“Түүх хэнийг ч өөрөөс нь сургамж авч, суралцаж байхыг гуйж араас нь хөөцөлддөггүй юм аа, зүгээр л тэгж чадаагүй хэн бүхнийг өршөөлгүй шийтгэж байдаг юм” гэсэн мэргэн үг байдаг билээ. Өмнөх түүхээ ололт амжилтууд бүртэй нь бүрэн үгүйсгэн нулимж хаячхаад, бүгдийг эхнээс нь цоо шинээр эхэлнэ гэж мугуйдлан зүтгэсэн ард түмэнд цаашдын ололт амжилт, хөгжил цэцэглэлтэд хүрэх ямар ч боломж үгүй гэдгийг бид хүн төрөлхтний түүхээс биш юм аа гэхэд өөрсдийн сүүлийн 30 гаран жилийн түүхээс бэлхнээ харж болохоор байна.
Гагцхүү өнгөрсөн түүхээ үнэн бодитоор нь ойлгож ухаарч, алдаа бүрээс нь сургамж авч, тэр бүгдийг дахин давтахгүй байхыг хичээж, хэрэгтэй туршлага, ололт амжилт бүрийг нь өнөөдрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж чадах эсэхээс л бидний сүүлийн 30 гаран жилийн энэ хямрал мухардлуудаасаа гарч чадах эсэх нь шууд хамаарах юм.
Үргэлжлэлийг энэхүү нийтлэлийн ГАРЧИГ дээр дарж орж уншина уу.
Түүх гүтгэлэг. 1990 онд ЗХУ болон БНМАУ-ыг урвагчдаар нь дамжуулан дотроос нь нураасны дараа төрийн эрхэнд гарч ирсэн барууны гар хөл либерал үзэл сурталчид чухам яагаад хамгийн түрүүнд, мөн хамгийн их хүч хөрөнгө гаргаж XX зууны түүхийг маань тэгж ичгүүргүй гүтгэн гүжирдэх болов оо? Яагаад тэд одоо – 30 жилийн дараа ч өмнөх нийгмийн ололт амжилтуудыг бүүр ч ихээр улайран үгүйсгэж, гүтгэн харлуулсаар байна вэ? Учир нь бидний 32 жилийн өмнө орсон “Ардчилал” нэрээр халхалсан неоколоничлолын дэглэмээс гарах ГАРЦ нь зөвхөн бидний өнгөрсөн түүхэнд, тэр тусмаа ХХ зууны манай өвөө эмээ, аав ээж нарын явуулсан тэмцэл, ялалт бас ялагдал, ололт амжилтууд, бас алдаа эндэгдэл бүхэнд нуугдаж байгаа учраас тэр юм аа. Яагаад гэвэл сүүлийн 30 гаран жил ээлжлэн төр барьж Монгол улсыг сүйрлийн гүн хар ангал руу чирч гулдачсаар ирсэн тэр цөөнх бүлэглэлд болон тэдний жинхэнэ цаад эздэд нь олонхын эрх ашигт үйлчилдэг жинхэнэ ард түмний засаглал огтхон ч хэрэггүй учраас ХХ зуунд манайд тогтож байсан яг ийм нийгэм, эдийн засгийн тогтолцоог ингэж үхэн хатан үгүйсгэсээр байгаа юм.
“Түүх хэнийг ч өөрөөс нь сургамж авч, суралцаж байхыг гуйж араас нь хөөцөлддөггүй юм аа, зүгээр л тэгж чадаагүй хэн бүхнийг өршөөлгүй шийтгэж байдаг юм” гэсэн мэргэн үг байдаг билээ. Өмнөх түүхээ ололт амжилтууд бүртэй нь бүрэн үгүйсгэн нулимж хаячхаад, бүгдийг эхнээс нь цоо шинээр эхэлнэ гэж мугуйдлан зүтгэсэн ард түмэнд цаашдын ололт амжилт, хөгжил цэцэглэлтэд хүрэх ямар ч боломж үгүй гэдгийг бид хүн төрөлхтний түүхээс биш юм аа гэхэд өөрсдийн сүүлийн 30 гаран жилийн түүхээс бэлхнээ харж болохоор байна.
“Нэг голын усанд хоёр ордоггүй” гэж 2000 жилийн өмнө эртний грекүүд хэлж сургаж үлдээсэн байдаг. Үнэхээр нэгэнт өнгөрсөн түүхийг дахин давтах боломжгүй. БНМАУ-ыг тэр чигээр нь, тэр үеийн нийгэм эдийн засгийн тогтолцоотой нь, үзэл суртлын суурь үндэстэй нь эргүүлэн авчрах боломжгүй, бас шаардлага ч байхгүй. Учир нь ХХ зуунд тогтсон тэр систем бол тухайн цаг үеийн манай улсын дотоодод болон дэлхий дахинд үүсэн бүрэлдээд байсан бодит нөхцөл байдлууд, үйл явдлуудаас урган гарсан логикоор байгуулагдсан систем байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал олон талаараа тэр үеийнхээс өөр, тиймээс бидэнд өнөөдрийн бодит байдлын логикоос урган гарсан, гэхдээ зөвхөн манай ард түмний олонхын эрх ашгийн төлөө үйлчилдэг тийм тогтолцоо хэрэгтэй байна. Үүнийг шинээр байгуулахын тулд манай ард түмний өнгөрсөн түүх – алдаа, оноо, ялалт, ялагдлуудын бодит туршлагууд биднийг зөв зүгт чиглүүлэх “алтан гадас” од нь байх ёстой юм.
Гагцхүү өнгөрсөн түүхээ үнэн бодитоор нь ойлгож ухаарч, алдаа бүрээс нь сургамж авч, тэр бүгдийг дахин давтахгүй байхыг хичээж, хэрэгтэй туршлага, ололт амжилт бүрийг нь өнөөдрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж чадах эсэхээс л бидний сүүлийн 30 гаран жилийн энэ хямрал мухардлуудаасаа гарч чадах эсэх нь шууд хамаарах юм.
Сүүлийн 30 гаран жилийн үйл явдлуудаас харахад манай улсын түүхийг гүтгэхдээ эхлээд ЗХУ-ын тухайн цаг үеийн бодит байдлуудыг мужгин гүтгээд дараа нь түүн дээрээ суурилан, эсвэл яг түүнийгээ манай улсад шууд проекцлон буулгах башир аргыг олон давтан хэрэглэсэн нь харагддаг. Тиймээс олон тохиолдолд манай түүхийг гүтгэсэн гүтгэлгийг няцаахын тулд ЗХУ-ын түүхийг гүтгэсэн төстэй хувилбар – аналогийг нь эхлээд няцаах хэрэг гардаг юм. Ийм учир шалтгаанаар энэ удаагийн нийтлэлдээ ЗХУ-ын түүхийг гүтгэн гүжирддэг хамгийн “түгээмэл” сэдэв болох “Сталины аж үйлдвэржилт”-ийн эргэн тойрон дох зарим асуудлыг сөхөж, түүнтэй холбоотой гүтгэлэг гүжирдлэгүүдийг нь няцаах болно.
Либерал үзэл сурталчдын хамгийн түрүүнд өлгөж авдаг сэдэв бол Зөвлөлтийн аж үйлдвэржилтийн түүх байдаг. 1929-1955 (дайны он жилүүдийг хасаад) онд буюу И.Сталины удирдлага дор ЗХУ дэлхийн түүхэнд өмнө байгаагүй өндөр темпээр улс орондоо аж үйлдвэржилтийг бараг тэг цэгээс эхлэн өрнүүлсэн бөгөөд Япон, Солонгос, Сингапурын “эдийн засгийн гайхамшиг” хэмээгддэг үйл явдлуудтай дүйцэхүйц, зарим талаар илүү гарах эдийн засгийн асар өндөр өсөлт хөгжлийг бий болгож чадсан байдаг.
Өнгөрсөн зууны түүхэнд 10 буюу түүнээс дээш хувийн эдийн засгийн өсөлт 20 буюу түүнээс дээш жил үргэлжилсэн нийт 4 тохиолдол(улс) байдаг бөгөөд өнөөдрийн барууны үзэл суртлын машин зөвхөн гурвынх нь тухай ам уралдан магтацгаах боловч нэгийнх нь тухай буюу – Зөвлөлтийн эдийн засгийн гайхамшгийг харин биднээс үргэлж нуун далдалсаар ирсэн билээ:
Зөвлөлтийн эдийн засгийн гайхамшгийн бусад улсуудынхаас ялгарах онцлогууд нь:
- Дайны дараах сүйрлийн нөхцөлөөс эхлээгүй (Дайны дараах сэргээн босголтын үед эдийн засаг маш доод түвшнээс эхлэн хөгжиж эхэлдэг тул тодорхой хугацаанд маш хурдтай өсөлт бий болдог. Гэтэл ЗХУ-ын эдийн засаг 1929 онд Дэлхийн I дайны өмнөх эдийн засгийн түвшиндээ аль хэдийнээ хүрсэн байсан)
- Эдийн засгийн өсөлт нь гадаад өрийн өсөлтгүйгээр явсан буюу зөвхөн өөрийн улсын дотоод нөөц бололцоогоор хөгжсөн (Тухайн үед барууны орнууд ЗХУ-д зээл олгохоос бүрэн татгалзсан байсан бол, харин бусад улсуудын хувьд эдийн засгийн өсөлт нь гадаад өрийн өсөлттэй нь зэрэг явагдсан байдаг)
- Дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт цус асгаруулсан дайны цаг үетэй давхацсан хэдий ч темпээ алдалгүй үргэлжилсээр байсан (Зөвлөлтийнхөөс бусад тохиолдлуудад эдийн засгийн эдгээр огцом өсөлтүүд дайны дараах энхийн цагт үргэлжилж байсан)
- Эдийн засгийн асар хүчтэй хориг – хавчлага дор өрнөсөн ( Бусад улсуудын хувьд эдийн засгийн тун таатай нөхцөлд гаднын капиталын асар их урсгалын хүчээр эдийн засгийн өсөлт нь явагдаж байсан бол, ЗХУ-ын хувьд 1929 онд анхны 5 жилийн төлөвлөгөөг баталж аж үйлдвэржилт эхлэх тэр мөчөөс эхлэн АНУлсууд, Их Британи тэргүүтэй барууны улс орнууд ЗХУ-д эдийн засгийн дайн зарласан бөгөөд ЗХУ-д зээл олгох, бараа бүтээгдэхүүн импортлох, мөн өөрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглосон байсан юм)
- Дэлхийн бусад улсуудын эдийн засгийн өсөлтийн темпээс эсрэг зүгт явсан (Зөвлөлтийн эдийн засгийн энэ асар хурдтай өсөлт хөгжил барууны эдийн засгийн түүхэн дэх хамгийн аймшигт уналт – Агуу Хямралын үетэй яг давхацдаг (1929-1940))
Ийм онцгой содон, бас асар хүнд бэрх нөхцөл байдалд энэхүү түүхэн гайхамшигт амжилтанд хүрэхийн тулд Зөвлөлтийн ард түмэн асар их хөлс хүч, тэвчээр хатуужил бас “золиос” гаргаж, нэгэн үе нь тэр чигээрээ өөрийн бүх боломж чадавхыг улс орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө зориулахад хүрсэн бөгөөд энэ ч үүднээс аж үйлдвэржилт маш шахуу хугацаанд, маш “хатуу гараар” явагдсан билээ. Чухам энэ онцлогийг нь либерал үзэл сурталчид өлгөж авч Сталин тэргүүтэй коммунистууд өөрийн ард түмнийг боолчлон мөлжсөн, тэдний энэ эдийн засгийн гайхамшиг эгэл жирийн хүмүүсээр төлөгдсөн хэмээн гүтгэдэг билээ. Бүүр “Сталин бол Гитлерээс ч долоон доор, учир нь Гитлер бол бусад ард түмнийг эзлэн түрэмгийлсэн бол Сталин өөрийн ард түмэн дээр ийм бодлого явуулсан” хэмээн ичгүүргүй мэлзэцгээдэг.
Эхнээс нь бодоод үзье. Аравхан жилийн дотор ЗХУ Европын хамгийн хүчирхэг, дэлхийд АНУлсуудын дараа 2-т орох хүчирхэг эдийн засагтай болсон байв (үүнээс өмнө Герман, Франц, Их Британий ард бичигдэж байсан). Улмаар энэ амжилтынхаа ачаар л Дэлхийн II дайнд ялалт байгуулж Гитлерийн фашист Германаас хүн төрөлхтнийг аварсан билээ. Аугаа эх орны дайны жилүүдэд энэ дайны хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч 26 сая хүнээ алдаж, нийт эдийн засгийнхаа гуравны нэгийг устгуулсан ч тэсэж үлдээд барахгүй 1947 он гэхэд аж үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээрээ дайны өмнөх түвшиндээ аль хэдийнээ хүрсэн байв. Гэтэл Дэлхийн II дайнд ердөө 800 мянган хүнээ алдсан Их Британийн эдийн засаг 1954 онд л дайны өмнөх түвшиндээ буцаж очсон байдаг. Чухамдаа ЗХУ-ын үүрсэн шиг тийм их хэмжээний гарз хохирлуудыг тухайн цагийн өөр ямар ч улсын эдийн засаг тэсэж гарах боломжгүй байсныг түүхчид, эдийн засагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрцгөөдөг юм. Чухам энэ аймшигт гарз хохирлуудыг давж гарч чадсан хамгийн гол үндэс нь дайны өмнөх жилүүдэд эдийн засгаа асар богино хугацаанд хэнээс ч хамааралгүйгээр хөгжүүлэн аж үйлдвэржүүлж, асар бат бөх суурьтай болж чадсан байсанд оршиж байв.
Хэрэв үнэхээр Сталин тэргүүтэй коммунистууд ард түмнээ боолчлон мөлжиж дарласаар байсан юм бол яагаад энэ аймшигт дайнд Улаан армийн цэргүүд “Эх орныхоо төлөө, нөхөр Сталины төлөө” хэмээн уухай хашгиран тулалдаж байсан хэрэг вэ?
Асуудал нэгт, аж үйлдвэржилтийн үеийн “хохирогчдын” статистик тоо баримтуудыг зориуд өсгөж бичдэгт байгаа юм. Үндсэндээ эдгээр үзэл сурталчдын хэн нь ч архивын бодит судалгаанд үндэслээгүй байдаг бөгөөд, ийм гүтгэлгүүд нь хэн нэгний амнаас ам дамжсан (жишээ нь Сольженицын) яриа, зохиомол үлгэрүүдээс л эх үндэстэй байдаг. Хэдийгээр одоо Оросын болон барууны түүхчдийн архивын материалуудад суурилсан судалгаанууд тодорхой хэмжээнд хэвлэгдсээр байгаа боловч либерал “чөлөөт хэвлэл” тэр бүхнийг нийгмийн хэлэлцүүлэгт оруулахгүй бойкотолсоор л байна. Тэрхүү судалгаануудад либерал үзэл сурталчдын ярьж бас бичдэгээс хэд дахин цөөн тоонууд дурдагддаг бөгөөд үйл явц бидний төсөөлдөгөөс асар өөр чиг шугамаар, маш олон нарийн шалтгаануудын огтлолцолд болж өрнөсөн нь харагддаг.
Энэхүү нийтлэлээ би энэ бүх гүжир гүтгэлгүүдийн нэг салаа мөчрийг няцаах зорилгоор “Чухам яагаад ийм богино хугацаанд ийм хатуу гараар аж үйлдвэржилтийг явуулсан юм бэ? Ямар ямар зайлшгүй нөхцөлүүд байсан бэ?” гэдэг гол тулгуур асуултанд хариулахад зориулж байна.
1931 оны 2-р сард И.Сталин Зөвлөлтийн ард түмэнд хандаж “Бид аж үйлдвэржсэн орнуудаас 50-100 жилээр хоцорч байна. Бидэнд энэ хоцрогдлоо гүйцэхэд 10 жилийн хугацаа л байна. Хэрэв амжихгүй аваас биднийг сүйрэл мөхөл л хүлээж байгаа” гэж хэлж байжээ.
Үнэхээр яг 10 жилийн дараа 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д халдан довтолсноор Аугаа эх орны дайн эхэлсэн билээ.
Сталин яагаад ингэж дүгнэх болов? Чухам яаж үйл явцыг 10 жилээр түрүүлэн олж харж чадаж байв? Ийм дүгнэлтэнд хүргэх ямар ямар бодит түүхэн нөхцөлүүд тухайн үед бүрдээд байв? Энэ тухай тайлбарлая.
Үндсэндээ Дэлхийн I дайны дараа ялагч улсууд Герман улстай хийсэн 1919 оны Версалийн энх тайвны гэрээг тухайн үеийн Европын дипломатчид болон цэргийн мэргэжилтнүүд “Энэ бол энх тайвны гэрээ огтоос биш ээ! Энэ бол түр зуурын гал зогсоох гэрээ. Хамгийн чухал нь энэ гэрээ ирээдүйн бүүр ч илүү аймшигтай дайны үндсийг тавьж буй гэрээ юм” гэсэн дүгнэлтүүдийг хэлж бичин сануулж байсан байна. Яагаад?
Нэгт, энэ гэрээ бол Дэлхийн I дайны өмнө дэлхийн хоёрдох том эдийн засаг байсан хүчирхэг эзэнт гүрнийг увайгүй дээрэмдэх дээрмийн гэрээ байжээ. Гэрээ ёсоор, ялагч тал болох Антантын улсуудад буюу Их Британи болон Франц улсуудад дайны хохирлын нөхөн төлбөрт 269 сая алтан маркийг төлөх үүргийг Герман улсад хүлээлгэсэн байна. 1913 оны тоон үзүүлэлтээр Германы бүх ард иргэдийн нийт орлого 45-50 сая алтан марктай тэнцэж байжээ. Энэ нь Германы ард түмэн бүтэн 5 жилийн турш юу ч хэрэглэхгүй - идэж уухгүй, өмсөж зүүхгүйгээр зүтгэж байж энэ өрийг барагдуулна гэсэн үг. Мэдээж энэ боломжгүй, нэн ялангуяа дайны өмнөх байдлаас Германы эдийн засаг сүйрлийн ирмэгт хүртлээ унасан байсныг тооцвол шүү дээ! Ийм ч учраас 1919 оны 5-р сарын 8-ны өдөр уг гэрээг талууд үзэглэсний дараа Германы ерөнхийлөгч Фридрих Эберт “Энэ нөхөн төлбөр бол Германы ард түмэн ямар ч их хүчин чармайлт гаргаад төлж барахааргүй тийм тоо юм” гээд цааш нь “Тийм учраас ирээдүйд Европт маш том, асар их цус асгаруулсан дайн болох нь тодорхой” хэмээн мэдэгдэж байжээ.
Үүнээс гадна дайны дараах улс орнуудын газар нутаг, хүн ам зүйн хуваарилалт эдгээр улсуудыг цаашид маш ноцтой мөргөлдөөнд хүргэхээр хийгдсэн байсан байна. Версалийн гэрээний дагуу Польш улсад 1 сая орчим германчууд харьяалагдах болсон бөгөөд бас Чехословак, Унгар, Румын, Югославт нэлээд олон тооны германчууд амьдрах болжээ. Дайны дараах эдийн засгийн асар их хүндрэлүүд ба эдгээр үндэстний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах, хавчих үзэгдэл асар хүчтэй байсныг тооцвол энэ бүхэн эцэстээ зэвсэгт мөргөлдөөнд хүргэх магадлал өндөр байсан байна.
Мөн эдийн засгийн асар хүндрэлтэй нөхцөл байдлууд нь их гүрнүүдийг өөрсдийн нөлөөний бүсээ нэмэгдүүлэх, дайны нөхөн төлбөрөөс ахиухан хувь хүртэх замаар энэ хүндрэлийг бага ч гэсэн зөөлрүүлэхээс өөр аргагүй болгосон бөгөөд энэ нь тэднийг илэрхий зөрчилтэй харилцаанд хүргэсэн байв. Тухайлбал, Антантын гишүүн Их Британи болон Франц улсуудын тэмцэл илэрхий хурцдаж, жишээ нь тэдний Ойрх Дорнод болон Балканы хойг дахь нефтийн нөөцөд хүрэх гэсэн тэмцэл зэргээс нь үүдэн тухайн үед чухам энэ 2 улсын хооронд дараагийн дайн болно гэсэн таамаглал-хандлага бий болоод байжээ.
Бас нэг маш чухал зүйл бол Дэлхийн I дайн дууссан ч Европын улс орнуудад зэвсэглэлээр хөөцөлдөх үйл явц намжаагүйн дээр жил ирэх бүр хүчээ авсаар байжээ. Жишээ нь, дайны өмнөхөн буюу 1914 онд хүчирхэг эзэрхэг гүрнүүдийн армид нийт 7 сая цэрэг төвлөрсөн байсан бол, 1921 онд энэ тоо 11 сая болтлоо өссөн байв. Ялагч тал Их Британи ба Францын армийн бүрэлдэхүүн тооны хувьд хорогдсонгүй. АНУлсууд, Их Британи, Франц, Итали, Японы армиудын бүрэлдэхүүнд нийтдээ 1913 онд 1,84 сая, 1923 онд 1,91 сая, 1930 онд 2,14 сая цэрэг байсан бол Польш улс дангаараа 500 мянган хүнтэй хүчирхэг армийг бүрдүүлээд байжээ.
Зөвхөн армийн бие бүрэлдэхүүнээс гадна эдгээр улсуудад зэвсэглэлийн тоо болон чанарыг сайжруулах далайцтай том прораммууд эрчээ авсан бөгөөд энэ хүрээнд артиллерийн зэвсгүүдийн тусгалын зай, нисэх онгоцнуудын нисэх хурд, бөмбөгдөгч онгоцнуудын тээвэрлэх массын хэмжээ болон устгах радиусууд нэмэгдэж, зэвсэглэл дэх автомат болон гар пулемётуудын тоо огцом өссөн байна.
1920 оныг дуустал хүчирхэг улсуудын армийн бүрэлдэхүүн ба зэвсэглэлийн хэмжээ болон чанар сайжирсаар байсан нь ирээдүйн дайн гарцаагүй болохыг улам бүр нотолсоор байжээ. Энэ ч учраас цэргийн мэргэжилтнүүдийн дунд ирээдүйн дайн яг ямар цар хүрээнд явагдах, ямар зэвсэглэл илүү үр дүнтэй байх, ямар технологиуд зайлшгүй болох тухай маш өргөн хүрээнд нээлттэй хэлэлцсээр байсан байна.
1921-1922 онуудад ЗХУ-тай зэрэгцээ шахуу шинэ цэргийн эвсэл “Бага Антант” бий болов. Бага антант – энэ бол зүүн европын улсууд болох Румын, Югослав, Чехословак, Польш + Франц. 1920-иод онуудын туршид Франц тэргүүтэй эдгээр улсуудын хооронд маш идэвхтэй зөвшилцөл, хамтын ажиллагаа өрнөсөөр байжээ.
Зөвхөн энэ хэдхэн баримтаас л чухам яагаад Сталины аж үйлдвэржилт зайлшгүй байсныг харж болно оо. ЗХУ-д энэ бүхэн бол илэрхий аюул занал байв. Учир нь капиталист их гүрнүүдийн эдийн засгийн асар хүнд нөхцөл байдлуудаа шийдэх нэг гарц нь шинэхэн байгуулагдсан, бас хөгжил асар сул дорой, ирээдүйн хүнд дайныг тэсэж гарах эдийн засгийн болон цэрэг зэвсгийн хүчин чадалгүй(аливаа дайны ялалт гэдэг бол нэн тэргүүнд эдийн засгийн хүчин чадлаас шууд хамаардаг билээ), гэхдээ нөгөө талаар тэдний нүдээр олон сая ажиллах хүчинтэй (дайнд ялж эзэлбэл төлбөргүй ажиллах хүч!), хамгийн гол нь байгалийн бүх төрлийн нөөц баялгаараа хаана ч байхгүй тийм баян ЗХУ-ыг байлдан эзлэх байв.
1920-иод оны “халуурал” 1929 оноос эхэлсэн Агуу хямралын дараа намжсан ч Франц, Их Британийн оронд Герман гэдэг шинэ тоглогч гарч ирснээр, улмаар 1932 онд энэ улсын засгийн эрхийг ЗХУ-ыг үзэн ядах үзлээр нэвт өвчилсөн Гитлер авснаар дайны аюул занал хэвээр үлдсэн байна.
Мөн үүнээс гадна 1929 онд ЗХУ-д анхны таван жилийн төлөвлөгөө батлагдаж аж үйлдвэржилт жинхэнэ утгаараа эхлэх яг тэр мөчөөс АНУлсууд, Их Британи тэргүүтэй барууны улсууд яг өнөөдөр АНУлсууд болон Европын Холбоо БНХАУ болон ОХУ-ын эсрэг явуулж буй эдийн засгийн дайнтай дүйцэхүйц эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч улам улам чангатгасаар байсан нь тэдний асар хүчтэй дайсагнасан байр суурийн тодорхой баталгаа нотолгоо юм. Хэдийгээр эдгээр дайсагнагч капиталист улсуудад эдийн засгийн асар хүчтэй хямралын үед ЗХУ-д харин эсрэгээрээ явагдаж байсан асар хурдтай эдийн засгийн өсөлт, түүнээс урган гарсан асар их нөөц хэрэгцээг ашиглан ЗХУ-д бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх замаар өөрийн улсын үйлдвэрлэлийн салбарыг эргэн хөл дээр нь босгож хямралаас илүү хурдан гарах сайхан боломж байсан ч эдгээр улсуудын эрх баригчдын хамгийн гол зорилго нь зөвхөн ЗХУ-ыг л ямар ч үнээр хамаагүй үйлдвэржсэн хүчирхэг улс болгохгүй байхаар хязгаарлагдаж байсан тул өөрсдийн ард түмнүүдийн эрх ашгийн эсрэг ийм зэрлэг арга хэмжээ авсаар байсан юм. (Энэ үйл явдал яг одоо дахин давтагдаж байгааг бид өөрсдийн нүдээр харцгааж байна!!!)
Одоо нэг сонирхолтой харьцуулалт хийе. Коммунизм ямар үнээр боссон тухай, хичнээн олон хүн үрэгдсэн тухай, ЗХУ-ын эдийн засгийн гайхамшиг ямар их “золиос” шаардсан тухай ам уралдуулан бурцгаахдаа либерал үзэл сурталчид тэдний тахин шүтээд байгаа Капитализм нь өөрөө ямар үнээр боссоныг огт дурддаггүй.
Ер нь ямар ч эдийн засгийн загвар байсан тэр загварын эхлэл цэгээс өрнөл цэг хүртлээ капиталын хуримтлал хэмээх үе шат зайлшгүй явагдах ёстой байдаг. Зүйрлэвэл, байшин барихад эхлээд түүнийг барих материалууд бас багаж төхөөрөмжүүд хэрэгтэй байдаг шиг эдийн засгийг шинэ загвараар босгоход суурь “түүхий эд” хэрэгтэй болдог. Үүнийг коммунистууд “социализмын материал техникийн бааз” гэж нэрлэдэг бол, капиталистууд “капиталист анхны хуримтлал” гэж нэрлэдэг. Тэгвэл ЗХУ болон барууны капиталист улсууд энэ үе шатыг ямар ямар арга замуудаар даван туулсныг харьцуулан харцгаая.
ЗХУ-ын хувьд тэдэнд сонголт байсангүй. 1929 он гэхэд дайны өмнөх эдийн засгийн түвшиндээ нэгэнт хүрсэн боловч хөгжингүй орнуудаас 100 жилээр хоцрогдсон, аж үйлдвэрлэл маш сул хөгжсөн (1914 оны байдлаар Оросын эзэнт гүрэн 160 сая гаран хүнтэй байсан ч ердөө 5 сая хүн л үйлдвэрүүдэд ажиллаж байв!!) үндсэндээ газар тариалангийн орон байв. Гэтэл ирээдүйн дайны аюул хаяанд нь ирсэн гэдэг нь олон баримтуудаар улам бүр тодорхой болсоор байжээ. Ийм үед капиталист гүрнүүдийн хэдэн зуунаар дамжин хийсэн тэр бүхнийг асар товчлон 10 жилийн дотор л хийж амжуулах шаардлага тулгарсан байна. Ийм л учраас төвлөрсөн төлөвлөгөө, нэгдсэн удирдлага, мөн асар их хүчин чармайлт нэг дор гаргахаас, “хатуу гараар” үзэхээс өөр сонголт үлдээгүй байна. Хэрэв “хатуу гараар” биш бол капиталистууд шиг 200 жил зарцуулах шаардлага гарах байсан учраас тэр! Гэхдээ энэ бүхнийг Оросын ард түмэн ойлгож байсан учраас нэг хүн шиг нэгдэж, өөрсдийн бүх нөөц боломжийг, хөлс хүчийг шавхан улс орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй үеийнхээ сайн сайхны төлөө өөрсдийгөө “золиосолсон” юм.
Мэдээж бүх зүйл тийм сайхан шулуун дардан байгаагүй. Өмнөх нийгэмд бусдыгаа мөлжиж асар баян тансаг амьдарч ирсэн тэр давхаргын зүгээс үргэлж эсэргүүцэл, өдөөн хатгалга, саботаж, хорлон сүйтгэл үргэлжилсээр байсан бөгөөд тэр бүхний хариуд зохих шийтгэлүүдийг өгч төрийн “төмөр нүүрийг” үзүүлж байсныг өнөөдрийн либерал үзэл сурталчид хэлмэгдэгсэд, коммунизмын “цуст” дэглэмийн золиосууд хэмээн улин донгодсоор өдийг хүрсэн билээ.
Хамгийн гол нь Зөвлөлтийн ард түмний урсгасан тэр их хөлс хүч зөвхөн өөрсдийнхөө хамтын эрх ашгийн төлөө, ирээдүйнхээ төлөө байсан юм аа, түүнийгээ ч тэр хүмүүс мэдэж, гүн гүнзгий ойлгож ухамсарлацгааж байсан, чухам энэ баатарлаг хүчин зүтгэлийнхээ хүчинд л тэд дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт дайныг ялагч болж дуусгаж чадсан шүү дээ!!! Чухам ийм учраас, аравхан жилийн дотор ядуу тариачдын улс өөрсдийнх нь гараар, өөрсдийнх нь нүдэн дээр дэлхийн хэт гүрэн болтлоо өсөж (сануулахад Хаант Орос улсад хүн амынх нь дундаж наслалт ердөө 45 байсан бол 1950-иад он гэхэд 70 хүртлээ өссөн нь энэ бүхнийг маш тодорхой харуулж байна) чадсан байсан учраас л Зөвлөлтийн ард түмэн энэ дайнд “Эх орныхоо төлөө, нөхөр Сталины төлөө” хэмээн уухайлан байлдаж баатарлаг ялалтуудыг байгуулсан билээ. Үнэхээр тийм биш байсан бол, үнэхээр Зөвлөлтийн “дарангуйлал” дор байсан юм бол хэдий дайны өмнө эдийн засгийн тийм амжилтанд хүрсэн байлаа ч яг халуун дайны фронтын шугаман дээр, Москвагийн дэргэдэх тулалдаанд, Ленинградын бүслэлтийн тэр аймшигт он жилүүдэд, Сталинградын баатарлаг тулаанууд дахь тэр олон эрэлхэг гавьяанууд байх байсан гэж үү? Тэднийг өөрсдийнх нь “дарангуйлагч” засаглалаас чөлөөлөхийг амлан зогсолтгүй суртал ухуулга явуулж, онгоцноос бөөн бөөнөөр нь бууж өгөн өөрсөдтэй нь нэгдэхийг уриалж, хэрэв тэгвэл тэднийг ямар сайхан баян тансаг амьдрал хүлээж байгааг ухуулсан хуудаснууд тараасаар байсан фашист Германд буугаад өгчихсөн нь илүү амархан байсан биш гэж үү? 2 жил гаран өлсгөлөн дунд амьдарсан Ленинградын иргэдэд лав энэ бол бүүр ч амархан байх байсан биз, либерал үзэл сурталчдынхаар бол. Зүгээр л Хаант Оросын цэргүүд 1917 онд фронт дээр офицеруудаа буудаж алцгаагаад тал тал тийш зугтацгааж байсан бодит жишээг л санахад хангалттай юм. Харин Ажилчин-тариачны Улаан армид ийм зүйл болсон уу? Үгүй шүү дээ!
Дахин сануулъя – Зөвлөлтийн ард түмний урсгасан дусал хөлс бүр тэдний өөрсдийнх нь сайн сайхных нь төлөө байсан юм аа!!
Тэгвэл капитализмыг аваад үзье. Хэдэн зууны турш хөлөг онгоцонд мал шиг ачигдаж, ямар ч хоол хүнсгүй шахам асар хүнд нөхцөлд явдаг байсан учраас талаас илүү нь замдаа үхсээр (ийм учраас үхсэн цогцоснуудаар хооллодог махчин загасны сүрэг эдгээр хөлөг онгоцыг тасралтгүй даган явж дараагийн боол үхэж, цогцосыг нь тэдэнд хаяж өгөхийг хүлээн даган сэлсээр байдаг байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг) Британийн арал, Испанийн хойг, Португал, Францын боомтуудад ирж зарагддаг байсан хар арьст боолууд, хэдэн саяараа алмазны уурхайнуудад махаа идэн хүнд хөдөлмөр хийж Африкийн халуун наранд ядарч туйлдан, хатаж үхэцгээж байсан нигерүүд, колонийн захиргаа – Британийн арлаас даавуу нэхэх, загас агнахыг хориглон (Британийн захиргаа өөрийн колониуддаа үйлдвэрлэлийн аль ч хэлбэрийг хатуу хориглож, хэрэв ийм үйлдэл гаргавал эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан) бүх ээрүүлүүд болон загасны торуудыг нь хураан авч шатаагаад далайн эргүүдээр буутай харуулууд гаргасан учраас өлбөрч үхэцгээж байсан сая сая энэтхэгчүүд, 10 000 жил Хойд Америкт хэдэн үеэрээ амьдарцгаан өөрсдийн гайхалтай соёл иргэншлийг бүтээсэн байсан ч Европын зуйгуул тэнүүлчдэд “зөвхөн тэднээс өөр байсныхаа” төлөө хядуулсан 100 сая уугуул индианчууд, Британи арал дээрх ноёлогч цөөнх бүлэглэлийн мөнгө эрх мэдлийн тэмцлийн золиос болж хэдэн саяараа хар тамхинд орж (англо-саксончууд зориуд хар тамхиар хордуулан донтуулж байсан учраас) өөр хоорондоо алалцаж байсан хятад хүмүүс – юуны төлөө энэ бүх зовлон шаналалыг туулсан юм бэ? Тэдний энэ бүх төсөөлөхийн аргагүй хэдэн зуун жил үргэлжилсэн зовлон зүдгүүр зөвхөн харь элгийн Баруун Европ болон Америкийн “яруу алдарт” капитализмыг байгуулахын төлөө л байсан юм аа. Энэ бол манай либерал үзэл сурталчдын ярихаас үргэлж бултсаар байдаг тэр үнэ цэнэ, төлөөс нь юм. Зэрлэг капитализм ийм үнэ цэнээр босож ирсэн юм аа!! Сая дурдсан жишээнүүд бол тэр олон мянган дайн тулаанууд, харгислал яргалал бүхнийх нь нэг л өчүүхэн хэсэг нь шүү дээ!!!
Одоо хамгийн анх тавьсан тэр асуулт руугаа эргээд очъё. Ийм л учраас либерал үзэл суртлын машин манай өмнөх түүхийг гүтгэж, капитализмын бодит түүхийг харин биднээс нуун далдлахаар бүх хүчээрээ ажилласаар байгаа юм. Ингэхийнхээ хажуугаар тэд биднийг хэрэв барууны өгдөг заавар жороор нь явбал тэдэн шиг “баян тансаг” болно гэж тархи угаасаар ирлээ.
“Англо-саксонууд шиг больё гэвэл тэдний юу гэж хэлж зөвлөхийг нь биш, харин яаж хийснийг нь, яаж хийж байгааг хар, дагаж дууриа” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ!! Та дахиад нэг бодож тунгаагаад үзээрэй, бидэнд Их Британи шиг, Франц шиг, АНУлсууд шиг колониуд, хүчирхэг армиуд байгаа бил үү?
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.