Цуврал нийтлэлийн 17-р хэсэг

Чен и ба Монгол ноёд Бээжинд 1920 он
Хятад сайд Чен-И ба Монгол ноёд Бээжинд 1920 он

 

Яагаад 1919 онд монгол ноёд, том лам нар улс эх орноо Хятадад худалдах болов оо? Тэднийг чухам ямар хүчин, гадаад дотоод нөхцөл байдал ийм алхам хийхэд түлхсэн бэ? Энэ асуултад заавал хариулах ёстой. Үүний тулд хэдий өмнөх нийтлэлд хангалттай мэдээлэл өгсөн ч гэсэн тухайн цагийн манай орны нөхцөл байдлын тухай энд дахин зайлшгүй дурдах ёстой юм. (Өмнөх нийтлэл дэх баримт давтагдаагүй болно)

Юуны өмнө 1911 оноос хойш 1919 он гэхэд манай улс орны дотоодод чухам ямар нөхцөл байдал бий болсон байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэндээ ард түмний аж амьдралд манжийн ноёрхлын үеийнхээс онцын ялгаа огт гараагүй гэдгийг би өмнөх нийтлэлүүдээрээ тодорхой баримтуудаар харуулсан.

Хэдийгээр Богд хаант Монгол улс байгуулагдсанаар улсын дээд, доод танхим бүхий хуралтай болж, бага дунд сургуулиудыг байгуулж, цөөн тооны залуусыг гадаад улсад сургаж, анхны сонин хэвлэлийг гаргаж, улсын армитай болон тэднийг цэргийн эрдэмд сургаж эхэлсэн боловч эдгээр ажлууд нь төсөв мөнгөний дутмагаас болж бүх ард түмнийг хамран далайцтай өрнөж чадаагүй ажээ.

Үүнийг батлан академич И.М.Майский “хошуудын сургууль нэг, хоёр жил болоод багш нар байхгүйгээс болж, бараг газар бүхэнд хаагдаж байлаа” хэмээн дүгнэн бичиж үлдээсэн байдаг.

Үнэхээр өнөөдрийн либерал ардчилсан түүхчдийн хэлдэг шиг Богд лам тэргүүтэй ноёд, том лам нар "зөвхөн эх орныхоо төлөө" л явж байсан юм бол яагаад бүхэл бүтэн 10 жил төр барих хугацаандаа Ардын засгийн маш богино хугацаанд хийж амжуулсан, улс орны өмнө зайлшгүй шаардлага болон тавигдаад байсан олон чухал ажлуудын  ядаж эхлэлийг ч тавиагүй вэ гэсэн асуулт гарч ирдэг.

Ардын төр засгийн 1921 оноос эхлэн хийсэн ажлууд: 

- Анх удаа Монгол улс улсын нэгдсэн төсөвтэй болж түүнийг эмх цэгцэнд оруулснаар төсвийн хэмжээ, бүтэц, зарцуулалтанд тавих хяналтыг бий болгон цаашид улам сайжруулсан,

- Анх удаа Монгол Улсын банкийг байгуулж үндэстний мөнгөн тэмдэгтээ дотоодын гүйлгээнд оруулан хятад янчаан, лан ембүү мөнгө мөн бусад гадаад улсын мөнгийг дотоодын гүйлгээнээс шахан гаргах ажлыг эхэлсэн,

- Өөрийн улсын худалдааны салбарт дотоодын үнэмлэхүй монополь тогтоон урьд өмнөх засгийн үед монгол (?!!!) ноёд, том лам нартай хамтран ард түмнийг шулан мөлжиж байсан хятад болон европын пүүсүүдийг өөрийн дотоод зах зээлээс шахан гаргаж эхэлсэн,

- Улсын дотоод гааль буюу улс доторх улс!! бий болсон байсныг халах бараа таваарын үнийг хямдруулж, улс доторх худалдааны эргэлтийг нэмэгдүүлж эхэлсэн,  

- Хивс нэхэх, гутал, хувцас, эмээл, гөлөм зэрэг ахуйн бүтээгдэхүүн хийх анхны гар урчуудын артелиудыг байгуулан, тэднийг дэмжин бага хүүтэй зээл олгох замаар орчин үеийн үйлдвэрлэлийн эхийг тавьж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах эхлэлийг тавьсан,

- Харилцах утасны сүлжээ тавьж улс орныхоо зах хязгаар нутгуудыг төвтэй холбох, автомашин бүхий орчин үеийн тээврийн салбарыг шавыг тавьсан,

Улсын нэгдсэн архивын үндсийг тавьж, өмнө нь төр засгийн байгууллагууд өөрсдөө хөтөлж, хадгалж байсан данс тооцоо, албан бичиг баримтуудыг улсын өнцөг булан бүрээс нийслэл хотод нэгтгэн төвлөрүүлж эмх цэгцэд оруулсан,

- Орчин үеийн хүн ба мал эмнэлгийг улсдаа нэвтрүүлэн, хүн ба малын дунд хүчтэй тархсан байсан өвчнүүдийг жинхэнэ ёсоор, үр дүнтэйгээр эмчилж эхэлсэн...

зэрэг улс орноо олон зууны хоцрогдлоос гаргаж, улс шиг улс болоход чиглэсэн маш олон чухал ажлуудыг Монгол улсын бүхий л түүхэнд анх удаа хийсэн байхад Богд тэргүүтнүүд энэ бүхнийг хийж эхлэхийг ч оролдоогүй юм!

1. Аж үйлдвэрийн тал дээр: “Аж үйлдвэр Автономит Монголд огтхон ч хөгжөөгүй байна. Байдгаас л Өргөөгийн ойролцоох засгийн газрын мэдлийн нүүрсний уурхай, “Монголор” хэмээх оросын нийгэмлэгийн алт олборлох газрууд, ноос угаах оросын 100 орчим цэг, мөн оросын 20 орчим арьс ширний/булигаарын/ заводаас гадна хятадын нэхий элдэх, модон эдлэл хийх, халуун төмрийн болон алт мөнгөний дархан гэх мэт 500 орчим газрууд голдуу Өргөөд байрлан ажиллаж байна.” Энэ бол яг 1919 ба 1920 оны үеийн дүр төрх юм.

2. Улс төсөв санхүүгийн хувьд ч тун хүнд байсан байна. Төсөв нь төв буюу засгийн газрын төсөв ба хошуу захирагч ноёдын төсөв буюу хамжлага ардуудаасаа авдаг албан татварууд гэсэн хоёр үндсэн төрөлтэй байв. Эхнийх нь улсын гааль, татвар төлөгч газруудаас ирэх орлого, концесс(уул уурхай, мал аж ахуй г.м) болон бусад орлого буюу тогтмол хэмжээтэй, тодорхой хугацаатай татваруудаас бүрддэг бол хоёрдох нь тодорхой тогтоосон хэмжээгүй байсан бөгөөд мөн хэдийд хамаагүй ч төлөх шаардлагыг ноёд өөрсдөө шийдэж ард олноос хүчээр гаргуулан авдаг онцлогтой байжээ. 1914 онд Хаант Оросоос ирж ажиллаж байсан санхүүгийн зөвлөх С.А.Козин улсын санхүүг нэгтгэн цэгцэлж өгч улсын хэмжээний нэгдсэн нэг төсвийг бий болгохыг зорьсон байна. Гэвч өөрийн дураар ард олноос хэрэгцээнийхээ хэрээр алба гувчуур авч хяналтгүй хэрэглэж дассан ноёд, тайжуудын хүчтэй эсэргүүцлээс болоод энэ ажил нурсан бөгөөд улмаар автономит засгийн үед санхүүгийн эмх цэгц Манжийн үеэс олигтой дээрдээгүй ажээ. Энэ талаар өмнө И.М.МайскийИнгэхлээр монголын засгийн газрын төсөв хэдийгээр шударга ёсыг барьж хэлэхэд алдагдлыг хэмжээ жилээс жилд дэвшингүй багассаар ирсэн хэдий ч угтаа бол алдагдалтай төсөв юм. Төсвийн онгойсон зайг онцгой орлогоор, өөрөөр хэлбэл оросын зээлээр чигжсээр ирсэн нь мэдээж. Эцсийн дүнд дэн дун дээсэн дөрөөтэй л төсвийн тэнцлийг хадгалж байна гэсэн үг” хэмээн бичсэн бөгөөд тэрээр уг дүгнэлтээ 1913-1918 оны төсвийн орлого зарлагыг харьцуулан гаргажээ.

Мөн тусгаар улсын хувьд нэн чухал зүйл болох үндэсний мөнгөн тэмдэгттэй болох асуудал 1911 оноос хойш ямар ч ахицгүй байсаар 1918 онд хятад мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгт хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Улс орны төрийн санхүүгийн замбараагүй байдлын нэг аюултай үр дагавар нь олон хошууны эрх баригч ноёд төвөөс хяналтгүй байсан учир хятадын хүүтэй зээлийн өрөнд баригдсан байсан явдал юм. Надад халхын 37 хошуу, шавийн холбогдолтой мэдээ баримт байна. Тэдгээрийн нийт өр 3807000 лан болж байгаа нь дунджаар нэг хошуу 100 000 орчим лангийн өртэй гэсэн үг юм. Хошуу, шавь нийтдээ халхад 104, Ховдын хязгаарт 20 байгаа болохоор онцын алдаа мадаггүйгээр хэлэхэд Автономит монгол улсын нийт өр 11 сая лан буюу 15 сая рубль болж байна. Зарим хошуудын өрийн хэмжээ бүүр гайхмаар их...

...Эндээс үнэхээр айхавтар дүр зураг харагдаж байна шүү дээ. Дундаж хэв шинжийн нэг өрх аж ахуйн өөрийн нь үнэ цэнэ нь ойролцоогоор 1000 лан байхад нэг өрхөд нь 500, 700 тэр ч байтугай 1000 лангийн өр ноогдож буй хошууны тухай юу ч гэх юм билээ дээ?!”**** Мөн үүн дээр Оросын засгийн газраас авсан зээлийн үлдэгдэл 4 сая рублийг (энэ зээл нь ямар ч хүүгүйн дээр 20-30 жилийн хугацаатай байжээ) нэмбэл манай улсын нийт өр 1918 эцсээр ойролцоогоор хэрэв рубльд шилжүүлж тооцвол 19 сая рубль болсон байжээ. Хэрэв Монгол улсын засгийн газрын ердийн орлого (гаднаас авсан зээлийг тооцохгүй гэсэн үг) 1918 оны байдлаар 2 100 383 рубль байсан гэдгийг тооцвол манай улсын нийт өр нэг жилийн засгийн газрын төсвөөсөө 7 дахин их болчихсон байжээ.

3. Нийгмийн гол баялаг байсан мал сүрэг нийт ард түмэнд маш тэгш бус хуваарилагдсан байв. И.М.Майскийн тооцоогоор бол ноёны мал сүрэг нь жирийн ардынхаас дунджаар үхэр 17 дахин, хонь ямаа 37 дахин, тэмээ 49 дахин, адуу 75 дахин их байжээ. 1915 оны тоо баримтаас үзэхэд Богд хаан өөрөө 10236 малтай, ... Сэцэн хан аймгийн Бишрэлд ван бүр 15423 толгой малтай байжээ. Мөн дээрх тоо баримтаас үзэхэд Сэцэн хан өөрөө 2746 толгой малтай байсан бөгөөд ханы өөрийн гэр бүлийн нэг хүнд 914 толгой мал ногдож байхад түүний хамжлага нэг зарцад дунджаар 14 толгой мал ноогдож байжээ.”*

6. Яг энэ үед дааж давшгүй болсон байсан асар их өр, алба ба түүнээс үүдсэн түмэн зовлон зүдгүүр нь ард түмнийг босон тэмцэхээс өөр аргагүй болгосон байна. Ард түмэн баян ноёдтой, лам нартай хэрхэн тэмцэж байсныг 1966 онд ШУА-аас эрхлэн гаргасан “Ардын заргын бичиг (XYII – XX зууны эхэн)" зэрэг номоос дэлгэрэнгүй уншиж болох тул энд олон жишээ оруулахыг азная. Харин ганц жишээ хэлэхэд бидний сайн мэдэх 1911-1918 оны хооронд үргэлжилсэн Ард Аюушаар толгойлуулсан ардын хөдөлгөөн нь тухайн үедээ хамгийн томоохон, зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн байжээ. Гэхдээ энэ бол тэр үед гарсан цор ганц хөдөлгөөн биш бөгөөд арай жижиг ч хаа сайгүй ноёд, баяд, том толгой лам нарын тэсэхүйеэ бэрх мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнүүд өрнөсөөр байсныг түүхийн олон эх сурвалжууд баталж байна.


Дүгнэлт

Ингээд энэхүү баримтууд дээр үндэслэн яагаад чухам Богд тэргүүтэй ноёд 1919 онд автономит эрхээ Хятадад худалдсаныг дараах шалтгаантай гэж миний бие дүгнэж байна. Хэдий энэ санал маань уг үйл явцын цор ганц үүтгэл мөн гэж батлан хэлэхгүй ч тухайн үеийн манай улсын дотоод ба гадаадад өрнөсөн үйл явдлуудыг нэгтгэн харвал энэ нь огт оргүй биш болох нь батлагдаж буй юм.

Нэг. Чин гүрнээс салсан Монгол үндсэндээ санхүү мөнгөний чадамжгүй болсон ажээ. Тэр үеийн эрх баригч ноёд 9 жилийн турш Монголд санхүүгийн эмх цэгц тогтоож, үндэсний мөнгөн тэмдэгттэй болж чадаагүйн дээр төсвийн орлогын шинэ үүсвэр бий болгох тал дээр ахиц гаргаагүй буюу аж үйлдвэрийг хөгжүүлж чадаагүй байна. Бүр ядаж дотоод бүх хэргээ өөрсдөө бүрэн мэдэж удирддаг автономит улс болохынхоо хувьд хамгийн наад захын зүйл болох улсын нэгдсэн төсөвтэй ч болж чадаагүй байна. Нөгөө талаас хятадын худалдаачдаас авсан өндөр хүүтэй зээл нь бага багаар улсын санхүүг ангал руу чирч байсныг тоо баримтууд харуулж байна. Үүний нэг баталгаа нь 1918 онд Хятадын банктай гэрээ байгуулж үндэснийхээ мөнгө санхүүгийн бүх удирдлагыг хятадын талд шилжүүлсэн бодит баримт юм. Мөн бас нэгэн баталгаа бий нь “Улс мөнгөн санхүүгээр ихээхэн дутагдаж байгаа үед зээллэгийн энэ санд (Богд хааны байгуулсан үндэсний зээллэгийн сан - Л.П) тусламж үзүүлэхийг улсын Дээд, Доод хурлаас ноёдод (Богд хаанд - Л.П) хандаж 1917 онд хүсэлт гаргаж байсан байна.”*

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАНЖИЙН ДАРЛАЛААС ГАРЧ БОГД ТЭРГҮҮТЭЙ ХАР ШАР ФЕОДАЛУУДАД УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮХЭЛД НЬ УДИРДАХ ЭРХ ШИЛЖИН ИРСНЭЭС ХОЙШ ТЭД НИЙТ 9 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ОРНОО САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮРЭН ДАМПУУРУУЛСАН БАЙЖЭЭ. БОГД ТЭРГҮҮТЭЙ НОЁД, ХУТАГТ ЛАМ НАР ЧУХАМ ЭДГЭЭР БҮХ ҮЙЛДЛҮҮД, ҮР ДҮНГҮҮДЭЭРЭЭ ҮНЭНДЭЭ УЛС ОРНЫГ УДИРДАН АВЧ ЯВАХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ ДАВХАР БАТЛАН ХАРУУЛСАН ЮМ.

Хоёр. Ард олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүд тогтмол өрнөх болсон. Өмнө дурдсан ёсоор ард түмний олон жилийн турш хуралдсан асар их дургүйцэл эгдүүцэл, үүнээс үүдсэн эсэргүүцэл тэмцэл бол Богд тэргүүтэй ноёд, хутагт лам нарын засгийн газрыг хүчээр түлхэн унагах маш том хөшүүрэг болж байсныг тэр үеийн мэдээ баримтаас төвөггүй харж болох юм.

Гурав. Зөвлөлт засгийн талынхан Оросын иргэний дайнд ялж эхэлсэн. 1919 оны сүүл гэхэд адмирал Колчак ялагдах нь улам бүр тодорхой болсон ба улмаар хойд хөршид маань Зөвлөлт засаг ялах анхны сэжмүүд үүсэж байжээ. Хэрэв нэгэнт Зөвлөлт засаг ялбал дарлагдсан ард түмэн эрх чөлөөг олж авах зорилго бүхий коммунизмын үзэл санаа хүссэн хүсээгүй манай хээр талд түгэн улмаар ард түмний эгдүүцэл, дургүйцэлтэй нэгдэн Богдын хаант засгийг түлхэн унагаах хувьсгал гарах үйл явцыг түргэсгэх байсныг тэр үеийн ноёд, лам нар сайн ойлгож бас түгшиж байсныг миний иш татан буй судалгаануудад батлан бичсэн байна.

Энэ бүхнээс харвал улс орноо харийн мөнгө хүүлэгчдийн өрийн дөнгөнд оруулж дампуурлын ирмэгт аваачаад, улмаар зөвхөн ядуу ардуудыг л улам бүр тонон мөлжих дээр дөнгөн данган оршин тогтнож байсан Богд ба түүний засгийн газрын ноёд, том лам нар УЛС ОРНОО ЦААШИД УДИРДАН АВЧ ЯВАХ БОДИТ ЧАДВАРГҮЙ гэдгээ ойлгоод, зөвхөн өчүүхэн амин хувийн эрх ашгийнхаа төлөө автономит эрхээ Хятадад худалдсан гэж дүгнэж болохоор байна. Учир нь тэд ингэснээрээ хятадын цэргийн хүчээр монголын ард түмний эсэргүүцэл бослогыг дарж "коммунизмын аюул"-аас ангижраад, хамгийн гол нь өөрсдөө хэргэм зэрэг, эрх ямбаа цалин пүнлүүгийн хамтаар хадгалан авч үлдэх байсан юм. 

Үнэхээр 1910-аад оны хоёрдугаар хагас гэхэд манай улс тэдний цалин пүнлүү, шагнал урамшууллыг цаашид өгөх бодит боломж, чадавхгүй болсон-болгосон байсан юм. Чухам ийм арчаагүй байдалд энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар өөрсдөө оруулсан болохыг түүх гэрчилдэг. Анх хятад консул Чен И ерөнхий сайд шанзав Бадамдоржоор дамжуулан 50 гаран зүйл бүхий автономит эрхээ сайн дураар устгах гэрээний анхны төслийг санал болгоход Богд үүнийг хүлээж аваагүй бөгөөд харин үүнд өөрсдийн саналыг буюу одоогийнхоо дэв зэрэг болон шагналт цалинг тоо ёсоор үргэлжлүүлэн авч байх нөхцөлүүдийг нэмсний дүнд сая 64 зүйл бүхий гэрээ бий болж түүнд гарын үсэг зурсан юм. Мөн энэ хэрэгт онцгой “гавьяа” байгуулсан 138 хүн нийт 354 мянган лан мөнгөөр, мөн Богд лам ба да лам Бадамдорж хоёр нэг нэг автомашинаар шагнуулсан нь миний дүгнэлтийг дахин баталж байгаа юм.

Мэргэн уншигч та энд бичсэн бүхнийг минь нягтлан сайн уншаад бусад итгэж болох эх сурвалжуудаас лавлан хамгийн гол нь өөрийн толгойгоор зөв бурууг шүүн тунгаана биз ээ!


Ашигласан материал

* Б.Ширэндэв, “Монгол Ардын хувьсгалын түүх”, 1969 он
**Ц.Пунцагноров, ”Монголын автономит үеийн түүх”, 1955 он
*** Л.Дэндэв, “Монголын товч түүх”, 2012 он, хоёрдох хэвлэл
**** И.М.Майский, “Орчин үеийн Монгол 20-р зууны гараан дээр”, 2001 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

Сэтгэгдлүүд  

Ohf ghb
0 # Ohf ghb 2020-01-29 01:55
Ардын засгийнхан дангаараа тэр хөгжлийг авчраагүй байх л даа. Боловсон хүчин байгаагүй. Оросууд бүх юмыг нь хийж өгч байсан байх. Зарим тохиолдолд хүч хэрэглэж... Богдын засгийн газарт тийм боломж, найз байсангүй гэж бодож байна. Хэсэг оролдоод барахгүй гэдгээ ойлгоод улсаа худалдсан байж болох юм. Үүнийг анхнаасаа бүтэхгүй гарууд, урвагч гэхэд бас хаашаа юм. Одоо ч гэсэн яг адилхан явдал болж байна. Засгийн эрх авч байгаа 2 нам юмаа мэдэхгүй байна. Чаддаг нь зээл болждээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг