Төвд угшилт ламхай Жавзандамба
1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг
Шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч Жавзандамба лам Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Наваанцэрэн, Засагтхан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар хичээнгүйлэн
Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учирыг гаргаж айлтгах нь
Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд халхын аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашиныг эрхэмлэж эрдэм өршөөл маш бадарсаны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь
Их Орос улсын их цагаан хаан эрдэм өршөөн утга хүчин нэн их дээр шарын шашиныг бадруулж буян чуулганыг хязгаарлашгүй хураахын тулд урьд ноёдын гуйснаар их улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй бөгөөд шарын шашин нэн бадарч ашид амар тайванаар баймой. Ийм санаа хүсэлтэй нь Өвөр Монголд бас үлэмж буй. Эдүгээ учирыг гаргаж туслах хамгаалахыг эрсүгэй хэмээн олноор санаа нийлж зөвлөлдөн тогтсон. Үүнд лам би санавал урьд хожид байдал төлөв үнэн бөгөөд миний санаа мөн. Хянахад олон улсын тогтоосон хуулинд аливаа төр бага улс болбоос чийрэг их улсыг түшиж өөртөө тогтнох чийрэг их улс болбоос төр бага улсыг тэтгэн туслах ёсон буй тул учирыг гаргаж бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг зарсаны тулд их хаан үнэн байдал төлөвийг нэвт толидож агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж чин үнэнийг илрүүлэн өчүүхэн сэлтийг хичээнгүйлэн өргөв.
Цагаагчин гахай жилийн зуны сүүл сарын шинийн дөрвөн
Хятад түшмэд манай Манж улсын эрхийг эзлэж эрт эдүгээ дор олон монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учирыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгээс товчлон гаргаж мэдүүлэхүй нь:
Нэгэн зүйл.(1) Манай монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хянан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэр зэргэ залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон
Нэгэн зүйл.(2) Эзэн хаан жил бүр манай монгол олон ван засгуудад хууль ёсоор шагнаваас зохих торго будааны зэрэг тоо бүхий юмыг олон он дор өгсөнгүй. Манж хятад түшмэд завсараас шүүрэн авч ашиглаад эрх сүрээрээ айлгаж ер нэг ч гомдох газар үгүй болсон билээ.
Нэгэн зүйл.(3) Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алины үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмыг аван хилж гүжир ял оноон алах цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудалыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн шийтгэх явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хэрэгт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ.
Нэгэн зүйл.(4) Монгол сайн хүнийг цухалдуулсаар бие зугатан гарах замын зуур тохиолдсон хошуудыг нам нийлэв хэмээн гүтгэж өчнөөн түмэн лан мөнгө албадан төлүүлэхээр тулган зовоож хэрэг шийтгэх түшмэдийг чандлан хадгалж буй нь үнэхээр хилстэй билээ.
Нэгэн зүйл.(5) Манай ганц эрхэмлэх шарын шашины үндэс охь манлайн баруун зуугийн зальхай хэдэн түшмэд эзлэн завших арга мэх зохиож агсаар далай ламыг шахамдуулан гажуудуулж, айлган зайлуулаад одоо элдэв зүйлээр дарлаж, маш санааны даваар эзлээд буй нь манай шарын шашин үнэ үгүй хөнгөн болж, бас ханалыг мэдэхгүй манай олон монголыг нэгэн адил болгоё хэмээх хортой санаа үзтэл илэрхий тул гомдолтой бөгөөд маш эмээлтэй билээ.
Нэгэн зүйл.(6) Монгол газар шинэ засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж, олон иргэнийг нэн үлэмж хуруулан халхын хойд газрын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоон бүхий нь монголын амьдралыг нэг мөсөн тасалж хойд хязгаар захыг батлая хэмээсэн санаа лавтай мөн тул нэн цухалдаж хорсох билээ
Нэгэн зүйл.(7) Зах залгаалдаж суух олон хошуунд хятадаар тариа тариулж завдмагц харуулын цэргийг татаж хятад цэрэг суулгаваас Орос Монгол найралдаж чадахгүй болно хэмээн зөвлөж буй нь сайн санаа бус үзтэл Хөлөн буйрын захын арван илүү харуулын монгол цэргийг татаад хятад цэрэг суулгасаар хэдэн жил болов. Энэ нь манай Орос Монгол хоёрын харилцан туслалцах явдлыг таслая хэмээсэн маш хортой санаа билээ.
Нэгэн зүйл.(8) Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр бариулан Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар зөвшиж бүхий нь үнэхээр тачияадалтай билээ.
Нэгэн зүйл.(9) Хятад түшмэд шарын шашиныг огт хэрэг үгүй дор үзэж насан идэр лам нарыг цэргийн сургууль хийлгэн хурлын сүмийг цэргийн гэр болгон зул хүжийн хөрөнгийг цэргийн хэрэгсэл болгохоор зөвшиж бүхий нь үнэхээр хартай харгисын туйл болсон билээ.
Нэгэн зүйл.(10) Ойрхи хэдэн жилд олон иргэн олон замаар анги хуваан өчнөөн төчнөөнөөр нийлж цувалдсаар Хүрээний газар ба үүгээр түүгээр орж ирсэн нь маш олон бөгөөд хэрэв урьд бадруулт төрийн арван долдугаар онд манай өвөр Монголын Ёст, Зуу Уд хоёр чуулганы газар тариалан суусан олон иргэд гэнэт санаа нийлэн урваж монголын шар хар хөгшин залуу эр эм олон хүнийг ялгалгүй гэр оронг халдаж сүйтгэсэний адил болоход хүрвээс үнэхээр гашуун туйл билээ.
Нэгэн зүйл.(11) Манай монгол Манж улсад дагаж орсоноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлвээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ.
Нэгэн зүйл.(12) Угаас тогтсон хууль дор монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засагаар шалтгаалж хуучин хуулийг халж монгол иргэн харилцан ураг барилцахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харанхуй засгийг манай монгол яахин дагаж чадах билээ.
Нэгэн зүйл.(13) Манай олон монгол хошуунд бэлтгэсэн цэрэг үгүй боловч үлэмжхэн хурц зэвсэг олвоос эндэх хятад цэрэг хэдэн зуугаас илүү үгүй болохул ер айх явдал үгүй гагцхүү далдуур нууц бэлтгэсэн цэрэг олон байх ба дотоод газраас их цэрэг гаргаж ирэх болбоос хүчин тэнцэх үгүй болох тул одоо даруй энэ тэнгэрийг цэрэг илгээж туслан хамгаалахыг хүсэх билээ.
Нэгэн зүйл.(14) Манай богд лам эхлэн дөрвөн хан олон ноёдын ийнхүү зөвлөгөөнийг манж хятадыг этгээд сонсож мэдсэн нь магад буй за. Үүнийг урьдаар нэн даруй хянан сэрэмжилж бэлтгэх үгүй байгаад нэгэнт Хүрээний газар хор хөнөөлийг амсах дор хүрвээс дахин олон Монголчууд санаа нийлж тус хамгаалалтыг хүртэж амьжрах үнэхээр бэрх болмой.
Нэгэн зүйл.(15) Эдүгээ Монгол нутгийн зах хязгаар харуулын газар цэрэг олныг цуглуулан тариа тариулах хэмээж буй нь тариачин хятад олширвоос ганц манай монголд хор болох төдий бус их улс дор мөн тус үгүй болох учирыг нарийвчлан мэдүүлэх хэрэг юун билээ.
Дээрээс нэвт толилсоор буй аж.
Нэгэн зүйл.(16) Эдүгээ манай монголчууд бүгдээр санаа нийлсэн ба их улс гадаад олон улс лугаа найр найрамдах болсоны дээр манж улсын харьяат дотор газар бошгыг халах нам хэмээх муу хятад энд тэнд олон дэгдэж самууны үүсгэн бүхий ба цаазын засгийг байгуулан завдаагүй үес чухам манай орос монгол хоёрын найрамдах цаг болсон. Хэрэв энэ сайн тухайн үеийг алдваас хожим алин этгээдийн хэрэг бүтэн үгүй гэмшвээс гүйцэх үгүй болохыг мөн айлдан толилсоор байгаа буй за.
Нэг зүйл.(17) Хятад хүн болбоос төрлөх чанар муу урвах дуртай. Орчин жилээс дотоод газар байн байн урваж улсын цэргийг зүдээн эдийг хоосруулсан ба нийт гадаад олон улсын хүнийг думдад улсын хамаатай газар байлгах үгүй үлдэн арилгамой хэмээн их самууныг үүсгэж эртгээс үгүү гамшиг зовлонг өдөж олон улс дор их дуут цэргийн зүйл төлүүлэн улсын сан хөмрөгийг нэгмөсөн хоосон хөндий болгоод одоо манай Монголын язгуураас нутагласаар ирсэн хөрөнгө газрыг албадан тариулж амьдралыг таслан газрын тарилга мөнгийг хятад түшмэд хуваан авч амьд бүхнийг аврагч шарын шашиныг хөнгөтгөн харгислаж туйлын хилс болсоныг үнэхээр хүлцэхүйеэ бэрх бөгөөд хятад хүн эл хүрсэн газраа элдвээр самууныг дэгдээхүй нь тэдний сурамгай зан мөн. Хэрэв манай халхын хойд хязгаар тултал хятадыг тариалан суулгаваас эртнээс найр найрамдахаар ирсэн их улс лугаа магад завшин халдаж манай Монголыг дагалдуулан мохош үгүй хор зовлонг амсуулахад хүрүүлэх нь нэн эмээлтэй билээ.
Нэг зүйл.(18) Манай олон хан ван засгууд олноор санаа нийлж монгол бүхний оройн чимэг Богдыг хаанд өргөмжилж Монгол улс болон Их улс дор түшиглэн ач тусыг түшиглэн ач тусыг шүтэж ашиг зовлонг хамтатган үүрд найртай сайнаар явахыг хүссэн билээ. Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу.
Нэг зүйл.(19) Манай монгол Их улсыг түшиж бага улсын болон өөртөө тогтнож болох болбол нууц болзоо гэрээ бичиг байгуулж хэн алиныг бат итгэмжийг илрүүлж болох ба үгүйг дээрээс толилон тогтоомуу
Нэг зүйл.(20) Нууц болзооны гэрээ бичиг байгуулж болох бөгөөс тэр гэрээнд Монголын газар яахин Оросын худалдаа гүйлгээ төмөр зам хийх өртөө байгуулах алт мөнгө зоорь нээлгэх,бичиг цэргийн сургууль байгуулах зэрэг зүйлийг нарийвчлан хэлэлцэж тогтоовоос болох болбу.
Нэг зүйл.(21) Манай халхын газар байх хятад худалдааг бүрэн үлдэж гаргаад Орос Худалдаа элсэхээр одоо зөвлөн тогтож буй. Ганц худалдаа арилжаа хэмээгч олны аж төрөх амьдралд холбогдох чухал хэрэг мөн тул орос худалдааг одоо манай монгол газар яахин цэргээр хамгаалуулан аргацаан оруулахыг урьдаар бэлтгэн аваас болох болбу. Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу.
Энэ хорин нэгэн зүйлийг илүү зургаан сарын хорин гурванд Гадаад хэргийн журганд мэдүүлэв.
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.