Цуврал нийтлэлийн 15-р хэсэг

Эхлээд асуудлыг өмнө авсан ишлэлийн хэсэг нэг бүрээр задлан авч үзье.

Д.Өлзийбаатар диссертацдаа “Хятадын засгийн газар Хиагтын гурван улсын гэрээг тэгш бус хэмээн цуцалсан Зөвлөлт Орос улсын Засгийн газрын санаачлагыг овжноор ашиглаж...” гэжээ.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа Лениний толгойлсон большевик (олонхын гэсэн үг) засгийн газар хуучин гэрээнүүдийг, юуны өмнө Хаант Оросын засгийн газраас хөрш зэргэлдээ улс орнуудтай хийсэн байсан гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгаж тодорхой үндэслэлтэй бол хүчингүйд тооцон, хүчингүйд тооцсоноо тунхаглан зарласан түүхтэй. Үүнд Хиагтын гурван улсын гэрээ ч орсон бөгөөд энэ гэрээг ЗОУлсын засгийн газар үзэхдээ Чин гүрэн-Хятад болон Хаант Оросын зүгээс Монголд шударга бус хандаж бүх талуудын ашиг сонирхлуудыг тэгш тусгаагүй гэсэн үндэслэлээр уг гэрээг цуцалснаа зарласан юм.

Үнэхээр Зөвлөлт Оросын засгийн газар 1915 оны Хиагтын гурван улсын гэрээг тийнхүү хүчингүй болгосноо зарласан боловч яг энэ үед Орос оронд Иргэний дайн дуусаагүй байсан ба тодруулж хэлбэл энэ улсад Зөвлөлт засгаас гадна өөрсдийгөө хаант засгийн бүрэн эрхийн үргэлжлэл хэмээн тунхагласан, адмирал Колчакийн тэргүүлсэн засгийн газар мөн зэрэгцэн оршиж байсан юм.  Адмирал Колчакийн засгийн газар нь Орос оронд шинэ төр засгийг (төрийн хувьд хаант, үндсэн хуульт хаант эсвэл бүгд найрамдах засаглалын аль хэлбэрийг сонгохыг мөн эдийн засгийн хувьд зөвхөн капиталист хэлбэрээр цааш явах) Зохион Байгуулах Хурлыг хуралдуулахаар зорьж байсан билээ.

Хиагтын Гурван улсын гэрээ1915 оны Хиагт хотод Гурван Улсын гэрээг хэлэлцэж байсан үе


Тэгвэл Хаант Оросын засгийн газрын шууд үргэлжлэл гэж өөрийгөө зарлаж байсан, Антантын барууны гүрнүүдийн хүлээн зөвшөөрч байсан Колчакийн энэ засгийн газар Хиагтын гэрээг огт цуцлаагүй байсан юм! Академич Б.Ширэндэв “Монгол Ардын хувьсгалын түүх” номондоо энэ тухай Оросын хаант төр унасныг хятадын засгийн газар ашиглан гадаад монголыг өөрийн эрхшээлд оруулахаар шийдэн байсан нь дээр дурдсан баримтуудаас тодорхой болсон билээ. Харин энэ явдалд хятадын засгийн газар Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар АНУ, Англи, Франц, Японы засгийн газрын өмнө авсан үүрэг нь саад болж байжээ. Тэрхүү авсан үүргийн ёсоор хятад улс орос улсын хаант засагтай байгуулсан хуучин гэрээ, түүний дотор гурван улсын хэлэлцээрийг хүндэтгэн үзэх ёстой байв” гэж бичсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, АНУ тэргүүтэй барууны гүрнүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөөгүй БНХятад Улс нь Хаант Оростой байгуулсан Гурван улсын гэрээг цааш мөрдөх ёстой байсан ба иймээс Хятад дангаараа шийдэж манай улсад цэрэг оруулан эзлэн авах боломжгүй байсан юм. Учир нь яг тухайн үед БНХятад Улс нь Англи, АНУ, Франц, Япон тэргүүтэй барууны капиталист улсуудын асар хүчтэй дарамт шахалт, гадаад дотоод бодлогынх нь нөлөөн дор байсан билээ. Тиймээс Богд тэргүүтэй монгол лам, ноёд 64 зүйл бүхий гэрээ байгуулан үнэн хэрэг дээрээ улс орон, ард түмнээ Хятадад найр тавин арилжин зараагүй бол Хятад улс дангаараа, өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй байсан Зөвлөлт засгийг Гурван улсын гэрээг хүчингүй гэж зарлалаа гээд тэгээд бүүр үүнийг далимдуулан манай орныг эзлэн авах огт боломжгүй байсан юм аа!

Мөн хэрэв өмнө дурдсан Өлзийбаатарын ишлэлийг дахин сайтар тогтож уншвал, Хятад улс 1919 оны эцэст Зөвлөлт Орос улс Гурван улсын гэрээг хүчингүй гэж зарласны дараа манай нутаг дэвсгэрт цэргээ оруулан эзлээд авчихсан мэт ойлгогдохоор байгаа!? Гэтэл бодит үнэн хэрэг дээрээ огт үгүй байсан ажээ.

1 жил гаруйн өмнө буюу 1918 онд юу болж байсныг харцгаая:

Ц.Пунцагноровын ”Монголын автономит үеийн түүх” номонд 1918 оны 5 дугаар сард хятадын цэргийн эрхтэн Чен Игийн талынхан “большевизмын аюулаас” хамгаалах” нэрийдлээр хятад цэргийг автономит Монгол улсад түлхэн оруулах тухай зөвшөөрлийг Богдын автономит засгийн газраас олж авчээ...

Ийнхүү Богдын засгийн газар 1918 оны 3 дугаар сараас эхлэн Хятадын хил дээрх монгол цэргийнхээ тоог хорогдуулж эхэлжээ. “Дээрэмчин Бавуужавын отряд бутран сарнисан” гэдэг нэрийдлээр Чен И генерал Хятадын хойд хил, Хар мөрөн, Хөлөн буйр, Барга (Цахар), Хөх хотын районд хуралдуулсан байсан хоёр мянган монгол цэргийг тараахыг Богдын засгийн газраас тусгай ноот бичиг ирүүлж шаардаж байв. Ингээд тэрхүү цэргийн ихэнх хэсгийг тарааж, харин үлдсэн заримыг Оросын хил рүү шилжүүлэн суулгажээ. Өчүүхэн тооны хилийн цэргүүдийг тооцохгүй бол Хятадтай нийлсэн урд хил нь ийнхүү туушдаа нээлттэй болжээ. Богдын засгийн газрын энэхүү арга хэмжээ нь хятад цэргийг Ар Монголд оруулах замыг засаж өгчээ. Ийнхүү 1918 оны 9 дүгээр сард Хятад цэргийн анхдугаар том отряд(хоёр морин хороо)-ыг Монголд оруулсан явдал бол Богдын автономит засгийг устгах талаар хийсэн анхдугаар ноцтой том алхам болжээ."** гэжээ.

Энэ отряд нь 500 цэрэгтэй байсан бөгөөд улмаар 1918 оны 11-р сарын эцсээр дахин 700 морин цэргийг нэмж оруулсан байна. Үүнээс гадна Улиастай, Ховд, Өвөр Хиагтад байсан хятад түшмэлийн тоог Гурван улсын гэрээний заалтаас даруй 2 дахин нэмэгдүүлсэн байсан ба 1919 оны 7 дугаар сарын 8-нд 600 цэрэг бүхий хятад цэргийн отряд Хүрээнд дахин нэмж иржээ.

Тэгвэл хятадын энэ үйлдэл нь Гурван улсын гэрээг зөрчсөн байсан уу? 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний долдугаар зүйлд Дундад, Орос хоёр улсын илтгэн гаргасан бичгийн гуравдугаар зүйлд тогтоосон ёсоор Хүрээний газраа суух Дундад улсын сайдын хамгаалах цэргийн тоог 200 хүнээс хэтрүүлэхгүй. Мөнхүү сайдын туслах түшмэд, Улиастай, Ховд ба Монголын Хиагтын газраа хуваан суухад газар бүр хамгаалах цэргийг 50 хүнээс хэтрүүлэхгүй. Хэрвээ Гадаад Монголын Автономит засгийн газар лугаа санаа нийлэлцэн Гадаад Монголын бусад газраа туслах түшмэлийг нэмэн байгуулах болбоос газар бүр хамгаалах цэргийг 50 хүнээс хэтрүүлэхгүй”*** хэмээн заасан байна. Иймээс хятадын цэргүүд Монголд удаа дараа нэвтэрсэн нь үнэхээр Гурван улсын гэрээг БНХУ гурван удаа ноцтой зөрчсөн байсан гэсэн үг юм.

Мөн нөгөөтэйгүүр энэ үйл явдалд монгол ноёд, том лам нар хэрхэн хандаж байсныг сонирхож үзье. 1918 онд Монгол нутагт нэг батальон хятад цэрэг орж ирсэн нь Гурван улсын хэлэлцээрт харшлах талтайг харгалзан монголын засгийн газар түүнийг дурамжхан зөвшөөрсөн хэдий боловч тэдгээр цэрэг орж ирсэн нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан, түр зуурын хэрэг бөгөөд хүндэт дипломат төлөөлөгч танд бүрэн ойлгомжтой байгаа тэр нөхцөл байдал ойрын цагт өөрчлөгдөнө гэдэгт манай засгийн газар лавтайяа бүрэн итгэж байна гэж Монголын засгийн газраас оросын консул Орловт мэдэгдэв”* гэжээ. Орлов нь Хаант Оросоос Монголд суугаа консул байсан ажээ. Үүнээс харахад монголын засгийн газар болж буй үйл явдлуудад маш хүлээцтэй мэт хандаж байсан байна. Мөн өмнө дурдсан ба хойшид дурдах үйл явдлууд нь Богдын засгийн газар Хятадад дагаар орохдоо тийм ч их эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг баттай нотлон харуулдаг.

Үүний дараа 1918 оны 9 дүгээр сарын 14-нд Нийслэл Хүрээнд “Чжун-го-юн-хан” хятад банкийг байгуулах тухай гэрээнд Богдын автономит засгийн газар гарын үсэг зуржээ. Мэдээж энэ нь анх харахад тийм ч сүртэй үйл явдал биш мэт боловч уг гэрээний дараах заалт Монголын тусгаар автономит байдлыг бүрэн үгүйсгэсэн байсан юм. Уг заалтанд: Аливаа буй бүхий албаны орлого мөн зарлагыг хятад доллараар буюу эсхүл дундад улсын янчаан буюу эсхүл мөн банкнаас гаргасан мөнгөний тэмдэгт цаасаар гүйцэтгэж байхыг гадаад Монголын албан яамнаас харьяат олон газар оронд нийгмээр зарлан тушаана”** гэжээ.

Өөрөөр хэлбэл, яг энэ цагаас хойш дан ганц Хятадын үндэстний мөнгөн тэмдэгтүүд автономит монголын үндэсний мөнгөн тэмдэгт боллоо гэсэн үг! Үүнээс өмнө манай оронд үндэсний мөнгөн тэмдэгт байгаагүй ба орос рубль, хятад янчаан, дугуй цай, лан мөнгө зэргийг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан юм. Гэвч энэ мөчөөс хойш чухам Хятадын мөнгөн дэвсгэртийг л Монголын үндэсний мөнгөн дэвсгэрт хэмээн Богдын засгийн газар хүлээн зөвшөөрсөн явдал бол цаашид Монгол улс Хятадаас мөнгө санхүүгийн хувьд бүрэн хараат болж автономит эрхийн маш том хэсэг үндсэндээ үгүй болж буй хэрэг юм. Колони орны хамгийн чухал нэг шинж бол нэг бол өөрсдийг нь колоничлогч орны мөнгөн тэмдэгтийг шууд авч ашигладаг, эсвэл өөрийн мөнгөн тэмдэгтийг колоничлогч орны мөнгөн тэмдэгттэй хатуу чанга холбож уясан (чухам өнөөдөр манай төгрөг америк доллартай яг ингэж уягдсан байгаа) байдаг юм. Өөрөөр хэлбэл өөрийн үндэстний мөнгөн тэмдэгтгүй улсад тусгаар тогтнол байх ямар ч боломжгүй ээ!

Улмаар “Автономит Монголын эрх баригчдын тэрхүү хандлагыг ашиглан Чен И генерал 1919 оны 7 дугаар сард нэгэн хэлэлцээр гэгчийг эхэлж феодал, дээд лам нарын бүх эрх ямбыг цаашид хэвээр үлдээхийг амлан харин хариуд нь Монголд автономит засгийг сайн дураар устгахыг Богдын засгийн газраас шаарджээ. Богд лам, ерөнхий сайд шанзав Бадамдорж тэргүүтэй ноёдын бүлэг автономит засгийг сайн дураар устгахыг зөвшөөрч харин автономит засгийг устгасны хариуд феодалуудын эрх ямбыг хэвээр үлдээх амлалтаа баталгаа албан бичиг болгон Хятадын засгийн газраас ирүүлэхийг хүсчээ.

Хар ноёд, шар лам нараас Монголын автономит төрийг өөрсдөө сайн дураар устгах тухай Хятадын цэргийн эрхтнүүдтэй явуулсан хэлэлцээрийн дүнд “Гадаад Монголын хойчийг сайжруулах тухай дүрэм” гэдэг нэртэй баримт бичиг гарсан ба эхлээд 50 гаруй зүйлээс бүрдэж байжээ. Гэтэл шанзав Бадамдорж тэргүүтэй засгийн эрх баригч ноёд тэдгээр 50 гаруй зүйл нь хар феодал, дээд лам нарын эрх ямбыг хангалттай бүрэн баталж чадаагүй гэж шалтаглан улс орноо харилцан зарах худалдан авах шившигт үнэ хаялтыг Чен И-тэй хийж эхэлжээ. Бадамдорж Чен И хоёрын харилцааны дүнд автономит засгийн газрыг устгах тухай төлөвлөгөөнд хэд хэдэн засвар нэмэлтүүдийг оруулжээ”**. Уг төлөвлөгөөнд Богд хаан ба түүний хатны жилийн цалин пүнлүүг автономитийн үеийн хэмжээгээр буюу тус бүр 36 000 лан мөнгө байхаар тохиролцож бүх засаг ба засаг бус ноёд, том лам нарын пүнлүүг Хятад улсын сангаас өгч байхаар болсон бөгөөд энэ нь тэд бүгд Хятадын төрийн түшмэлүүд болсон гэсэн үг юм.

Шанзав Г.БадамдоржБогдын засгийн газрын ерөнхий сайд, шанзав да лам Г.Бадамдорж


Харин жирийн ард түмэнд хамгийн их дарамт зовлон ирж байлаа. Албан татвар, өр шир төлөх явдал хуучин хэвээр үлдсэнээр үл барам харин ч тэр талаар монголын ноёд, лам нар мөн хятад худалдаачдын эрхийг улам бүр бататгаж дэлгэрүүлэн зааж, ард түмнээс ноёдын мөнгө хүүлэгчдэд тавьсан өрийг давхар цуглуулахаар дурдсан байв”.*

Уг хэлэлцээрийн гэрээний сүүлчийн эх бичгийн нэгдүгээр зүйлд заасан нь: Гадаад монголын автономит засгийн газраас нэгэнт өөрөө гуйн өргөж устгасны тулд үүнээс хойш Гадаад Монголын бүх хязгаар даруй Дундад иргэн улсын тусгай газрын нэг хэсэг болж элдэв явуулах эрхийг бүрэн төгсөөр Дундад засгийн газар нэгтгэн захирна гэжээ.

Энэхүү заалтад өгүүлснээр Богд хаант монголын засгийн газар өөрөө хүсэлт гарган автономит эрхээ устгуулсан тухай зааж байгаа нь нэг талаас Хятад улс нь Хаант Оросын консул Орловын шахалт мөн Англи, АНУ, Франц, Японы өмнө гэрээгээр хүлээсэн байсан үүрэг зэргээсээ хамааран шууд цэргийн хүчээр Монголыг эзлэн авах боломж байхгүй байсантай холбоотой юм. Мөн нөгөө талаас өөрсдийн хувийн эрх ашгийг хэлэлцээрийн үр дүн болох гэрээнд тусгаж чадсан Богд тэргүүтэй феодлуудын шуналын хүсэл тачаал нь хятадын талтай нэгэн ижил байснаар тайлбарлагдах юм.

Ийнхүү 3 удаа дараалан ямар ч эсэргүүцэлгүйгээр цэрэг оруулсны дараа дахин дөрөв дэх удаагаа 1919 оны 11-р сард хятадын цэргийн 3-р явган дивиз Хүрээнд орж ирэв. Үүний дараа БНХУ-ын баруун хойд хязгаарыг тохинуулан шийтгэх сайд генерал Сюй Шү-чжан мөн хүрээнд ирж 11-р сарын 14-нд ерөнхий сайд шанзав Бадамдоржоос автономит засгаа сайн дураар устгах тухай бичиг гаргаж өгөхийг шаардсан байна. Улмаар 11-р сарын 15-нд улсын дээд ба доод танхимаар уг асуудлыг хэлэлцүүлэхэд өндөр зиндааны ноёд, лам нараас бүрдсэн дээд танхим асуудлыг олонхын саналаар зөвшөөрч, харин дунд болон доод хэргэм бүхий түшмэлүүдээс бүрдэж байсан доод танхим нь эсэргүүцэн хэрэв шаардлагатай бол зэвсэг барин монголын автономит эрхийг хамгаална гэсэн шийдвэр гаргасан байна. Гэсэн ч тэдний энэ саналыг үл хэрэгсэн 64 зүйл бүхий автономит засгаа өөрсдийн сайн дураар устгасан тухай бичиг-гэрээнд 11-р сарын 17-ны өдөр Богдын засгийн газрын таван яамны бүх сайдууд гарын үсэг зурж тамгаа даржээ(Дотоод Явдлын Яамны сайд чин ван Бадамдорж, Гадаад Явдлын Яамны сайд гүн Цэрэндорж, Цэргийн Яамны сайд ван Жамьяандорж, Сангийн Яамны сайд бээс Лувсанбалдан, Шүүх Яамны сайд цэцэн хаан Наваанцэрэн)

Дашрамд сануулахад, 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан БНХУ-ын консулын Богд хаант Монгол улсын дээд удирдлагатай хийсэн хэлэлцээрийн тэмдэглэлийн хэсэг Монголын үндэсний архивт одоо ч хадгалагдаж байгаа. Тэрхүү тэмдэглэл хэсэгт бичсэнээс харвал Монголын автономит төрийг устгасных нь төлөө монгол ноёд, том лам, хутагт лам нарт БНХУ-аас мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Үүнд: Ерөнхий сайд буюу Эрдэнэ шанзав да лам Бадамдоржид 30 000 лан мөнгө, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Бао Лин овогт Цэрэндоржид 20 000 лан мөнгө, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд Дархан Чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 000 лан мөнгө шагнахаар заасан байдаг. Үүнээс гадна Хятадын засгийн газраас Богд хаан ба шанзав Бадамдорж нарыг тус бүр нэг автомашинаар шагнасан юм.

Бао Лин Цэрэндорж
Богдын засгийн газрын сайд, Бао Лин овогт Цэрэндорж

 

Бао Лин Цэрэндоржийн хөшөө Яагаад 90-ээд оны эхэнд нийслэл хотын яг төв цэгт энэ урвагч дүлзэн Бао Лин овогтын урагшаа харсан хөшөөг либерал ард-чи-лаларчид гэнэт чимээгүйхэн босгосон гэж та бодож байна? Яагаад гэвэл түүнтэй яг ижил зүйлийг хийж байгаа үйл хэрэг нэгтнүүд манай орныг 30 жил үргэлжлүүлэн зарж наймаалцсаар байгаа. Бүүр түүний ШУУД ҮР УДАМ ардчилсан төрийн үед Монгол улсын 21 дэх ерөнхий сайд болсон түүх бий.


1920 оны 2–р сарын 19-ний өдөр нийслэл Хүрээнд Монголын автономит засгийг устгах ёслол гэгч болсон бөгөөд Сюй Шу-чжан төв ордонд ормогц түүний төвд байсан олбог түшлэгэн дээр Дундад улсын ерөнхийлөгчийн зургийг тавьж, өөрөө хажууд нь зогсож байгаад Богд гэгээнийг оруулж түүнийг хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө сөгдөн мөргөх дохио өгөв. Богд гэгээн ч дээрх хөргийн өмнө гурав дахин сөгдөн мөргөв. Үүний дараа автономит эрхээсээ сайн дураараа огцорсныг тохиолдуулан хятад улсын ерөнхийлөгчөөс зориуд ирүүлсэн тамга өргөмжлөлийг Богд гэгээнд гардуулан өгөхөд энэ ёслол дээр байсан Монголын дээд ноёд, түшмэд, том лам нар бүгд Хятадын ерөнхийлөгчийн хөргөнд сөгдөн мөргөцгөөжээ”*.

1919 оны урвалт 2
Монголын автономит эрхийг устгасан ёслол. 1919 он, Нийслэл Хүрээ.


Одоо Д.Өлзийбаатарын докторын ажлын судалгаанаас авсан ишлэл рүү эргэн оръё. Тэрбээр “...Монголын автономитийг цэрэг зэвсгийн хүчээр устган...хэмээсэн нь бас л бодит байдлаас тун их хол зөрүүтэй байгааг дээрхээс харж болно. Үнэн хэрэг дээрээ цэрэг зэвсгийн хүчинд мөхөстөж биш харин монголын ноёд түшмэд, том лам нар хийгээд Богд хаан тэргүүтэй засгийн газрын ноёд Монгол улсын бүрэн тусгаар тогтнолын эхний шат байсан автономит эрхийг өөрсдийн хувийн эрх ашиг болсон эд баялаг, цол хэргэм, эрх мэдлээрээ Хятадад наймаалцан худалдсан нь илт харагдаж байна.

Гэхдээ энд зарим ардчилсан үзэлтнүүдэд “эргэлзээ” үүсэж магадгүй юм. Учир нь үнэхээр Сюй Шу-чжан 11 сард Хүрээнд ирснийхээ дараа монголын ард түмний эсэргүүцэл, бухимдал зэргээс болж сунжраад байсан хэлэлцээрийг түргэтгэн 64 зүйл бүхий гэрээнд гарын үсэг зурахыг Богд хаан, эрх баригч ноёдод “тулган шаардсанаар" гаднаасаа бол монголын засгийн газрын гишүүд-ноёд “хүчээр” гарын үсэг зурсан юм шиг харагддаг. Гэхдээ энэ зөвхөн жүжиглэл байсан бөгөөд Богд лам, шанзав да лам Бадамдорж тэргүүтэй засгийн газар нь:

- Хятад цэргүүд ээлж дараалан манайд орж ирэхэд ямар ч бодит эсэргүүцэл үзүүлээгүй төдийгүй өөрийн улсын санхүүгийн бүх эрх мэдлийг Хятадад найр тавин өгсөн,

- Автономит эрхээ өөрийн хүсэлтээр үгүй хийх гэрээг Хятадын талтай хамтран боловсруулж байсан,

- Тэр гэрээнд зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг нэмж оруулсны дараа уг гэрээг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн,

- Үүний дараа тэд Хятадын засгийн газраас их хэмжээний мөнгө, шан харамж авсан,

- Мөн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хамгаалан тэмцээгүй – улс орноо цэрэг армийн хүчээр хамгаалаагүй,

- Гурван улсын гэрээн дэх Хятадтай холбоотой заалтуудыг үндэслэн гадаад улсуудаас тусламж эрээгүй

зэрэг нь тэдний энэ гэмт хэрэг бол гарцаагүй эх орноосоо урвасан байсныг ямар ч маргаангүй баталж буй юм.

Нөгөөтэйгүүр, түүхч гэх Д.Өлзийбаатар “цэрэг зэвсгийн хүчээр” гэж бичсэн нь үүнийг уншсан гэнэн нэгэнд маш том буруу ойлголт, аймшигт төөрөгдөл бий болгохоор байна. Учир нь Д.Өлзийбаатар диссертацын судалгааны ажил гэгчдээ Богдын засгийн газар автономит эрхээ Хятадын хүсэлтээр өөрсдөө устгасан тухай гэмт хэргийг маш товчхон - цаасны ердөө л тал нүүр хүрэхгүй хэсэгт багтаан бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, уг үйл явдлын тухай жинхэнэ бодит үнэнийг ард түмнээс нуун гэнэн итгэмтгий олонхыг төөрөгдүүлэхийн тулд Богд лам тэргүүтэй урвагч ноёд өөрсдөө Хятадтай хамтран Монголын автономит эрхийг устгах тухай гэрээ боловсруулж байсан зэрэг миний энд гаргаж тавьсан энэхүү түүхэн үйл явдлын хувьд хамгийн чухал баримтуудын алиныг нь ч “судалгаа”-ндаа огт оруулаагүй байгаа. Тиймээс түүний энэ докторын зэрэг горилсон судалгаа гэгч, мөн энэ сэдвээр гаргасан номууд нь Хятадын үй олон цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэн манай улсын хилийг удаа дараа зөрчин орж ирээд Богдын засгийн газрыг өөр ямар ч аргагүй нөхцөл байдалд хийн “буу тулгаж байгаад” автономит эрхийг нь булаан авсан мэт буруу ташаа ойлголт төсөөллийг өнөөгийн олон нийтийн дунд зориуд бий болгосон байгаа.

Одоо “Ер нь Богдын засгийн газарт Хятадыг эсэргүүцэх боломж байсан эсэх” тухай сонирхъё.

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг