Нувель Обсерватер сэтгүүл: -АНУлсын Тагнуулын Төв Газар (ТТГ)-ын захирал асан Роберт Гейтс (Robert Gates) өөрийн дурдатгалдаа “америкийн тагнуулын тусгай албад тийшээ зөвлөлтийн цэргүүд орж ирэхээс 6 сарын өмнөөс Афганистан дахь можахедуудыг дэмжиж тэдэнд бүх талаар тусалж эхэлсэн” гэж бичсэн байна. Та тэр үед АНУлсын Ерөнхийлөгч Джимми Картерын үндэстний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх нь байсан, Та үүнийг мэдэж байсан уу, Та Гейтсийн энэ үгийг баталж байна уу?

Бжезинский: -Тийм ээ. Албан ёсоор мэдээлж байснаар бол ТТГазар можадедуудыг 1980 онд, өөрөөр хэлбэл Зөвлөлтийн арми Афганистан руу 1979 оны 12-р сарын 24-нд орсны дараа дэмжиж тусалж эхэлсэн гэдэг. Гэвч бодит байдал (өнөөдрийг хүртэл үүнийг нууцалж байсан) шал өөр байсан юм: үнэн хэрэг дээрээ Кабулын социалист засгийн газрын эсрэг шашны суурь үзэлтнүүдэд нь нууцаар тусламж дэмжлэг үзүүлэх тухай манай анхны захирамжинд ерөнхийлөгч Картер 1979 оны 6-р сарын 3-нд гарын үсэг зурсан байсан. Яг тэр өдөр би түүнд нэгэн илтгэх хуудас бичиж миний үзэж байгаагаар бидний иймэрхүү тусламж нь Зөвлөлтүүдийг тийшээ цэргээ оруулахаас өөр аргагүй болгоно гэдгийг тайлбарлаж байсан юм.

-Ийм эрсдэл байсан хэдий ч Та энэхүү нууц ажиллагааг дэмжигчдийн нэг байсан. Гэвч магадгүй Та Зөвлөлтүүдийг ийм дайнд татан оруулахыг хүсэж байсан учраас энэ дайныг өдөөн турхирах арга замуудыг хайж байсан уу?

-Яг ч тийм биш ээ. Бид оросуудыг тийш нь татан оруулахаар албадаж байгаагүй ээ, гэхдээ бид нар санаатайгаар тэд ийм алхам хийх магадлалыг нь улам их болгосон юм аа.

-Зөвлөлтүүд тэр үед өөрсдийн энэ үйлдлүүдээ тайлбарлаж хөрш Афганистаны дотоод хэрэгт [алс холын] АНУ хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэн тэмцэхээр эрмэлзэж байгаа гэж ярьж байхад нь хэн ч тэдэнд итгэхгүй байсан шүү дээ. Гэсэн хэдий ч тэдний энэ үг үнэн бодит байдалд нийцэж байжээ... Та тэгвэл өнөөдөр хийсэн зүйлийнхээ юунд ч харамсахгүй байна уу?

-Юун тухай би харамсах ёстой гэж? Энэхүү нууц ажиллагаа (Афганистан дахь социалист өөрчлөлт, бүтээн байгуулалтуудыг эсэргүүцэгч лалын суурь үзэлтнүүдийг нь дэмжиж тэднийг гаднаас нь зэвсэглэж турхирах) бол үнэхээр маш сайхан санаа байсан. Энэ нууц ажиллагаа нь оросуудыг [бидний тавьсан] афган хавханд татан оруулах боломжийг өгсөн, тэгвэл би үүнд харамсахыг та нар хүсээд байгаа юм уу? Зөвлөлтийн цэргүүд Афганистаны хилийг албан ёсоор даван оронгуут би ерөнхийлөгч Картерт хандаж “Одоо бидэнд ЗХУлсад өөрөөр нь Вьетнамын дайн шиг дайн хийлгэх боломж гарч ирлээ” гэж шууд бичиж байсан. Тэр үед Москва түүний хувьд тэсвэрлэхийн аргагүй энэ дайныг бараг 10 жилийн турш явуулах ёстой болсон байсан. Энэхүү нийгэмд нь сэтгэл санааны хүчтэй цохилт өгсөн дайн эцсийн эцэст Зөвлөлтийн эзэнт гүрнийг задран унахад хүргэсэн юм даа.

-Та лалын суурь үзэлтнүүдэд тархахад нь тусалж дэмжлэг үзүүлж ирээдүйн энэ алан хядагчид хэт даврагчдыг зэвсэглэж тэдэнд удирдамж зөвлөгөө өгч байсандаа одоо харамсахгүй байна уу?

-Дэлхийн түүхийн үүднээс авч үзвэл аль нь илүү чухал вэ? Талибан уу эсвэл Зөвлөлтийн эзэнт гүрний сүйрэл үү? Цөөн хэдхэн хөөрүү лалын тэрс үзэлтнүүд үү аль эсвэл төв Европыг чөлөөлөх мөн Хүйтэн дайны төгсгөл чухал уу?

-“Цөөн хэдхэн хөөрүү" гэнэ ээ? Гэвч лалын энэ суурь үзэл бол өнөөдөр дэлхий дахинд аюул занал учруулж байна гэж нэг бус удаа өндөр индэрээс хэлж тэмдэглэсэн байгаа шүү дээ...

-Шал тэнэг юм! Барууны гүрнүүд лалын энэ үзэлд нэгдмэл байр суурь, бодлого барих нь [өөрсдийн зорилгод ашиглах нь гэж унш] илүү хэрэгтэй баймаар. Энэ чинь мулгуу хэрэг шүү дээ: даян дэлхийн нэг лалын үзэл гэж байхгүй ээ. Лалын шашныг элдэв хоосон чалчаа үгс, сэтгэл хөдлөлгүйгээр бодит байдал [ашигтай] талаас нь авч үзэцгээе л дээ. Энэ бол 1,5 тэрбум дагагчидтай дэлхийн том шашин юм. Гэвч барууны талыг баримталдаг, шашны суурь үзэлтэй Саудын Арави, даруухан төлөв Марокко, цэрэг дайнч Пакистан эсвэл шашны хэт үзэл автаагүй Төв Азийн хооронд юу нь нийтлэг байгаа вэ? Христийн шашинт улс орнуудыг нэгтгэж байдаг тэр зүйлээс илүү юм тэнд байхгүй шүү дээ.

Эх үүсвэр: «Oui, la CIA est entrée en Afghanistan avant les Russes...»

АЛЬ-КАЙДАГ ҮҮСГЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЙЖУУЛСАН НЬ

Аль-Каида алан хядагч хорлон сүйтгэгч байгууллагыг АНУлсын Тагнуулын төв газар ба Британийн гадаад тагнуулын Ми-6 албатай хамтран үүсгэн зохион байгуулсан гэж олон нэрт судлаачид, эрдэмтэд, улстөрчид нийгмийн зүтгэлтнүүд баталж мөн дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод бичих болсноор хэдэн жил өнгөрсөн билээ.

Гэвч үүнийг энэ бодит фактийг өнөөдөр манайд олон хүмүүс мэдэхгүй хэвээр, мөн манай цөөн хэдхэн неолибералчид, хүний эрхийн “хагас хамгаалагчид”, зүсэн бүрийн засгийн газрын бус байгууллагуудын гаднын грантаар хооллогсод мэдэхгүй царайлж байгаа...

1979 онд Пакистан дахь лалын хэт даврагсдыг сургаж зэвсэглэж байсан олон лагеруудын нэгэндээ Збигнев Бзежинский биечлэн очиж зөвлөгөө өгч байсан тухай сонирхолтой видео үлдсэн байдаг. Чухамдаа энэхүү лалын суурь үзэлтнүүдийн Аль Кайда-г “хадны мангаа” болгож хожим бусад улс орнууд руу дайран орох шалтаг, терроризмтой тэмцэх нэрийн доор хүний эрхийг хязгаарласан хуулиуд батлуулж авах мөн алан хядагчидтай хийх тэмцэл гэгчид асар хөрөнгө мөнгө гаргуулсаар ирсэн билээ...

2001 оны 9/11-ний халдлагыг зохион байгуулсан нэр зүүсэн Осама бин Ладеныг амьдаар нь баривчилж дэлхийн олон нийтийн өмнө шүүж хариу өчгийг нь сонсохын оронд түүнийг нууцлаг байдалд гэнэт яаралтай хороож цогцсыг нь Аравийн тэнгист хаясан гэж яаран сандран зарласан билээ. Ингэж сүүлийн 10 гаруй жил хүн төрөлхтнийг айдас хүйдэст барьж байсан, америкийн жирийн ард түмнийг олон их наяд долларын өрөнд унагасан, мөн дэлхийн олон тусгаар тогтносон улс орнуудыг Аль-Кайдатай холбоотой гэсэн ял тулгаж дайран орж төр засгийг нь устгаж дээрэмдэн тонож байсан учир битүүлэг энэхүү түүхийн учиг ийнхүү “усан доогуур орсон” билээ. 

Орчуулга:

- Та нар Бурхандаа гүн гүнзгий итгэдэг гэдгийг бид мэдэж байгаа. Тэгээд ч бид та нарын энэ тэмцэл амжилт олно гэдэгт гүн бат итгэлтэй байна.

- Тээр алс хол байгаа (Афганистаны зүг зааж) тэр газар нутаг бол та нарынх шүү!

- Та бүхэн нэг сайхан өдөр энэ газар нутгийг өөрийн болгож авах болно, учир нь та нарын энэ тэмцэл гарцаагүй амжилт олох болно. Яагаад гэвэл та нарын энэ үйлс бол зөв зүйтэй, тийм ч учраас Бурхан (Аллах) та нарын талд байгаа!

АНУлсын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон:

- Хэрэв шударга байх юм бол бид бүхэн өөрөө өөрсдөө бий болгосон тэр асуудалтайгаа өнөөдөр тэмцэж байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

- [Ойлгоход] маш энгийн шүү дээ. ЗХУлс [аргагүйн эрхэнд] Афганистан руу цэргээ оруулангуут бид бүхэнд маш сайхан нэг санаа шууд төрсөн юм. Бид Пакистанд лалын шашинтнуудын цэргийн анги нэгтгэлүүдийг байгуулуулж тэднийг Стингерс пуужингуудаараа мөн шаардлагатай бүх зэр зэвсгээр зэвсэглээд ЗХУлстай байлдуулахаар Афганистан руу илгээх нэг маш сайхан санаа байсан.

- Тэгээд бүх зүйл бидний төлөвлөж байснаар болж ЗХУлс Афганистанаас гарахаас өөр аргагүй болсон, тэгэхэд нь бид нар түүнд “Сайн байна, Баяртай” гэж хэлсэн шүү дээ.

- Гэсэн ч бид нар эдгээр сайн сургасан, туршлагатай, шашны мухар сүсэгтэй мөн шүдээ хүртэл зэвсэглэсэн лалын эрс үзэлтнүүдийг Пакистан, Афганистанд орхиж үлдээсэн, тэд нар тэнд иж бүрэн зэвсэгтэй, шаардлагатай бүх зүйлээр хангагдсан бүхэл бүтэн армитай болсон байсан юм.

- Учир нь тэгэхэд, тэр үед бид нарт эдгээр лалын хэт даврагчдаас болж санаа зовох шалтгаан байгаагүй, тэгээд ч бид нар энэ лалын зэвсэгт дайчид бүүр цаашаа ЗХУлс руу явах болно гэж бодоцгоож байсан, ийм учраас бид нар “О’кей, сайн байна, тэгвэл бүүр ч болох нь тэр” гэж хэлцгээсэн юм.

- Гэвч одоо энэ бүхнийг эргэн санах юм бол бид нар урьд өмнө нь Зөвлөлт Холбоот улсын эсрэг дайтуулахаар өөрсдөө зэвсэглэж сургасан тэр хүмүүсийнхээ эсрэг өнөөдөр байлдаж байгаа шүү дээ...

АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУлсын Сенатын сонсгол дээр:

- АНУлсын түүхэнд бид нар Пакистантай хамтран ажиллаж ч байсан мөн бүх харьцаагаа тасалж ч байсаан. Гэвч бид нар өнөөдөр эсрэг нь дайтаж байгаа тэр хүмүүсийг (лалын хэт үзэлтнүүд, Аль-Каида, Талибан) бид өөрсдөө 20 жилийн өмнө зохион байгуулж сургаж зэвсэглэсэн шүү дээ.

- Бид өөрсдөө тэднийг зохион байгуулсан шүү дээ, учир нь тэр үед бид нар Зөвлөлт Холбоот улсын эсрэг тэмцэж байсан. Тэд Афганистанд цэргээ оруулсан, гэвч бид нар ЗХУлс Төв Азийг хяналтандаа оруулахыг хүсэхгүй байсан шүү дээ. Тэгээд л бид ханцуй шамлан ажилдаа орцгоосон доо!

- Ерөнхийлөгч Рейган АНУ-ын Конгресс болон ардчилагчидтай хамтран шийдвэр гаргаад тэгэхэд ингэж хэлсэн шүү дээ: “Энүүхэндээ гэхэд бидэнд нэг маш сайхан санаа байна: Алив бүгдээрээ Пакистаны тагнуулын алба болон цэргийхэнтэй тохиролцчихъё, тэгээд тэд нар хангалттай олон тооны ваххабистуудыг Саудын Арави болон бусад лалын орнуудаас элсүүлэн авч зэвсэглэж сургаг, дараа нь лалын шашны энэ ваххабист урсгалыг Афганистан руу нэвтрүүлж ийм маягаар тэнд Зөвлөлт Холбоот улсыг тэдний гараар балбая!” гэсэн. Тэд нар (Рейган Конгресстой нийлээд) үүнийг хийж байсан шүү дээ, тэд нар энэ ажилдаа олон тэрбум доллар зарцуулсан, тэгээд энэ нь Зөвлөлт Холбоот улсыг сүйрэлд хүргэсэн!

- Хэдийгээр энэ бүхэн нэг их “гоё сайхан” алхмууд байгаагүй гэж хэлж болох ч энэ бол маш хүчтэй шалтаг байсан юм, энэ л Зөвлөлт Холбоот Улсыг нураан унагахад маш үр дүнтэй хөрөнгө оруулалтууд байсан юм. - Гэвч бид өөрсдөө хор уршгийг нь амсаж байгаа тэр үр дагавруудаа одоо анхааралтай эргэн харцгаая.

- Ингээд ЗХУлс задран унасны дараа бид нар Пакистаныг тэр лалын шашинтнуудтай нь хамт хаяж орхиод түүнд ингэж хэлсэн: “О’кей, Тэгж ярьвал та нар л лалын энэ эрс үзэлтнүүдийг давруулж мөн лалын дайчдад зориулж танай оронд бидний хүргэж өгч байсан зэр зэвсэг болон пуужингуудыг маань энэ бүс нутгаар нэг тараасан шүү дээ, та нар л танай бүх хилийн дагуу байгаа мина-уудыг тарааж булсан. Харин одоо бол дашрамд хэлэхэд бид нарт та нар ямар ч падгүй ээ, бид нар бүүр та нарын эсрэг хориг арга хэмжээнүүд тогтоох болно” гэж хэлсэн шүү дээ.

- Ингээд товчхон хэлэх юм бол бид Пакистаны цэргийнхэнтэй болон тагнуулын албатай нь хамтран ажиллахаа больсон, гэвч бид нар одоо өөрсдийнхөө өнгөрсөн энэ алдаануудыг засахаас өөр аргагүй болоод байгаа юм аа...

Зураг дээр: Афганистанаас ОХУлс руу хероин нууцаар зөөж байгаа үндсэн маршрутууд - Газрын зургийг сайн ажиглан хараарай... Тэр үед социалист бүгд найрамдах улс байсан Афганистаныг хэнээс яагаад хамгаалахаар цэрэг оруулах болсон тэр шалтгааныг эргэн нэг бодоод үзээрэй.. одоо манай хаяанд ирээд босгон дээр зогсож байгаа энэ аюулын тухай эргэцүүлэн бодогтун!

Афганистанд 1979-1989 онд 10 жилийн хугацаанд нийтдээ зөвлөлтийн 13833 мянган цэрэг, офицерууд улс орныхоо өмнөд хил хязгаарын аюулгүй байдлыг хамгаалж тэмцэж яваад амь үрэгдсэн байдаг. Харин тэгвэл оросууд 1989 онд Афганистанаас гарч тэнд АНУ болон НАТО үлдсэн цагаас хойш хар тамхины тариалалт нь жил бүр дээд амжилтаа эвдэж ирсэн ба тэндээс дэлхий даяар тархаж байгаа хар тамхинаас болж одоо ОХУлсад гэхэд л нэг жилд 100 мянган голдуу залуу хүмүүс амь насаа алдаж байна...1989 оноос хойш афганы хар тамхинаас болж нийт 1 сая гаруй хүн амь насаа алджээ.

Сургаар, хүний амаар бурах мөн улааныг үзээд урвах, шар үзээд шарвах аа гэж ...

Анхаар: Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг