aguu ih zereglee
 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО САНАЛ ТООЛОХ МАШИНЫГ
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС Ч НУУСАН БАЙНА
 
Сонгуулийн дүнг автомат машин шулсан талаар өнгөрсөн хугацаанд олон гомдол гараад байгаа. Бараг л бүх тойрогт гомдол дагуулсан эл машиныг хэн хаана яаж тохируулсан нь сонгогчдод тун чиг бүрхэг байсаар байгаа. Америкийн “Dominion Voting Systems” компанийн машин гэхээс өөр олигтой мэдээлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус машиныг “Dominion Voting Systems” компаниас төлөөлөн ажиллахаар Канад улсын иргэн Даллас Аллен Ньюбай ахалж, Канадын гурав, Сербийн хоёр, Голланд Венесуэл, АНУ-ын тус бүр нэг инженер Монголд ирж программыг нь тохируулах ажил хийжээ. Мөн эдгээр есөн инженерээс гадаа Серби, Канад, АНУ-аас дөрвөн иргэнийг эл асуудалтай холбогдуулан виз гаргуулахаар СЕХ Гадаадын иргэн харьяатын газарт ч хандаж байсан гэнэ.

Дэлхийн олон том компанид программ хангамжийн чиглэлээр монгол залуус тоогдон ажиллаж байгаа тухай мэдээллийг бид талархан хүлээж авдаг. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуулийг явуулах машиныг дан гадныхныг урин өндөр зэрэглэлийн цалин хангамжаар ханган монгол залуусынхаа тархийг оролцуулалгүй хийлгэсэн нь гайхал төрүүлж байна.
Харин тойрог, хэсгийн хороодоос ирүүлэх санал тоолсон дүнг үүрэн холбооны сүлжээг ашиглан хүлээн авах техник тоног төхөөрөмжийн тохиргооны ажлыг сонгуулийн дүнг нэгтгэх цаг үед олон газраас нэгэн зэрэг олон мэдээ дүн ирэхэд гол серверийн свич төхөөрөмжид ачаалал үүсч, саатал гарах эрсдэлийг арилгах зорилгоор л монгол инженерүүдийг хамтруулжээ. Өөрөөр хэлбэл, голлох асуудалдаа оролцуулаагүй, зөвхөн гацахад туслуулах зорилгоор ашиглахаар шийдсэн байна. Түүгээр ч барахгүй АНУ-ын “Dominion Voting Systems” компанийн мэргэжилтнүүдийн боловсруулсан программ хангамжуудын эх кодуудтай танилцах, нууцлах үйл ажиллагаанд оролцох ёстой төрийн нууц хариуцсан Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудад ч оролцох боломж олгохгүйгээр ажиллагааг явуулсан гэнэ.

Үүгээр ч зогсохгүй Тагнуулын ерөнхий газраас танилцах хүсэлт гаргахад СЕХ хүлээж аваагүй бөгөөд судлах боломж олгоогүй ажээ. Ингэснээр төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн санал тоолох ажиллагаа АНУ- аас урьж залсан инженерүүдээс зуун хувь хамааралтай явагдсан байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын манаач гэж хэлж болох тагнуулын байгууллагыг хүртэл оролцуулахгүй хийхээр зүтгэсэн СЕХ чухамдаа юуны учир, хэний тушаалаар ийнхүү эрээгүй авирласныг одоо асуух цаг болжээ. Сонгуулийг дотоодын хяналтгүй явуулсан СЕХ-ны эл үйлдлээс үзэхэд асар хүчтэй, эртнээс бэлтгэгдсэн улс төр явсан гэж хардах үндэслэл байна.

Тухайлбал, сонгуулийн дүнг зөвхөн санал тоолох машинаар уншсан мэдээлэлд үндэслэн гаргах тохиолдолд программ хангамжийн тусламжтайгаар нөлөөлж огт өөр дүн гаргах боломжтой гэж захын программистууд хэлж байна. Мөн “Dominion Voting Systems” компанийн ажилтнууд АНУ-ын ЭСЯ-тайгаа байнгын харилцаатай байсан гэнэ. Ингэхээр тус улсын Элчин сайдын яамнаас сонгуулийн дүнд нөлөөлдөггүй юм гэхэд дүнг монголчуудаас төдийгүй СЕХ-ноос түрүүлээд мэдчих боломжтой байсан нь ноцтой асуудал мөн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Хамгийн хачирхалтай нь монгол залуус “Google”, “Microsoft”-oop тогтохгүй дэлхийд нэртэй мэдээллийн технологийн компаниудад программ хангамжаар мэргэшин ажиллаж байгаа тухай мэдээг бид талархан сонсдог. Монголдоо байгаа программистууд маань ч Азидаа дээгүүрт ордог гэж үнэлэгддэг юм билээ. Иймээс захын программист саналын дүн тоолж гаргах .NET ашиглан MS SQL төрлийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, нэгтгэх ажлыг хийчих боломжтой. Ийм байтал гаднаас баахан мэргэжилтэн урьж “Royal Castle” мэтийн дээд зэрэглэлийн хорооллуудад байрлуулан хөрөнгө мөнгө цацсан нь гайхалтай.

Гэрээ байгуулах, программын эх кодыг нууцлах зэрэг үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ТЕГ-ыг оролцуулаагүй, танилцуулахгүй өнөөг хүртэл гүрийсээр байгаа нь Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцыг хамгаалах тухай журмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл аж. Сонгуулийн дүнг төвд нэгтгэх үйл ажиллагааны техникийн бэлэн байдлыг турших ажлыг СЕХ болон манай төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах ёстой байтал “Dominion Voting Systems” компани өөрсдийн хүчээр шууд явуулан бүдүүлэг үйлдэл гаргажээ. Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах “Интерактив” ХХК-ийн байранд СЕХ-нд огт бүртгэлгүй илүү машинаар туршилт явуулсан байна. Тэгэхдээ мэдээлэл тээгч картанд сонгуулийн дүнг суулгаж түүнийгээ илгээх байдлаар туршаад бүрэн боломжтой гэж үзсэн гэх. Үүнээс үзэхэд хэсгийн хороодоос сонгуулийн дүнг төв рүү үүрэн телефоны сүлжээ ашиглан илгээх үед “Интерактив” ХХК-ийн мэдэлд байгаа илүү машиныг ашиглан хуурамч мэдээллийг тухайн хэсгийн хорооны нэрийн өмнөөс төвд илгээх боломжтой гэнэ. Эндээс сонгуулийн дүн будлиантуулах төлөвлөгөө цэцэглэсэн юм биш үү гэх асуулт гараад байна. Үнэхээр нөхцөл байдал ийм дээрээ тулаад байхад СЕХ зөвхөн машинаар гаргасан дүнгээр эцэслэхэд их хэмжээний хуурамч санал тоологдон гарах өндөр магадлалтай байгаа юм.

Үүний зэрэгцээ автомат машинд урьдчилан программын тохиргоо хийн санал хүчингүйд тооцуулах боломжтой тухай яригдаж эхэллээ. Жишээлбэл, 2000 санал хүчингүйд тооц гэсэн команд өгөөд түүгээр нь тохируулчихсан байхад яг ажиллах юм байна. Санал хураалт дуусч тооллогын дүн гарахын өмнө ч юм уу, ямар нэгэн байдлаар сиймхий гаргаж байгаад хүчингүйд тооцогдсон хуудсыг авч урьдчилан бөглөсөн хуудас машинд хийх боломжтой ажээ. Манай томоохон супермаркетууд ачаалал ихтэй баяр ёслолын үеэр кассын машиндаа автоматаар бараа бүтээгдэхүүний үнэ дээр нэмэгдэн бичигдэх тодорхой мөнгөн дүнг тохируулдаг тухай яриа байдаг. Яг үүнтэй л адил “Dominion Voting Systems” компанийн автомат тооллогын машиныг урьдчилан ямар ч байдлаар тохируулж болох тухай манай программистууд, учир мэдэх хүмүүс ярьж байна.

Ингэхээр анх удаа автоматаар тоолон шударга үнэнийг тогтоохоор шийдсэн шийдвэр зууны манлай луйврын эхлэлийг тавьсан байх магадлалтай болчихлоо. Ерөөсөө ч тойрог бүр дээр гомдол гараад байгаа нь үүнийг баталж буй хэрэг биш гэж үү.

 М.Мөнхчимэг 

Жич: Монгол улс III ертөнцийн орнуудад тулгадаг стандарт болох төр засгийн зохион байгуулалт нь гаднын бүрэн "гар удирдлагад" шилжлээ...


 

Сэтгэгдлүүд  

баатар
0 # баатар 2013-03-02 09:40
Энэ ч улаан цайм луйвар болоод байна Хэний талд гаргадаг нь одоо ерөнхийлөгчийн сонгуулиар харагдана
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг