Цуврал нийтлэлийн 9-р хэсэг

 Монгол ба ЗХУ

XVII зууны II хагасаас эхлэн Монголын их гүрний Лигдэн зэрэг эх оронч хаад мөн Цогт хунтайж зэрэг олон ухаалаг эх орончид Манж Хятадын зүгээс Монголын их гүрнийг нэгмөсөн дарж улмаар өөртөө уусган нэгтгэх гэсэн зөөлөн хүчнийх нь бодлогын хурц жад зэвсэг - Төвдийн ламын шашныг манай ард түмний тархи, далд ухамсарт нэвтрүүлж суулгахын эсрэг олон жилийн турш хүчтэй эсэргүүцэн асар их цус урсаж олон эх оронч эрс амь насаа зольсон их тэмцэл нэр бүхий хэдхэн ноёдын хувиа хичээсэн увайгүй хуйвалдаан-урвалтын үр уршгаар харийн армид ялагдан Монголын их гүрний голомт нутаг ард түмэнтэйгээ олон зуун жил харийн талхинд орсон эмгэнэлт түүхтэй билээ. Ийнхүү дайн, тулааны талбарт монголчуудыг хэзээ ч ялан дийлж байгаагүй хятадууд чухамдаа төвдийн шарын шашнаа ашиглаж Монголын Их гүрнийг эргэн сэргэлтгүй нэгмөсөн дарж авсан бөгөөд тэд чухамдаа шарын шашнаараа дамжуулж Монголын их төрийн өндөр сэнтийн оргилд анх удаа Богд гэж нэрлэсэн харийн этгээдийг суулгаж тэр цагаас хойш Монгол орны манай ард түмний уруудал доройтол эхлэн манай үндэстний хөгжил дэвшлийг 220 гаруй жилийн турш боомилж XX зууны эхэн – 1921 он гэхэд үндэстний мөхлийн ирмэгт хүргэсэн байсныг манай түүхийн бодит үнэн гэрчилдэг.

XVII зуунаас манай ард түмний ой ухамсрыг аажмаар хордуулан нэвчсэн ламын шашин 1921 оны ардын хувьсгалын дараа ч манай улс нийгэм ард түмний амьдралын эд эс бүрд нэвчсэн асар хүчтэй нөлөөтэй хор хэвээр байв. Улсыг удирдах дээд албанаас энгийн эгэл бор ард монгол хүний хувьд ч шарын шашны мухар сүсэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болон бүүр "манай уугуул ёс заншил, уламжлал" гэж төөрөлдөх түвшинд нэвтэрсэн асар хүчтэй харийн үзэл суртал-мухар сүсэг байсан учир чухам энэ бүхний эсрэг хэтэрхий эрс ширүүн огцом хөдлөх нь төр засгийн бодлого гэж чухам юу болохыг ойлгож байсан гадаад болоод дотоодын хэний ч хувьд асар эрсдэлтэй, тун болчимгүй үйлдэл болох нь ойлгомжтой байлаа.

ЗХУ-ын хувьд чухам Зүүний нугалааны үед болсон зүйлийг хэрэв манай төр засагт тулгасан бол 1921 оны Ардын хувьсгалаас хойш манайд явуулсан шат дараатай тусламжийн бодлогууд буюу цаашид Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж үнэнч хөрш-холбоотон болгоход чиглэсэн, мөн геополитикоор нөхцөлдсөн амин чухал шаардлага-зорилтыг нь бүрэн сүйрэлд ч хүргэж болох дэндүү болчимгүй алсын хараагүй алхам болох байсан нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой. ЗХУ-ын төр засгийн удирдлага, ард түмэн энэ зорилгынхоо хүрээнд монголчуудад 1921 оны Ардын Хувьсгалын үеэр ч, мөн дараа нь улс эх орныхоо олон зууны хоцрогдлыг даван туулж хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй танилцан хүлээн авч цаашид мөр зэрэгцэх, хөгжиж дэвших их үйлсэд бүх талын тусламжийг харамгүй ихээр үзүүлсээр ирсэн билээ. ЗХУ-ын зүгээс манай оронд юуны өмнө мал эмнэлгийн хороодыг байгуулах, орчин үеийн тээврийн салбарыг байгуулан хөгжүүлэх - “Улсын тээх нэвтрүүлэх хороо”-г байгуулах, анхны нисэх хүчний суурийг тавих, цахилгаан утасны шугам тавих, гутал, хувцас, эмээл, гөлөм зэргийг хийх гар урчуудын артель байгуулах, ЗХУ болон нацист дэглэм тогтохоос өмнөх Герман, Францад манай залуучуудыг явуулж сургах, Монголын түүхэнд анх удаа үндэсний банкийг байгуулахад бүх талаар туслан Монголын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд оруулан үндэстний бие даасан мөнгө, санхүүгийн тогтолцоотой болох зэрэг улс орны амин чухал үйлсүүдэд өөрсдийн мэргэжилтнүүдийг илгээн тусалж, мөн монголчуудад заан сургах, бүх нэр төрлийн бараа материал, техникийн тусламж үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон хэлбэрээр бүх талаар тусалж байсан нь түүхэнд тоо баримттайгаа үлдсэн байдаг.

Чухам энэ бүхний эцэст, хэрэв манай оронд Д.Өлзийбаатарын бичсэн шиг хэт туйлширсан болчимгүй бодлогоо тулгаж балмад “туршилт” гэгчээ зориуд явуулсансан бол 1921 оны Ардын хувьсгалаас хойш 10 гаруй жил уйгагүй хамтран ажиллаж, тусалж дэмжсэний эцэст гэнэтхэн “өөрөөсөө хөндийрүүлэн түлхэж” буй хэрэг болох байв. Улмаар өөрийн геополитикийн өрсөлдөгч Япон, Чан Кайшийн Хятад болон манай дотоодын тийрэнгүүд - ард түмнээ харийнхантай нийлж мөлжиж туйлдуулж байсан, эрх ямбаа алдсандаа сэм өширхөж байсан хуучин феодал ноёд, том лам нарт маш сайхан далим гаргаж өгөх байсан нь эрүүл ухаантай хэнбугайд ч тодорхой юм.


Монгол ба Япон

Эртнээс төлөвлөж байсан эзэрхэг бодлого үйл ажиллагаагаа Ази тивд 1896 оноос явуулж эхэлсэн байсан Японы эзэрхэг гүрний хувьд манай улсын газар нутаг, байгалийн нөөц баялаг бол геополитикийн чухал түшиц газар, нөөц - бай нь байсан билээ (яагаад гэдгийг доор дэлгэрэнгүй тайлбарлах болно). Иймээс нөгөөтэйгүүр, 1921 оны Ардын хувьсгалаас хойш хуучин эрх ямба, ард түмнээс мөлжин хураасан байсан өмч хөрөнгөө алдсан дотоодын хар шар феодалуудын хувьд ч Японы эзэрхэг гүрэн бол манай бүс нутагт ЗХУ-ын эсрэг сөрөн зогсох, ноёд том лам нарт хуучин эрх дархаа олж авахаар тусламж эрэх хамгийн найдлага бүхий холбоотон байж болохоор байв. Үнэхээр аль аль талаасаа холбоо тогтоох оролдлогууд хийж байсныг түүхэн баримтууд гэрчилдэг.

Бүүр “1912 оны 7-р сарын 8-д байгуулсан (хаант) орос-японы нууц хэлэлцээртэй холбогдуулан Япон нь Өвөр Монголд, хаант орос нь Гадаад Монголд нөлөөнийхөө хүрээг бататгахаар тохиролцжээ. Түүгээр ч барахгүй Япон улс Гадаад монголыг Өвөр монголын тал руу татах ба Манжуурыг өөрийн хяналтад авах бодлого тавьж байв. Бие биенээ <харилцан ойлголцох> япон-монголын нийгэмлэг гэгч 1913 оны 12-р сард байгуулагджээ. Хятадын хөрөнгөтөн газрын эзэд, манжийн хаант ёсыг сэргээх гэсэн үзэлтэн, Монголын феодалын дотроос хаант ёсыг баримтлагч хэсгийг Япон улс дэмжиж байсан бөгөөд жишээ нь, харчин Бавуужавыг ихээхэн ашиглаж байсан юм.”*

Мөн “Энэ үеэр японы албан ёсны бус голдуу худалдааны янз бүрийн хүмүүс гадаад Монголд ирэх нь олширчээ. Манж генерал Тянь, Япон Кодама нар Да хүрээнд 1913 онд иржээ.”*

Үүнээс нилээн хожим Япон улс Монголын үндэсний үзэлтэн янз бүрийн этгээдүүд ба атаман Семеновын дэмжлэгээр, Байгал нуураас зүүн тийших газар, Буриад, Чит муж, мөн Гадаад, Дотоод Монгол, Баргыг оролцуулан Монголын Нэгдсэн нармай их Улс гэгчийг байгуулахаар төлөвлөгөө хийж, түүнийгээ биелүүлэхээр шийдвэрлэжээ. Японы эрхшээлийн дор тийм нармай монгол улсыг байгуулбал түүний өргөн нутгийг зөвлөлтийн эсрэг тэмцлийн талбар болгон хувиргаж улмаар японы ноёрхлыг Бүх Умард Хятадад тогтоож болно гэж Японы эзэрхэг гүрний бүлгийнхэн үзэж байжээ.

Бээжинд байсан хаант оросын элчин Кудашов, Колчакийн засгийн газрын гадаад явдлын яаманд 1919 оны 3-р сарын 19-нд бичсэн нь:

Семенов японы гар хөл болж байна. Гэхдээ Япон улс албан ёсоор энэ хэргийн гадна байгаа царай үзүүлж байгаа боловч Японы цэргийн эрхтэнгүүд манай улстай зах нийлсэн хязгаар нутгуудад будлиан самуун тарьж, улмаар манай газар нутагт японы нөлөө, түүний цэргийг удаан хугацаагаар үлдээн байлгах гэж байна гэжээ.”*

Харин нөгөө талаас манай феодалуудаас ч Японд хандах, тэднээс хөрөнгө, зэвсгийн тусламж авах оролдлогууд олон гарч байсан байна. Жишээ нь, 1920 оны 8 сард Д. Сүхбаатар, Догсом, Бодоо нар эх орноо хятадын дарлалаас чөлөөлөхөд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичиг үйлдэж, тэр бичгээ албажуулахын тулд Богдын тамга даруулж авч явахаар шийдвэрлэсэн бөгөөд харин Богдын зүгээс уг бичигт тамга дарахыг элдэв шалтаг заан хойшлуулсаар байсан ба зөвхөн Америк, Японоос тусламж гуйх бичигт?! тамга дарсны дараа л сая уг бичигт тамгаа дарж өгсөн байдаг байна. Мэдээжийн хэрэг, Зөвлөлт Орос Улс нь феодалын нийгмийг халж гарч ирсэн, түүний эсрэг үзэл баримтлал бүхий байсан тул Японы эзэрхэг гүрэн бол Богд тэргүүтэй хар, шар феодалуудын хувьд хамгийн боломжит холбоотон, өөрсдийнх нь эрх дархыг сэргээхэд тэдний зэвсгийн хүчээр ард түмнээ тэдэнтэй нийлж шулан мөлжиж байх дэглэмээ авч үлдэхэд нь туслах хамгийн найдлага бүхий хүчин байсан нь түүхэн баримтуудаас тов тодорхой байдаг. Энэхүү горьдлого найдлага нь Ардын Хувьсгалын дараа бөхөөгүйгээр үл барам харин далд сэм байдалд орж хуучин эрх дархаа алдсан ноёд, том лам нарын дотор Ардын засаг, ард түмнээс өшөөгөө авах шуналын түймэр нь улам ч илүү хүчтэй дүрэлзэж байсан юм.


ЗХУ ба Япон

Барагцаалбал 1915 онд Японы <Омото Кио> гэдэг нэртэй шинэ бүлэглэл гарч ирж улс орны дотор түргэн түгж дэлгэрчээ. Түүний гол номлол нь Япон улс эзэн хаанаараа толгойлуулан дэлхийг эзэгнэн захирах явдал байв.”**

Японы эзэрхэг гүрний хувьд Хаант оросын үед ч, Зөвлөлт Оросын үед ч Оросын газар нутаг ялангуяа Сибир бол асар өргөн уудам орон зай, нөөц баялаг, хүнд ардтайгаа хэзээд тэдний эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөнийх нь хамгийн гол бай нь байсаар ирсэн байдаг. Үүний баталгаанууд нь 1904-1905 оны Орос-Японы дайн, Оросын иргэний дайныг далимдуулж хийсэн японы 70 мянган цэргийн интервенц, мөн 1939 оны Хасан ба Халхын голын дайн юм. Мөн чухам 1920-иод оны төгсгөлд ч энэхүү олон жилийн шунал дайсагнал нь үзэл суртлын халхавчинд орж коммунизмын эсрэг хэлбэрээр илэрсээр байжээ.

Японы гүрэн 1925 онд өөрийн Аюулгүй байдлыг хамгаалах хууль гэгчийг баталжээ...

Тэнд коммунизмын үзэл санаанд төдийгүй, ер нь бүх төрлийн социалист радикал үзэл санаа, үндсэн хуульд өөрчлөлт реформ хийх гэсэн бүх оролдлогод хориг тавьж харгис хатуу хууль гаргаж байсан нь Японы засгийн газар олон зуун жил дарлагдсан өөрийн ард түмэн нь олон зуун жилийн гүн нойрноосоо сэрэхээс, тэдний дунд социализм коммунизмын үзэл санаа тархаж өсөн дэлгэрэхээс, өргөн олон түмний дэмжлэг хүлээхээс хэчнээн их айж эмээж байсныг гэрчлэн харуулж байв...

Коммунизмын эсрэг кампанит явуулга анх удаа 1928 оны эхээр хүчтэй өрнөж, нэг шөнийн дотор мянга гаруй хүнийг баривчлан хорьж байжээ. Түүнээс хойших жилүүдэд харгис цагдаагийн ангуучлал, үй олноор нь баривчлах явдал Японд ердийн үзэгдэл болсон байна.”**

Эндээс харвал Японы эрх баригч цөөнхийн давхарга Орост-ЗХУ-ын нөөц баялагт шунасан, үүнийгээ халхавчилсан дайсагнагч бодлогыг олон жилийн турш явуулж ирсэн бөгөөд Японы зүгээс зэвсэгт түрэмгийлэл үйлдэх магадлал хэзээд байсан гэсэн үг юм.


Монгол, ЗХУ ба Япон

Тэгвэл Монгол улс-БНМАУ энэ хоёр гүрний геополитикийн бодлогод ямар ач холбогдол, байр суурьтай байв? Үүнийг ойлгохын тулд газрын зураг дээр харьцуулж үзье.

russia1939.08.22

europe1939.03.15

Эхний зураг нь Халхын голын дайны яг өмнөх үеийн Ази тивийн газрын зураг бол, хоёр дахь нь Гитлерийн герман Польш руу дайрахын өмнөхөн үеийн Европ тивийн газрын зураг. Мэдээж энэ 2 үйл явдлын цаад зорилго бол аль аль нь ЗХУ-д халдан довтлох байсан билээ. Харин яагаад нэг нь Польш руу, нөгөө нь Монгол руу эхэлж дайрсан юм бол? Герман ЗХУлстай хиллэдэггүй, иймээс 1938 оны хавар Британи, Францын зохион байгуулсан Мюнхений хуйвалдааны үр дүнд Гитлерийн армид хаяж өгсөн байсан Чехословакийн газар нутгаар дамжин Румыны талаас ЗХУ руу дайрах боломж байсан. Энэ нь илүү аюул багатай байсан байна. Учир нь Польшийн талд Их Британи, Франц хэмээх хүчирхэг орнууд зогсож, хэрэв Герман халдан түрэмгийлсэн тохиолдолд Польшийг хамгаалан Германтай тулалдах гэрээтэй байсан (мэдээж энэ гэрээгээ тэд хэзээ ч биелүүлээгүй) шүү дээ. Үүнийг мэдсээр байж Польш руу дайрах нь Гитлерийн хувьд өөрийнх нь хэлснээр Кайзерын Герман Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан гол шалтгаан-бүх европтой нэгэн зэрэг дайтсаныг дахин давтсан ухаангүй үйлдэл болох байсан. Гэхдээ л тэр үүнийг хийсэн. Яагаад? Яагаад гэвэл Гитлер ЗХУ-д халдаж байлдан эзлэхийн тулд аль болох өргөн фронтоор давших зайлшгүй шаардлага тулгарсан байсан юм. Довтолж буй талд ийм нөхцөлд л ялах боломж ихэсдэг байна.

Тэгвэл яг энэ өнцгөөс эхний зураг руу харна уу. Хэдийгээр Японд ЗХУ руу өөрсдийн эрхшээлд байсан тоглоомын Манж-Гоу улсаар шууд довтлох боломж байсан ч тэд эхлээд Халхын голоор дамжин манай улсыг эзлэхээр завдсан. Яагаад? Хариулт нь өмнөхтэй яг л ижилхэн. Монгол бол Японы хувьд Польш Гитлерт ямар чухал байсантай адил тийм чухал объект, цаашдын дайны амжилтыг шийдэх хэмжээний байлдааны түшиц газар байсан гэсэн үг.

Эндээс харвал зөвхөн 1939 онд ч биш, түүнээс ч өмнө Монгол бол Японы хувьд өрнө зүгт (тэр дундаа хаант Орос, ЗХУ руу) хийх түрэмгийллийнх нь чухал түшиц газар байсан байна. Харин ЗХУ-ын хувьд Монголыг хамгаалах нь Японы зэвсэгт түрэмгийллээс өөрийгөө хамгаалах гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийнхүү манай орон бол уг хоёр улсын геополитикт онцгой байр суурийг эзэлж байжээ.


Дүгнэлт

Одоо энэ нийтлэлд бичсэн баримт бүхнээ нэгтгэн дүгнэе. Японы талаас эртнээс нааш ЗХУ-ын нутаг дэвсгэрт (уг нутаг дэвсгэрт ямар засаглал тогтож байснаас үл хамааран) заналхийлсээр ирсэн байна. Харин ЗХУ-ын хувьд иймэрхүү аюул заналхийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд Монгол улстай холбоотон байх зайлшгүй шаардлагатай байсан байна. Хэрэв дайн болох нөхцөл бүрдвэл юун түрүүнд энэ дайн танай хилээс аль болох хол эхлэх ёстой гэдэг зарчим байдаг. Хэдий 1929 онд Японы талаас ЗХУ-д илэрхий дайны аюул занал байгаагүй ч Японы империалист үзэл санаа нь амь бөхтэй хэвээр байсан тул энэ нь боломжит, ор тас үгүйсгэх аргагүй зүйл байсан нь ойлгомжтой.

Тэгвэл ЗХУ-д юу хэрэгтэй байсан бэ? Юун түрүүнд Монголтой холбоотон болж, энэ харилцаагаа байнга тордож, бэхжүүлж байх бол хамгийн нэн тэргүүний чухал зүйл байсан. Үүнийгээ ч тэд хийсэн бөгөөд 1921 оны Ардын хувьсгал болон түүнээс хойших манай орны шийдвэрлэх асуудлуудад харамгүй тусалж байсны хүчээр манай хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжиж байв.

Харин Японд юу хэрэгтэй байсан бэ? Мэдээж Монгол-Зөвлөлтийн харилцаанд сэв суулгах, хэрэв тийм нөхцөл бүрдвэл Монголын санааг өөр рүүгээ эргүүлэх. Яг 1929 он буюу Ардын Хувьсгал ялсны дараа, нэгэнт ЗХУ-ын талд асуудал эргэсэн байсан тэр үед манай орны дотоодод чухам хэний ашиг сонирхол Японы ашиг сонирхолтой давхцаж, улмаар өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хэнийг Япон ашиглах боломжтой байсан бэ? Мэдээж энэ бол хуучин феодал ангийн төлөөлөл. Тэр дундаа хуучин цагт өөрт булаан хураасан байсан асар их эд хөрөнгө, эрх дархаа алдсан байсан том ноёд, том толгой лам нар байв.

Яг энэ үед Зүүний нугалаа хэмээх хэрэг өрнөсөн. Олон зуун жилээр манай ард түмний аж амьдралд нэвт шингэсэн бурангуй үзлийг тийм ч амархан арилгах боломжгүй байсан нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс 1929 он хүртэл энэ үйл хэргийг маш алгуур, нарийн нухацтай аргуудаар аажмаар хийж байсан юм. Мэдээж хэдэн зуунаар итгэж үнэмшиж явсан бүхнийг нь хэдхэн сар, хэдхэн жилийн дотор бүрмөсөн үгүйсгэж, тэр бүхэнд нь эрээ цээргүй халдана гэдэг бол ард түмний эгдүүцэл бухимдлыг төрүүлэх, цаашлаад нэгэнт бослого тэмцэл гаргахад бэлэн байгаа шарын шашны томоохон лам нарт ч сайхан далим өгөх байсан машид ойлгомжтой хэрэг юм. Мөн үүнийг ашиглан Япон БНМАУ руу цэргийн интервенц ч оруулж ирэх боломж бүрдэх байсан...

И.Сталин ийм болчимгүй ухаангүй зүйл хийж манай удирдагчид, ард олны санааг өөрөөсөө түлхэн, Монголыг энэ бүс нутаг дахь хамгийн гол геополитикийн өрсөлдөгчдөө өөр рүү нь дайрч дайн дэгдээх талбар болгох шалтаг боломж гаргаж өгөх байсан гэж үү? Тэр иймхэн зүйлийг урдаас харж чадахааргүй тийм тэнэг хүн байсан гэж үү? Үгүй дээ, мэдээж үгүй. Түүний хүрсэн амжилт бүхэн түүнийг үнэхээр сод удирдагч, стратегич сэтгэгч байсныг батлан харуулдаг.

Ялангуяа энэ үйл явдал 1929 онд Монголд эхэлсэн. Энэ үеийн нөхцөл байдал бол нэгэнт дайн болох нь гарцаагүй болсон байсан 1930-аад оны хоёрдугаар хагасаас тэс ондоо юм. 30-аад оны хоёрдугаар хагаст бүх зүйл өөр болсон байсан. Нэг талаас дайн болох нь бараг гарцаагүй болсон, нөгөө талаас энэ дайнд бэлдэх ёстой болсон байсан юм. Гэтэл хуучин феодал анги ноёд лам нар хэрэв маргааш дайсан дайрвал тэдэнд урваж, улс орон, ард түмнээ хорлон сүйтгэхэд бэлэн байсан үе. Хэрэв 1929 онд асуудал ингэтлээ хурцадсан байсан бол 1929-1932 оны Зүүний нугалаа шиг хатуу ширүүн арга хэмжээ бол зайлшгүй байх байхсан. Гэтэл 1929 онд асуудал ингэтлээ хурцдаагүй байсан шүү дээ! Асуудлыг 1921 оноос хойш явуулж байсан аажуу тайван бодлого, арга хэмжээнүүдийнхээ хүрээнд шийдэх бүрэн боломж байсан.

Тэгвэл Д.Өлзийбаатарын дүгнэн бичсэн шиг Сталин манай оронд ийм “туршилт” явуулах ямар хэрэгтэй байсан юм бэ? Энэ асуултад Д.Өлзийбаатар өөрөө ч хариулаагүй байна. Зүгээр л “туршилт” хийсэн гээд болоо!? Ямар ч баримт, баталгаа нотолгоо, ишлэл зүүлт байхгүй. Зөвхөн өөрийнхөө эртнээс төлөвлөсөн дүгнэлт гэгчдээ ямар ч аргаар хамаагүй хүргэхийн тулд нэг биш удаа зохиомол дүгнэлтүүд хийсэн байна, докторын зэрэг горилсон диссертацдаа!!!

Мэдээж хэрэг, И.Сталинд ийм болчимгүй тэнэг зүйл хийж өөрийн улс эх орондоо төвөгтэй асуудал үүсгэх ямар ч бодит шалтгаан, шалтаг байгаагүй ээ!!! Геополитикийн талаас ч, эдийн засгийн талаас ч, бүүр үзэл суртлын талаас (Сталин хувьсгалын солиотой фанатик огт байгаагүй гэдгийг маш олон түүхэн бодит баримтаар баталж нотолж болно оо) ч ийм шалтгаан огт байхгүй байсан гэдгийг, бүүр тийм бодит бололцоо, хүч нөөц, хөрөнгө мөнгө ч байхгүй байсан гэдгийг би нийтлэлүүдээрээ баримтуудаар харууллаа.

Тэгвэл ямар нэг онцгой шалтгаангүйгээр ийм бодлого тулган хэрэгжүүлнэ гэж мэдээж бүүр ч байхгүй ээ! Ялангуяа ийм осолтой үр дагаварт хүргэж болох зүйлийг.

Төгсгөлд нь дараах баримтуудад анхаарлаа хандуулахыг хүсье.

1. 1929-1932 оны үйл явдал бол яах аргагүй тун их гарз хохирол дагуулсан маш буруу бодлого байсан.

2. Гэхдээ энэ нь И.Сталины манай оронд хэрэгжүүлсэн туршилт байсан гэх бодит нотолгоо огт байхгүй байна.

3. Хамгийн гол нь энэ үйл хэргийг удирдаж, зүтгүүлж байсан тэр үеийн манай нам, төрийн удирдлагуудын дотор бүүр бичиг үсэгт ч бүрэн тайлагдаагүй хүмүүс цөөн биш байсан гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл тэр үеийн удирдлагууд бол боловсрол мэдлэг тун хомс хүмүүс байсан гэсэн үг. Чухам ийм хүмүүст улс орны жолоог өгөөд, дураар нь тавьбал юунд хүргэдгийг бид сүүлийн 30 жилийн турш яг өөрсдийн биеэр мэдэрлээ шүү дээ.

4. Зүүний нугалааг удирдсан тэр хүмүүс бүгд дараа нь зохих шийтгэлээ авсан байдаг бөгөөд түүний дараах “Шинэ эргэлтийн бодлого”-оор тэр бүх алдаа дутагдлыг залруулсан юм.

 

Ашигласан материал

* Б.Ширэндэв, Монголын ардын хувьсгалын түүх, 1969 он
** Ж.Неру, Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл, III боть, 1989 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр 
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал  
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг