Ардчилал гэдэг бол хоёр чоно ба нэг ишиг хамтраад хэнийгээ үдийн хоолонд зооглохыг сонгож байгаа хэрэг юм. 

 Бенджамин Франклин

 

Төр хэний төлөө, юуны төлөө оршин тогтнодог вэ? Төрийн үүрэг даалгавар юу вэ? Энэ бүхний тухай өнөөдөр хэн ч ярихгүй бас бичихгүй байна. Яагаад Монголын улс төр мэргэжлийн биш болов. Өнөөдөр парламент гэсэн улс төрийн мэргэжлийн нэр томьёог хэрэлдэх, зодолдох, хуйвалдаж тохиролцох гэсэн алдаатай ойлголттой хүмүүс төр барьж байна. Тэд өөрсдийн үүргээ үл ухамсарлан ард түмнийхээ төлөө ажиллах үүрэгтэй төрийн зөөлөн сэнтийд их мэдэгч, бүхнийг чадагчийн дүрээр заларч байна. Хуучин хүмүүс шинэ нийгмийг бүтээж чадах уу? Шинэчлэлийг хийж чадах уу?

 Өнөөдөр аливаа зүйлийг хэт онолдлоо гэж олон хүмүүс шүүмжлэх болжээ. Ер нь шүүмжилдэг л дээ. Сүүлийн хорин хоёр жилийн Монголын улс төрийн гажиг бол ерөөсөө улс төр, нийгмийн онол мэдлэгийг уландаа гишгэж, гадны зүйлийг сохроор хуулж, бусдын зааснаар явж ирсэнд шалтгаан нь оршиж байгаа юм. Энэ бүхний үр дүнд манай нийгэм задрал ялзралд орж, нийгмийн бүхий л салбарууд эмх замбараагаа алдаж суурь зарчимгүй болсон. Боловсрол, эрүүл мэнд, шашин, гэр бүл гээд нийгмийн бүхий л салбарууд “асуудал”-тай болж, замбараагаа алдсаныг замбараанд нь оруулах гэж өнөөдөр хичээж байна. Харамсалтай нь одоогийн эрх баригчид чадахгүй! Яагаад чадахгүй вэ гэхээр тэд өөрсдөө эдгээр замбараагүй байдлыг бий болгосон.

Өөрсдийнх нь хийсэн лай тэднийг өөрсдийг нь асуудалд оруулна. Ардчилсан гэх сонгууль явуулж парламентад өөрчлөлт орсон ч энэ нь улс оронд өөрчлөлтийг авчирсангүй. Албан тушаал, эрх мэдэл, сандал ширээгээ булаацалдсаар өнөөдрийг хүрлээ. Магадгүй энэ үеийг “Хуйвалдааны оргил үе” гэж нэрлэмээр санагдаж байна. Өөрсдийгөө шинэчлэлийн сайжруулалтын гэж тодотгон магтсан ч ямар ч үр дүн алга.Үнэндээ бол ард түмэн үр дүнг нэхэх эрхтэй.

Парламентын далан зургаан гишүүн дотор улс төрийн онол мэддэг ганц ч ширхэг хүн алга бас дээр нь хүн төрөлхтний ирээдүй болсон өндөр технологийг ойлгодог түүний тухай ганц бүтэн өгүүлбэр хэлж чадах хүн алга байгаа нь манай үндэстний эмгэнэл юм. Мэдлэггүй дээр нь өөрийн үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлгүй хүмүүс бол манай улс орны гол дайснууд.

Хүн өндөр боловсролгүй, олон дипломгүй байж болно. Гэхдээ ард түмнээ, улс орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол улс төрч, төрийн түшээ хүний эрхэм чанар. Харамсалтай нь, өнөөдөр Монголын төр дэндүү гутамшигтай байдалд оржээ. Түрийний бөөс толгойд гарч, дэг журам, зарчим уланд гишгэгджээ.Албан тушаал гэдэг хэний төлөө вэ? Хэн нэгэнд мундаг гэж өөрийгөө харагдуулах гэсэн хүслийнх нь илэрхийлэл биш л баймаар.

Монголын бахархалт төр өнөөдөр муу муухайн бэлэг тэмдэг болон хувирлаа. Энэ бүхний шалтгаан юу вэ? Мэдээж мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүс төрийн зөөлөн сэнтийд заларч дураараа авирласнаас болсон. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүс төрд өт хорхой мэт олширсон шалтгаан бол үзэл баримтлал, үнэт зүйлгүй улс төрийн намуудаас болсон нь тодорхой.

Өнөөдөр ялсан нам нь ч, ялагдсан нам нь ч бүгд адилхан! Ямар ч үзэл баримтлал, үнэт зүйл, зарчим алга. Тэд ганцхан зүйл дээр нэгдсэн. Энэ бол хөрөнгөжих. Өөр юу ч байхгүй. Нүүрэн дээрээ улс орон, ард түмэн гэж ярих ч угтаа тэдний үйлдэл зөвхөн өөрийнхөө төлөө. Энэ бүхэн цаг хугацаа өнгөрөх бүр үнэн болох нь улам тодрох болно. Тэр цагт ард түмэн худал найдвараар амьдарч, хуурагдсаар ирснээ ойлгох болно.

Хуучин хүмүүс шинэчлэлтийг хийж чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Систем өөрөө өөрийнхөө алдааг шийдэж чаддаггүй гэсэн онол бий. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр авлигалд идэгдсэн төрийг авлигалчид хэзээ ч шинэчилж чадахгүй. Өнөөдөр авлигалчид хаана байна вэ гэхээр авлигалд идэгдсэн намуудад байна. Тэд бол бүхний шалтгаан. Тэгэхээр үнэхээр улс оронд шинэчлэлтийг бүрэн төгс хийе гэж байгаа бол улс төрийн намуудаас эхлэх учиртай. Магадгүй улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн батлахаас эхэлж болно. Эсвэл аль нэг улс төрийн хүчин өөрсдийгөө шинэчлэхээс эхлэж болно. Энэ л бодит шинэчлэл байх ёстой.

Өнөөдөр сонгуульд ялсан гэж байгаа намын ялалт түр зуурын ялалт. Шинэчлэгдэж чадсан нам Монголын ирээдүйг атгах болно. Харин өнөөдөр Монголын улс төрд шинэчлэгдэх хүсэл сонирхолтой улс төрийн нам байна уу гэдэг нь асуулт хэвээр байна. Зүгээр л намынхаа даргыг өөр нэг адилхан хүнээр сольчихоод шинэчлэгдчихлээ гэвэл эндүүрэл. Нам улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин зэрэгт цогц шинэчлэл хийх учиртай. Үүнийг шинэчлэл гэж нэрлэдэг. Харин шинэчлэгдэж байгаа гээд яриад, зарласнаар шинэчлэл явагдахгүй. Шинэчлэл бодитой үр дүнгээ өгөх хэрэгтэй. Шинэчлэлийг эхлээд намын гишүүд дараа нь ард түмэн алга ташин хүлээж авах болно.

Яагаад гэвэл өнөөдөр манай улс үндэстэн шинэчлэлт, өөрчлөлтийг хүсэж байна.

Шинэчлэлт шинэ хүмүүс, шинэ мэдлэг, шинэ шийдлүүдийг улс төрд оруулж ирснээр улс оронд өөрчлөлт гарч эхлэх болно. Тэрхүү шинэ хүмүүс, шинэ мэдлэг л хуучин нийгмийг төгсгөж шинэ нийгмийг байгуулж чадна. Хуучин хүмүүс шинэчлэлтийг хийж чадахгүй ээ. Харин шинэ хүмүүс шинэчлэлтийг хийж чадна.Харамсалтай нь өнөөдөр шинэ хүмүүс үгүйлэгдсээр...

Судлаач: Б.Гансүх 2012.10.15

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх