Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөл Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюутолгойн талаар анхнаасаа баримталж ирсэн зарчим дээрээ хатуу зогсож, Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 51 хувь болгох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа ажээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа. 

-Бие даагчдын зөвлөл Оюутолгойн гэ­рээний талаар анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Харин та бүхэнтэй эв­сэж байсан зарим УИХ-ын гишүүдийн байр суурь өөрчлөгдсөнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэг­жилтийг хангах талаар нэр бүхий 20 гишүүн шаардлага тавьж байсан нь хоёр жилийн өмнөх явдал. Тэр шаардлагын утга нь Оюутолгой төслийг зогсоох, эсвэл удаашруулах тухай байгаагүй юм. Хам­гийн гол нь Оюутолгойн баялаг чинь монголын хөрсөн дор байгаа шүү дээ. Гэтэл яахаараа хөрөнгийн эзэн нь 50 ху­виас доош ашиг хүртэх ёстой юм бэ.

Бид монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, бүр 51 хувьд хүргэх ёс­­той гэсэн байр сууринаасаа ухрахгүй. Харин зарим гишүүдийн хувьд дуу нь ихээхэн суларч зарим нэг нь бүр хэлж ярьж байснаасаа эсрэг байр суурьтай болчхоод л сууж байна. Уг нь бид чинь ард түмнийхээ итгэлийг хүлээж, тэдний эрх ашгийн төлөө бүх чадлаараа зүтгэх үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ. Үнэндээ зарим хүмүүсийн үзэл бодлыг ямар эрх ашиг өөрчлөөд байгааг ойлгохгүй байгаа. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг явна гэдэг нь улстөрч хүнд байж боломгүй зан авир.


-Та бүхний байнга дурддаг УИХ-ын 57 дугаар тогтоол хэзээ батлагдсан, ямар­хуу зүйл, заалттай талаар жаахан дэл­гэрэнгүй тайлбарлахгүй юу?

-УИХ-ын 57 дугаар тогтоолыг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталсан. Энэхүү 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөх­сөний дараа төрийн эзэмшлийн хувь­цааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй” хэмээн заасан байдаг.


Гэтэл Оюутолгойн Хө­рөнгө оруулалтын гэрээг Рио Тинто эх­лэн зөрчиж анхны хөрөнгө оруулалт буюу 5.1 тэрбум ам. долларыг дур мэдэн долоон тэрбум болгон нэмэгдүүлсэн. Энэ нь монголын талын авах ашгийг санаатай хойшлуулж, цаг хожих гэсэн тун бохир арга. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрийн үеэр “Үлд­сэн 16 хувийг 30 жилийн дараа авч болно. Гэхдээ гэрээний нөхцөлийг 20 жи­лээр сунгасан тохиолдолд 16 хувиа зах зээлийн ханшаар авч болно” гэсэн заалтыг гэрээнд суулгачихсан. Монголын газрын хөрсөн дор байгаа бүх ард түмний мэдлийн баялгийг ийм хариуцлагагүй гэрээгээр гад­ныханд сул алдсан хүмүүс өнөөдөр ямар ч хариуцлага хүлээсэн юмгүй явцгааж байна.


-Рио Тинтогийнхон монголын талд тө­лөх ёстой татвараа болж өгвөл төлөх­гүй санаатай байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудаас анзаарагдаж байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?

-Ер нь Оюутолгойн Хөрөнгө оруу­ла­тын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгийн хэмжээний 10 хувийг тат­ва­раас чөлөөлж байгаа. Оюутолгой бол хаа­­на ч байхгүй давуу эрхээр татвараас чө­­­лөөлөгдсөн. Ийм хөнгөлөлтүүдийг эдэл­­сэн болохоор зардлаа өсгөж, хөрөнгө оруу­лалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Монгол Улс татвараас маш их хэм­жээний мөнгө олох байсан ч бүгдийг чөлөөлсөн нь маш муу гэрээ болсныг харуулж байгаа юм.

Оюутолгой компани өмнө нь маш их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байсан, цаашид ч гэсэн татвараас зайлсхийх яв­дал ажиглагдсаар байна. Тухайлбал, Алт­ны худалдаанд ил тод байдлыг хангах ту­хай УИХ-д өргөн баригдсан хуулийн Алтны нөөц ашигласны төлбөрийг буу­руулах тухай заалт бий. Өмнө нь алтны худалдаанд тавьсан таван хувийн рояалти төлбөрийг 2.5 хувь болгон өөрчилсөн бай­гаа. Үүнийг тайлбарлахдаа Оюутолгой компанийн алтыг оруулж ирнэ гэж тайл­барлаж байгаа. Монгол Улс өөрийн алтаа оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлнө гэдэг нь өөрсдийгөө доромжилсон хэ­рэг. Оюутолгой ирэх жил 29 тонн алт экс­портолно. Дэлхийн зах зээл нэг кг алтны үнээр буюу 50 мянган доллараар тоо­цох юм бол борлуулалтаасаа 1.5 тэрбум ам.доллар олох боломжтой.

Хэрэв одоогийн хуулиар рояалтийн татвар нь таван хувиар тооцвол 75 сая ам.доллар болно. Үүнийг одоогийн ши­нэ хуулиар тооцвол 37 сая ам.доллар болж буурна. Оюутолгойд нийтдээ 1800 тонн алт байгаа. Тэгээд алтных нь олбор­лолт жил ирэх тусам нэмэгдээд явна. Монгол­чууд үнэхээр харамсмаар их баялгаа гадны­ханд зүгээр алдах болчихоод бай­на. Гэ­тэл бид дотооддоо Урт нэртэй хуу­лийн хүрээнд 170-аадхан тонн алтны тө­лөө мөн ч их хэрэлдэж байгаа шүү дээ. Эмгэ­нэл­тэй бөгөөд инээдэмтэй байгаа биз. Мөн Оюутолгой ирэх жилээс “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээний борлуулалт хийх ёстой.

Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т зааснаар “Бүтээгдэхүүн экспорт, борлуулалтын солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хад­галах, чөлөөтэй зарцуулна” гэсэн заалт байгаа.

Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хийх бор­­луу­лалтын мөнгө бүгд гадаадад хад­галагдаж, чөлөөтэй зарцуулагдахаар бо­лоод байгаа юм. Тэгэхээр бид валютын хомсдолд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс одоогийн ТУЗ-ийн гишүүд энэ заалтад өөрчлөлт оруулах, УИХ-ын 57 дугаар тог­тоолыг хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа маш сайн хандуулж ажиллах ёстой.


-Оюутолгойн алт, тэндээс олсон аш­гийг гадаадад байршуулах нь Монгол Улсад шууд болон шууд бус ямар үр дагавартай вэ?

-Маш муу үр дагавартай. Оюутолгой­гоос орж ирэх ёстой энэ бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө монголыг тойроод явчихна гэсэн үг. Монголын бүх баялаг гадагшаа ачигдах болчихоод байгаа энэ заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой. УИХ-ын 57 дугаар тогтоолын өөрчлөлтийг одоо л маш хүчтэй тавих учиртай. Хө­рөнгөө нөхсөнөөс хойш 50-аас доошгүй хувь эзэмших байр суурин дээр хатуу зогсох хэрэгтэй. Гэрээ байгуулсан нөхдүүд ийм нэг тайлбар байнга л хийдэг.

Юу гэхээр Оюутолгой, Рио Тинто, монголын Засгийн газрын хооронд бай­гуулсан гэрээнд “Оюутолгой Монголия” компанийн 66 хувийг гадагш нь зарах болвол монголын талаас асууна гэж бай­гаа. Харин энэ 66 хувийг эзэмшиж бай­гаа “Айвенхоу майнз” буюу одоогийн “Turguoise Hill Resources” компанийн 51 хувийг хэн нэгэнд зарахад монголын талаас асуухгүй гэсэн заалт байгаа.

Өөрөөр хэлбэл Оюутолгойн нийт баялгийн 66 хувийг эзэмшиж байгаа ком­панийн 51 хувь буюу гол хувьцаа за­раг­дахад монголчууд юу ч хийж чадах­гүй хараад л сууж байх нөхцөл бүрдчихээд байна. Өөрөөр хэлбэл “Turguoise Hill Resources” компанийн 51 хувийг бидний байнга болгоомжилдог өмнөд хөршид зарагдахад бид үнэндээ юу ч хийж ча­дахгүй, ямар ч асуудалгүй болчхоод байна.

Үндсэндээ монголын газрын хөрсөн дор байгаа энэ их баялгийг гадны хэдэн нө­хөд орж ирээд тайван замаар буюу луйв­­рын гэрээгээр дээрэмдээд аваад явахад бид үнэхээр юу ч хийж чадахгүй хараад сууж байх нөхцөл бүрдчихээд байгаа. Энэ чинь одоо ер нь юу болж байна вэ.

Харин бид өөрсдийн баялаг буюу Оюутолгойнхоо 51 хувийг эзэмшдэг болчихвол хөрөнгө оруулсан нөхөд үлдсэн 49 хувийг хэнд зарах нь хамаагүй байхгүй юу. Жишээ нь Эрдэнэт монголд үүрд үлдсэн нь бид 51 хувийг нь эзэмшиж байгаатай л хол­боотой. Хэрвээ Эрдэнэтийн 51 хувь оросын талд байсан бол ах нар түүнийг зараад Эрдэнэт ч түүнийг дагаад аль нэг тийшээ алга болох байсан.


-Одоо нэгэнт байгуулчихсан гэрээний алдааг засах боломжтой гэж үү?

-Боломж үргэлж байдаг. Оюу тол­гойн гэрээний хувьд Рио Тинтогийнхон ч алдаа гаргасан л байгаа. Харин одоо тэд тэр алдаагаа засах гэж оролдож болзошгүй. Тэгэхээр бид өрсөх ёстой. Оюутолгойн ТУЗ-ийн гурван шинэ гишүүнд монгол­чууд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа.


-Хэрвээ Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол яах вэ?

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд туйлын хохи­рол­той зүйл заалтыг өөрчилж чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой.

Эх үүсвэр: Өглөөний сонин 2013-10-11 10:59:55 , Мэдээний дугаар: #1234511

Өөрчлөхгүй ээ... бас огцрох ч үгүй ... энэ бол "чөлөөт" зах зээл, "ардчилал" гэгч нь? Монголын ард түмний эрх ашгаас "эрх чөлөөтэй" тавиулуудыг ардчилагчид, цаад мөн чанар нь "хуульчилсан дээрэм тонуул"-ыг зах зээлийн эдийн засаг гэдэг болохыг бид юунд хүрч байж ойлгох юм бол ?!

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг