Цуврал нийтлэлийн 12-р хэсэг

лам нар 2

Энэ удаа Д.Өлзийбаатарын “диссертацын” гэгч ажил дахь шарын-ламын шашин болон лам нартай холбоотой дүгнэлтүүдийг нь өмнөх нийтлэлүүддээ тодруулсан тухайн цагийн бодит үнэн дүр төрхтэй харьцуулан авч үзье.

Өмнөх нийтлэлдээ би ХVI зууны дунд үеэс ХХ зууны эхэн хүртэлх хугацаанд шарын-ламын шашин болон түүний нэрийг барьсан Богд тэргүүтэй хэт цөөнх хэсэг манай ард түмнийг ямар хүнд хэцүү зовлонд дагуулан орж хэрхэн мөлжин дарлаж байсныг тоо баримтад тулгуурлан харуулсан билээ.

Зөвхөн 1921 оны Ардын хувьсгалаас л хойш энэ бүх харанхуй бүдүүлэг хоцрогдсон байдал, мөлжлөгийн дэглэмийг бодит амьдрал дээр эцэс болгох үйл явц эхэлсэн байдаг. Ардын засаг яг энэ цаг үеэс эхлэн түүхэндээ анх удаа ард түмнээ олон зууны гүн гүнзгий хөгжлийн хоцрогдлоос нь гаргахын тулд юуны өмнө бүх нийтийг бичиг үсэгт сургаж, цаашлаад орчин цагийн мэдлэг боловсрол эзэмшүүлэн мөн орчин цагийн анагаах ухааны ололтод тулгуурлан нийгмийн халдварт өвчнүүдээс эрүүлжүүлж эхэлсэн байдаг. Мөн улс орондоо өөрийн дотоод хэрэгцээг хангахад чиглэсэн анхны үйлдвэрүүдийг барьж босгож, зам харилцаа, цахилгаан холбоог орчин үеийн байдлаар нэвтрүүлж, анх удаа өөрийн улсын банкийг байгуулан, өөрийн үндэстний мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэх зэргээр тухайн цаг үед зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан маш олон амин чухал арга хэмжээнүүдийг бодлоготойгоор шат дараалан хэрэгжүүлж хийж эхэлснийг манай нэн шинэ түүх ба улс эх орны хүрсэн төвшин, ард түмний бодит амьдрал нотолдог.

Яг ийм амин чухал хойшлуулшгүй арга хэмжээнүүдийн нэг бол шарын шашны мухар сүсгээр дарамтлан /1990 оноос эрх чөлөөтэй болсон лам нар хэрхэн яаж баяжиж харин ард түмэн яаж мунхарч ядуурч байгааг эргэн санагтун!/ ард түмнийг дарлан мөлжих хэрэгсэл нь болж байсан харийн ламын шашныг ард түмний оюун санаа, ахуй амьдралаас түлхэн гаргах ажил байв. Ихэнх лам нар ядуу дорой харанхуй байсныг хар болгож, тэднийг улс нийгмийн үйл хэрэгт бодитоор хувь нэмрээ оруулах замыг нээж өгсөн юм. Мөн хүнийхээ хувьд гэр бүл үр хүүхдүүдтэй болж хүний ёсоор амьдрах арга замыг зааж сурган, олон зууны ядуу зүдүүгийн харанхуй нүхнээс татан гаргаж малчин, тариачин, үйлдвэрийн мэргэжилтэй ажилчид болгох зорилго тавьж байжээ. Үүнээс гадна сүм хийдийн нэр дор цөөхөн хэдхэн том лам, тайж ноёдын өмч болсон байсан манай орны тухайн цаг үеийн үндсэн баялаг болох олон тооны мал сүргийг тэрхүү сүргийг бодит байдал дээр арчлан өсгөн үржүүлж байсан ч тэр их хөдөлмөрийнхөө өчүүхэн хэсгийг л хүртэж байсан ард түмэнд буцаан өгөх ёстой байв. Чухам энэ зорилтын төлөө Ардын төр засгаас лам нарыг хар болохыг уриалан сурталчилж, хэрэв хар ард болбоос жасаас болон тайж ноёдоос хураан авсан мал сүргээс таслан өгч амьдрал ахуйг нь дэмжиж байв. Үүний зэрэгцээ өмчилж байсан малын тоо толгойгоор нь өсөн нэмэгдэх татвар оногдуулах замаар сүм хийдийн аж ахуйг аажмаар сулруулах, ардуудаас өргөл барьц нэрийн дор АЛБАДАН хурааж байсан татварыг албан бус-сайн дурын болгох зэрэг асар олон үр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгэж байв. (Тэр үеийн Ардын төр засгийн эдгээр арга хэмжээнүүд ганцхан албадлага дээр үндэслэсэн байгаагүй юм. Учир нь нэгэнт ард түмний ахуй амьдралд нэвт шингэсэн байсан ламын шашны бурангуй үзлийг төрийн хүчээр муйхарлан эсэргүүцэх нь улс орны цаашдын хувь заяанд ч осолтой байж болно гэдгийг мэдэж байжээ.)

Гэвч 1929-1932 оны хооронд манай нам төрийн өндөрлөгт бүхнийг хэт хялбаршуулан ойлгодог, бүхнийг нэг далайлтаар хийж хамгийн гол нь шинэ төр засгийн дээд удирдлагадаа нэр нүүр олох гэсэн явцуу зорилготой хэт туйлширсан “зүүний үзэлт” нэрээр халхавчилсан этгээдүүд гарч ирсэн юм. Улмаар тэд Ардын төр засгийн энэ бүх аядуу тайван, оновчтой, үр дүнтэй арга алхмуудыг өөрсдийн хэт хийрхүү, ойворгон ширүүн арга алхмуудаараа сольсон бөгөөд үүний үр дүн энгийн ардуудын амьдрал ахуйд ч хүчтэй сөргөөр нөлөөлсөн байдаг. Чухамдаа Ардын төр засгийн тэр эхэн үеийн боловсон хүчний мэдлэг ухамсрын сул дорой байдлыг сайн ойлгож, иймэрхүү гүйцэтгэх шатанд гаргах эндэгдлүүдийг отож байсан харийн колоничлогчид, мөн хуучин манжийн дэглэмийн үед өндөр зиндаагаар шагнуулан эрдэж байсан ноёд, том лам нар уг далимыг ашигласан юм. Тэд харийн колоничлогчидтой нийлж ард түмнээ давхар мөлжин хураан хуримтлуулсан байсан мал сүрэг эд хөрөнгөө энэхүү баялгийг өөрсдийн хөдөлмөр зүтгэлээрээ бий болгосон жинхэнэ эздэд нь - ард түмэндээ буцаан өгсөндөө машид өширхөж байсан нь түүхэн баримтуудаас тодорхой харагддаг.

Тэд бичиг үсэггүй шахам хэсэг гэнэн ард олныг элдвээр айлган сүрдүүлэх, хууран мэхлэх арга замуудаар эгнээндээ нэгтгэн Ардын төр засгийн эсрэг зэвсэгт бослого гаргасан юм. Ингэхдээ тэд шинэ төр засгийн бодлогыг ойлгон халуунаар хүлээн авч олон зууны ядуурал хоцрогдлоосоо гарах зорилго тавин ажиллаж байсан жирийн олон ард иргэдийн зүрхийг амьдаар нь сугалан шашны тугаа тахих, шөрмөслөн алах зэргээр манжийн үеийн онц хэрцгий тарчлаах аргуудыг хэрэглэн эгэл жирийн олон ардуудын амь насыг зэрлэгээр хөнөөсөн байдаг. Үүгээр ч тогтохгүй төр засгаас түмэн олноо олон зууны хоцрогдлоос гаргахаар шинээр барьж босгосон байсан орчин үеийн сургууль, эмнэлэг, хоршоодыг галдан шатаах, ардын засгийн талын жирийн ардуудыг дээрэмдэн тонох зэргээр удаа дараа асар зэрлэг авирласан байдаг. Гэсэн ч энэ бүхнийх нь хариуд тэднийг Ардын төр засаг хуулийн дагуу ардын журамт цэргийн хүчээр дарж, баригдсан толгойлогчдынх нь үйлдсэн гэмт хэргүүдийг нотолгоо баримттай нь шүүхэд шилжүүлээд, ард олны нүдэн дээр нээлттэй шүүхээр таслан хуулийн дагуу зохих ялыг оноосон байдаг.

лам нар 4


Улмаар төр засгаас “Шинэ эргэлтийн бодлого”-ыг 1932 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба ингэхдээ 1929 оноос өмнө хэрэгжүүлж байсан аядуу тайван арга замуудаа үр дүнтэйгээр дахин хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч 1932 оноос өмнөх далд хэлбэрээсээ ил хэлбэрт шилжсэн байсан Японы эзэрхэг гүрний манай улс орныг зэвсгийн хүчээр эзлэн цаашдын дайныхаа түшиц газар болгох бодлого, тэдний Квантуны армийн зүгээс манай зүүн хил дээр хятадын Өвөрмонголын нутаг дэвсгэрээс байнга явуулж байсан дайсагнасан үйл ажиллагаанууд нь ойрын ирээдүйд түрэмгий дайн зайлшгүй болох гэж байгааг Ардын төр засагт улам бүр тодорхой ойлгуулж байсан юм. Улмаар манай улс эх орны цаашдын хувь заяа – манж/хятадын дарлал мөлжлөгөөс ч олон дахин хэрцгий догшин харийн колоничлолд дахин орох уу, эсвэл Зөвлөлт Орос Улсын дэмжлэг тусламжийн ачаар эх нутагтаа эзэн болж цаашид хөгжиж дэвших үү гэсэн сонголтоос бүрэн хамаарах болоод байв.

Мөн хүнд хэцүү сорилтын өмнө гаднаас дайрахаар бэлдэж байсан харийн дайснаас илүү дотоодод байсан дайсагнагч хүчнийг дарах нь тактик стратегийн чухал зорилт болон дэвшсэн нь судалгаагаар тов тодорхой болж ирдэг. Иймээс ардын төр засгийн эсрэг дайсагнасан тэмцэл нь далд хэлбэрт шилжиж харьцангуй намжсан ч гаднын түрэмгийлэгч гүрний мөн дотоодын гэнэн урвагчдын өдөөн хатгалт - дараагийн далим-шалтгааныг хүлээн амь бөхтэй оршсоор байсан хуучин дэглэмийн үед өндөр зиндааны лам байсан этгээдүүдтэй 1937 оноос шийдэмгий тэмцэж эхэлсэн юм. Чухам ингэж харийн дайсан халдахын өмнөхөн УРЬДЫН ОЛОН ТОХИОЛДЛУУДЫН АДИЛ зөвхөн өөрийн амин хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улс орноосоо харийн дайсанд урван ард түмнээ зольж байсан ТОМ ТОЛГОЙ лам нарыг дарж авсны хүчинд 1939 онд манай өвөг дээдэс шүдээ хүртэл зэвсэглэсэн японы түрэмгий армийг Халхын голд бут ниргэж чадсан билээ.

Энд ноёд тайж, хутагт лам нарын урвалтуудыг дахин сануулахад,

- 1640-80 онд нэр бүхий хэсэг урвагч ноёдын гайгаар эх оронч Лигдэн хаан, Цогт хун тайж нарын шарын шашны эсрэг олон жилийн уйгагүй тэмцэл дарагдсан.

- Дараа нь хятад/төвдийн торго дурдан, бэлэг сэлт, хэргэм цол, шан харамжинд шунасан урвагч ноёд ард түмнээ дагуулан мөн л ямар ч цэрэг зэвсгийн эсэргүүцэлгүйгээр Манжийн колоничлолд өөрсдөө дагаар орсон.

- Ингэж хувийн эрх ашгийнхаа төлөө олон зуун жил хоорондоо алалдсаар ирсэн алтан ургийн гэгч ноёд өөрсдөө Чингис хааны байгуулсан Их Монгол улсыг бүрмөсөн мөхөөсөн.

- Манж-хятадын эрх баригчид чухамдаа шарын шашнаараа дамжуулан Монгол төрийн оройд өөрийн тавиул (төвд)Богдыг гарган тавьж манай улс ард түмний олон зууны хоцрогдол, мөхлийн эхлэлийг тавьсан.

- Мөн 1919 онд улс эх орон, ард түмнээ ноёдын хувийн эрх ашиг нь байсан хэргэм зэрэг, мөнгөн шагнал, цалин пүнлүүнийхээ төлөө мөн л ямар ч цэрэг зэвсгийн эсэргүүцэлгүйгээр Хятадад худалдсан. Үүний дараа ч урвагч ноёд, лам нар хятад ноёдтой хамтран ард түмнээ шулан мөлжсөөр байсан.

- Дараа нь оргодол барон Унгернтай хамтран гаминг хөөн гаргаад, ард түмнээ шинэ эзэн богд нь болсон Унгернтайгаа үргэлжлүүлэн эгэл жирийн ардуудыг дарлан мөлжицгөөж байсан.

Эргэн санаж ойлгогтун! Эргэцүүлэн бодож ухаарахтун!


Чухам сая өгүүлсэн тухайн цаг үед манай орны өмнө улс орны хувь заяаг шийдэх хэмжээний зайлшгүй шаардлага болсон байсан их үйл хэргүүдийг Д.Өлзийбаатар хэрхэн дүгнэж бичсэнийг сонирхоцгооё.

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг