original


Үүнд би дургүйдээ биш ээ, надад таалагдахгүй байгаа ч юм бус харин улс нийгэм маань цаашид оршин тогтнож байхын тулд, энэ нийгэм дотроо бид өөрсдөө хүний ёсоор цаашид ч оршин амьдарч байхын тулд энэ харийн тулгалтыг хүлээн авч дагах ямар ч боломжгүй юм. Уг учрыг сайн ойлгож байгаа тул энэ явуулгыг бид эсэргүүцэж байна. ©

Хүн бүр хэзээ нэгэн цагт “би хэн юм бэ” гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Яг үнэндээ бол энэ асуултын хариулт нь түүний чухам хэн байхыг, ямар амьдралын замаар явж байгааг – ер нь тухайн хүний хувь заяаг нь тодорхойлж байдаг. Учир нь энэ чухал асуултын хариулт бол зөвхөн нэг асуултын хариулт төдийхөн бус юм. Энэхүү асуулт нь хүн төрөлхтний түүхийн турш, хүн ба түүний дотор нь амьдарч байгаа хамтын амьдрал болон хувь заяаны орчин - нийгэм үүссэн тэр цагаас хойш тавигдсаар ирсэн нь өнгөрсөн бүх түүхээс тод харагддаг билээ. Энэ асуулт бол чухамдаа нэг хувь бие хүнээс илүү чухал нэг тийм зүйл бодитоор оршин тогтнож бидний өнөөгийн аж амьдрал ба ирээдүй хувь заяаг маань нөхцөлдүүлээд байна гэсэн тэрхүү дотоод мэдрэмжээс маань анх урган гарч ирж байдаг шүү дээ. Иймээс хувь бие хүн бол чухамдаа нэг бүхэл бүтэн улс нийгмийн зөвхөн нэг хэсэг нь, түүнийг бүрдүүлж байгаа, түүний эрхшээлд байгаа нэг нэгж нь юм.

Хүн өөрийгөө улс нийгэмтэйгээ ижилсүүлж, адилсуулж мэдэрч ойлгож ухамсарлаж байдгийг тэр хүний өөрийгөө адилтгах гэж нэрлэдэг. Нийгмийн шинжлэх ухаанд үүнийг эртнээс латин хэлний identicus – адилтгах, нэг угшилтай гэсэн үгнээс гаралтай identification/ идентификац гэсэн үгээр тэмдэглэж ижил байдал, адилтгал гэж ойлгож иржээ. Энэ бол аливаа Хүн өөрийгөө нэг бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг нь гэж зөвхөн мэдрэх төдийгүй бас тов тодорхой ойлгож гүнзгий ухамсарлаж өөрийгөө ард түмэн, улс нийгэмтэйгээ нэг хувь заяа, аж амьдралыг хуваалцаж байдгийг хэлж байгаа хэрэг юм.

Хувь бие хүмүүс нь өөрсдийгөө тухайн улс нийгэмтэйгээ ингэж адилтгаж ижилсүүлэлгүйгээр ард түмэн гэж ерөөсөө оршин тогтноно гэж байдаггүй, боломжгүй юм. Иймээс энэхүү нэг хувь заяатай, нэг өнөө болон ирээдүйтэй гэсэн хувь хүн бүрийн, ядаж нийгмийн олонхын ижилсэл, адилтгал бол энэ ард түмний, тухайн улс нийгмийн оршин тогтнох хамгийн гол ноён нуруу нь юм.

Улс орныг эрхшээлдээ оруулах, ард түмэн нэг дор түр бөөгнөрсөн хүмүүс биш харин жинхэнэ утгаараа нэг хувь заяатай, нэг өнөө ба нэг ирээдүйтэй цул нэгдэл байсаар ирснийг нь эвдэн бусниулахын тулд нийгмийн гишүүдийнх нь энэ ижилсэл, адилсалыг нь өөр хуурамч зүйлээр орлуулж эвдэн хаяхад л хангалттай. Ингэсэн тохиолдолд ийм ард түмэн хэсэг хугацааны дараа өөрөө аажмаар мөхөж хэсэг хүнэнцэрүүд л үлдэж энэ улс түүхээс арчигдан алга болдог байна. Чухамдаа эвдрэл бутрал манай нийгэмд сүүлийн 20 гаруй жил өрнөсөөр хэрэв судалж олж харах юм бол одоо бол буцаахад маш хүнд болох тэр цэг рүүгээ дөхөж байна. Чухамдаа ийм үйл ажиллагааг гаднынхны үзэл суртал, даяарчлал багийг нөмөрсөн даян дэлхийг эзэрхийлэгчид олон ард түмнүүдийн дунд явуулж байгаа юм аа. Ийм дайныг манай ард түмний ч эсрэг явуулж байгааг бидний олонх сайн мэдэхгүй жаргалтайхан харанхуй сууж байх шиг.

Ийм учраас л монголчууд бид чинь чухам хэн билээ, юугаа бид нүдний цөцгий мэт хамгаалж байх ёстой билээ гэдгийг бид цөмөөрөө мэдэж байх ёстой, шаардлагатай, одоо бол бүүр хурцаар тавигдаад байгаа юм уг нь. Эндээс л хүн нэг бүр өөртөө тавьж байгаа тэр асуултууд - чухам юуны төлөө би амьдарч байгаа, юуны төлөө бүхнээ зориулж байх ёстой зэрэг асуултуудын тэр хариу урган гарч ирж байгаа юм.

Өнөөгийн бид асар уудам баян газар нутгийг өвлөн авсан ард түмээн.

Бид бүхэн энэхүү асар уудам газар шороогоо амин үнэт зүйл гэж ухамсарлаж “Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн нандин агуулгаар баяжуулж бид бүхнийг өөрөөсөө төрүүлж мөн өөртөө буцаагаад хүлээн авах энэ газар шороогоо хайрлах мэдрэмж төрч байдаг. Ийм ч учраас эх газар шороо гэсэн ойлголтоос л сая эх орон буюу эх газар шороо+амьдралын орон зай гэсэн нандин ойлголт урган гарч ирдэг. Үүнийг “Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ Ямар их хувь заяагаар бид эзэн нь болж төрөв өө” гэж их яруу найрагч Д. Сэнгээ шүлэглэн хэлсэн байдаг.

Нэгдмэл цул байдал

Нийгэм нь хувь бие хүмүүсээс тооны хувьд бүрэлдэж байдаг боловч улс нийгэм гэсэн жинхэнэ утгаараа бол нэгдсэн нэг цул байж л сая оршин тогтнодог. Улс, нийгэм оршин тогтнож байж л сая эндээс хувь хүн, иргэн гэсэн ойлголт, аж амьдрал болон ирээдүйн бодит байдал урган гарч ирдэг билээ. Иймээс эхлээд нэг цул юм – улс нийгэм оршин тогтнож байж харин үүнд хүн нэг бүр өөрийн хувь нэмрийг оруулж байдаг ийм л тогтолцоо дарааллыг бид мэдэрч хүлээн авч байдаг юм.

Чухамдаа ийм нэгдмэл цул байдлын үндсийг мэрж нураахын тулд одоогийн энэ гаднын неолиберал ухуулга ятгалга, тархины угаалт чиглэсэн байгаа бөгөөд манайхны зарим ухвар мөчид хүмүүс юмны цаад мөн чанар, далд зорилгыг судалж ойлгож байж хүлээн авахын оронд хялбарчлан “иргэний нийгэм”“хүний эрх”“ижил хүйстнүүдэд эрх чөлөө” гэх мэтийн харийн цаад далд зорилготой “моодны” үгсээр нь “хорголоороо наадаж суугаа” мэт хоосон чамирхаж байгаа. Иргэний нийгэм гэдэг энэ ойлголтыг эхлээд иргэн дараа нь нийгэм гэсэн төсөөллийг гэнэн олонход аажмаар суулган өгч байгаа нь нийгмийн оршин тогтнохуйн үндэс болох нэгдмэл цул байдлыг нь хагалан бутаргахад чиглэсэн байгаа юм. Хүний эрх гэдэг нь цэвэр тунхаглал, хоосон уриа гэдгийг нь эх орондоо ажлын байраа эвдэн бусниулуулж үрэн таран хийлгэж амь зуухын эрхэнд хагацсан эцэст нь салж бутарсан гэр бүлүүд өнчирч хоцорсон хүүхүдүүд, ядуурч туйлдсан олонхынхоо хөлдөж үхэхгүйн тулд түлж байгаа галын утаанд угаартаж багтарч байгаа улаанбаатарчууд, малчин хэрэглэгч хоёрыг шулж хохироож байгаа зах зээлчдийн дамын үнээр өмх махаа авч өл залгаж байгаа хүмүүс эрхбиш ойлгож байгаа ядаж зөнгөөрөө мэдэрч байгаа байх аа.

Иймээс цаашид оршин тогтнохын үндсийн үндэс бол нэгдмэл нэг цул байдлаа хадгалж өөрсдийн оршихуйн үндсүүдийг хамгаалж байх явдал гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй юм аа.

Энгийн шударга байдал

Энэ бол бидний олонхын дотор гүн гүнзгий суусан байдаг тэр мэдрэмж юм. Чухам ийм үзэл санаа нь манай ард түмнийг түүхийн нугачаан дундуур авч гарсан бидний оршихуйн нэг чухал нөхцөл байсаар ирсэн юм. Манай ард түмэн өнөөдөр ганцхан зүйлийг л хүсэж байгаа - тэр бол энгийн шударга байдал юм. Саяхныг хүртэл манай нийгэмд ахан дүүс гэсэн мэдрэмж ойлголт, ард түмний дунд ийм уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ давамгайлж байсан билээ. Энэ өргөн уудам нутаг орон зайд монголчууд бид хол хол амьдран сууцгааж байсан боловч хаана ч очсон ийм мэдрэмж саяхныг хүртэл төрдөг байсан шүү дээ. Барууны үзэл сурталч “Тамын тогооны үлгэр”-ийг ганцхан монголд л хаа сайгүй ийм байгаа мэт “магтан матаж” цөөхөн ухвар мөчид ийм угаадсыг нийгэмд гарган цацаж байгаа бол чухамдаа ийм зүйлийг шүүмжлэх зорилготой бус харин ч үүнийг гарцаагүй байдал, цаанаасаа ийм байсан, одоо ч байгаа, цаашид ч ийм байх мэт ятгаж бусад хүмүүст ийм халдварыг халдаах гэсэн башир арга юм шүү.

Харийн тархины угаалтаар бидний аж амьдралын суурь үндсүүдийг эвдэн бусниулж амьдралын орчныг маань бохирлож ирснийг ойлгож ухамсарлах нь бидний цаашид оршихуйг шийдвэрлэх нэг чухал сонголт болчхоод байна. Одоо бидний амьдралд энгийн шударга зүйл нэг ч гэсэн үлдсэн үү? Хариулт нь ойлгомжтой байх гэж бодож байна.

Бидний телевизороор үзэж сургийг нь сонсоод дуурайх гэж, тэр замаар нь замнах гэж 22 жил хөгөө хөлдөө чирч байгаа энэ зам бол зүйрлэж хэлбэл анчны хавханд зүүсэн өөх, хайр найргүй колоничлогчдын “инээсэн баг”, башир мэх нь, хоосон суртал ухуулга юм шүү дээ.

Итгэл үнэмшил

Итгэл үнэмшил бол манай ард түмэн шиг эртний, нэг үндэс угсаатан ард түмний зүрх сэтгэл, ёс суртахууных нь нэг үндэс нь юм. Харин Хубилай хаан Монголын Их эзэнт Гүрний нийслэлийг Бээжинд нүүлгэсэн агуу том алдаа, Монголын Их Цэрэг-ийн гол хүчийг Хань гүрний эрх баригчид Япон тэнгист далайн хар шуурганд живүүлсний дараах Монголын төр улс, ард түмний оршихуйд хийсэн хамгийн том цохилтуудын нэг бол 1641 онд Монголд нэвтэрсэн төвдийн шарын шашин юм. Саяхан дэлхийн талыг эзэлж явсан, тэр үеийн шинжлэх ухаан технологид шинэ нээлтүүдийг хийж хөгжүүлж эдэлж хэрэглэж явсан омог бардам ард түмэн харийн энэ шашны мухар ятгалганд согтож бөөсөө ч алж чадахгүй, бичиг үсгээ орхиж төвдийн маани мэгзэмээс өөр юм мэдэхээ больж зэс шанаганаас өөр юм хийж чадахаа больсон түүхтэй. Энэ гашуун түүхийг чухамдаа 1921 оны хувьсгалаар халж өнөөгийн хараагаад үлдэгдлийг нь “идэж байгаа” энэ өндөрлөгт хүргэсэн билээ. Эргэцүүлэн бодоорой. Тэр үед монгол хүн Мөнх хөх тэнгэр, Газар ногоон дэлхий, Шударга чин Үнэнд итгэж “өргүй бол баян өвчингүй бол жаргал” ажиллаж хөдөлмөрлөж өөрсдийн бүтээсний хэрээр амьдарч байсан билээ... Харин энэ бүхэн кока-кола, джинсэн өмдний үнэтэй байсан юм гэж үү. Бид ойлгодог мэддэг байснаа мартаж хийж бүтээж чаддаг байснаа улам бүр больж байна! Харийн хулхи "шашинд" сохорсон аминчхан зомбинууд л их болсоор байна...

Өр гэдэг бол өөрөө бүтээгээгүй баялгийг зээлээр аваад хэрэглэчихсэн гэсэн үг юм. Өнөөгийн энэ Барууны гялгар тансаг амьдрал, дэлхий нийтийн болгож хувиргаж дөнгөсөн санхүү-эдийн засгийн хямрал мухардал бол оргүй хоосноос бий болгосон мөнгийг өөрийнхөө банкнаас “зээлээд” энэ мөнгөөрөө бусад ард түмэн, улс орнуудын бүтээсэн эд хөрөнгө нөөц баялгийг хямдхаан сольж авч хэрэглэхэд чиглэсэн “ардчилсан чөлөөтэй зах зээл”  гэгчийн үр дүн юм. Өнөөдөр хэрэв ийм цаасан мөнгө - доллараар нь хэмжвэл АНУ бараг 16 их наяд, Европ 15 их наяд өртэй байгаа?!.. 1 их наяд = 1 000 000 х 1 000 000 

Иймд либерал ардчилал гэдэг бол итгэл үнэмшил биш, ердөө л харийн реклам ухуулга сурталчилгаа, бас нийгмийн “ухаанууд”, эдийн засгийн менежмент маркетинг гэгч зохиомол “боловсрол”-оор таны тархинд, ойлголт төсөөлөл дотор чинь зориудаар бий болгосон байгаа хиймэл хоосон хөөс юм. 

Немцийн агуу их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Иоганн Гёте “Боолчлолд орсноо мэдэхгүй байгаа боолуудаас илүү боолчлол гэж байхгүй. Тэд өөрсдийгөө чөлөөт хүмүүс гэж итгэж найдаж горьдож байсан цагт тэднийг энэ боолчлолоос нь чөлөөлөх ямар ч найдвар байхгүй юм” гэж хэлсэн байдаг.

Өнөөдөр манайд төр улсыг маань иргэний нийгэм гэгчээр солих, төрийн өндөр сэнтийг маань тохиолдлын улстөрчингүүдийн гарын алчуур болгох, энгийн шударга аж байдал гэсэн ойлголтыг зах зээлийн ашиг хонжоо гэсэн ойлголтоор солих гэсэн явуулга газар сайгүй хавтгай хийгдэж байна. Энэ бол манай ард түмний, бид бүхний “улс гэр доор иргэн хүн оршихуй” гэсэн оршихуйн үндсийг маань бас эвдэн бусниулах гэсэн харийн явуулга юм. Бид 1993 онооос хувьчлал нэртэй хулгайчлалыг нь хажуугаас нь харсаар суугаад үндэстний эдийн засгийн үндэс – аж үйлдвэрүүдээ, газар тариалан, хөдөө аж ахуйгаа, эрүүл мэндийн салбараа, боловсролын түвшингээ нэг үгээр хэлбэл орон гэрээ харийн үзлээр зомбижсон этгээдүүдээр самруулсан билээ.

Өнөөдөр бид урьд өмнөхөөс илүү өөрсдөдөө “би чинь хэн билээ дээ” гэсэн асуулт тавьж өөрийгөө Монголын төр улсын, монголын нийгмийн нэг салшгүй хэсэг нь гэдгээ ойлгон ухамсарлаж мөнхийн энэ үнэт зүйлүүдээ хамгаалж улс гэрээ бодох цаг хэдийнэ болжээ.

Бид коммунизмыг онилсон боловч эх орноо сүйтгэчихээд сууж байна шүү дээ!


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-07-04 16:49
Барууны үзэл суртал хэмээх оюун санааны цунами Монгол улсыг 2 хагалж 3 хэсэг болгосон байгааг бид сонгууль 2012-оор харлаа.

Яндаж болдоггүй далай шиг... хэмээх бидний зүрх сэтгэлд хоногшсон алдарт яруу найргийг би андуураагүй бол Д.Сэнгээ гуай хэлсэн шиг санаж байна. Үүнээс бусдыг хүлээн зөвшөөрч байна.

Манай арилжааны банкуудын үйлчилгээ дэлхийн жишигт хүрч байна гэж бид хөөрцөглөдөг. Үнэн хэрэг дээрээ одоогийн байдлаар иргэдийнхээ хувийн халдашгүй мэдээллийг харийнханд алдаж байна. Уг нь Монголд бүх мэдээллээ хадгалж Монгол инженерүүд дэлхийн хакеруудаас иргэдийнхээ мэдээллийг хамгаалж байх номтой билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хайран сайхан
0 # хайран сайхан 2012-07-05 11:56
Манай Их Улс агуу байсаны нэг баталгаа нь БЭЭЖИН. Бид хэд хэдэн нийслэлтэй байсан байх шүү харин ч. Яахав дээ хүний өөрийн ялгаа юу байхав гэдэг монгол зан даа. Гэвч "хайран сайхан Даадуу минь..." гэдэг шиг л хайран сайхан Даадуу минь!
Хятад урчуудын хөлөг онгоц муухан хийгдснээс болж тайфунд дайруулсан гэдэг яриа таамаг төдийхөн л юм.
Төр улс, ард түмний оршихуйд хийсэн хамгийн том цохилт бол яахын аргагүй Монголд нэвтэрсэн шарин шашин.
Хайран сайхан Даадуу минь...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хайран сайхан...
-1 # хайран сайхан... 2012-07-05 12:13
яагаад манай хаанаар түвд богдууд болсныг бодоод олохгүй байсан чинь ЦРУ, ЗОЛОТО, ВОЙНА, ПОЛИТИКА гэдэг гарчигаар google-ээр ийм зүйл гарч ирэв. Уг нь би өөр зүйл үзэх гэж байтал гэнэт гарч ирсэн. Үүнийг уншаад гайхахаа болив.
Яагаад бид түвд нэртэй болсон, яагаад Манжийн дарлалд орсон, яагаад манай бичиг үсэг соёл түвдээр солигдсныг, яах гэж юуны тулд вэ гэдгийг асуумаар.
Оккультизм, эзотерика, парапсихология ашигласан нь мэдээж л дээ. Гэхдээ яах гэж? Юуны тулд вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг