1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн фашист Герман 1939 онд байгуулсан байсан харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин ЗХУ-д гэнэт халдан довтолсноор Аугаа Эх Орны Дайн эхэлсэн түүхтэй. Чухам яг энэ өдөр ЗХУ-д фашистууд довтолсон мэдээг дамжуулсны дараа МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл хамтран хуралдаад Монголын ард түмэн энэхүү дайнд ЗХУ-ын талд бүрэн зогсож байгаагаа мэдэгдэж, 1936 онд байгуулсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах гэрээгээр ноогдосон үүргийнхээ дагуу ЗХУ-д бүхий л бололцоогоор туслахаа илэрхийлэн тус хурлаас тусгай тогтоол баталсан билээ. Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон, хамгийн их цэрэг, зэвсэг техник оролцсон, хамгийн их зардал гарсан энэ аймшигт дайнд БНМАУ ЗХУ-ын хамгийн анхны холбоотон болсон юм. Үүгээр ч зогсохгүй бид бүхий л дайны туршид ЗХУ-ын цорын ганц үнэнч холбоотон нь байсан билээ.
Тухайн үед БНМАУ бол шарын шашны бурангуй суртлаас болж хүн амын өсөлт нь хэдэн зууны турш зогсонги байдалд байсан (1918 оны байдлаар 600-хан мянган хүнтэй байсан ч 1921-оноос хойш харьцангуй хурдтай өсөж эхэлсэн!!) учир 800-хан мянган хүн амтай, мөн энэ шашны гайгаар хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухааны ололтуудаас хэдэн зуунаар хол хоцорсон хоцрогдлоо дөнгөж нөхөж эхэлж байсан, орчин үеийн үйлдвэрлэл хөгжөөгүй ядуу буурай улс орон байв. Гэхдээ манай өвөг дээдэс гамин цэрэг болон цагааны оргодол Барон Унгерны зэвсэгт тонуулчдаас улс орноо чөлөөлж 1921 оны Ардын хувьсгалыг ялуулахад, түүний дараа улс орноо сэргээн босгох нөр их үйлсүүдэд бүхий л талаар харамгүй тусалж, дараа нь 1939 онд Японы милитарист эзлэн түрэмгийлэгчид халдан довтлоход манай улсыг хамгаалан дайтсан ЗХУ-ын төр засаг, Зөвлөлтийн эгэл жирийн ард түмнүүд, эрэлхэг Улаан армийн тэр их ач тусын хариуд тэдний фашист Германтай хийсэн энэ хүнд хүчир, хүч тэнцвэргүй дайнд бүхий л зүрх сэтгэл, нөөц бололцоогоороо туслан тэдний талд дайны эхний өдрөөс эцсийн өдрийг дуустал бат нот зогсож чадсан билээ.
Өнөөдөр ОХУ-ын улсын түүхчид, судлаачид төдийгүй эгэл жирийн иргэд нь БНМАУ-ын тэдгээр чин сэтгэлийн тусламж дэмжлэгүүдийг маш өндрөөр талархан хүлээж авч байгаа бөгөөд АНУлсуудын ленд-лиз нэртэй бодит байдал дээрээ тэдний бизнесийн бүлэглэлүүдийнх нь ашиг олох хэрэгсэл болсон байсан “дамын наймаа”-аас хавьгүй илүү чухал бас стратегийн шийдвэрлэх ач холбогдолтой байсан хэмээн үнэлж байгаа юм...
Хурлын тогтоол гарсны дараа манай орны газар бүр хурал цуглаан болж тэдгээрт ардууд Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид туслах хүсэлтээ илэрхийлж байв. Ингээд орон даяар Улаан армийн цэргүүдэд туслах хөдөлгөөн өрнөж 9-р сард уг ажлыг зохион багуулах “Бэлэглэлийн төв комисс”-ийг байгуулж, бүх аймаг, хотуудад түүний салбарыг ажиллуулах болжээ.
Энэ бүх ажлын үр дүнд 10-р сард бэлгийн эхний цуваа ЗХУ-ыг зорив. Үүнд богино нэхий дээл, арьсан хантааз, дулаан бээлий, элдсэн сур тус бүр 15 000 ширхэг, эсгий гутал 15 494 хос, 600 ширхэг дулаан цамц, 21 444 хөвөнтэй дээл, 440 нэхий хөнжил, бусад бэлгийн зүйлс 2851 ширхэг тус тус багтсан байсан бөгөөд эдгээрийн нийт өртөг нь 1 813 515 төгрөг болж байв.
Үүний дараа хоёрдох буюу Улаан армийн 24 жилийн ойд зориулсан бэлгийн цуваа 1942 оны 2-р сард хөдлөв. Энэ тусламж нь нийт 37 вагон ачаа болсон бөгөөд 148.1 тонн мах, 8 тонн хиам, 10 тонн амттаны зүйлс, 4.5 тонн масло, 8000 литр архи, 5.5 сая ширхэг янжуур, болон бусад даршилсан бүтээгдэхүүнүүд, 2750 хос эсгий гутал, 2706 ангийн арьсан дах, 4100 ангийн арьсан хантааз, 1320 богино нэхий дээл, 6290 хос дулаан бээлий, 4500 метр эсгий, 2000 элдсэн сур, арьсан гутал, хөвөнтэй хантааз болон дулаан ороолтуудаас бүрдсэн байв. Эдгээр бэлгүүдийн нийт өртөг 7 187 140 төгрөг болсон ба Ерөнхий сайдын орлогч С. Лувсаном, Бэлэглэлийн комиссын нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С. Яжмаа тэргүүтэй төлөөлөгчид тусламжийг гардуулахаар ЗХУ руу явсан байна.
Бэлгийн гуравдах цувааг Октябрийн хувьсгалын 25 жилийн ойд давхар зориулсан бөгөөд нийт 236 вагон ачаа 1942 оны 11-р сарын 27-ны өдөр Наушки өртөөнөөс хөдөлжээ. Уг тусламжийн багцад 30 115 богино нэхий дээл, 31 090 ангийн арьсан хатааз, 31 257 хос бээлий, 3050 ангийн арьсан дах, 2290 ноосон цамц, 150 арьсан польто, 33 300 бүс (тэлээ), 2011 нэхий хөнжил, 900 ноосон малгай, олон төрлийн гуталнууд (30 500 хос эсгий гутал, 240 хос олонгодой (бойтог), 2335 бүүркэн гутал, 150 нимгэн арьсан гутал, 7158 хос цэргийн эмнэлгийн углааш), 150 ширхэг гэр, 2428 метр эсгий, 600 ширхэг эмээл, 56 050 захианы дугтуй, 27 875 тэмдэглэлийн дэвтэр болон цаг хутга бусад зүйлс, 316 тонн мах, 26 758 ширхэг зээрийн гулууз мах, 92 тонн масло, 84.8 тонн хиам, 12 954 кг жимсний чанамал, 36 900 кг чихэр, 70 400 кг жигнэмэг болон бусад амттаны зүйлс, 480 хайрцаг архи, 127 хайрцаг бэлгийн зүйлс, 22 176 ширхэг хувийн илгээмж нийт 9 252 340 төгрөгийн бараа материалаас бүрдэж байв. Энэ удаагийн тусламжийг БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан тэргүүтэй 40 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүлээлгэн өгөхөөр хамт явсан байна.
1943 оны 3-р сарын 1-нд бэлгийн дөрөв дэх цуваа хөдөлсөн бөгөөд энэ тусламжийг давхар Улаан арми байгуулагдсаны 25 жилийн ойд зорилсан байна. Тус бүр нь 112 вагоноос бүрдсэн 2 цуваагаар зөөсөн энэ удаагийн тусламж 12 000 хос эсгий гутал ба арьсан гутал, 3000 хос ботинк, 1000 хос углааш, 500 хос түрүүтэй гутал, 10 000 шинел, 3066 хөвөнтэй хүрэм, 1000 эмээл, 10 500 элдсэн сур, 38 гэр, 628 унадаг дугуй, 132 хайрцаг бэлгийн зүйлс, 16 973 хувийн илгээмж, нийт 205 тонн төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, 16 745 ширхэг зээрийн гулууз амх, 715 ширхэг зэрлэг гахайн гулууз, 18 895 ширхэг ятууны мах, 30 тонн саван, 33 торх улаан вино зэргээс бүрдэж байв. Тусламжийг хүлээлгэн өгөхөөр МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю. Цэдэнбалаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг ЗХУ-ыг зорьжээ.
Дараагийн тавдахь цувааг танкийн болон нийсэхийн анги нэгтгэлүүдэд зорилан 1943 оны 11-р сард илгээсэн байна. Нийт 32 вагон ачаа нь хувцас, цэргийн хагас нэхий дээл, шинел, ангийн арьсан хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий гутал, түрүүтэй гутал, ангийн арьсан бээлий тус бүр 1200 хос, 58 тонн үхрийн болон хонины мах, 44 тонн зээрийн мах, 15.6 тонн гахайн мах, 13.1 тонн жигнэмэг болон бусад амттан, 4000 ширхэг хувийн илгээмжүүдээс бүрдсэн байжээ.
Зөвхөн бэлэн бараа материалуудаас гадна Улаан армид хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхэд нь зориулж хөдөлмөрчин ардууд бэлэн мөнгө цуглуулан хандивлаж байжээ. 1944 оны 5-р сараас 11-р сар хүртэл байгууллагууд болон хувь иргэдээс нийт 9.8 сая төгрөг цуглуулан илгээсэн байна.
1945 оны 1-р сард 127 вагон бүхий бэлгийн зургаа дахь цувааг илгээв. Үүнд хувцас, цэргийн богино нэхий дээл 20 000 ширхэг, 22 000 элдсэн сур, 2000 шинел, 1010 ямаан дах, 870 хонины нэхий хөнжил, 4920 ширхэг ноосон болон сүлжмэл эдлэл, 2000 ороолт, 2486 хос бээлий, 31 000 хос эсгий гутал, 6 гэр, 5408 метр эсгий, 158 тн мах, 80тн хиам, масло, жимсний чанамал, 14 424 ширхэг зээрийн гулууз мах, 2364 шувууны мах, 83.5 тонн саван ба мохоор тамхи, 12 460 ширхэг хувийн илгээмж зэрэг багтаж багтсан байжээ. Энэхүү цувааг гардуулан өгөх багийг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогчид болох Б. Лхамжав, Н. Жагварал нар ахлан явжээ.
Дээр дурдсан баримтууд бол Эх Орны Дайны туршид илгээсэн бүх тусламжийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Эндээс харахад цөөн хэдхэн монголчууд өөрсдийн нөөц бололцоотой харьцуулахад асар их зүйлсийг Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армийн цэргүүдэд бэлэг болгон илгээж байсныг өнөөдөр ч ОХУ-ын жирийн иргэд, түүхчид, судлаачид мартаагүй байгаа юм.
Монголчуудын илгээж байсан нэхий дээл, ангийн арьсан дах, хантааз, эсгий гутал, бэлэн эсгий болон бусад дулаан хувцаснууд, олон төрлийн мах нь Зөвлөлтийн армийн хувьд стратегийн асар чухал ач холбогдолтой байсныг Оросын түүхчид онцгойлон тэмдэглэцгээж байна. Үнэхээр Оросын нутаг дэвгэрт түрэмгийлэн давшиж орсон байсан фашист Германы цэргүүдэд хүнд ширүүн Оросын өвлийг давах бол асар хүнд сорилт-үхэх сэхэхээ үзэх бас нэгэн шалгуур байсан бол БНМАУ-аас бэлэглэсэн тэрхүү дулаан хувцаснууд Улаан армийн цэргүүдийг “гал алдуулаагүй” ажээ. Мөн дайны үеийн цэргүүдийн асар их хүнсний хэрэгцээнд БНМАУ-аас илгээсэн мах, махан бүтээгдэхүүнүүд томоохон хувь нэмэр оруулж байсныг дурдахгүй байхын аргагүй юм. Энд хэдхэн жишээг дурдахад дайны нийт хугацаанд АНУлсуудаас ленд-лизээр 665 000 тонн даршилсан махыг ЗХУ улс хүлээн авсан бол БНМАУ-аас 500 000 тонн мах хүлээн авчээ. Хэрэв тухайн үеийн АНУлсууд болон БНМАУ-ын хөгжлийн түвшинг харьцуулбал энэ бол бидний хувьд асар их тоо юм. Мөн үүгээр ч тогтохгүй АНУлсууд дайны бүхий л хугацаанд нийт 54 тонн ноосыг ЗХУ-д нийлүүлсэн бол БНМАУ 64 тонн ноос илгээсэн байна. Ноос бол Зөвлөлтийн армийн хувьд мөн л стратегийн чухал ач холбогдол бүхий бараа байсан юм.
Энд дахин цохон тэмдэглэхэд хэдий БНМАУ-ын энэ бүх тусламжийн бараа материалууд ЗХУ-ын цэрэг дайны нийт хэрэгцээнд багахан хувийг эзэлж байсан ч хоёр зүлийг заавал онцгойлон анхаарах ёстой юм. Нэг талаас манай улсаас илгээсэн тэр бүх бараа бүтээгдэхүүнүүд бол стратегийн чухал ач холбогдолтой бараа материуд байсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эдгээр нь Зөвлөлтийн Улаан армийн хувьд дайны үйл явцад шийдвэрлэх үүрэгтэй, амин чухал бараа материалууд байсан бөгөөд манайхаас өөр холбоотон улсуудаас авч байгаагүй, зарим тохиолдолд авах ч боломжгүй байсан тийм онцгой бараа бүтээгдэхүүнүүд ч тэр дунд байсан юм. Жишээ нь Улаан армийн хувьд БНМАУ-аас авч байсан вольфрам бол яг ийм материал байжээ. Дайны турш энэ металлыг зөвхөн манай улсаас л авах боломжтой байсан бөгөөд үүнгүйгээр фашистуудын хуягт техникуудыг устгах зэвсгүүдийг үйлдвэрлэх боломжгүй байх байсан юм.
Нөгөө талаас дайны жилүүдэд илгээсэн бэлгийн зүйлс болон хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байсан тэр бүх бараа материалын нийт өртгийг манай улсын тухайн үеийн эдийн засгийн хэмжээ, хүн амын тоо, үйлдвэржилтийн түвшинтэй харьцуулбал асар их тоо гарах юм. Жишээ нь дайны жилүүдэд ЗХУ руу зөвхөн бэлэг болгон илгээсэн зүйлсийн нийт өртөг л гэхэд тухайн үеийн улсын төсвийг хоёр нугалсантай тэнцүү буюу 65 000 000 төгрөгт байсан байна. Үүнээс гадна хөнгөлөлттэй үнээр худалдсан бараа материал, тэр дундаа монгол адуунууд бас байсан юм. Эдгээрийн үнийг өмнө ЗХУ-аас дайны өмнөх жилүүдэд авсан байсан өрнөөс хасах байдлаар барагдуулж байсан байдаг.
1942 оны 2-р сарын 16-нд Улсын Бага Хурлын XXV чуулганаар өөрсдийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг үйлдвэрлүүлэн Улаан армид бэлэглэх тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг ардууд маш талархан хүлээж авч дэмжсэн бөгөөд энэ оны 2-р сар гэхэд БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-ын Внешбанканд 2.5 сая төгрөг, 100 000 америк доллар мөн 300 кг алтын хамт шилжүүлэн өгчээ. Мөн 7-р сард нэмж 2 000 000 төгрөг нэмж хүлээлгэн өгсөн бөгөөд танкийн цуваа 1943 оны эхэн гэхэд үйлдвэрлэгдэн бэлэн болсон байв. Цуваа нийт 53 танкаас бүрдэж байсан бөгөөд 32 нь “Т-32”, 21 нь “Т-70” загварын танк байжээ. “Хувьсгалт Монгол” бол хэрэв францын интернационалистуудын “Норманд-Неман” нисэх онгоцны эскадрилийг эс тооцвол Зөвлөлтийн байлдааны зэвсэг техник дунд гадаад улсын хөрөнгөөр байгуулагдсан анхны хороо байсан юм.
Үүний дараа 1943 оны 3-р сард хуралдсан Улсын Бага Хурлын XXVI чуулганаар “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг өөрийн хөрөнгөөр үйлдвэрлүүлэн ЗХУ-д бэлэглэх тогтоолыг баталсан байна.
Энэ тогтоолын дагуу эскадрилийг үйлдвэрлүүлэхэд шаардлагатай байсан хөрөнгийг 4 сарын дотор бүрдүүлж чаджээ. Ингээд Аугаа Эх Орны Дайн эхэлсний яг хоёрдох жилийн ойн өдөр буюу 1943 оны 6-р сарын 22-ны өдөр БНМАУ-ын Засгийн газраас ЗХУ-ын Наркомфин (Санхүүгийн Ардын Комиссарын газар)-д 2 000 000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 2 628 000 рублийг шилжүүлэн өгсөн ба энэ мөнгөөр үйлдвэрлэсэн “Ла-5” загварын 12 ширхэг байлдааны нисэх онгоц бүхий эскадрилийг 1943 оны 9-р сарын 25-нд ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
Манай улсын зүгээс ЗХУ-д үзүүлж байсан хамгийн чухал тус дэмжлэгүүдийн нэг бол нэг хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр (улсаас тогтоосон хатуу үнээр) зарж, бас заримыг нь бэлэглэж байсан монгол морьд юм.
Дайны жилүүдэд зам харгуй муутай эсвэл эвдэрсэн хүнд нөхцөлд морьд бол цэргүүд төдийгүй цэргийн зэсэг техникүүдийг зөөвөрлөхөд хамгийн чухал хэрэгсэл болж байжээ. Ийм ч учраас ЗХУ-ын талаас албан ёсны хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Засгийн газраас бүх орон даяар малчдаас (улсаас тогтоосон хатуу үнээр) морьд худалдан авах ажлыг зохион байгуулжээ. Ингээд дайны жилүүдэд нийт 437 189 адууг 88 000 000 төгрөгөөр ЗХУ-д худалдаж, 3 876 560 төгрөгийн үнэ бүхий 20 000 адууг ардуудаас бэлэг болгон өгсөн байна.
Улаан армийн цэргүүд монгол морьдын тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа, эрэмгий зоригт байдлыг нь хожмоо он жил өнгөрсөн ч шагшин бахархаж, бас дайны хүнд үеүдэд жинхэнэ хань болж олон удаа амийг нь аварч байсан тухай дурссан байдаг. Ийм ч учраас 2015 онд Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Дайны замаар” нэртэй, цэргийн зэвсэг техник чирэн урагш тэмүүлж буй хос монгол морины хөшөөг 2017 онд Москва хотын “Хүндэтгэлийн дэнж”-д (Поклонная гора) хүдэтгэлтэйгээр байрлуулсан билээ.
Ийнхүү Монголын ард түмэн ах дүүгийн найрамдалт Зөвлөлтийн ард түмэнд хамгийн хүнд цаг үед нь өөрийн бүх боломж бололцоогоор туслаж бас хэрэгцээт олон бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж байсныг тэд одоо ч мартаагүй хэвээр байгаа юм. ЗХУ ч энэ бүхний хариуд дайны үеэр ч, түүний дараа ч манай улсын хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй ихээр тусалж, бурангуй шарын шашны гайгаар дундад зууны үедээ 200 жил гацсан байсан Монголыг туйлын ядуу тарчиг улсаас орчин үеийн үйлдвэржсэн, шинжлэх ухаан технологи хөгжсөн, хүн ард нь бичиг үсэгт тайлагдаж боловсорсон, бүрэн эрүүлжүүлсний ачаар хүн амаа түүхэндээ байгаагүй хурдаар өсгөж чадсан тусгаар тогтносон улс болоход шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэснийг ч бид хэзээ ч мартах ёсгүй юм.
МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДИЙН ЖИНХЭНЭ НӨХРИЙГ "АВРАН НИГҮҮЛСЭГЧ"-ИЙН БАГ ӨМССӨН ЗАНАЛТ ДАЙСНУУДААСАА ЯЛГАН ТАНИЖ СУРААГҮЙ ЦАГТ 30 ЖИЛИЙН ӨМНӨ УНААД ӨНӨӨДӨР Ч УЛАМ УЛАМ ДООШ ШИГДСЭЭР БАЙГАА ЁРООЛГҮЙ ХАР СОРДОГ НАМАГНААСАА ГАРАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ ХАТУУ ҮНЭНИЙГ ОЙЛГОЖ УХААРЦГААЯ.
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.