barbarians

Оригинал нэр: Barbarians: Mongols
Нэр: Харь холын хүмүүс: Монголчууд
Гарсан он: 2004
Жанр: Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино
Бүтээсэн: The History Channels, Британи Найруулагч/продюсер: Роберт Гарднер


Уг баримтат киноноос:

Бараг 300 жил тэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн Агуу Эзэнт Гүрнийг захирч байсан юм. Тэдний энэ агуу эзэнт гүрэн Цезарийн үеийн Римээс даруй 2 дахин их газар нутгийг эзэлж байсан ба Наполеоны эзэнт гүрнээс ч цааш өргөжин тэлсэн, агуу Александрын эзэнт гүрнээс ч илүү дэлхийг дахиныг доргиож байсан юм. Энэ бол тал дундуур давхин өнгөрсөн галзуу шуурга мэт Монголчууд байлаа.

XIII зууны эхээр тэд хамгийн түрүүнд нарийн арга болон шийдэмгий догшин байдлаараа тэр үед тэдэнтэй хэн ч эн тэнцэж байгаагүй дайн байлдаан хийх технологийг гарамгай эзэмшсэн байсан юм. Тэдний энэ технологи нь тухайн үедээ маш төгс боловсронгуй байсан төдийгүй үүнийг өнөөгийн цэрэг дайны стратегчид ч одоо ашигласаар байгаа. Тэд Дорноос гарч замдаа таарсан болгоныг эзлэн Баруун Европ руу ахин тэлж явсаар тэр үед тогтсон байсан дэлхийн геоулстөрийн үндэс суурийг ганхуулж түлхэн унагаснаар хүн төрөлхтний Түүхийг шинэ замд оруулсан юм.

XII зууны эцэс. Европ тив тэр аяараа Харанхуй Бүдүүлгийн Эрин үедээ живсэн байлаа. Харин энэ үед өөр хоёр соёл иргэншил өөрсдийн стандартыг хүн төрөлхтөнд тогтоож байсан юм. Энэ бол Перс ба Төв Ази дахь лалын улсууд мөн түүнчлэн алс холын дорно дахинд задран унасан хятадын буурин дээр 3 том хаант улс оршин тогтнож байлаа. Харин тэдний дунд ЕвроАзийн хатуу ширүүн уур амьсгалтай өргөн уудам тал газар – Азийн тал нутаг оршдог. Энэ тал нутаг өргөн уудам боловч тэнд хоосон байгаагүй юм. Татар монголчууд ба бусад нүүдэлчин омог аймгууд энэ хатуу ширүүн нутагт амьдрахын төлөө хүнд хэцүү тэмцэл хийж байлаа.

Роберт Хилленбранд:

Монголд дэлхийн хамгийн хүйтэн хэд хэдэн газар байдаг. Тэнд агаарын хэм – 70 болтлоо унадаг. Иймээс хүмүүс нь жилийн ихэнхийг байгальтай тэмцэж байдаг... 1172 онд татар аймгууд монгол аймгуудтай хөршүүдийн дайныг дахин дэгдээсэн байна. Энэ бол бүх зүйл нь бараг адилхан ч өөр хоорондоо дандаа тэмцэлдэж байсан монгол аймгууд юм. Энэ нутагт эцэс төгсгөлгүй дайн дажин, урвалт, өшөө авалтууд үргэлжилж байлаа. Өөр хоорондоо алалдан тэмцэлдэж байсан тэд өөр хоорондынхоо хагарал тэмцлийг өдөөгч, өөрсдийн ерөнхий гол дайсныг анзаарахгүй л байлаа. Энэ бол хойд хятадын баян хүчирхэг Чин улс байв.


Доктор Христофер Этвууд:

Чин улсын эрх баригчдын монголчуудтай харьцахдаа барьж байсан бодлого нь “хагалан бутарга, яс хая, бүгд суларч доройтохоор нь дарангуйлан захир” гэдэг зарчимд үндэслэж байсан юм. Чин улс татаруудыг бусад аймгууд руу нь дайралт хийхдээ далдуур ашиглаж байсан. Учир нь эдгээр монгол аймгууд хятадын энэ хаант улсын хувьд дэндүү том бас тэгээд аюултай болж ирж байсан.

Тодруулга: Цагаан хэрэм орчим нутаглаж байсан монголчуудын яриа хятадуудад тар-тар гэж сонсогддог байсан учир тэд энэ монголчуудыг тартарууд гэж нэрлэдэг байсан нь хожим татар болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг байна.

Хятадын энэ хаант улсын эрх баригчид талын монгол омог аймгууд өөр хоорондоо алалдаж дайтаж байх юм бол хятадуудыг хэзээ ч дайрахгүй гэдгийг сайн ойлгож байлаа. XII зууны эхээр монгол аймгууд хүчирхэгжиж сэргэн мандаж байх үед тэдний дундаас агуу их хаан Чингис төрөн гарч ирсэн юм. Тэрээр дээд ноёдын гэр бүлээс гаралтай биш байсан ба түүний нэр Тэмүжин байв. Түүний бага залуугийн амьдрал түүнээс төмөр мэт зориг тэвчээр, зорилго хүрэх асар их тэмүүллийг шаардаж байсан юм. 1175 онд Тэмүжинг 9 настай байхад нь түүний эцэг, омгийн удирдагч Есүхэй баатрыг татарууд хордуулж алсан байна. Есүхэй баатар монгол омгуудын удирдагч нар дотроо эрч хүчтэй гарамгай удирдагч байсан боловч ингэж хорлогдож Тэмүжин дүү нар эхтэйгээ хатуу ширүүн амьдрал дунд үлдсэн нь түүнд харуусал хорслыг бас сэхээрэл ухаарлыг бага залуугаас нь өгсөн байсан юм. 1193 оноос Тэмүжин 30 жилийн турш бүх монгол омог аймгуудыг нэгтгэж тэдний хаан нь болох зорилго тавьж байжээ. Тэрээр зөвхөн дайн тулааны талбарт эр зориг, чин үнэнчээ харуулсан мөн харийн хүмүүст бол сэжиглэнгүй ханддаг өөрийн тэр хүмүүст л итгэж тэднээр өөрийгөө хүрээлүүлж байжээ.


Доктор Роберт Хилленбранд:

Тэрээр агуу Александр шиг харизмтай хүн байсан ба хувийн шинж чанараараа бусдыгаа хойноосоо дагуулсан юм. Хятадууд монголчуудыг зэрлэг аймгууд гэж үзэж байсан хэдий ч тэднийг урваж шарвадаггүй, элдэв муу зүйлд “гэмтээгүй” хүмүүс гэж үзэж байсан нь сонин байдаг.

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 


Доктор Роберт Хилленбранд:

Энэ эзэнт гүрэн Япон тэнгисээс Балтийн тэнгис хүртэл Зүүн Өмнөд Герман хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэгнэн оршин тогтнож байсан. Яг үнэндээ бол энэ агуу их гүрэн ЕвроАзийн бүх газар нутгийг бас Энэтхэг, Зүүн Өмнөд Азийг бүхэлд нь хамарч байсан. Үүнтэй ядаж төстэй зүйл ч хүн төрөлхтний өнгөрсөн түүхэнд дахиж давтагдаагүй юм.

Хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрүүдийг зөвхөн энэ кинонд эрдэмтэд судлаачид хүлээн зөвшөөрч байгаагаас заримыг нь дурдвал:

* Монголчууд нум сумтай морин цэргийн хүчээр дайсандаа гэнэтийн цохилт хийх тэгээд маш хурдан хол газар шилжин байрлах тактикийг цэргийн эрдэмд анх оруулж ирсэн 

*Цэрэг арми мөн нийгмийн дотоод зохион байгуулалтын бүтэц, удирдлагын маш үр дүнтэй аравтын тогтолцоог анх зохиож үр дүнтэй хэрэглэсэн байдаг.

* Монголчууд дэлхийд хамгийн анх эзэнт гүрний төрийн буухиа шууданг зохион байгуулж морин өртөөнүүдийг 40 км буюу нэг мод газраар байрлуулж ашиглаж байсан.

* Чингис хаан бусад улсын хаад захирагчдад нь сонголт хийх - цус урсгахгүй найрамдах боломжийг олгодог байсан хэрэв татгалзвал ямар ч өршөөл байхгүй гэдгийг урьдчилан сануулж байсан.

* Өрнө-Дорныг холбосон Торгоны замыг анх зохион байгуулж хамгаалж худалдааг дэмжиж байсан. Ер нь Чингисийн байлдан дагууллын нэг гол зорилго шалтгаан бол чухамдаа иймэрхүү худалдааны өргөн замыг байгуулж элдвийн халдлагаас хамгаалж худалдааг хөгжүүлэхэд оршиж байсан юм.

* Төрийн элчийг алах, энгийн номхон худалдаачдыг дээрэмдэн тонох явдлыг олон улсын хэмжээнд хууль бус гэдгийг анх тогтоож өгч мөрдүүлсэн.

* Монголчуудтай гэрээ хийсний дараа Римээс Бээжин хүртэлх худалдааны зам нээгдэж тусгай цайз тэмдэгтэй хэнбугай ч айх аюулгүй зорчиж олон улсын худалдаа хөгжих замыг анх нээсэн.

* Монголчууд тооны хувьд цөөхүүлээ байсан ба Чингисийн эзэнт гүрэн дэндүү том байсан учир удирдахад хүнд байсан ч эдийн засаг, цэрэг улстөрийн дипломат бодлогыг мөн харийн шашныг "тэвчих" бодлоготой зөв хослуулан ашиглаж байсан.

* Харгис догшин монголчууд олон хүний толгойгоор уул овоо босгож, цусан гол урсгаж байсан гэх мэт нь ямар ч баталгаагүй хоосон үлгэр домгууд бөгөөд нэг талаас монголчуудаас айн сандарч үзэн ядаж байсан европ, лалын сүм хийд, эрх баригчдын явуулж байсан ард иргэдээ айлган сүрдүүлж барьж байх гэсэн бодлого байсан ба чухамдаа монголчууд дэгс мэдээллүүд тараах, айлган сүрдүүлэх сэтгэлзүйн дайны аргуудыг цэргийн шинжлэх ухаан, практикт анх удаа маш амжилттай хэрэглэж байсан юм.

* Монголчууд Хятадыг Баруун Европт ийнхүү нээж өгсөн нь хятадын бараа худалдааг их шохоорхох болгосон юм. Энэ нь "агуу их нээлтүүд" гэгчийг хийсэн алс холын усан аяллуудын эринийг нээж өгсөн ба эцэст нь Америк тивийг нээхэд хүргэсэн юм. Мөн чанартаа монголчууд Хятад ба Персийн эзэнт улсуудыг ганхуулж унагаснаар монголчууд орчин үеийн энэ дэлхий дахины өнөөгийн байдлыг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулсан юм.


Дүгнэлтүүд:

* Манай хүн амын тоо дэндүү бага байсан нь хурдан суларч доройтоход маш их нөлөөсөн байна.

* Ихэс дээдэс нь эзлэн авсан байсан улс орнуудын ард түмнүүдэд уусаж тэдний эд бараанд шохоорхож мөн шашин мөргөл, ахуй зан заншлыг хүлээн авснаар тэдний хатгалгуудаар дотроосоо хагарч суларч доройтон Монголын Их Гүрэн мөхөх эхлэлийг тавьсан байна.

* Европчуудыг эртний монголчуудын тухай ном зохиолууд, Христийн сүм хийдээс нь тарааж байсан элдэв цуу дэгс яриа, үлгэр домгууд нь монголчуудыг зэрлэг бүдүүлэг ядуу хүмүүс гэж ойлгуулж хүмүүжүүлж ирсэн тул тэд яг энэ кино дээрх шигээр монголчуудыг төсөөлдөг байна. Эртний энэ номуудыг бичсэн хүмүүс нэг талаас айн сандарч бачууралд орсон байсан, нөгөө талаас монголчууд цэргийн эрдэм байлдах тактик, зэр зэвсгийн хувьд бүрэн давамгайлж байсан учир томоохон эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй учир ялагдсан тал нь өөрсдийн энэ арчаагүй байдлаа зөвтгөхийн тулд монголчуудыг маш бүдүүлэг мөн харгис байсан учраас гэх мэтээр мангасжуулан дүрсэлдэг байна.

* Гэсэн хэдий ч монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрүүдийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм.

* Харамсалтай нь, гадаадын эрдэмтэд судлаачид ч хүлээн зөвшөөрдөг байхад манай неолиберал үзэл сурталчид ялангуяа Баабар мэтийн этгээдүүд харийн хүмүүсийг, тэдний мөнгөний үзэл суртлыг нь Монголын ард түмэнд тулгахын тулд Монголын Түүхийг гуйвуулж бичсэн жишээ олон бий...Түүхэн ой санамжаа алдсан хүмүүс бол ард түмэн биш болдог, иймээс ирээдүйгүй болдог гэдгийг ойлгох ухаарах цаг болсон.

* Агуу Түүхийг бүтээж явсан домогт өвгөдийн үр сад бид өнөөгийн харийн үзэл суртлын манан дундах төөрөгдлөөсөө гарч өөрсдийн үнэн Түүхийг өөрсдөө бичих цаг иржээ. Одоо бидний олонхын мэдэх түүх, ойлголт төсөөлөл бол зориуд үзэл сурталжуулсан "түүх" байгаа нь харамсалтай... Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг билээ. 22 жилийн энэ Их Дампуурал нэгэн ийм хагас үзэл сурталжсан түүхээс эхэлсээн.

Тодруулга: Barbarians(англ.) варвары(орос) гэдэг үгнүүд эртний грек хэлний βάρβαρος, barbaros буюу грекийнх биш, харь газрын, харь холоос ирсэн гэдэг утгатай үгнээс үүссэн байна. Эртний грекчүүд мөн хожим римчүүд тэдэнд ойлгомжгүй харийн хэл дээр ярьдаг мөн тэдний ахуй соёлоос шал өөр ахуй соёлтой харь хол газраас ирсэн хүмүүсийг харь хол газрын хүмүүс буюу өөрсдийн хэл дээр варварууд гэдэг байжээ.

Ер нь орчин үеийн түүхчид, нийгэм судлаачид "эртний Римийн эзэнт гүрний хил хязгаарт дайран орж тэнд өөрсдийн бие даасан хаант улсуудыг байгуулж байсан дорнын ард түмнүүдийг" нийтэд нь варварууд буюу харь хол газрын хүмүүс гэж нэрлэж ингэж ойлгож тэмдэглэж байдгийг бид анхаарах ёстой.

Мөн нэг доороо бөөгнөрөн хамтдаа амьдран суудаг хэвшилтэй болсон хүмүүсийг Европт хотжсон гэдэг утгаар civilized эсвэл цивилизованный гэж нэрлэж ирснийг соёлжсон иргэншсэн хүмүүс гэж орчуулж бусад ард түмнийг балар харанхуй бүдүүлгүүд байсан мэт бичиж ухуулж байдгийг анзаарах тэмцэх цаг хэдийнэ болсоон.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг