Цуврал нийтлэлийн 2-р хэсэг

Paradoxxx

Эдийн засгийн онол заалгаж байсан хүмүүс хамгийн эхний хичээл дээрээ дараах тодорхойлолттой танилцдаг:

"Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөц баялгийн хүрээнд хүмүүсийн хязгааргүй хэрэгцээг хэрхэн боломжит хамгийн ихээр хангах тухай судалдаг"

"Economics is the study of how we choose to use limited resources to obtain the maximum satisfication of unlimited human needs"

"Экономика - это искусство удовлетворять безграничные потребности при помощи ограниченных ресурсов"

Миний хувьд эндээс л бүх эргэлзээ маань эхэлсэн юм. Энэ тодорхойлолтод хамгийн чухал ойлголт нь "хүний хязгааргүй хэрэгцээ" хэмээх ойлголт юм. Эндээс шууд нэг асуулт толгойд бууж ирдэг. 

Хүний хэрэгцээ хязгааргүй юу? 

Юуны өмнө "Хүний хэрэгцээ гэж юу вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэгцээ бол нэн тэргүүнд зайлшгүй зүйлийг л илэрхийлнэ. Энэ бол тухайн амьд организм өөрийн оршихуйг хадгалж үлдэх, цааш үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай материаллаг болон материаллаг бус зүйлсийн олонлог юм. 

Экономиксчид-либералууд хүний хэрэгцээг хязгааргүй зүйл гэдэг. Тэд "Хүн бүр өөр өөр, тиймээс өөрийн өөрийн хүсэл сонирхол ба хэрэгцээнүүдтэй бөгөөд энэ нь хязгааргүй байдаг" гэдэг. Энэ бол хүний бодит хэрэгцээ хэмээх ойлголтыг хүний шунал хүсэл хэмээх хийсвэр ойлголттой хольж хутгасан хэрэг юм. Хүний шунал хүсэл л хязгааргүй, учир нь энэ бол хийсвэр зүйл. Хязгааргүй хэмээх ойлголт бол математикийн хувьд ч, философийн хувьд ч цэвэр хийсвэр ойлголт. Хийсвэр зүйлс л хязгааргүй байж чадна. Харин хүний хэрэгцээ бол түүний бодит оршин амьдрахуйгаар нөхцөлдөн гарч ирж, бас түүнийг өөрийг нь нөхцөлдүүлж байгаа тул бодит зүйл. Тиймээс тэр хязгааргүй байж хэрхэвч чадахгүй.

Асуудлыг бүр илүү нарийн задлан авч үзье. Ингэхдээ хүний амьдралын бүх хэрэгцээг дараах байдлаар тодорхойлъё:

Нийт хэрэгцээ = Нэгдүгээр хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + Хоёрдугаар хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + Гуравдугаар хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + ...

Ямарваа нийлбэр хязгааргүй утгатай байх нөхцөл бол уг нийлбэр дараах хоёр нөхцөлийн ядаж аль нэгийг нь хангаж байх юм. Үүнд: 

I. Уг нийлбэрийн ядаж нэг нэмэгдэхүүн нь хязгааргүйтэй тэнцүү утгатай байх. Эсрэгээрээ нэмэгдэхүүн  нэг бүр нь төгсгөлөг(хязгааргүй бус бодит тоогоор хэмжигддэг бол)  утгатай байвал уг нийлбэр үргэлж төгсгөлөг утгатай байна гэсэн үг. Манай тохиолдолд аль нэг хэрэгцээний хэмжээ буюу аль нэг  "Түүний тоон хэмжээ" хэмээх утга хязгааргүй байх.

II. Нэмэгдэхүүн эсвэл үржигдэхүүний тоо нь хязгааргүй байх. Манай тохиолдолд хүний хэрэгцээний төрлүүдийн тоо нь хязгааргүй байх.

Эхний нөхцөлийг авч үзье. Хүний аль нэг хэрэгцээ хязгааргүй байх боломжтой юу? Нэгэн жишээ авъя. Хүнийг хязгааргүй тооны хувцасны хэрэгцээтэй, бүүр тэр хувцаснууд нь өөрт нь байгаа гэж хийсвэрлэн төсөөлье. Тэр хүн нэг насаараа цаг мөч бүр тэр хувцаснуудаа сольж өмссөн-хэрэглэсэн гэе. Тэгвэл тэр хүн мянга насалсан ч өөрт байгаа хязгааргүй тооны хувцсаа өмсөж - "хэрэглэж" чадахгүй, амжихгүй. Өмсөж-"хэрэглэж" чадсан тэр хэмжээ л түүний (маш бүдүүлгээр хэлэхэд) бодит хэрэгцээ болно. Үлдсэн нь хэрэгцээнээс илүү гарсан хэсэг буюу "шунал хүсэл" болох юм. Бодит зайлшгүй хэрэгцээ шаардлагаас хэтэрсэн тэр цэгээс хүний шунал, хүсэл тачаал эхэлдэг.

Хоёрдох нөхцөлийн хувьд бас л адилхан. Хүн гэдэг бол физик бодит байдлаараа асар хязгаарлагдмал, тун жижиг хэмжээтэй. Нөгөө талаас түүний бүхий л оршихуй маш богинохон цаг хугацаа-түүний насаар хязгаарлагддаг. Энэ бяцхан бие энэ богинохон хугацаанд оршиход, жишээ нь, бие физиологийн талаас асар бага энерги шаардагдана. Энэ бүх энергиэ хэд хэдэн эх үүсвэрээс авах бөгөөд энэ нь түүний бодит хэрэгцээ мөн. Энэ хэрэгцээ хязгааргүй байх боломжгүй. Учир нь хэрэгцээ бол зөвхөн зайлшгүй зүйлс. Зайлшгүй гэдэг бол түүнгүйгээр хүн өөрөө цааш орших боломжгүй гэсэн үг юм. Гэтэл түүний физиологийн хэрэгцээнүүд хязгааргүй юм бол хүн өөрөө бодитоор орших боломжгүй болох юм. Учир нь ямар ч хүн хязгааргүй тэр их хэрэгцээгээ хангаж чадахгүй. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэдэг нь цааш орших боломжгүй болно гэсэн үг. Хэрэгцээ бол зөвхөн оршин амьдрахад зайлшгүй хэрэгтэй тэр зүйлс гэдгийг дахин сануулъя. 

Түүнчлэн хүний бие физиологи тодорхой хязгаарлагдмал тооны төрлийн л эрдэс, шим тэжээлийн хэлбэрүүдийг шаарддаг. Харин хязгааргүйг биш. Хэрэв эдгээр нь хязгааргүй байгаад, бүр хүн түүнийгээ хангах материаллаг боломж нь байлаа ч хүний энэ бяцхан бие амьдрах энэ ахархан хугацаандаа тэр бүгдийг хүлээн авч, боловсруулж чадахгүй-амжихгүй юм. Хязгааргүй хэрэгцээтэй байх юм бол тэр амьд бие оршин тогтнох боломжгүй ээ!!!

Нэгт, хүн физик бодит хэмжээс ба цаг хугацааны хийсвэр хэмжээсүүдээр маш хүчтэй хязгаарлагддаг гэдгийг тооцоод; хоёрт, хүний зайлшгүй хэрэгцээ гэдгийг шунал хүсэл хэмээх төстэй мэт санагдаж болох ойлголттой холихгүй байж чадвал бид хүний бодит зайлшгүй хэрэгцээ хязгааргүй байх ямар ч боломжгүй гэдгийг амархан ойлгож чадна.

Unlimited needs


Их  сэтгэгчид ч энэ тухай хэлсэн байдаг. Жишээ нь, Махатма Ганди нэгэнтээ "Энэ дэлхий дээрх хүн нэг бүрийн хэрэгцээг хангах нөөц баялаг бий ч хүн нэг бүрийн шунал хүслийг хангах нөөц баялаг гэж байхгүй" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүний "бодит хэрэгцээ" гэдэг зүйл хязгаарлагдмал. Харин "шунал хүсэл" бол хязгааргүй гэжээ.

Мөн их эрдэмтэн Альберт Эйнштейн "Энэ ертөнц дээр хоёрхон хязгааргүй бий. Нэг нь энэ орчлон ертөнц өөрөө. Нөгөө нь хүний тэнэглэл. Гэхдээ би эхнийхэд нь бага зэрэг эргэлздэг" хэмээжээ. Хорьдугаар зууны хүн маань хүний тэнэглэл хязгааргүй гэдэгт огтхон ч эргэлздэггүй байжээ. Тэнэглэл гэдэг мэдээж маш өргөн утгатай ойлголт. Түүнд юу дуртайгаа ч оруулж болох биз. Гэхдээ эрхбиш "хүний бодит хэрэгцээ" үүнд орохгүй нь ойлгомжтой. Учир нь бодит хэрэгцээ бол хүний өөрийнх нь оршихуйг нөхцөлдүүлж бас тодорхойлж буй тэр зүйлс юм. Энэ нь өөрөө "тэнэглэл" болчих юм бол хүний оршихуйг өөрийг нь үгүйсгэж буй хэрэг болох юм. Харин тэрхүү "тэнэглэл" гэдэгт хүний шунал хүслийг оруулж бүрнээ болно. Мэдээж түүнд хязгаар байхгүй нь тов тодорхой.

Анх авсан тодорхойлолт руугаа эргэн очъё. Эхнээсээ "буруу замаар будаа тээлгэх" тодорхойлолт болж таарлаа. Бүр нарийн ярьвал логик алдаатай ч байж болох үндэслэл бий. Учир нь хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцинй хүрээн хангах боломжгүй билээ. Аливаа онол тодорхойлолтуудаасаа эхэлдэг. Тэгээд аксиомууд, теоремууд гээд үргэлжилдэг. Тодорхойлолтууд ба аксиом хоёр бол тухайн онолын сууриуд нь юм. Ямар ч байсан экономикс хэмээх "онол"-ын тэгшлэн зассан хөрсөн суурь нь - үндсэн тодорхойлолт нь яйжгий юм байна. Цаашид бетонон суурь - аксиомууд нь ямар болохыг сонирхоцгооё.

Зүй нь бол эдийн засгийн харилцаа, цаашлаад түүний хөгжил бол зөвхөн нийгмийн гишүүдийн хэрэгцээг хангах төдийхнөөр хязгаарлагдаж байх бус харин оюун ухаант хүн болон хүний нийгмийн цаашдын хөгжил (эрүүл аюлгүй амьдрах орчин, хүн ам зүйн зохистой өсөлт ба бүтэц, технолоогийн хөгжил дэвшил гэх мэт) хангах, цаашлаад аливаа улс орны аюулгүй оршин тогтох үндсэн нөхцөлүүдийг бүрдүүлэхэд зорьж байх ёстой мэт...

Гэтэл өнөөдрийн энэ экономикс хэмээн ухаан нь эхнээсээ зөвхөн хэрэглэгчдийн нийгмийг л бий болгох үндсэн зорилго тавьж байгаагаа тов тодорхой тунхаглаж байдаг байна. Хамгийн гол нь хэрэглээний тоо болон чанарын өсөлт нь тэр болгон хувь хүний болон нийт нийгмийн хөгжил дэвшил гэдэг ойлголттой үргэлж давцаад байдаггүй гэдэг нь илэрхий билээ. 

 

Үргэлжлэлийг унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг