах зорилгоор барууны санхүү-улстөрийн элит хэсгийн төлөвлөж зохион байгуулж удирдаж явуулж ирсэн чивэлт бодлогын цаад мөн чанарыг нуун халхавчлах зорилготой, гоё сонсогдох томьёолсон шошго нэр төдий зүйлүүд гэдгийг бид ойлгох ухаарах цаг хэдийнэ болсоон!!!

ОУВСангийн гишүүн болсон олон улс орнууд дотоод санхүү-эдийн засгийн удирдлагаа аажмаар тус Санд алдаж үүнээс үүдээд дотоод нийгэм-улстөрийн бодлогоо улам бүр тэдэнд алдаж тухайн улс орон гадна талын эрхшээлд бүрэн шилждэг /НЕОКОЛОНИЧЛОЛ/ нь олон улс орнуудын жишээн дээр нэгэнт батлагдсан, өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн бодит ҮНЭН юм.

Иймээс гадаадын хөрөнгө оруулалт нь мэдээж тодорхой хэмжээнд байх ёстой олон улсын хамтын ажиллагааны нэг хэлбэр мөн боловч дотоод эдийн засагт эзлэх зохистой харьцаа алдагдаж үүний зэрэгцээ дотоодын үндэстний эдийн засгийн чадавх улам буурах тусам гадаадын хөрөнгө оруулалт нь түр хугацааны, эдийн засгийн өсөлтийн гэж сурталчилж байгаа хөгжлийн нэг гарц бус харин мөнхийн хар тамхичны ээлжит тарилга мэт болон хувирдаг гашуун туршлагууд олон байгаа билээ...

Манай улсад сүүлийн 20 гаруй жил болж өнгөрсөн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харвал Монгол улс төгрөг-санхүүгийн талаасаа гадна талаас бүрэн хараат болсон, одоо 14 орчим тэрбум ам.долларын үндэстний гадаад өртэй; аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 гаруй хувийг гадаадаас ам. доллараар авч хэрэглэдэг, дотоодын аж үйлдвэрлэлийг бүрэн сөнөөсөн байдалтай байна. Манай улсын үндэстний хамаг нөөц баялаг гадаад америк долларын төлбөрт гадагш байнга урсан одож байгаа өнөөгийн энэ байдал нь манай улсын эдийн засгийн макро бүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна. Сүүлийн 20 гаруй жилийн ардчилсан зах зээлийн реформын үр дүнд манай улсын экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, манай иргэдийн ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал хэзээ ч зогсох аргагүй болгож байна.

Манай улсын ДНБ 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх статистик мэдээ байгаа боловч манай ард түмний ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь дээрх бодит байдлын зөвхөн нэг баталгаа юм. Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувьтай байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа.

Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг америк долларын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь Монгол улсыг гаднын бүрэн эрхшээл хараат байдалд оруулж манай улсын эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай, хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж багалзуурдаж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,5 хувь байгаа/ ба арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байна. Монгол улсын гадаад валютын орлого буурч байгаа өнөөгийн энэ нөхцөлд урсгал тэнцлийг сайжруулах, гадаад төлбөрийн үйлчилгээг хийхэд дахиад л америк долларын гадаад зээл авах “хар тамхичны донтол” нүүрлэж байна...

Ер нь Монгол улсын эдийн засаг гадаадын зөвлөх компаниудын зааж өгсөн уул уурхайгаас орж ирэх их орлогын сураг, энэ мөнгөөр хөгжих загвар тэдний ухуулга ятгалгыг сонссон цагаас хойш америк долларын зээлийн “хар тамхинд” улам ихээр донтож эхэлсэн ба одоо улс орон гадаад зээлийн гүн хар ангал руу нисэж байна. Учир нь гадаад худалдаа буурсан нөхцөлд өмнө нь авсан гадаад зээлийг төлөхийн тулд дахиад л гадна талаас зээл авч өрийн үйлчилгээг хийх болдог бөгөөд энэхүү байдал нь Монгол улсын санхүү-эдийн засгийг “хар тамхинд” бүүр донтуулах гээд байгаа билээ...

Үүний зэрэгцээ манай улс үндэстний үнэт зүйл болох боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо маань ч гаднынхны зөвлөж мөнгө өгсөн элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж сүйрч эхэлсэн нь Монгол улсын ойрын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай өнөөгийн хүүхэд, залуусын дунд политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь Монгол улсын ирээдүйг тун ч бүрхэг бараан болгож байна. Политехникийн мэдлэг, чадвар бол чухамдаа бодит баялаг, хөгжлийг бүтээдэг жинхэнэ боловсрол, жинхэнэ чадавх юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм аа.

Одоо неолибералч эрх баригчид манай залуу хойч үеийг орон сууцны зээлийн дөнгөнд хийж - харийн мөнгө хүүлэгчдийн өмнө асар том урт хугацааны өрөнд унагаж байгаа нь эргээд манай улс үндэстнийг МӨНХИЙН ӨРӨНД УНАГАХ эрсдэлийг үүсгэж байна.

Энэ хоосон хөөс нь удахгүй гарцаагүй хага үсрэх бөгөөд харин үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг нийгэмд бий болгоно оо.

Дүгнэлт:

Монгол улсыг гадаад өрийн хар тамхинд оруулж донтуулж эхлээд байна!!!... Энэ бол хэдэн үеэрээ магадгүй, үе үеийн гарах боломжгүй гүн хар мөхлийн ангал юм. Чухамдаа харийн энэ чивэлт бодлогыг л эдийн засгийн алах гэдэг бөлгөө! Монгол улсын мөнгө, санхүү - эдийн засаг гаднаас бүрэн хараат байдалд орсон байгаа учир бодит байдал дээр манай улс орны жинхэнэ удирдлага улам гаднын байгууллагын мэдэлд шилжсээр байна.

Монгол улсын эдийн засагт ноёрхож байгаа өнөөгийн энэ харийн хулхи үзэл санаа, неолиберализм-экономикс-монетаризмын албан ёсны номлол нь бидний хувьд гүнзгий алдаа төөрөгдөл болохыг сүүлчийн 20 жилийн санхүүгийн “хөөсөн/хоосон” өсөлт, ажилгүйдэл ядуурлын түвшин системийн шинжтэй буурахгүй байгаа нь нотолж баталж байна.

Дотоод эдийн засаг – нийгэм - улстөрийн байдал цаашид ч улам тогтворгүй болох энэ хандлага нь манай нийгмийг улам гүүн гүнзгий хагалж иргэний үл хүлцэл - тогтворгүй байдалд ч хүргэж болзошгүй юм.

Монгол улс, монголын ард түмний маргааш, хойч ирээдүй маш бүдэг бадаг болсоор л байна.

Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж гол нь эрх баригчид их ГОРЬДОЖ хүлээж байсан нь талаар болж байгаа нь бүрэлдсэн энэ нөхцөл байдлыг нухацтай авч үзэж шийдвэртэй эргэлт, эрс шинэчлэлийн ухаалаг замаар хийх болсныг харуулж байна.

Энэхүү бүрэлдсэн ноцтой байдал нь эдгээр хуримтлагдсан асуудлуудыг цаашид улстөрчдийн “хоноцын сэтгэлгээгээр” хялбарчлан авч үзэх эрхгүй болгож байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг