Дэлхийн II дайнд татагдан оролцоогүй үлдсэн улс орон гэж ховор. Энэ дайны эхлэл, өрнөлийг олон үйл явдал, байлдаан, хэрэг явдлаар тогтоож тодорхойлох нь бий. Монголын дорнод хил дээр 1939 онд болсон “Халх голын” дайн дэлхийн II дайны Ази дахь эхлэл нь болсон юм. Гэхдээ энэ дайны шийдвэрлэх хэсэг нь Зөвлөлтийн улаан арми, фашист Германы нацистуудын хооронд өрнөснийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. “Аугаа их Эх орны чөлөөлөх дайн” гэж Зөвлөлтийн талаас нэрлэж хэвшсэн энэ дайн 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхэлж 1945 оны 5 дугаар сарын 9-нд Берлинд фашизмыг голомтыг бут ниргэснээр Зөвлөлтийн Улаан арми бүрэн ялалт байгуулж дууссан билээ.

Москва дайнд орж буйгаа зарлаж байсан 1941 оны зуны хамгийн урт тэр өдөр Монголд Намын төв хорооны 32, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 40, сайд нарын зөвлөлийн 30 дугаар хуралдаануудыг нэгтгэн, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр яаравчлан хуралдлаа. Хэлэлцсэн асуудал нь дайн. Уг хурлаас гаргасан 1 тоот тогтоолд, “...Манай эрх чөлөөт тусгаар тогтносон орны бүх иргэд нь... Германы фашист нарын зүгээс урвасан хулгайн үйлсийг үзүүлсэн явдлыг туйлын жигшүүртэй үзэх ба түүний хариуд холбоот улстай эв найрамдлыг улам гүнзгийрүүлэх...”-ээр заасан нь чухамдаа дайны асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлон, улс орныг дайны байдалд шилжүүлсэн хэрэг байв.

Маргааш нь буюу 23-ны орой Улаанбаатарын төв талбайд хөдөлмөрчин олны цуглаан боллоо. Энд үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагчид, цэргийнхэн болон Зөвлөлтийн мэргэжилтнүүд, ард иргэд хурав. Өмнөх өдөр нь төр засгийн удирдах түвшинд тодорхойлсон байр сууриа Засгийн газар илэрхийлж, Зөвлөлт Холбоот Улс дайнд ялах нь Монголын зорилго болохыг илтгэсэн байна. Ард иргэд ч төр, засгийнхаа байр суурийг талархан дэмжиж, “...чухал шаардлагатай бол өөрийн цус ба амь биеэ үл хайрлах...”-ыг илэрхийлсний дээр “...хүн нэг бүр хөдөлмөрийн хүчийг ихээр дайчилж, улс ардын аж ахуйн төлөвлөгөө ба улс орныг батлан хамгаалах, аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх үүргүүдийг хангахад бүгд бэлхэн...” болохоо батлан илтгэцгээсэн байдаг. Ингээд Зөвлөлтийн армид бүх чадлаараа тусалж дэмжих, байдаг хөрөнгөө хурааж цуглуулан, ах нартаа бэлэглэх их үйл хэрэг эхэлжээ. Үүний эрч хүчийг хожмоо Бэлэглэлийн төв комисс илтгэлдээ, “...Зөвлөлтийн фронтод бэлэглэх зүйлүүдийг бэлтгэх ба хөрөнгийг цуглуулах явдалд өргөн хөдөлгөөн газар бүр оргилон гарч ирсэн...” гэснээр илэрхийлэн бичсэн нь бий.

Тэр үеийн “Үнэн” сонинуудыг эргүүлэн үзэхэд дугаар бүр нь “Бүхнийг улаан армид, бүхнийг фашизмыг ялахын төлөө” гэсэн уриатай гарчээ. Үйлдвэрлэлийг цэрэг дайны бүтээгдэхүүн хийх горимд шилжүүлж, агт морьд, алт мөнгө, хүнс мах, хувцас хэрэглэл, арьс нэхий гэхчлэнг ихээр бэлтгэн фронтод хүргэх аян өрнөсөн нь сонины хуудаснаа тодоос тод үлдсэн байна. Хүүхэд залуучууд, ард иргэдийн оюун санааг фашизмыг жигшин зэвүүцэх, Гитлерийг үзэн ядах, баатарлаг улаан армийн гавьяат үйлсийг бахдах, Сталиныг алдаршуулахад чиглүүлж байжээ. Монголчууд нийтээрээ, улсаараа “бүсээ чангалав”. Өөрсдөд нь эдлэх эдлэл, идэж уух хүнс хоол ховор хомс болов. Гэвч хэний ч гэдэс өлсөөгүй юм. Харин ч өөрийнхөө хоолыг орос ах нартаа бүрэн зориулахдаа сэтгэл ханамжтай байсан юм. Үзэл санаа хийгээд сэтгэлээр цатгалан хомсдол болж байсан хэрэг. 

“Хувьсгалт Монгол” танкийн бригад дахь өөрийн нэрэмжит танкийг маршал Х.Чойбалсан үзэж байгаа нь. Монголын Засгийн газрын төлөөлөгчид Москва мужийн Нора-Фоминск өртөөнд 1943 оны нэгдүгээр сарын 12-нд хүрэлцэн ирж “Хувьсгалт Монгол”-ыг Зөвлөлтийн дайчдад хүлээлгэн өгсөн юм. Тус бригадын танк бүр “Сайд нарын зөвлөлөөс”, “Хувьсгалт чекистээс”, “Говь-Алтай аймгаас”, “Хөвсгөлийн ард түмнээс” гэх мэт нэртэй байжээ.

Ард түмний бэлгийг хүлээн авах, хүргүүлэх үүрэг бүхий Засгийн газрын комисс 9 дүгээр сард байгуулагджээ. Тус комисс дайны жилүүдэд хэд хэдэн удаа фронтод бэлэг хүргэж өгсөн юм. Зарим баримтаар дөрвөн удаа, заримд нь таван удаа хүргэсэн гэсэн зөрүүтэй тоо байна. 1941-1944 оны эхний хагас жилийн хугацаанд дөрвөн удаагийн бэлэг хүргэлт явагдсан бөгөөд дараа нь Бэлэглэлийн төв комисс тогтоол гарган аймгуудад буй бэлгийн зүйлсийн үлдэгдлийг даруй цуглуулан ирүүлэхийг үүрэгдэж байснаас үзвэл тав дахь хүргэлт болсон байх магадлал бий. Бэлгийн хэмжээг ч эдүгээ зөрүүтэй мэдээлдэг. Дээрх комисс 1944 оны дөрөвдүгээр сард СнЗ-д тавьсан илтгэлдээ, “...Дайн үүссэнээс эдүгээ хүртэл танкийн цуваа байгуулах ба дөрвөн удаагийн 8 эшелон бэлэглэлүүдэд цугларсан бүх хөрөнгө бэлэн мөнгөөр 24 895 311 төгрөг 58 мөнгө болсон...” гэжээ. Багцаагаар нийт кампанит ажлаар 980 вагон хүнсний зүйл, мах, эсгий эдлэл, нэхий дээл зэрэг хувцас хэрэгсэл бэлэглэсэн нь тухайн үеийн ханшаар 78 сая рублийн үнэ хүрэхүйц юм.

Бэлгийн эд зүйлс цуглуулах, хүлээн авах, фронтод хүргэж өгөх үүрэгтэй төв комиссыг 1941 оны 9 дүгээр сард байгуулах хүртэл Монголын нам, төрийн удирдагчид өөрсдөө энэ ажлыг гардан зохион байгуулж байв. Зураг дээр зүүн гар талаас, Улсын Бага хурлын дарга Г.Бумцэнд, МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нар

Хамгийн тодорхой мэдээлэгдэж үлдсэн бэлэг бол 1942 оны арван нэгдүгээр сард явуулсан хоёр дахь удаагийн хүргэлт. Энэ онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ой тохиосон юм. Зөвхөн энэ удаа л гэхэд 236 вагоноос бүрдсэн галт тэрэгний дөрвөн цуваа бэлэг аваачжээ. Фронтод бэлэг илгээх явдлыг үзэл суртлын томоохон арга хэмжээ болгож өрнүүлсний дотор энэ үйл хэрэгт гарамгайлан оролцсон хүмүүсийг ард түмний төлөөлөл болгон бэлэг хүргэж өгөх комиссын бүрэлдэхүүнд оролцуулж байсан юм. Өнөө ч сэрүүн тунгалаг, ануухан аж төрж буй С.Цэгмэд гуай тэр үед 18-тай байхдаа монголчуудын чин сэтгэлийн бэлгийг фронтод хүргэлцэж байжээ. Энэ бол асар их нэр хүндтэй үүрэг хариуцлага байсныг ойлгоход түвэггүй. Түүний “Дундговь аймгийн хөдөлмөрчдөөс” гэсэн бичигтэй байлдааны машинд ачсан нутаг усныхныхаа бэлгийг залуухан орос байлдагч Волковт гардуулан өгч байгаа зураг тэр даруйдаа Зөвлөлтийн хэвлэлүүдэд нийтлэгдэн, найрамдалт Монголын ард түмний халуун сэтгэлийн илчээр дайны хүнд бэрхийг туулж буй оросуудын урам зоригийг нэмж байв. Хожим энэ зураг Зөвлөлтийн дунд сургуулиудад үздэг түүхийн сурах бичигт хэвлэгдэж байжээ.

Монголчуудын бэлгийн дотор “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригад, “Монгол ард улс” нисэх эскадриль хүндтэй байр эзэлдэг. Эдгээр хүчнүүд Монгол Улсын нэрийн өмнөөс фронтод байлдахдаа монголчуудын бэлгийн хөрөнгөөр бүрэн санхүүжсэн юм. Өмнө дурдсан илтгэлд, “...танкийн цуваа байгуулах явдалд зориулж бие төгрөг 2 500 000, дүрмийн үнээр 1 160 425 төгрөгийн 300 килограмм алт, алтан доллар 90 000, нисэх эскадрилийн зардалд бэлэглэлийн хөрөнгөнөөс 2 000 000, 1941 дүгээр онд биеэр төгрөг 587 000-ыг бэлэглэлийн хөрөнгөнөөс тус тус явуулсан...”-ыг тодорхойлсон байна. Хүчнүүдийн бие бүрэлдэхүүний хувцас, зэвсэг, галт хэрэгсэл, хүнс, цалин гээд бүх зардал Монголоос гарсан хэрэг. Танкийн бригад болон нисэх эскадрилийн тулалдаанууд, байгуулсан гавьяа, байлдагчдийн эрэлхэг зориг, байлдаанд оролцсон байдлыг алдаршуулан сурталчилсан өгүүлэл, нийтлэлүүд Зөвлөлтийн болон Монголын хэвлэлүүдэд ч гарч байсан юм. Түүнчлэн бэлэг хүргэх комиссын төлөөлөгчид эх орныхоо нэрийн өмнөөс байлдаж байгаа “Хувьсгалт Монгол”, ”Монгол ард улс”-ын дайчидтай очих болгондоо уулзаж байсан нь фото зургийн хальс, сонин хэвлэлийн хуудаснаа цөөнгүй үлдсэн юм.

Зураг дээр : Фронтод бэлэг хүргэж өгч буй Монголын төлөөлөгчид

Монголчуудын бэлгийн гол зүйлсийн нэг нь морьд байв. “Их бэлэглэлийн” хүрээнд 45 мянган агт морь өгчээ. Монгол морьд тэсвэр шандсаараа орос хүмүүсийн гайхаш, бишрэлийг татаж, амьтан байтугай танк ч туулахад бэрх намаг шавар, цасан хунгар, уул давааг гатлан зүтгэж, гал утаа, суман шуурга сөрснийг дайны тухай түүхийн бичвэрүүдэд зүй ёсоор тэмдэглэн үлдээсэн нь олонтаа. Өвс тэжээлийн тухай бодож ч завддаггүй байсан дайны жилүүдэд бэлчээрийн монгол адуу хахир хүйтэн Оросын өвөл цагт тохой зузаан цасан хунгарыг туурайгаараа малтан, доороос нь өвс олж идэж байсан нь жүчээний адуунаас эрс ялгаатай байлаа. Тиймдээ ч тэнхээ чадлаа хадгалан, Москвагаас Берлин хүртэлх урт замд улаан армийнхныг явгалаагүй гэлцдэг. Монгол морьдын хүч чадал, самбаагаар амьд үлдсэн Зөвлөлтийн дайчид хожмын дурсамжуудаасаа монгол морьдыг орхигдуулаагүй юм. Буриад гаралтай Зөвлөлтийн байлдагч Ц.Дондуков монгол морины тухай өгүүлсэн баримтат найраглалдаа хожим, дайсны чимээг алсаас чагнан мэдэж эзнийхээ амийг аварсан тухай сэтгэл уярам бичсэн нь бий.

“Хорьдугаар зууны бүх төмрөөр буудсан” хэмээн Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны өгүүлсэн энэ дайнд монголчууд анхнаас нь зүрх сэтгэлээрээ оролцсоныг түүх гэрчилнэ. Магадгүй, Сталины хувьд ямар ч нэхэл дагалгүй цорын ганц эдийн засгийн холбоотон нь Монгол байсан ч байж мэдэх юм. Сүүлийн жилүүдэд тодорхой болж байгаа дайны үеийн нууц материалуудад дурдаж байгаагаар, бараг 1941 оны төгсгөл гэхэд Зөвлөлтийнхөн эдийн засгийн бүх чадавхаа барсан байж мэдэх юм. Уинстон Чөрчиллийн Москвад айлчилсан, Зөвлөлт, Атлантынхны холбоотныг үүсгэсэн болон АНУ-ыг энэ холбоотны бүрэлдэхүүнд татан оролцуулсан үйл явдлууд цаг хугацааны хувьд давхардаж таардаг. Холбоотнууд чухам ямар алсын бодолтойгоор дайнд оролцсоныг өнөөдөр түүхчид янз бүрээр тайлбарлаж байгаа.


Жич товч тайлбар (bolor.info): Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.

1. Чехословакийн бүх аж үйлдвэрүүд фашист Германы талд ажиллаж байсан бөгөөд ганц "Шкода" үйлдвэр гэхэд л ЗХУлстай дайн эхлэхийн өмнөх 1940 онд бүх Английн бүтэн жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний машин, буу, сум зэвсгийн хэрэглэлүүд үйлдвэрлэж өгсөн байсан юм. Мөн фашист Германы армиудыг Дани улс хүнсээр, Франц улс машинуудаар, Румын улс газрын тосоор хангаж байсан нь түүхэн бодит баримт юм.

2. Эх орны дайн эхэлсэн 1941 оноос Финлянд, Румын, Венгерийн 29 дивиз, 16 корпус дайчид арай хожим Словак, Чехийн Богеми Морави, Хорват, Албани, Голланд, Дани, Норвеги, Францын легион, Италийн экспедицийн армиуд, сайн дурынхан фашист Германы талд орж ЗХУлсын эсрэг байлдаж байсан нь бас түүхэн бодит баримт билээ. Энэ "ардчилсан" улсуудын армиуд, сайн дурынхан фашист Германы нийт 5,9 сая цэрэгтэй нийт армийн 26-30%-ийг нь бүрдүүлж байжээ. Харин энэ бүх дайнч-тонуулчдын эсрэг 2,9 сая цэрэгтэй Улаан арми Эх орноо Гэр бүлээ Итгэл үнэмшлээ хамгаалан сөрөн зогсож байсан юм.

3. Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "өвөрмөц" тоглоомоо тоглож байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг Сталин удаа дараа хүсэлт тавихад У.Черчилл эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн ч татгалзсан хариу өгсөн бөгөөд тэрбээр ингэж бичиж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ хядаж байг". Дайны дараа ч тэд ийм хоёр нүүртэй бодлогоо үргэлжлүүлэн явуулж байсан билээ.

4.Зөвлөлтийн ард түмэн (бас цорын ганц үнэнч холбоотон нь байсан БНМАУлсын ард түмэн), Улаан арми дэлхийн II Дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч ялалтанд шийдвэрлэх хувь нэмрийг оруулж Агуу Ялалт байгуулсныг тэр үеийн бүх том улс гүрнүүд, улстөрийн зүтгэлтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм. Жишээлбэл, Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл Сталинд хандаж бичихдээ: "Би маргааш Британийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ энэ тохиолдлыг ашиглан урьд өмнө нь хэлж байснаа давтан - чухамдаа Оросын арми л Германы энэ Дайны машины гэдсийг нь цувуулж орхисон юм гэдгээ дахин хэлэх болно оо" гэж байжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт : "Оросын армиуд үлдсэн бүх 25 нэгдсэн үндэстний улсуудаас ч илүү дайсны цэрэг, зэвсэг техникийг устгаж байгаа энэ илэрхий бодит фактаас зугтах хэцүү юм" гэж бичиж байсан байна. Гэвч энэ хүнд дайнд ЗХУ ялалт байгуулсны дараа саяхан холбоотон байсан Англи (У.Черчилл), АНУ (Г.Трумэн) нар өвөрмөц тоглоомоо үргэлжлүүлж гэнэтхэн ЗХУлс, социалист блокийн улс орнуудад эхлэн "Хүйтэн дайн" зарлаж "Төмөр хөшгөө" буулгасан билээ... Хожим бүүр 1972 оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ " ... Бид бүхэн Орост дахин хэзээ ч тийм Александр Матросовууд, тийм Зоя Космодемьянскууд шиг хүмүүс гарч ирэхгүй байлгахын төлөө бүх зүйлийг хийх ёстой байна..." гэж хэлсэн байдаг!?? Ийнхүү тулааны талбар дээр биш харин 1919 онд тэд Хүйтэн дайнд - үзэл суртал ухуулга, тархины угаалгын дайнд тэнд ялсан билээ...гэхдээ түр хугацаагаар!!!


Яг тэр үед БНМАУ-ын 25 дугаар бага хурал хуралдаж “Германы фашистуудаас Зөвлөлтийн эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр газар бүхэнд өдүүлсэн дээрэм тонуул ба ард түмнийг яргалж алах талах зэрэг араатан ёсны үзэшгүй муухай явдлуудыг үйлдэж буй хийгээд ард түмнийг үгүйрүүлэн хоосруулж буй тухай” Зөвлөлтийн Гадаад явдлын яамнаас ирүүлсэн ноот бичгийг хэлэлцжээ. Чингээд “Зөвлөлтийн улаан армид үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх тухай” тогтоол гаргаж, фронтод явуулах бэлгийн зүйлсийг хандивлах, цуглуулах үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлсэн юм.

Хамгийн гол нь Монголын ард түмний үзүүлсэн тусламж их багын алин байлаа ч гагцхүү чин үнэн, эргэлт буцалтгүй, ашиг хонжоо хийгээд хариу нэхээгүй тусламж байсан юм. Зөвхөн бэлгээр ч биш, сэтгэлийн дэм, үзэл санаа, урам зоригийн халуун илчээрээ тусалж байлаа. Дайн монголчуудын элэг зүрхэнд нэгэн адил болж өнгөрсөн юм. Зөвлөлт Холбоот Улс руу фашистууд халдсаныг монголчууд эх орон руугаа халдсантай адил, Оросын ард түмнийг алан хядаж, яргалан талсныг өөрсдийг нь тийн зэрлэгээр тарчилгасан мэт хүлээн авсан юм. Энэ бол монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнол, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах зорилготой бас бидний дайн байсан юм. Тийм ч учраас энэ дайн үнэхээр АРИУН ДАЙН байлаа.

Социализм, фашизм ч юм уу, нийгэм журам, империализмдаа гол нь биш, монголчуудын хувьд зүгээр л хүмүүс хүмүүсийнхээ төлөө шаналан зовсон, тийм ариун дайн байсан юм.

Ч. Энхболдбаатар

Одоо ардчилсан "либералчид" түүхийг гөрдөж хоёр хөршийг "мангасжуулж" байгаа.... Ард түмний Түүхийг гуйвуулан гүтгэх бол хамгийн хүнд бузар гэмт хэрэг юм !


 

Сэтгэгдлүүд  

12
0 # 12 2013-06-16 12:45
оросууд үүнийг таг мартсан ш дээ хө
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Төгөө
0 # Төгөө 2013-06-16 14:18
Quoting 12:
оросууд үүнийг таг мартсан ш дээ хө
Эндээс харвал та ямар ч хэл усгүй, ямар ч мэдээлэлгүй, ТВ үзэж тархиа угаалгуулдаг тэгээд өөрт санагдаж байгаагаараа бурах "эрх чөлөөтэй" болсон нэгэн бололтой... Олон олон зүйл таны "бодож" байгаагаас яг эсрэгээрээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг