Цуврал нийтлэлийн 2-р хэсэг
Хэт нэг талыг барьсан субъектив дүгнэлтүүд
(Хэний талыг гэдэг нь ойлгомжтой!)
Эрдэм шинжилгээний ажилд тавигддаг хамгийн чухал шаардлага бол асуудлыг олон талаас харж бодитоор дүгнэх явдал юм. Аливаа үйл явдал(асуудал, бодлого)-ыг тойрсон, түүнтэй зэрэгцэн өрнөсөн эсвэл уг үйл явдал болохоос өмнө юм уу, дараа нь болсон, учир шалтгааны хувьд уг үйл явдалтай шууд холбоотой, тухайн тэр үйл явдлыг нөхцөлдүүлсэн эсвэл түүнээс нөхцөлдөн урган гарсан олон үйл явдлууд, баримтууд байж болдог. Тухайн үйл явдлыг бодитоор дүгнэхийн тулд энэхүү баримтуудыг бүгдийг нь авч үзэх шаардлагатай бөгөөд зарим нэг баримтыг орхигдуулах нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан худал дүгнэлтэд хүргэдэг. Энэ нь геометрийн цилиндр дүрсийг чухам аль талаас нь – дээрээс нь эсвэл хажуугаас нь харахаас хамаарч өөр өөр дүрс харагддагтай яг ижил юм. Цилиндрийг эгц дээрээс нь, эсвэл эгц доороос нь харвал ДУГУЙ мэт харагдах бөгөөд харин эгц хажуугаас нь харвал ТЭГШ ӨНЦӨГТ мэт харагдах боловч энэ бүхэн нь бодит байдал дээр ЦИЛИНДР хэмээх орон зайн биет байгааг илэрхийлж чадахгүйтэй ижил. Таны өмнө чухам ямар дүрс байгааг олж харахын тулд та зөвхөн дээрээс нь юм уу, доороос нь бус, бас хажуугаас нь, түүгээр ч барахгүй налуу, жишүү өнцгөөс ч харах шаардлагатай болох юм. Асуудалд бодитоор, олон талаас хандана гэдэг нь яг үүнийг хэлж буй юм.
Д.Өлзийбаатарын уг диссертацын ажлын 1921 оны Ардын хувьсгалын тухай хэсэгт хэдийгээр хэдхэн сарын өмнө Ардын түр засгийн газар ба Ардын намыг “гамин цэргийн адил монголын ард түмний дайсан” хэмээн үзэж байсан ч нэгэнт Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлсний дараа гарцаагүй үнэн бодит байдлын өмнө бууж өгч Ардын түр засгийн газрыг Монгол улсын байнгын засгийн газар мөн болохыг хүлээн зөвшөөрсөн Богд тэргүүтэй тайж ноёд, лам нарын тэрхүү үйлдлийг “Буулт хийж чадсанаараа тэд эрх ямба, эд хөрөнгөө, эх орон, олон түмний өмнө тулгарсан бодитой эрх ашгаас дээгүүр тавиагүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм”(диссертацын ажлын 37-р нүүр) хэмээн дүгнэжээ. Энэ бол “цилиндрийг зөвхөн дээд талаас нь харж" дүгнэсэн маш болхи, нөгөө талаас маш чухал олон нийтлэг баримтыг илтээр орхигдуулан хэт нэг талыг барьсан дүгнэлт юм! Гэхдээ ийм дүгнэлт нь эрүүл ухаант хүний хувьд бол санамсаргүй алдаа огтхон ч биш бөгөөд зориудын, чухам өмнө нь “урьдчилан томьёолсон зохиомол” дүгнэлтээ хүчээр гөрдөн батлахын тулд тухайн асуудлын зөвхөн нэг талыг харуулсан өрөөсгөл баримтыг дөвийлгөн харин бусад баримтыг орхигдуулах замаар “батлах” гэсэн, судлаачийн хувьд байж боломгүй маш бохир мэх, бүдүүлэг оролдлого юм.
Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгт, чухам яг энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар уг үйл явдлаас хоёрхон жилийн өмнө “эрх ямба, эд хөрөнгө”-ийхөө төлөө “эх орон, олон түмэн”-ээ харийнханд албан тушаал, олон лан мөнгөөр худалдсан байсан билээ! Тэд 1915 оны “Хиагтын гурван улсын гэрээ”-ний заалтуудыг ноцтой зөрчиж, 1919 онд хятадын цэргийн эрхтнүүдэд өөрийн орны “автономит” эрхийг ямар ч “бодит” эсэргүүцэл (цэрэг зэвсэг, дипломатын) үгүйгээр сайн дураар хүлээлгэн өгч, тэдэнд дагаар ороод, үүнийхээ оронд зөвхөн өөрсдийн эрх ямба, цол зэрэг, цалин пүнлүүг урьдын ёсоор авч байх гутамшигт гэрээг байгуулсан байв. Түүгээр ч зогсохгүй тэд үүнийхээ хариуд Хятадын эрх баригчдаас их хэмжээний лан мөнгө, авто машин зэргийг шагнал болгон авсан байсан юм. Хоёрт, Ардын түр засгийн газрыг Богд тэргүүтэй ноёд, лам нар хүлээн зөвшөөрсөн явдал бол нэгэнт улс орноо Хятадад арилжаалан зарж, мөн тэдний шаардлагаар өөрийн улсын армийг тарааж, тэдэнд зэвсгээ хураалган, улмаар ээлж дараалан харийн түрэмгийлэгчид(хятадын гамин цэрэг ба Барон Унгерны цагаан оргодлуудын арми)-ийн хөлд бөхөлзөн тэдний үгээр, тэдэнтэй нийлэн эгэл ардуудыг үргэлжлүүлэн дарлан мөлжиж байсан(энэ тухай асар олон бодит тоо баримт бий!) Богдын засгийн газар нь тэр үед нэгэнт ард түмний өмнө нүүрээ барж, хүлээн зөвшөөрөгдөх харизматик шинжээ аль хэдийнээ алдсан байсны улмаас эрх ямбыг нь хамгаалан Ардын журамт цэргийн эсрэг тэмцэх хүчин байхгүй болсон байсан тул аргагүйн эрхэнд бууж өгсөн үйлдэл байсан болохоос биш Д.Өлзийбаатарын дүгнэсэн шиг “улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн” хэрэг огтоос биш байсан юм!
Чухамдаа хамгийн чухал баримтуудыг орхигдуулснаараа Д.Өлзийбаатар Монголын ард түмний өмнө манай түүхэнд тохиосон хамгийн гутамшигт гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн урвагчдыг эсрэгээрээ “ардын баатрууд” болгон харагдуулсан байгаа юм. (Үнэндээ тэрээр ингэж дүгнэхээсээ өмнө 1919 онд ноёд автономит эрхээ Хятадад худалдсан бузар гэмт хэргийг хятадын арми манай орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авсан байсан мэтээр мөн л гүжирдэн дүгнэсэн ба ингэхдээ асар олон баримтуудыг, тэр дундаа 64 зүйлт гэрээний тухай, ноёдын авсан шагнал урамшууллын тухай баримтуудыг мөн л “санамсаргүй” таг мартчихсан байгаа!). Ийм энгийн, мэдээжийн зүйлсийг орхигдуулсан нь түүний энэхүү дүгнэлт бол хэрхэвч жинхэнэ судлаачийн, асуудлыг түүнийг тойрсон бүх бодит баримтууд дээр тулгуурлан, түүнээс логик гаргалгаа гаргах замаар хийсэн “объектив” дүгнэлт огт бус, харин асуудлыг зөвхөн өөрийн үзэмжээр харж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан цэвэр субъектив-хувийн буруу дүгнэлт гэж үзэхэд хүргэж буй юм. Гэтэл эрдэм шинжилгээний судалгааны ажил бол зөвхөн объектив-бодит дүгнэлтүүдийг шаардаж байдаг билээ.
Д.Өлзийбаатарын диссертацын ажилд яг ийм “субъектив” дүгнэлт дан ганц үүгээр тогтохгүй олон тохиолдох бөгөөд ганц энэ жишээг нь өмнө дурдсанчлан зөвхөн судалгааны ажлын нийтлэг, зайлшгүй шаардлагуудыг зөрчсөн байна гэдгийг харуулах үүднээс жишээ болгон авлаа. Бусад эргэлзээтэй дүгнэлтүүдийг өөр нийтлэлээр тусад нь авч үзэх болно.
Эмээгийн хууч яриа ба түүхэн бодит үнэн
Аливаа эрдэм шинжилгээний судалгааны ажлын хамгийн наад захын зайлшгүй шаардлагуудын нэг бол тухайн судлаач өөрийн хийж буй дүгнэлтүүдээ бодит, хөдөлшгүй, шалгаж болох бусад баримтуудаар баталж нотолсон байх ёстой. Судлаач өөрийн хийж байгаа эрдэм шинжилгээний дүгнэлтээ нэг бол бусад эрдэмтэн судлаачдын өмнө нь хийсэн мөн мэргэжлийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудаас иш татах, эсвэл архивын болон түүхэн баримтууд, олдворуудаар буюу уг түүхэн бодит баримтуудаас шинжлэх ухааны логик зарчмуудын дагуу гаргалгаа хийх замаар баталж нотолж болдог. Хамгийн гол нь ишилж буй баримт бүхэн нь бодитой эх үүсвэрт үндэслэсэн, мөн тэрхүү эх сурвалж нь баттай байх ёстой. Хүссэн хэн нэг хүн тэдгээр эх сурвалжуудыг давхар нягталж, уг судлаачийн гаргасан үнэлэлт дүгнэлтийн бодит үнэн эсвэл худал дэгс болохыг шалгаж болдог байх ёстой.
Түүхч Д.Өлзийбаатарын диссертац доторх судалгааны ажлын 67 дугаар нүүрэнд энэхүү зайлшгүй чанд шаардлагыг бүдүүлгээр зөрчсөн дараах хэсэг байх юм:
“... Мөн түүнийг нэлээд сайн мэдэх миний эмэг эх Пүрэвгялын надад ярьсан яриа ч түүний зан чанарын талаарх бодит тодорхойлолт болно. Учир нь тэр хоёр нэг голд өсч айл зэргэлдээ явжээ. Эмээгийн яриагаар Лхүмбэ тэр үед /1910-аад он/ өөрөөс нь 7, 8 насаар ах, том ногоон нүдтэй, хүнд их тусархуу, дуу багатай, их ядуу тарчиг амьдралтай, нэлээд хатуу чанга зантай байрын хүү байжээ. Хүмүүс “ногоон” Лхүмбэ гэж хочилдог байж.”
Энэ бол түүний судалгаан дахь хожим, 1934 онд хэлмэгдсэн гэгдэх болсон МАХН-ын Төв Хорооны дарга Ж. Лхүмбийн хэргийн тухай хэсэг юм. Гэтэл эрхэм түүхч “эмээгийнхээ хууч яриа”-г Лхүмбийн гэмгүй байсныг батлах баримт болгон оруулсан байна. Хэрэв дурдаж буй ажил нь ямар нэг уран сайхны найруулал, сэтгүүлчийн нийтлэл, эсвэл уран зохиолын бүтээлийн нэг төрөл зүйлд хамаарч байсан бол энэ нь ердийн хэрэг байх байлаа. Гэтэл энэ чинь эрдмийн зэрэг горилсон шинжлэх ухааны судалгааны ажлын тайлан шүү дээ! Өмнө өгүүлсэнчлэн “эмээгийн хууч яриа” бол түүхэн бодит баримт хэрхэвч биш юм. Түүний эмээ үнэхээр ингэж ярьсан уу, ярьсан байлаа ч энэ бүхэн нь түүхэн бодит үнэн үү, мөн энэ хууч яриа гэгч нь тухайн хувь хүний – Лхүмбийн олон жилийн дараах улстөрийн байр суурийг гарцаагүй батлан нотлох үндэслэл болж чадах уу, мөн тэр үеийн Лхүмбэ хожим хойно бага залуугийнх шигээ огт гэмгүй үзэлтэн, буяны үйлтэн хэвээрээ байсан уу, эсвэл эрхэм түүхч өөрийн дүгнэлтийг үнэмшилтэй болгохын тулд хожим эмээгийнхээ нэрийг барьж санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг одоо хэн ч нягтлан шалгаж тодруулах боломжгүй тул энэ бол эрдэм шинжилгээний судалгааны ажилд ашиглаж болох шаардлага хангасан түүхэн баримт яавч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Гэвч эрхэм түүхчийн, дахин сануулъя, энэхүү эрдэм шинжилгээний судалгааны ажлын баталгаа нотолгоонууд гэгч нь зөвхөн энэ “эмээгийн хууч яриа”-аар ч дуусахгүй ээ!
Түүхийг гүтгэнэ гэдэг бол тухайн ард түмний өнгөрснийг нь биш ИРЭЭДҮЙГ нь устгаж буй хэрэг юм. (c)
Яагаад гэдгийг нь та эргэцүүлэн нэг бодоод үзээрэй.
Холбоотой нийтлэлүүд
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын хувьсгал уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.