Цуврал нийтлэлийн 6-р хэсэг

Тэгвэл Д.Өлзийбаатарын дээрх дүгнэлт хэр үндэслэлтэйг шалгах үүднээс Сталины урдаа тавьж байсан эдийн засгийн зорилт, эдийн засгийн загвар болон хүрсэн үр дүн хийгээд, нөгөө талаар манай оронд хэрэгжсэн Зүүний нугалаа хоёрыг тус тусад нь тоймлож үзээд хэр олон төсөөтэй тал байгааг нь харьцуулцгаая.

 

Сталины эдийн засгийн загвар

Экономика Сталина

1920-иод оны төгсгөлд Иосиф Сталин троцкистуудтай хийсэн тэмцэлд ялалт байгуулж ЗХУ-ын удирдлага жолоог гартаа авсан юм. Түүний өмнө асар том сорилт хүлээж байлаа. Дэлхийн I дайн, хоёр удаагийн хувьсгал, иргэний дайны хөлд сүйдэж задран бутарсан эх орноо сэргээн босгох шаардлага байв. Нөгөө талаас капиталист гүрнүүдийн байнгын шахалт, тулгалт, ЗХУ-ын эсрэг явуулж буй эдийн засгийн дайнд тэсэж үлдэх ёстой байв. Нэг үгээр хэлбэл ЗХУ газар тариалан, хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэржсэн, гадаад зах зээлээс үл хамаарсан санхүү, эдийн засгийн цогц тогтолцоотой улс болох шаардлагатай байлаа. Гэтэл яг тэр үед ЗХУ-ын аж үйлдвэржилтийн түвшин дөнгөж Дэлхийн I дайны өмнөх түвшиндээ эргэн хүрч байжээ. Уг зорилгоо И.Сталин өөрөө тодорхойлсон байдаг. Тэрээр 1931 оны 2-р сард “ЗХУ аж үйлдвэр хөгжсөн орнуудаас 50-100 жилээр хоцорсон бөгөөд бидэнд энэ хоцрогдлоо нөхөхөд 10 жил л байна. Эс чадвал биднийг сүйрэл хүлээж байгаа” хэмээн хэлж байжээ. Гайхалтай нь тэрээр энэ тооцоогоо дөрөвхөн сараар зөрүүлсэн байдаг. Үнэхээр энэ өдрөөс яг 10 жил 4 сарын дараа буюу 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман улс ЗХУ-руу халдан довтолсноор Аугаа их эх орны дайн эхэлсэн байдаг.

Тэгэхээр эхлээд ЗХУ-ын хүрсэн амжилтыг товчхон авч үзье. 1913 онд Орос улс дэлхийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 4 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол 1937 оны байдлаар 10 хувьд хүрсэн байна. 1930-аад оны дунд үе гэхэд ЗХУ дотоодын нийт бүтээгдэхүүн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээгээрээ Европт нэгдүгээр байранд, дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаар байранд орсон байв. 10 хүрэхгүй жилийн дотор тэд Их Британи, Франц, Германыг гүйцэн түрүүлж чадсан байна. Эхний гурван 5 жилийн төлөвлөгөөний(3 дахь таван жил дуусаагүй байхад II дайн эхэлсэн) 15 хүрэхгүй жилийн хугацаанд нийт 364 шинэ хот, 9000 аварга үйлдвэр (өдөрт 2 үйлдвэр!!!) барьж байгуулжээ. Мөн ЗХУ нь Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсан билээ. Энэ бол дан ганц цэрэг зэвсгийн дайн биш байлаа. Энэ бол бас эдийн засгийн дайн байсан юм. Дайны бүхий л үйл явцад ашиглагдаж байсан хүнд техник, буу зэвсэг, сум, хүнсний хангамж, эмнэлгийн тусламж зэрэг нь тухайн орны аж үйлдвэр, эдийн засгийн түвшинг харуулж буй юм. Үнэндээ ЗХУ энэ дайны ялалтаараа социалист эдийн засгийн загвар нь капиталист загвараас хол илүү гэдгийг батлан харуулсан юм.

Дайны дараа ч энэ хүчин чадлаа тод томруун харуулсаар байв. Дайны туршид Зөвлөлтийн 1710 хот(нийт хотуудын 60%), 70000 тосгон, суурин, 32000 үйлдвэр бүхлээрээ эсвэл тодорхой хэмжээнд эвдэн сүйтгэгджээ. Дайны өмнөх түвшинтэй харьцуулахад ган хайлуулалт 60%, нүүрс олборлолт 70%, нефть ба хий олборлолт 40%-иар буурч, 65000 км төмөр зам сүйдэж, 25 сая хүн орон гэргүй болж, 26,6 сая хүн амиа алджээ. Нийтдээ Зөвлөлтийн эдийн засгийн гуравны нэг нь энэ дайнд сүйдсэн байна. Өнөөгийн Оросын тэргүүний эдийн засагчдын нэг В.Ю.Катасонов “Ийм гарз хохирлыг дэлхий дээр өөр ганц ч эдийн засаг тэсэн гарч чадахгүй байсан” хэмээн хэлж байна. Харин ЗХУ зөвхөн тэсэж гараад зогсохгүй өөрсдөөсөө хавьгүй бага хохирол амссан капиталист орнуудаас (жишээ нь Их Британиас энэ дайнд 900 мянга хүрэхгүй хүн л амь эрсэдсэн) түрүүлж эдийн засгаа сэргээн босгож чаджээ. Жишээлбэл, ердөө 1948 он гэхэд ЗХУ эдийн засгийн ихэнх үзүүлэлтээрээ дайны өмнөх түвшиндээ хүрсэн бөгөөд 1947 он гэхэд дайны үед хэрэгжиж байсан хүнсний картын системээс гарч чадсан байхад, харин АНУ-ын ихээхэн зээллэгийг авч байсан Их Британи улсад картын систем 1953 он хүртэл хэрэглэгдэж байжээ.

Энэ мэтээр ярьвал үүнээс олон жишээ, амжилт ололт байгаа ч үндсэн сэдвээсээ хазайхгүйн тулд ингээд зогсъё. Сая дурдсан бүхнээс нэг дүгнэлтэд хүрч болно: Сталины ЗХУ-д хэрэгжүүлсэн эдийн засгийн загвар бол чухам аж үйлдвэржилт, тэр дундаа хүнд үйлдвэрлэл - металл, ган хайлуулалт, хүнд машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж, улмаар эдийн засгийн хувьд бусдаас бүрэн хараат бус болох зорилго бүхий төлөвлөгөө байжээ. Чухам 1929-1941 оны үеийг эдийн засгийн хувьд Аж үйлдвэржилтийн эрин үе хэмээн нэрлэдэг юм байна.

Одоо Сталины эдийн засгийн загварын бусдаас ялгарах хамгийн гол онцлогуудыг авч үзье.

1. Үйлдвэрийн хэрэгсэл бүх ард түмний өмч байв.
2. Эдийн засагт улс шийдвэрлэх үүрэг рольтой байв.
3. Аж ахуйн улсын хэвшлээс гадна хамтрал хоршооллын аж ахуйн хэлбэр, мөн жижиг үйлдвэрлэлийг хавсран хөгжүүлсэн.
4. Нэгдсэн удирдлагатай.
5. Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөтэй.
6. Улс ардын аж ахуй, үйлдвэрлэл - эдийн засгийн нэгдсэн цогц комплексийг бий болгосон.
7. Олон нийтийн дайчилгааг өргөнөөр ашиглаж байв.
8. Үнэмлэхүй бие даасан шинжтэй. Ялангуяа социалист блок хараахан үүсэж бий болоогүй байх үед гаднаас дээд зэргээр үл хамаарч байв.
9. Үйлдвэрлэлд зардал, үнэ, ашиг зэрэг өртгийн хэмжүүрийг чухалчлах бус, бүтээгдэхүүний жин, тоо ширхэг, чанар зэрэг бодит физик хэмжигдэхүүнийг гол болгосон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн гарцын хэмжээг физик нэгжээр бүртгэж үнэлж байв.
10. Ашгийг үйлдвэрлэлийн гол зорилго гэж үзээгүй бөгөөд харин бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулахыг зорьж байсан.
11. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тодорхой хугацааны давтамжтайгаар хямдруулдаг байсан.
12. Таваар-мөнгөний харилцаанд хяналт хязгаарлалт тавьж байсан.
13. Банк-санхүүгийн нэг шатлалт системтэй, мөн банкны тоо хязгаартай байв.
14. Бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээг зааглаж тусгаарласан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн мөнгө санхүүгийн тогтолцоотой адилаар дансан дахь бичилт-депозит мөнгийг хэн хүссэн хүн бэлэн-цаасан мөнгө болгох боломжгүй буюу бэлэн ба бэлэн бус мөнгө хоорондоо чөлөөтэй хөрвөдөг байдлыг маш хатуу хязгаарласан байв.
15. Б зэрэглэлийн бүтээгдэхүүний (хэрэглээний бүтээгдэхүүний) өсөлттэй харьцуулахад А зэрэглэлийн бүтээгдэхүүний (үйлдвэрлэлийн хэрэгслийн) үйлдвэрлэл илүү эрчимтэй өсөж байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэрэгслийн (суурь машин, тоног төхөөрөмж, трактор, комбайн гэх мэт) үйлдвэрлэл давамгайлж байв.
16. Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа болох - батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд онцгой, тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч байсан.
17. Гадаад худалдаанд улсын монополь тогтоож, мөн улсын валютын монополь бодлогыг хэрэгжүүлж байв.
18. Өрсөлдөөнөөс татгалзаж, түүнийг бүтээлч социалист уралдаанаар орлуулж байсан.
19. Хөдөлмөрт материаллаг ба ёс зүйн урамшууллыг хослуулсан.
20. Хөдөлмөрийн бус орлого ба хэт их мөнгө баялаг хувь иргэнд төвлөрөхийг хориглосон.
21. Нийгмийн бүх гишүүдийн амьдралын зайлшгүй хэрэгцээг хангаж чаддаг байв. Мөн тэдний ахуй амьдралын түвшинг тогтмол өсгөж чадсан. Нийтийн эзэмшил бий болж, хувийн эрх ашгийг нийтийн болон улс нийгмийн эрх ашгаас дээгүүр тавилгүй, хувийн болон нийгмийн ашиг сонирхлыг тодорхой хэмжээнд харилцан тэнцвэртэй хязгаарлах замаар оновчтой зохицуулж байв.

Одоо дээрх бүх онцлогийг нэг бүрчлэн хэлэлцэхгүйгээр, Зүүний нугалааны үед явагдсан тэрхүү буруу бодлогыг тоймлон авч үзээд, эдгээр онцлогуудтай харьцуулж харцгаая. Учир нь түүхч Д.Өлзийбаатарынхаар бол И.Сталин Зөвлөлтөд хэрэгжүүлсэн бодлого - эдийн засгийн загвараа манай оронд тулган хэрэгжүүлсэн гэж байгаа. Үнэхээр тийм байсан эсэхийг нягталцгаая.


Зүүнтнүүдийн хийрхэл

1929-1931 оны үед намын удирдлагад шинээр гарсан нэр бүхий хүмүүс хэт хийрхсэн зүүний бодлого явуулсан юм. Энэ бодлогын хүрээнд улс орны ардын аж ахуйг нэгэн амьсгаагаар түргэн нийгэмчлэн хамтралжуулж, хуучин хар шар феодалуудын хөрөнгийг төдийгүй харьцангуй чинээлэгт тооцогдох - шинээр бэхжин буй чинээлэгт тооцогдох ардын аж ахуйтны хөрөнгийг мөн хурааж, хувийн худалдаа наймааг капиталист элемент хэмээн хэт хийрхэн худалдааны бүх эрхийг эд хэрэглэгчдийн хоршоо ба Монголтранст шилжүүлж, улсын хэр хэмжээнээс хэтэрсэн төсөв зардлын бодлого явуулан асар их үргүй зардал гаргаж, ард түмний шашин соёл, сүм хийдийн талаар явуулсан аажим, аядуу бодлогыг эрс шийдэмгий хатуу хавчилгаар сольсон зэрэг үйл явдал өрнөсөн байна. Эдгээрийн үр дүнд ардуудын мал сүргээ өсгөн нэмэгдүүлэх урам зориг багасаж, хүчээр байгуулсан олон хамтрал нь зохион байгуулалтгүй, үр ашиггүй ажиллан улсын хөрөнгийг хий үрэгдүүлэхэд хүрсэн бөгөөд бүрэн бэхжээгүй байсан улсын тээврийн гачигдал нь худалдааны салбарыг уналтанд оруулж ард түмнийг хэрэглээний бараагаар хангах үйлсэд маш том доголдол гарсны дээр энэ хугацаанд 6 сая орчим мал үрэгдсэний улмаас ард түмний амьдрал ахуй доройтон, улмаар энэ бодит нөхцөл нь шашин, сүм хийдийн талаар явуулсан хэт түрэмгий, адгуу бодлоготой нийлэн ард түмний төр засагтаа итгэх итгэлийг сулруулсан байна. Яг энэхүү суурин дээр дөрөөлөн 1932 онд хуучин эрх ямбаа сэргээх зорилготой лам нараар толгойлуулсан зэвсэгт бослого гарч, улмаар түүнийг цэрэг зэвсгийн хүчээр дарсан бөгөөд босогчид “энэ хүрээнд анхны хоршоо 45, сумын захиргаа 33-ыг устган олон арван хамтрал, сургууль соёлын газруудыг цөлмөн дээрэмдсэнээс гадна холбооны шугамыг гэмтээх таслах зэрэг хорлон сүйтгэх ажлыг үйлдэж, улсад арав гаруй сая төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. Эсэргүүчүүд хүний зүрхийг сугалах, үе мөчийг нь таслан огтчих, арьс махыг нь өвчих зэрэг бузар булай харгис хэргүүд үйлдэж байжээ”. Мөн хэдэн мянган ард нутгаасаа хилийн чанад руу дүрвэн гарсан бөгөөд түүний дараа өрнөсөн Шинэ эргэлтийн бодлогын хүрээнд тэр бүх хүнийг буцаан нутагт нь суурьшуулсан байна.


Харьцуулалт

Одоо эдгээр хоёр өөр үйл явцыг хооронд нь харьцуулж үзье.

- Зөвлөлтөд хэрэгжсэн бодлого-загварыг ерөнхийд нь тодорхойлж буй 21 шинжээс 1, 6, 9, 10, 14, 15, 16 дугаарх нь аж үйлдвэрлэлийн салбарыг хамарч байна. Гэтэл үнэндээ Зүүний нугалааны үед манай оронд аж үйлдвэржилт эхлээгүй бөгөөд харин түүний дараах Шинэ эргэлтийн бодлогын үед л анхны орчин үеийн үйлдвэрүүд буюу 1933 онд Хатгалын ноос угаах фабрик, 1934 онд Аж үйлдвэрийн комбинат, мөн энэ онд илчит цахилгаан станц Улаанбаатар хотноо байгуулагдсан ба үнэндээ аж үйлдвэржүүлэлт жинхэнэ утгаараа Дэлхийн II дайны дараа л манайд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл ЗХУ-ын өмнөө тавьсан байсан хамгийн гол зорилго болох аж үйлдвэржсэн орон болох зорилгыг Зүүний нугалааны үед манайд дэвшүүлж байгаагүй ажээ.

- 2 ба 5-р шинжүүдийн хувьд, эдийн засаг дахь улсын оролцоо нь нэг талаас төвлөрсөн төлөвлөгөө нөгөө талаас түүнийг хэрэгжүүлэх нарийн бүтэц, бүртгэл тооцоо, харилцаа холбоо, эдгээрийг хийх мэргэшсэн боловсон хүчнийг шаардаж байсан юм. Гэтэл тухайн үед энэ бүхний аль нь ч манай оронд бүрэн бүрэлдээгүй, байгаагүй юм. Жишээ нь манай оронд зөвхөн 1941 оноос жил бүрийн төлөвлөгөө гаргах болж, бүүр 1948 оноос л анхны таван жилийн төлөвлөгөөг томьёолон хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хэрэв Д.Өлзийбаатарын хэлсэн шиг И.Сталин өөрийн улсад хэрэгжүүлж байсан бодлогоо манайд ШУУД тулган хэрэгжүүлсэн бол уг нь хамгийн эхэнд анхны таван жилийн төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжүүлэх байсан биш үү? ЗХУ-д бол энэ чинь И.Сталины бүүр 1928 оноос хийсэн хамгийн анхны чухал зүйлүүдийн нэг байсан шүү дээ!!!

- 7 дугаарх буюу дайчилгааны тухайд, Зөвлөлтөд энэ ажиллагаа хөдөлмөрчин ардад үйлдвэрлэлийн норм дүрэм, төлөвлөгөөг биелүүлэх, хөдөлмөр эрхлүүлэхээр дайчилж байснаар голчлон илэрч байсан бол манайд зөвхөн ардуудыг хүчээр нэгдэлжүүлэхээр илэрч байснаараа ялгаатай юм.

- 8 дахь буюу эдийн засгийн үл хамаарах шинж манай оронд байгаагүй. Хэдийгээр ЗХУ-ын үл хамаарах ба бие даасан байх зорилго харьцангуй сүүлд буюу бидний авч үзэж буй хугацаанаас хойно биеллээ олсон боловч Зүүнтний нугалааны үед манай удирдагчид улс орны өмнө яг ийм зорилго урдаа тавьж байгаагүй, ийм зорилго тавих ямар ч бодит нөхцөл байхгүй байсан юм. Харин ЗХУ-ын хувьд энэ бол амин чухал шаардлага байсан бөгөөд анхнаасаа энэхүү зорилгыг өмнөө тавьсан байв.

- 11 дэх буюу бараа таваарын үнийн хямдрал байгаагүй, тийм зорилго ч байгаагүй. Учир нь ЗХУ-д хэрэгжиж байсан хямдралын системийн үндэс нь үйлдвэрлэлийн өөрийн өртгийг байнга бууруулж, түүгээр ашигтай ажиллагаагаа хэмждэг байсан бөгөөд харин манай улсад тэр үед үндэсний хэмжээний үйлдвэрийн газар байгаагүй тул энэ талын яриа нь ямар ч боломжгүй юм. (Үнийн хямдрал ЗХУ-д бүүр хожим буюу 1948 оноос эхэлсэн тул энэ харьцуулалтад хамааралгүй)

- Социалист уралдаан бол хөдөлмөрчдийг улсын төлөвлөгөөг биелүүлэх, улмаар түүнийг давуулан үр бүтээлтэй ажиллахад ашиглагддаг хэрэгсэл байсан бөгөөд харин манай оронд 1941 оныг хүртэл төлөвлөгөө нормыг нэгдсэн журмаар гаргадаггүй байсныг тооцвол 18-р шинж манай оронд байгаагүй юм.

- 19-р шинж чанар хэрэгжсэн тухай ямар нэг мэдээ одоогоор надад байхгүй байна.

- 21-р шинж үнэндээ ЗХУ-д арай хожим ажиглагдсан, мөн манай оронд ч яг 1929-1931 онд илрээгүйг харгалзан энэ тооцооноос түр хасаж болох юм.

Ийнхүү Зүүний нугалааны үед зөвхөн 2, 3, 4, ба 20-р шинж л бүрэн бусаар илэрсэн байна. Тэр дундаа зөвхөн ардуудыг хамтралжуулах үйл явц ба хөдөлмөрийн бус орлогын эсрэг зарчим хоёр л харьцангуй гүйцэд хэрэгжсэн гэж дүгнэж болохоор байна.

1929 оноос И.Сталин чухам ямар бодлого баримталж байсныг нарийн сайн мэдэхгүй хүмүүст энэ нь зөвхөн хамтралжуулалт байсан гэж ойлгогддог. Хэрэв үнэхээр тэгж эндүү төсөөлбөл Д.Өлзийбаатарын “И.Сталин манай оронд өөрийн бодлогоо хүчээр хэрэгжүүлсэн” гэсэн дүгнэлт үнэн санагдах юм. Гэтэл энэ бол маш том эндүүрэл болохыг, ялангуяа манайд хэрэгжсэн Хэт зүүний бодлого бол И.Сталины бодлого зорилгоос олон талаар тэс өөр зүйл байсан гэдгийг бид харлаа.

Одоо дараагийн асуулт. Түүхч Д.Өлзийбаатарын дүгнэлтээр, Зүүний нугалаа бол И.Сталины Монголд хэрэгжүүлсэн “амжилтгүй туршилт” байсан юм байна. Өөрөөр хэлбэл И.Сталин ЗХУ-д хэрэгжүүлж байсан маш богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болгох хөтөлбөрөө манай улсад “сохроор” тулгасан гэсэн үг. Мэдээж үр дүн нь тэг байсан. Ийм туршилт хийх боломж байсан уу? Одоо задлан авч үзэцгээе...

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг