barbarians

Оригинал нэр: Barbarians: The Huns
Нэр: Харь хол газрын хүмүүс: Хүннү нар
Гарсан он: 2004
Жанр: шинжлэх ухааны тайлбарласан баримтат кино
Бүтээсэн: The History Channels
Найруулагч: Роберт Гарднер
Оролцсон: Түүхч эрдэмтэд, судлаачид

Тодруулга: Barbarians(англ.) варвары(орос) гэдэг үгнүүд эртний грек хэлний βάρβαρος, barbaros буюу грекийнх биш, харь газрын, харь холоос ирсэн гэдэг утгатай үгнээс үүссэн байна. Эртний грекчүүд мөн хожим римчүүд тэдэнд ойлгомжгүй харийн хэл дээр ярьдаг мөн тэдний ахуй соёлоос шал өөр ахуй соёлтой харь хол газраас ирсэн хүмүүсийг харь хол газрын хүмүүс буюу өөрсдийн хэл дээр варварууд гэдэг байжээ. Ер нь орчин үеийн түүхчид, нийгэм судлаачид "эртний Римийн эзэнт гүрний хил хязгаарт дайран орж тэнд өөрсдийн бие даасан хаант улсуудыг байгуулж байсан дорнын ард түмнүүдийг" нийтэд нь варварууд буюу харь хол газрын хүмүүс гэж нэрлэж ингэж ойлгож тэмдэглэж байдгийг бид анхаарах ёстой. Мөн нэг доороо бөөгнөрөн хамтдаа амьдран суудаг хэвшилтэй болсон хүмүүсийг Европт хотжсон гэдэг утгаар civilized эсвэл цивилизованный гэж нэрлэж ирснийг соёлжсон иргэншсэн хүмүүс гэж орчуулж бусад ард түмнийг балар харанхуй бүдүүлгүүд байсан мэт бичиж ухуулж байдгийг анзаарах ёстой.

Өнөө үед тодорхой зорилгоор энэ үгийг баруун европын олон хэлэнд сөрөг утгатай болгосон хэдий ч энэ үгүүдийн учрыг, энэ бүх Түүхийг ядаж эртний хүннү нарын хойч үр сад болох өнөөгийн монголчууд бид өөрсдөө зөв ойлгож хэрэглэж байх ёстой билээ.

Лавлах эх үүсвэр: http://en.wikipedia.org/wiki/Barbarian

Киноны тухай:

Манай эриний V зуун. Барууны хот-иргэншлүүдийг аймшиг нөмрөөд байлаа. Нумнаас харвасан үй олон сумууд тэнгэрийн нарыг үүл шиг халхалж байлаа. Римийн эзэнт улсыг харь газраас ирсэн хүмүүс эзлэн авсан байв. Тэдний гол зэвсэг бол айдас төрүүлэх байсан ба тэд энэ зэвсгээ чадварлаг хайр найргүй хэрэглэж байв. Энэ бол хүннү нар байсан ба Дорно зүгээс ирсэн аймшигт булаан эзлэгчид замд нь хөндөлсөж саад болсон болгоныг нураан устгахад бэлэн дайчид байсан юм.

Гэвч хүннү нар зөвхөн үүгээрээ алдартай байсангүй. Дайн тулаан хийх стратеги бодлогыг мөн байлдах урлагийг төгс эзэмшсэн, маш сайн дипломат бодлоготнууд байсан тэд дэлхий дахины түүхэнд асар их өөрчлөлтүүдийг авчирсан хүчирхэг ШАЛТГААН болсон юм.

Хүннү нар алдар нэрээ дуурсгасан шавхагдашгүй хүчин чармайлтаараа тэр үеийн дэлхийн дахиныг нөмрөн авч өөрийн дэг журмандаа оруулан атгаж байсан тэр хар хүчнүүдийг мөхөөж Европын төдийгүй олон ард түмнүүдийг боолчлолоос чөлөөлж өгснөөрөө хүн төрөлхтний түүхийн цаашдын гольдролыг өөрчилж Түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Тэд Азийн тал нутгаас гарч замдаа таарсан бүхнийг буулган авч арчин хаясаар яг л асар том давалгаа мэт Европт гэнэтхэн Дорно зүгээс гарч ирсэн гэдэг.

Томас Мартин:

Тэд гэнэт л хаанаас ч юм гараад ирсэн мэт байсан гэдэг. Дараа нь тэнгэрийн хаяанаас гарч ирж байгаа үүлс мэт дахин дахин дайралт довтолгоонууд хийж байсан. Цаг агаарыг урьдчилан хэлж болохгүйн адил хүннү нар хаанаас гарч ирээд та нарыг яахыг хэн ч хэзээ ч урьдчилан хэлж болохооргүй байсан байна. Хэрэв тэд гарч ирвэл та бүхэн тэд нар танай орон нутгийг эгшин зуур тас татан хаяхыг үзнэ гэсэн үг гэж бичсэн байдаг. Энэ бүхний хажуугаар, тэдний энэ амжилтын үндсэн нөхцөл бол хүмүүсийг айдас сандралд оруулах явдал байсан гэж би бодож байна. Тэд довтлон дайрч байгаа хүмүүсээ яг ийм байдалд оруулж байсан гэдэг.


Томас Бёрнс:

Хэрэв та нарыг аз чинь орхиж энэ хүмүүстэй тулалдах болговол та нарт ямар их аймшигтай байх байсан бол гэдгийг төсөөлж болох юм. Цэрэгт алба хаасан миний хувьд энэ нь үнэхээр үйлчлэх болно гэдгийг би хэлэх байна. Энд сэтгэлзүйн хүчин зүйл бол хамгийн гол нь байсан бололтой, хүмүүс тэднийг олж ч хараагүй мөртлөө бүгд айн сандарч зугтаж байсан гэдэг. Хүннү нартай тулалдаж байсан тэр хүмүүс тэдний энэ тактикийг ховорхон тохиолдолд эсэргүүцэж сөрөн зогсож чадаж байсан байна.


Майкл Куликовски:

Дайсандаа сэм ойртон ирэх, тэгээд гэнэт тэднийг үй олон нум сумаар харваж тэдний эгнээ байрлалуудыг эвдэн бусниулж байлдах чадварыг нь алдагдуулах бол том ур чадвар юм. IV зууны сүүлч гэхэд хүннүчүүд Дунай мөрөнд хүрч Римийн эзэнт гүрэн, барууны хот-иргэншлүүдийн зах хязгаарыг давж орж ирсэн байна. Энэ үед Рим Юлий Цезар, Клеопатрын үеийнх шиг биш, уналтанд орж суларч доройтсон их гүрэн байсан юм. Римийн эрх баригчид хүннүчүүдээс айн түгшиж тэдэнтэй тулан дайтахаас бүх аргаар бултан зайлсхийж элдэв нарийн арга залиудыг хэрэглэж байжээ... Үхрийн эвэр, мод, адууны арьсыг чанаж хийсэн цавууны тусламжтайгаар хүннү нар зарчмын хувьд шинэ хэлбэрийн зэвсэг болох хотойлгосон богино нумыг зохион бүтээсэн юм. Хүннү нарын нум хийх энэхүү нарийн төвөгтэй мөртлөө төгс хийцийн урлаг нь тэдний дунд эцгээс хүүд дамжиж байсан ба үүний хажуугаар бас мэргэн харвах урлагийг бас дамжуулан хадгалж байсан байна.


Питер Хиэтэр:

Энэ хотойлгосон нумаа тэд зарчмын өөр аргаар хийж байсан юм. Эхлээд модыг хотойлгож боловсруулаад дараа нь энэ хэлбэрийг хадгалахын тулд эврээр тойруулан наадаг байсан. Ингэж хотойлгож хийсэн нумны гол давуу чанар бол харьцангуй богино таталтанд маш хүчтэй түлхэх хүчийг гаргаж сум нь оновчтой тэгээд хүчтэй тусдаг байсан байна. Манай нумаар хүчтэй хол харвахын тулд хоёр хөлөө алцайн зогсож хар чадлаараа татах хэрэгтэй байдаг бол хүннү нар харин эмээл дээрээ сууж байгаад мэргэн харваж байсан. Урт удаан түүх нь хүннү нарыг мэргэн харваачид болгосон байсан юм.


Томас Мартин:

Хүннү нарыг эрт дээр үеийн, хамгийн анхны морин цэргийн арми гэж тооцож болно. Түүх домогт өгүүлснээр тэд бараг эмээл дээрээ амьдардаг байсан гэдэг. Ийм учраас хүннү нарт маш хүчтэй дайралтын хүч чадвар байсан юм.


Питер Хиэтэр:

Морь бол хүннү нарын хувьд бүх юм нь байсан. Тэдний морийг эдлэх унах урлаг нь богино хугацаанд маш холын зайг туулах зэргээр байлдаанд давуу байдлыг олгоод зогсохгүй дайн тулааны урлагт нь морьтой нум сумтнуудын армийг ашиглах боломжтой байсныг бичсэн байдаг. Морь бас тэдний аж ахуйд нь их тустай байсан ба бас айраг, зарим үед махны эх үүсвэр нь болдог байсан байна.

422 онд Энхийн гэрээ байгуулсан ба Баруун Римийн эзэн хаан Феодоси хүннү нарт жил бүрийн татвар хураамж болгож 350 фут алтаар төлж байхыг хүлээн зөвшөөрсөн юм. 3 жилийн дараа хүннү нар одоогийн Унгарын орчим бүх газар нутгийг Римийн эзэн хаанаас өөрсдийн мэдэлдээ авсан байна. Хүннү нарын дараачийн удирдагч хэрцгий дайчин Атиллагийн суу алдар Европт XVII зууны турш дуурсаж байсан юм.

447 онд Атилла баруун Римийн эзэмшил хязгаарт дайран орж 60 гаруй хотуудыг нь эзлэн авсан байна. Римийн түүхч Марцелло “Атилла бараг бүх Европыг байлдан эзэлж авсан” гэж бичиж үлдээсэн байна.

448 онд хүннү нар Хар тэнгисээс Газар дундын тэнгис хүртэлх бүх газар нутгийг Балканыг эзлэн авсан байв. Атилла энэ газар нутаг дээрх эзэнт гүрний хаан, ухаалаг дипломат болсон байсан юм. Харин Баруун Римээс авч байсан хураамж нь тэр үед 2000 фут алт болсон байжээ.


Майкл Куликовски:

Хожим үеийн хүннү нарыг арьс нөмөрсөн бүдүүлэг нүүдэлчид гэж үзэж байгаа бол хамгийн том эндүүрч байгаа нь тэр. Одоо бидний уншиж байгаа номуудад бүдүүлэг нүүдэлчид байсан гэж бичсэн байгаа. Атилла бол ийм биш байсан гэдгийг нотлох 2 гол жишээний нэг нь, тэд өөрсдийн амьдралын ихэнхийг эзэнт гүрнээ захирч удирдаж өнгөрөөж байсан, хөрш улс гүрнүүдтэй ухаалаг харьцаж тэднийг өөрсдийн зорилгодоо тааруулж чадварлаг залж байсан нарийн ухаантай улстөрчид, дипломатууд байсан юм.


Томас Мартин:

Нэгхэн үеийнхний амьдралын хугацаанд хөрш хүннү нар нь Римийн эзэнт гүрэнд аюул учруулах болсон эзэнт гүрэн болон хувирсан байсан. Атилла эзэнт гүрнийг захирах улстөрийн эрдэмд сайн суралцаж Римийн эзэнт гүрэнтэй эн тэнцэхүйц өөрийн агуу их эзэнт гүрнийг байгуулж чадсан байсан.

450 он. Эзэн хаан Феодиси гэнэт үхэж түүний оронд ямар ч онцгой чанаргүй бас тэгээд алсын бодлогогүй цэргийн жанжин Марсиан баруун Римийн эзэн хаан болсон юм. Тэрээр шууд л Атиллад жил бүрийн татвараа төлөхөөс татгалзаж байгаагаа зарласан байна. Гэвч Атилла удирдагчийн алсыг харсан мэргэн ухаан гаргаж тохиромжтой цагийг хүлээж байв. Ингээд тэрээр 452 онд их цэргээ хөдөлгөж баруун Римийн эзэнт гүрний хотуудыг эзлэн авч түүний Агуу их армитай нь тулаанд орсон юм. Энэ үед энэ тулааны талбар дээр бүх Европын цаашдын хувь заяа шийдэгдэж байсан гэдэг. Энэ тулаанд Римийн армийг удирдаж байсан жанжин бол урьд өмнө нь хоёр гүрний тохиролцооны дагуу хүннү нарын дунд дипломат бодлогын барьцаанд өссөн, хүннү нарын байлдах тактик давуу талуудын нууцыг олж мэдсэн байсан римийн армийн генералын нэг хүү удирдаж байжээ. Энэ бол харийн хүмүүсийн алсын хараатай нарийн башир бодлогын нэг жишээ юм. Гэвч хоёр тал асар их хохирол амссан боловч аль нэг тал нь ялаагүй байна.

Атилла хаан Римийн Католик Сүмийн хувьд биелсэн “чөтгөр” нь байсан ба чухамдаа эндээс л түүнийг цусанд дуртай бүдүүлэг нүүдэлчин гэж хүмүүст харуулж олон худал цуу яриа түгээж байсан юм. Гэвч үүний хажуугаар энэ Сүмийн хамба нар Атиллаг өөрсдийн улстөрийн далд зорилгодоо бас ашиглаж түүнд эзлэгдсэн байсан хотуудын суугчдад энэ бол тэдэнд Бурхны илгээсэн шийтгэл, бид л Бурхны тусламжтайгаар та нарыг Атиллагаас аварна гэж ойлгуулж байжээ.

Удалгүй Атиллагийн армид гэнэт халдварт өвчнүүд тархаж энэ байдал нь Унгарын нутаг дахь эзэнт улсдаа буцахад хүргэсэн байна. Атилла буцаж ирээд гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан гэдэг. Үүний дараа харийн олон угсаатнуудад уусаж эхэлсэн, тэдний хэл соёлыг хүлээн авч эхэлсэн хүннү нарын дунд хагарал гарч зарим нь салж одсоноор гүрэн улс нь улам бүр доройтсон байна. Гэвч Атиллагаас хойш энэ гүрэн 20 жилийн турш хөршүүдийнхээ зүрхэнд шар ус хуруулсаар оршин тогтнож байсан юм. Ингээд удалгүй Баруун Римийн эзэнт гүрэн сулран доройтож бүрэн задарч мөхсөн билээ.

Хүннү нарыг хэн ч дайн тулааны талбарт ялан дийлж чадаагүй боловч тэдний хүч чадлыг дотроос нь сулруулж эцэст нь Атиллагийн байгуулсан эзэнт гүрэн мөхсөн юм. Үүний дараа чухамдаа Римийн Католик Сүм Европт ноёрхлоо тогтоож 600 жил дангаар захирч байсан билээ.

Римийн Католик Сүм хүмүүст Атиллаг мангас болгон харуулж бас Римийн эзэнт гүрний суртал ухуулагчид хүннү нарыг бүдүүлэг нүүдэлчид гэж, удирдагчийг нь цусанд дуртай дарангуйлагч гэж ухуулж байсан ч Атилла бол ухаалаг жанжин, гарамгай дипломатч, дайнд суларсан Римийг дайран орж эзлэн авалгүй өгөөмөр сэтгэл гарган өршөөж байсан агуу их эзэн хаан, гарамгай удирдагч байсан юм.

Ухаалаг удирдагчийн дор нэгдсэн Хүннү Монгол Түмэн эдгээр домог түүхүүдээс ч илүү Агуу Их Түүхийг бодитоор бүтээж байсан билээ.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:


1. Тэр үеийн европчуудын бичсэн хүннү нарын тухай домог түүхүүд хичнээн их хэтрүүлсэн заримдаа бол илтэд санаанаасаа зохиосон “мангардуу” байдаг нь тэд төдийчинээ их хүннү нараас айн сүрдэж түгшиж бас ийм учраас үзэн ядаж байсныг нь гэрчилж байдаг. Гэвч хүннү нар Римийн эзэнт гүрнийг бүүр сулруулж эцэст нь мөхөөж түүний дарлал боолчлолд байсан европын болон бусад олон улс түмнүүдийг чөлөөлж тэдний хувь заяаг мөн Дэлхийн Түүхийг бүхэлд нь өөрчилж хүн төрөлхтний түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээснийг бол үгүйсгэж чадахгүй юм.

2. Барууны хот-иргэншлүүд бас эзлэн түрэмгийлэгч дайнч улсууд байсан боловч тэднийг алс холоос ирсэн шал өөр соёл иргэншлийн хүмүүс эзлэн авч эрхшээлдээ оруулж байгаагүй юм. Ийм болохоор өнөөгийн дэлхийд ноёрхож байгаа барууны үзэлтнүүдийн хувьд энэ нь түүхэн талаасаа жаахан “гутамшигтай” байдгийг нь ойлгох ёстой. Нэгэн цагт барууныг эзлэн авч байсан хүннү нарыг зэрлэгүүд гэж нэрлэж ингэж харуулахыг хичээж байдаг боловч энэ нь түүхэн үнэнд нийцэхгүй юм.

3. Манайхны зарим барууныг шүтэгчид энэ үгийг умардын зэрлэгүүд гэж зориуд орчуулж хэрэглэж бидний өвөг дээдсийг түмэн олонд ингэж ойлгуулж ирсэн нь туйлын харамсалтай! Харийн хүмүүсийн суртлаар өөрийн түүх соёлыг харвал тэдний ашиг сонирхлын өнцгөөс харж байгаа гэдгийн сонгодог жишээ бол энэ юм. Тэр сургаар шүтэн бишрэгчдийн хувьд өнөөдрийн монголчууд бид ч бас соёлжиж иргэншээгүй “зэрлэгүүд” байгаа, иймээс биднийг харийн түүх соёлоор “иргэншүүлэх” гэж оролдож бүүр чадаж эхэлсэн нь түгшүүртэй!?! Үүнийг сануулж байгаа нь барууны болон бусад ард түмнүүдийн түүх соёлыг судлах хэрэггүй гэсэн үг биш юм. Гагцхүү өөрийн хэл, улс үндэстэн угсаатны түүх соёлыг шаардлагатай зохих түвшинд судалж ойлгож мэдсэний дараа л ... судлах ёстой гэсэн үг билээ!

4. Бид Дэлхий нэртэй энэ гариг дээр Агуу Их Түүхийг бүтээж явсан ард түмний хойч үр сад билээ. Өнөөдрийн байдлыг эргэцүүлж “Өнгөрсөн түүхийг хэн бичиж байна, тэр ирээдүйг чинь бичиж байгаа гэсэн үг. Харин өнөөдрийг хэн эрхшээж байна, тэр өнгөрсөн түүхийг чинь бичиж байгаа гэсэн үг” гэсэн утгатай нэг онож хэлсэн үг байдгийг ухаж ойлгож байнга санаж явахад илүүдэхгүй биз ээ...

Та бүхэн киног үзээд дүгнэлтээ бас бичээрэй...нэмэрлээрэй

 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-06 22:02
Хөөгдсөн Умард Хүннүчүүд Евроазийн уудмыг туулан, Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг чичрүүлж асан билээ.

Хятадын Гоади хааны мэргэн зөвлөх Люгийн бодлого ийнхүү 300 жилийн дараа хэрэгжиж, хүчирхэг Хүннү гүрэн дотоодын хямралд гүнзгий автсаар МТ II зуунд бүрмөсөн мөхсөн байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-06 22:03
Үнэхээр мэргэн зөвлөх Цзиний хэлснээр болж Хүннү гүрэн дэх Гаоди хааны удмынхан бүр хэдэн зуун жилийн дараа овгоо Лю хэмээн хятадаар өөрчлөн сольж, өөрсдийгөө хятад угсаатан хэмээн үзэх болсон төдийгүй хаан ширээний төлөөх хоёр талын тэмцэл өрнөж их гүрэн дотоодын хямралд автсаар улмаар Хүннү улс нь Умард, Өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдав.
Өмнөд Хүннүгийн хаан /шаньюй/ нь хоёр зууны өмнө мөнөөхөн Модунд өргөсөн гүнж гэгдэх хятадын жирийн нэгэн айлын охины удам байсан байна. Мэдээж хэрэг Өмнөд Хүннүчүүд ургаа даган хятадын Хан улсын холбоотон болж, Умард Хүннүгийн эсрэг тэмцсээр тэднийг бут цохин умард зүг хөөжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-06 22:04
МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хааны шадар зөвлөх Лю Цзин хаандаа хандаж ::::::

“Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэргийгээ болгоно. Түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуны оронд шаньюй болно. …. Модун амьд байхдаа таны хүргэн байна. Үхэхээр нь таны охины хүү шаньюй болно. Чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ эн зэрэгцэх болдог гэж дуулаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно”

гэж зөвлөжээ.Гоади хаан дээрх зөвлөгөөнд бага зэргийн засвар хийж жирийн айлын охиныг авч, өөрийн их охин болгон Модунд гэргий болгон өгөөд, жил бүр тогтоосон хэмжээний бэлэг, алба өгч байжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг